Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2018/00036

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н нь хариуцагч М холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М-тай 2008 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Гэр бүл болсноос хойш 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр том охин Э, 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бага охин А нар төрсөн. 2012 оноос хойш М бид хоёрын харилцаа таарамжгүй болж байнгын хэрүүл маргаантай байснаас гэр бүлийн уур амьсгал, хоёр хүүхдийн тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид хоёрын таарамжгүй харилцаанаас болж хүүхдүүд маань сэтгэл санаагаар унадаг болсон. Иймээс бид хоёр ярилцаад, хоёр талаасаа салахыг хүсэж байгаа тул хуулийн дагуу гэрлэлт цуцалж өгнө үү. Эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Хүүхдүүдээ одоогоор аавынх нь асрамжинд үлдээж, би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах байртай болсоныхоо дараа өөр дээрээ авахаар ярилцаж тохиролцсон гэв.

Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М миний бие 2007 онд Н-тай танилцаж 2008 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. 2008 онд том охин Э, 2010 онд бага охин А төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас Н-тай ярилцаж салахаар тохиролцсон. Учир нь анх салах яриа 2014 онд үүссэнээс хойш хоёр хүүхдээ бодоод амьдралаа авч үлдэх гэж болж бүтэх талаас нь хандсан боловч гэр бүлийн харилцаа сайжраагүй. Одоо цаашдаа маргаан үүсгэхгүй, эвлэрээд хамт амьдрах итгэл алга байна. Иймд бид хоёр ярилцаад тусдаа амьдаръя гэдэг шийдвэрийг гаргасан. Хоёр хүүхдийн хувьд одоо миний асрамжинд үлдээж, ээж нь Улаанбаатар хотод амьдрах орчноо бүрдүүлсний дараа өөрийнхөө асрамжинд авахаар ярилцсан. Бид хоёрын хооронд өмч хөрөнгийн болон хүүхдийн тэтгэмжийн талаар маргаан байхгүй. Би хоёр хүүхдийн хамт тусдаа амьдраад хоёр сар болж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Н, хариуцагч М нар нь 2008 онд 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Э, 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А нар төрсөн болох нь 0191571 Г-2818, 0000499533 Г-2594 дугаартай төрсний гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн --, -- дугаартай, А 2б ангид, Э 4б ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, М, Н нарын 01102--, Г-13-- дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24-- дугаартай Н нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг гэсэн тодорхойлолт, Өрхийн эмчийн 2017 оны 12 дугаар сарын 25 өдрийн А, Э нар нь эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Э, А нарыг асуусан тэмдэглэл, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ...талууд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0- дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл-ээр уг ажиллагааг дуусгавар болгосон байна.

Хариуцагч м нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчдийн хооронд удаан хугацааны туршид таарамжгүй харилцаа үргэлжилж, бие биедээ итгэх итгэлгүй болж, үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсч болзошгүй талаар харилцан ярилцаж, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж гэрлэгчид харилцан тохиролцсон зэрэг байдлыг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй үүсгээгүй, охин Э, А нар нь цаашид аавтайгаа хамт байх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн, талууд хоорондоо харилцан тохиролцсон байх тул тэднийг эцэг М-ыг асрамжинд үлдээв.

Нэхэмжлэгч Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Э, А нар нь эцэг М-ын асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.