Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

   

  2022         05            02                                    2022/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Э.Э, Э.М, тэдний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т овгийн Э-ийн Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овгийн Э-ын М нарт холбогдох эрүүгийн 2210001240128 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал шавар хийдэг, ам бүл 4, ээж, дүү, зээ дүүгийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Э-ы Э (РД:)

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто механикч мэргэжилтэй, хувиараа машин засдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд

Хан- Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э-ын М (РД: )

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси барьсан Н.Э нь таксины мөнгө байхгүй байна гэж өөрийн эзэмшлийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа өгч, маргааш нь буцааж авахаар тохиролцсон боловч, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авч, захиран зарцуулснаар хохирогчид 2,750,000 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси барьсан Н.Э нь таксины мөнгө байхгүй байна гэж өөрийн эзэмшлийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа өгч, Э.Эад итгэмжлэн хариуцуулж, маргааш нь буцааж авахаар тохиролцсоныг мэдсэн байж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авах ажиллагаанд нэгдэн хууль бус эх үүсвэрийг нуун далдалснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөгийг нь авч, захиран зарцуулж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Э.Э: “...Тухайн үед бид хоёр таксинд явж байсан. Колонкоос машиндаа газ хийх гээд Буянт ухаа өгсөөд явж байтал цагаан өнгийн Приус маркийн машины жолоочтой нэг хүн маргалдаад зам дээр маргалдаад зогсож байсан. Яасан бэ гээд зогсоход Энхтөр манай машинд суугаад “Манай найз охиныг явалддаг залуу нь аваад явчихлаа ардаас нь хөөгөөрэй” гэж хэлсэн тул ардаас нь хөөгөөд гүйцээгүй. Явж байгаад колонк орж машиндаа 10.000 төгрөгөөр газ хийсэн. Тэр залууг мөнгөө өг, өгч чадахгүй бол буучих гэж хэлэхэд мөнгө байгаа өгнө гэж хэлсэн. Хэсэг явж байгаад хохирогч мөнгө байхгүй байна, гар утсаа барьцаанд үлдээгээд маргааш авчихъя гээд надад гар утасны дугаараа өгсөн. Маргааш нь над руу залгана гэж бодсон боловч залгахгүй байсан учраас гар утсыг нь ломбардад тавьсан...” гэв.

         

          Шүүгдэгч Э.М: “...Тухайн үед бид хоёр таксинд явж байсан. Колонкоос машиндаа газ хийх гээд Буянт ухаа өгсөөд явж байтал цагаан өнгийн Приус маркийн машины жолоочтой нэг хүн маргалдаад зам дээр маргалдаад зогсож байсан. Яасан бэ гээд зогсоход Энхтөр манай машинд суугаад “Манай найз охиныг явалддаг залуу нь аваад явчихлаа ардаас нь хөөгөөрэй” гэж хэлсэн тул ардаас нь хөөгөөд гүйцээгүй. Явж байгаад колонк орж машиндаа 10.000 төгрөгөөр газ хийсэн. Тэр залууг мөнгөө өг, өгч чадахгүй бол буучих гэж хэлэхэд мөнгө байгаа өгнө гэж хэлсэн. Хэсэг явж байгаад хохирогч мөнгө байхгүй байна, гар утсаа барьцаанд үлдээгээд маргааш авчихъя гээд надад гар утасны дугаараа өгсөн. Маргааш нь над руу залгана гэж бодсон боловч залгахгүй байсан учраас гар утсыг нь ломбардад тавьсан...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгийг одоо ч хүртэл яаж өгсөн талаараа санахгүй байна. Тухайн үед би маш согтуу байсан тул болсон асуудлыг сайн санахгүй байна. Тухайн үед би санаж байгаагаар би таксинд суухад жолоочийн суудал болон хажуу талын суудал дээр хүн сууж байсан. Таксины мөнгөө өгөх гэтэл надад бэлэн мөнгө байгаагүй бөгөөд би өөрийн “Iphone 12” загварын гар утсаараа мобайл банк орох гэтэл би орж чадахгүй байсан тул жолоочийн хажуу талд сууж явсан том биетэй залууд өөрийн утасны код болон өөрийн Icloud хаягийг хүртэл хэлээд өөрийн гартаа байсан ухаалаг цагаа тайлж өгөөд тэр хоёр маргааш холбогдож байгаад авна гэж хэлээд салсан санагдаж байна. Ямар шалтгаанаар миний уруулд гэмтэл гарсныг нь би өөрөө сайн мэдэхгүй байна. Намайг машинаасаа буулгаж байх үед том биетэй залуу нь надад өөрийн утасны дугаарыг хэлээд байх шиг байсан. Би замын хажууд Дөлгөөнтэй маргалдаж байх үедээ урууландаа шарх авсан байх гэж бодож байна...тэр таксинд явж байсан залуус надад гар хүрсэн асуудал байхгүй. Миний гар утас, цаг надад явж байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй байна...” (хавтас хэргийн 30 дахь тал) гэсэн,

 

Гэрч Ш.Лхагвасамбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 06 цаг 40 минутын орчимд ганцаараа зам дагуу гараа өргөөд алхаж байсан. Миний машинд архи уучихсан, согтуу, дээд уруул нь цус хурчихсан бололтой, даарсан байдалтай байсан... Гэр нь Буянт-Ухаа 1 хороололд амьдардаг гэж хэлж байсан. Гэрийн түлхүүр болон гар утас, түрийвчээ хаячихсан гэж хэлж байсан...би өөрийн гар утсыг нөгөө эрэгтэйд өгсөн. Хотын төв орох гээд явж байтал нэг эмэгтэй хүн рүү залгаад хүүхэд чинь намайг хүнээр зодуулсан гээд байсан. Хүннү молл орох гээд явж байтал 102 тусгай дугаар уруу залгаад хүнд зодуулчихлаа Чингэлтэй дүүрэгт байдаг хүнд гээд байсан. Нарны гүүр давах гээд явж байтал Яармагийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс орно гэж хэлэхээр нь би буцаж эргээд яармагийн цагдаагийн хэлтсийн гадаа буусан...” (хавтаст хэргийн 38 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Ядам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...төв зам дээр такси барих гээд зогсож байтал нөгөө эрэгтэй хоёулаа гэртээ оръё гэхэд эмэгтэй нь орохгүй гэж хоорондоо муудалцаж байгаад эмэгтэй нь би орохгүй явлаа гээд уйлаад байсан. ...төв зам дээр такси барих гээд зогсож байтал нөгөө залуу араас хүрч ирээд тухайн эмэгтэйг явуулахгүй гэж гар утсыг нь булаах гэж оролдож, хоорондоо маргалдаж ноцолдсон. Тэгэхэд тэр эмэгтэй газар унасан тухайн эрэгтэй ямар нэгэн байдлаар тэр эмэгтэйг цохиж зодоогү, түлхэлцээд зууралдаад байсан. Тэгж байтал Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгсэл ирж зогссон бөгөөд тухайн эмэгтэй бид хоёр тэр машинд суусан. ...би дуудлагын хөлсөө аваагүй болохоор тухайн эмэгтэйгээс төлбөрөө авах гэж дагаж явсан. Тэгээд Алтаргана хотхоны гадаа ирээд тэр эмэгтэй “миний машиныг барьж яваад намайг гэрт хүргээд өг, гэрт очоод ээжээс төлбөрөө авчих” гэж хэлсэн болохоор тухайн эмэгтэй хар өнгийн Toyota crown загварын машиныг унаж Их дэлгүүрийн баруун талд хүргэж өгөөд ээжээс нь төлбөрт 50.000 төгрөг авсан...” (хавтаст хэргийн 40-41 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч А.Батмэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг 58 минутад намхан болон өндөр биетэй хоёр залуу ирж манай ломбардад “Iphone 12” маркийн гар утас тавьсан. Тухайн үед жижиг биетэй нь зээлийн хуудсан дээр Мөнх-Эрдэнэ гэж бичигдсэн байна. Тэр залууд би 1,000,000 төгрөг өгөөд тухайн утсыг барьцаанд авсан. Том биетэй залуу нь тухайн утсанд өөрийн ID зэргийг хийгээд байхаар нь би энэ хүний утас байна гэж бодоод авсан. ...манай компани буюу Заан ломбард 1,000,000 төгрөгийн хохиролтой байна... би 1,000,000 төгрөг нэхэмжилж байна.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал) гэсэн,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “...“Iphone 12” маркийн гар утсыг 1,950,000 төгрөг, , “I watch series 5” ухаалаг цагийг 800,000 төгрөгөөр нийт 2,750,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 57 дахь тал)

“Заан” 3 барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 127 дахь тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64, 66 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-82, 85-103 дахь тал)   

Шүүгдэгч Э.Э, Э.М нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 119-126 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Э, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси барьсан Н.Э нь таксины мөнгө байхгүй байна гэж өөрийн эзэмшлийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа өгч, маргааш нь буцааж авахаар тохиролцсон боловч, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авч, захиран зарцуулснаар хохирогчид 2,750,000 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Э болон шүүгдэгч Э.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Иргэний нэхэмжлэгч А.Батмэндийн“...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг 58 минутад намхан болон өндөр биетэй хоёр залуу ирж манай ломбардад “Iphone 12” маркийн гар утас тавьсан. ...Том биетэй залуу нь тухайн утсанд өөрийн ID зэргийг хийгээд байхаар нь би энэ хүний утас байна гэж бодоод авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57 дахь тал)

“Заан” 3 барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

1.1 Шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси барьсан Н.Э нь таксины мөнгө байхгүй байна гэж өөрийн эзэмшлийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа өгч, Э.Эад итгэмжлэн хариуцуулж, маргааш нь буцааж авахаар тохиролцсоныг мэдсэн байж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авах ажиллагаанд нэгдэн хууль бус эх үүсвэрийг нуун далдалснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөгийг нь авч, захиран зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Э болон шүүгдэгч Э.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Иргэний нэхэмжлэгч А.Батмэндийн “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг 58 минутад намхан болон өндөр биетэй хоёр залуу ирж манай ломбардад “Iphone 12” маркийн гар утас тавьсан. Тухайн үед жижиг биетэй нь зээлийн хуудсан дээр Мөнх-Эрдэнэ гэж бичигдсэн байна. Тэр залууд би 1,000,000 төгрөг өгөөд тухайн утсыг барьцаанд авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57 дахь тал)

“Заан” 3 барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд буюу өөртөө хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, шилжүүлсэн” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

 

Объектив тал: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй байна.

 

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлнэ.

Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэж эх үүсвэрийг нь өөрчлөх, тухайн хүний нэрээс хасах, өөр хүнд шилжүүлэх хэлбэрээр илэрнэ.

 

Мөнгө угаах гэмт хэргийн субъектив шинж: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготой байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э, хохирогч Э.Энхтөрийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авч, захиран зарцуулснаар хохирогчид 2,750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Шүүгдэгч Э.М, хохирогч Э.Энхтөрийн “Iphone 12” маркийн гар утас, “I watch series 5” маркийн ухаалаг цагаа Э.Эад итгэмжлэн хариуцуулж, маргааш нь буцааж авахаар тохиролцсоныг мэдсэн байж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заан” ломбардад барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авах ажиллагаанд нэгдэн хууль бус эх үүсвэрийг нуун далдалснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөгийг нь авч, захиран зарцуулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эдийн засгийн эсрэг ...мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нь шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэснийг дээр дурсан гэмт хэргийн шинж бүрээр хүлээн авах боломжгүй юм.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.Э, Э.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Э.Э, Э.М нарын эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.М Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан болон өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эд 2.750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид биет байдлаар эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дэх тал) эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хохирогчид шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй,

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.М нараас 1.000.000 төгрөгийн хувь тэнцүүлэн гаргаж, Иргэний нэхэмжлэгч А.Батмэндэд олгох нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210001240128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б овгийн Э-ын М-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Э-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.М-ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.М нарын эдлэх 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан болон өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-аас 500.000 (таван зуун мянга) төгрөгийг,

- шүүгдэгч Э.М-ээс 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Б-д олгосугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ