Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000109 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 1, ,, тоотод оршин суух,

   урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

   Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж тэнссэн 1 жил хорих ялын 2 сарыг нэмж, нийт 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

   Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

   Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ш.******* нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл

ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би танай буудалд чинь 90.000 төгрөг төлсөн, буудалдаа ормоор байна” гэх шалтгаанаар иргэн Л.ын толгой хэсэгт 1 удаа гараараа цохисны улмаас Л. нь ухаан алдаж унахдаа баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл авч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 04 дэх тал),
  2. Хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),
  3. Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
  4. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  5. Хохирогч Л.ын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 4978 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 16-34 дэх тал),
  6. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
  7. Шинжээч С.ы мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
  8. Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
  9. Шүүгдэгч Ш.*******гийн эзэмшдэг “Хаан банк”-ны 5749673082 тоот депозит дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 77-78 дахь тал),
  10. Шүүгдэгч Ш.*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), 
  11. Хохирогч Л.ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хор уршиг буюу эмчилгээний зардлыг яллагдагч Ш.*******гоос хүлээн авсан талаарх баримт (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Ш.*******гоос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх     прокуророос     шүүхэд    шилжүүлсэн     эрүүгийн    хэргийн    хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ш.******* нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би танай буудалд чинь 90.000 төгрөг төлсөн, буудалдаа ормоор байна” гэх шалтгаанаар иргэн Л.ын толгой хэсэгт 1 удаа гараараа цохисны улмаас Л. ухаан алдаж унахдаа баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл авч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, зоогийн газарт буюу намайг ажил дээрээ 15 цагийн үед ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних согтуу залуу орж ирээд над руу “Би танай буудалд чинь 90.000 төгрөг төлсөн, буудалдаа ормоор байна” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “та андуураад байна, манайд та мөнгө ерөөсөө төлөөгүй” гэтэл намайг “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний толгой руу гараараа цохисны улмаас би газар унаад ухаан алдчихсан. Сэрээд хартал миний баруун хөл маш их өвдөж байсан. ...Би тэр залууг ерөөсөө танихгүй, анх удаа л харсан. ...Тэр залууд цохиулаад газар унахдаа баруун хөлийн 2 савхан яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04 дэх тал),

 

  • Хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...миний биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

 

  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэр бүл Налайх дүүргийн 2 дугаар хороонд “” нэртэй зочид буудлыг ажиллуулдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ээж, би, ах, ахын эхнэрийн хамт зочид буудлаа ажиллуулж байсан. 15 цагийн үед гаднаас танихгүй хөгшин ах орж ирээд “би энд буудлын өрөө авсан, 90.000 төгрөг төлсөн” гэж хэлээд манай ахын эхнэрийг загнаж байсан. ...Би гал тогооны өрөө ороод хоол хийж байх үед бэр хүрч ирээд “Ахаа нөгөө танихгүй ах ээжийг алгадаад унагаачихлаа” гэж хэлэхээр нь очих үед ээж газар уначихсан, хөлөө барьж байсан. Ээжийг танихгүй ах ахиад цохих гэж байх үед нь би очоод түлхээд ээжийг өргөөд буудлын өрөө рүү оруулсан. ...Би ээжийг аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “шагайны хоёр талын хавтас яс, өсгий хэсгийн тээглүүр яс хугарсан байна. Унаснаасаа болоод толгойдоо хүчтэй доргилт авсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 билүү 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, “” зоогийн газарт ажил дээрээ байж байтал гаднаас нэг танихгүй согтуу ах орж ирчхээд үүдний буйдан дээр хэвтээд унтаад өгчихөөр нь би очиж сэрээгээд “Энэ үйлчилгээний газар, та ингэж энд унтаж болохгүй, босоод явна уу” гэж хэлсэн чинь буйдангаас босоод гараад явсан. Удаагүй нөгөө согтуу ах буцаж орж ирээд манай хадам ээж Л. бид хоёрт “би танай буудалд чинь өрөө авсан, буудалдаа ормоор байна” гэхээр нь хадам ээж Л. тэр ахад “та манай буудалд өрөө аваагүй ээ, юу яриад байгаа юм бэ, андуураад байна” гэсэн чинь тэр согтуу ах уурлаад шууд Л.ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж газар унагаасан юм. Манай хадам ээж Л. нь тухайн үед газар унахдаа баруун хөлийнхөө шагайгаар эвгүй уначихсан. Би өөрөө тэр даруйдаа хадам ээжийг босгох гээд түүн дээр очиход баруун хөл нь шагай хэсгээрээ хойшоогоо эргэчихсэн байсан. Ингээд би нөгөө өрөөнөөс ыг дуудаж авчраад бид хэд цагдаа сэргийлэх дуудсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Хохирогч Л.ын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 4978 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 16-34 дэх тал),

 

  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “...Л.ын биед баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

  • Шинжээч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 4978 дугаартай өвчний түүхэнд баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдсон ба өвчний түүхэнд өөр зовуурь, онош, оношилгоо дурдагдаагүй байсан. ...Баруун шагайн үеэр биеийн хөдөлгөөний эсрэг чиглэлд гишгэх /далий гишгэх/, мушгих зэрэг хүчний үйлчлэлээр үүснэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

  • Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 билүү 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо төвд найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэр лүүгээ буюу Налайх дүүргийн, Өвөршанд руу харихаар ганцаараа явсан. Тэгээд хэсэг явж байгаад нэлээн согтоод муудчихсан байсан учир гэр хүртлээ хол явж чадахгүй юм байна гэж бодоод хажууханд байсан Налайх дүүргийн 2 дугаар хороо, “” зоогийн газрын буудал руу орж хонохоор шийдээд орсон. Ороод буудлын өрөө авъя гээд гар утасныхаа мобайл банкаар буудлын өрөөний төлбөр 90.000 төгрөг шилжүүлэх гээд зогсож байсан. Тэгээд буудлын мөнгийг шилжүүлчихлээ гэж бодоод буудлын ажилтан болох нэг хөгшин эгч рүү очоод “би буудлынхаа мөнгийг төлчихлөө, одоо өрөөндөө оръё” гэсэн чинь нөгөө эгч над руу “та манай буудалд мөнгө төлөөгүй, юу яриад байгаа юм бэ” гэхээр нь тухайн үед согтчихсон байсан болохоор согтуурхаад тэр хөгшин эмэгтэйг гараараа нүүр лүү нь цохисон чинь тэр эмэгтэй шууд газар уначихсан. ...Би шинжээч эмчид үзүүлэхгүй ээ, миний биед учирсан айхтар сүртэй гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

Шүүгдэгч Ш.******* нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ш.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Л.ын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Ш.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ш.******* хохирогч Л.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буудлын төлбөр төлөөгүй байж өөрийгөө төлсөн гэж андуурч, “би танай буудалд чинь 90.000 төгрөг төлсөн, буудалдаа ормоор байна” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, түүний халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.ын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт баримтаар 124.950 төгрөг нэхэмжилсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Ш.******* нь уучлалт гуйж, намайг эргэж тойрч байсан бөгөөд эмчилгээний зардалд 1.650.000 төгрөг төлсөн тул ямар нэгэн гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ш.*******той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ш.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, ялыг биелүүлж дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1.650.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай..4
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ