Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69-р байр, 5-506 тоотод байрлах, “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 56б байр, 16 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Эн/РД: /-д холбогдох,

 

11 705 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Эн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Эн нь манай байгууллагатай 2015 оны 11-р сарын 03-ны өдөр №3Г15/28 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, “бараа татан авах” зориулалтаар, 6 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцохоор тохирсон.

№ЗГ15/28 дугаартай Зээлийн гэрээний Хавсралтад заасан, “Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгч С.Эн нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны хооронд зээлийн хүүгийн төлбөрт 3 027 250 төгрөг төлсөн.

 

2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс үндсэн зээл, хүүнд ямар нэг төлөлт хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

 

Зээлдэгч С.Энөөс зээлээ төлөхийг шаардахад “төлнө, хугацаа өгөөч” гэдэг тул тэр бүгдэд зээл төлөх боломж, хугацааг нь олгодог боловч ямар нэг байдлаар зээлийн төлбөрөө төлөхгүй хугацаа хожиж, манай байгууллагыг хохироож байна.

 

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Үндсэн зээл 6,500,000 төгрөг, хүү 4,758,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446 550 төгрөг, нийт 11,705,400 төгрөгийг зээлдэгч /хариуцагч/ С.Энөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Эн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 56б тоотод оршин суугч иргэн С.Эн би “Эксим капитал” ХХК-иас өөрийн таних н.Ганзоригоор уламжлуулан тус компаний захирал н.Шинэбаяраас 2015 оны 11 дүгээр сард 6 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн.

Энэ хугацаанд би 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн ба одоогоор зээлийн хүү нь өсч 11 705 400 төгрөг болсон байна.

Миний бие дээрх мөнгөн дүнг төлөхөө илэрхийлж байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж, хасах боломж олгож өгнө үү гэж хүсч байна.

Мөн би төлбөрөө хугацаа тохиролцож, тодорхой богино хугацаанд төлөх болно гэж мэдэгдэж байна. Зээл авсан нь үнэн, зээлийг төлөх ёстой.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Энд холбогдуулан үндсэн зээл 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, хүү 4 758 850/дөрвөн сая долоон зуун тавин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 446 550/дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг, бүгд 11 705 400/арван нэгэн сая долоон зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Эн нь би төлбөрөө хугацаа тохиролцож, тодорхой богино хугацаанд төлөх болно гэж маргасан.

 

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхцсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр № ЗГ15/28 Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 4.5/дөрөв аравны тав/ хувийн хүүтэй, 6/зургаа/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг 20/хорь/ хувиар тооцохоор хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь зээлийг 6/зургаа/ сарын хугацаанд буцаан төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь хариуцагчийн тайлбар, хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийн, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлтийн, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн хуулбараар нотлогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүнд 4 758 850/дөрвөн сая долоон зуун тавин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ болон Гэрээний хавсралт №1-т зааснаар хариуцагч нь 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хүүнд 1 774 500/нэг сая долоон зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Гэрээний хавсралт №1-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээ болон Гэрээний хавсралт №1-т заасан хугацаанд үндсэн хүүг төлж барагдуулалгүй хугацаа хэтрүүлсэн талаар маргахгүй байх боловч 1 774 500/нэг сая долоон зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хүүг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 3 027 250/гурван сая хорин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээнд хэтэрсэн хугацааны хүү тооцохоор тохиролцоогүй байх тул хариуцагчийн хүүнд төлсөн төлбөрийг үндсэн хүүнд төлсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь үндсэн хүү болох 1 774 500/нэг сая долоон зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагчаас зээлийн хүүнд 4 758 850/дөрвөн сая долоон зуун тавин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд 446 550/дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 2-ын 2.4-т зохигчид төлөгдөөгүй байгаа хуваарьт зээлийн хүүний үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.4-т зааснаар зохигчид зээлийн хүүний үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцож, хариуцагч нь зээлийн хүүг төлж барагдуулсан байх тул хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд 446 550/дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 205 400/таван сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Гэрээ болон Гэрээний хавсралт №1-ийн хуулбар, хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 3 027 250/гурван сая хорин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энөөс 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 205 400/таван сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энөөс 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 205 400/таван сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энөөс улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Эн энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ