Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 118

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* тоотод оршин байгаа, “*******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороонд оршин байгаа, “*******” ХХК /РД: /-д холбогдох

Нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт нийт 10.107.703 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Улсын Дээд Шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2017 оны ******* сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр “Цагийн Аяс” ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Цэнгэлтэй 7.850 тонн нүүрс нийлүүлэх гэрээг Шивээ овоо боомтод хүлээлгэн өгөх нөхцлөөр байгуулсан. Уг гэрээгээр 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21.853 төгрөгөөр тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179.738.468,50 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хуваарийн дагуу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас “*******” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны 33/179 тоот албан бичиг болон “Шивээ овоо” ХК-ийн Санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна. Нийт 179.738.468,5 төгрөгийг шилжүүлэх байснаас “*******” ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ******* зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба тус алдангийн дүн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байна. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д гэрээ нь хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Худалдан авагч тал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сүүлийн удаа 10.000.000 төгрөг төлсөнөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй одоог хүртэл төлбөр хойшилсон байна. Худалдан авагч тал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг шилжүүлснээс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 0******* сарын 29-ний өдөр хүртэл нийт 205 хоног өнгөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 6.738.468,00 төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцвол 1.381.290 төгрөгийн алданги, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр болох 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүртэл нийт 543 хоног байх ба  3.369.235  төгрөг  буюу нэмэгдүүлсэн шаардлага 1.987.945 төгрөг нийт 10.107.703 төгрөг  болж байна гэжээ.

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь “Сутай эрчим” ХХК-тай нүүрс борлуулсны дараа мөнгийг нь өгөх гэрээ хийсэн. Энэ нүүрсний борлуулалтаас 182.700.000 төгрөг Батлан хамгаалах яамны ЗХЖШтабаас одоог хүртэл авч амжаагүй. Гэвч 173.000.000 төгрөгийг төлсөн байгаа болно. Нийт 179.738.498,5 төгрөгийн борлуулалт хийсэн боловч нийт НӨАТ-ийн 17.973.849,5 төгрөгийг манай компанид төлөх ёстойгоос 14.017.604,7 төгрөгийн НӨАТ өгсөн, 3.956.244,8 төгрөгийн НӨАТ-ийг дутуу төлсөн учир нэхэмжилсэн 6.738.468 төгрөгийн үлдэгдлээс хасаад 2.782.223,2 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх болно. Уг компани нь Шивээ Овоо уурхайд сэлбэг нийлүүлсэн үнэ болох 179.738.468 төгрөгийг уурхайгаас авч чадахгүй байсан учир танил хүнээрээ дамжуулан манай компанийн уурхайд өгөх ёстой мөнгө болох 173.000.000 төгрөгийг уурхайн өмнөөс энэ компанид өгсөн юм. Хэрэв би энэ мөнгийг энэ компанид өгөөгүй бол өнөөдрийг хүртэл “Сутай эрчим” ХХК нь уурхайгаас мөнгөө авч чадахгүй байх байсан. Алдангийг би хүлээн зөвшөөрөхгүй, улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед манай компани нь 182.700.000 төгрөгийг тэр нүүрсний борлуулалтаас одоог хүртэл авч чадаагүй байгаа ч “Сутай эрчим” ХХК-ийн 173.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нүүрс тээвэрлэлтийн зардлаас алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 оны 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нүүрс хүлээлцсэн актаар 22 тонн нүүрсний зөрүү гарч байгаа бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 1.700.920 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр манайх 6424.5  тонн нүүрс аваагүй 6240 тонн нүүрс авсан. Энэ нь Улаанбаатар Төмөр замын механикжсан ангийн албан тодорхойлолт дээр “*******” ХХК нь Шивээ овооны өртөөнөөс Толгойт өртөө хүртэл явуулаад Толгойт өртөөн дээр “Сан со реурс” ХХК манай “*******” ХХК-д нүүрс өг гэсэн тохиолдолд манайх Улаанбаатар Төмөр замаас хүлээж авдаг. Энэ хүлээж авсан баримтаар тооцоо хийгээд өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Улаанбаатар Төмөр замаас манайх ямар хэмжээний нүүрс авсан талаарх баримтуудыг шаардсан.  Эхний удаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 тоот тус ангийн албан бичгийг явуулсан. Энэ албан бичиг дээр 4390 тонн нүүрсийг “*******” ХХК хүлээж авсан байна. Үүнд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус хэсгийн ачилт буулгалтын талбайд 520 тонн нүүрсний  үлдэгдэл байгаа болно гэсэн тодорхойлолтыг өгсөн. Энэ бол үнэн зөв тодорхойлолт юм. Манайх 4390 тонн нүүрсийг хүлээж авсан. Мөн дээр нь энэ талбайд үлдэгдэл байсан 520 тонн ачааг манайх 1 жилийн дараа хүлээж авсан. 1330 тонн нүүрсийг Зүүнбаянгийн өртөөнөөс хүлээж авсан талаар өмнөх шүүх хуралдаанд мөн хэлж байсан. Нийт 6240 тонн нүүрс авсан юм. Үүний үнийг 21.853 төгрөгөөр бодоод 136.362.720 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Тээврийн зардлыг бас “*******” ХХК нэхэмжилсэн. Нэхэмжлэлд тээврийн зардлыг 39.562.400 төгрөг гэж тооцож гаргасан. Энэ бол үндсэн нэхэмжлэлийн 6424.5 тонн нүүрсийг тээвэрлэхэд гарсан тээврийн зардал гэж ойлгож байна. Манайх 6240 тонн нүүрс авсан учраас энд 184.5 тонн нүүрсний тээврийн зардлыг үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. 184.5 тонн нүүрс бол 10 тонны даацтай 3 вагонд дунджаар ачих хэмжээний нүүрс байгаа. Энийг Төмөр замын байгууллагаас авсан тодорхойлолтоор 66 тонн хүртэл ачааны тээврийн үндсэн зардал нь 401.400 төгрөг гэж тодорхойлсон байгаа тул 3 вагоны тээврийн зардал 1.204.200 төгрөгийг манайх төлөх ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 39.562.400 төгрөгөөс төлөх ёсгүй 1.204.200 төгрөгийг хасаад тээврийн зардал 38.358.200 төгрөгийн зардлыг “*******” ХХК төлөх ёстой гэсэн тооцооны зардлыг гаргаад, нийт төлбөл зохих тооцоо бол 136.362.720 төгрөгийн нүүрсний үнэ дээр тээврийн зардал 38.358.200 төгрөг, нийт 174.720.920 төгрөгийг нүүрсний үнэ болон тээврийн зардалд төлөх тооцоо гаргаж байгаа юм. Үүнээс компаниас төлсөн 173.000.000 төгрөгийг хасаад төлбөл зохих үүрэг бол 1.720.920 төгрөг гэсэн тооцоо гаргаж байна. 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2 тал гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.2., 2.4., 3.5.-д зааснаар нийлүүлэгч тал болох хуучнаар “Сутай эрчим” ХХК буюу одоогийн “*******” ХХК нь нүүрсний үнийг нэхэмжлэх эрхтэй гэсэн заалт байгаа. Тэрнээс биш тээврийн хөлсийг “Сутай эрчим” ХХК-д худалдан авагч төлөх үүрэгтэй гэсэн заалт байхгүй. Тус гэрээний 3.1.-д энэ гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн байгаа. Энэ гэрээний 1.2.-т нийлүүлэгч нь 1 тонн нүүрсийг гэрээний хугацаанд 21.853 төгрөгөөр НӨАТ-тайгаар худалдан авагчид нийлүүлэх ба нүүрсний үнэд өөрчлөлт гарвал тухайн өдрөөс шинэчлэгдсэн үнийг дагаж мөрдөнө. Гэрээний 2.4.-т худалдан авагч хүлээн авсан нүүрснийхээ үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцох ба алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй. Гэрээний 3.2.-т тухайн сарын нүүрсний төлбөрийг урьдчилан нийлүүлэгч талд шилжүүлэн ачилт хийлгэж байна. Зөвхөн нүүрсний үнийг гэсэн байна. 3.4.-т нийлүүлэгчээс нүүрсний үнийг албан ёсоор нэмэгдүүлсэн тохиолдолд тухайн нийлүүлсэн хугацаанаас эхлэн шинэчилсэн үнээр төлбөр хийнэ. 3.5.-д хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө гэх мэт гэрээнд зөвхөн нүүрсний үнийн талаар дурдсан байгаа. Харин тээврийн зардлыг хэрхэн хэн, яаж төлөхийг гэрээнд заагаагүй байгаа. Энэ гэрээ ёсоор “*******” ХХК нь манай компаниас нүүрсний үнийг нэхэмжлэх эрхтэй. Харин тээврийн зардлыг шаардах эрхгүй юм. Тухайн үед гэрээ байгуулахдаа энэ гэрээтэй манай компани сайн танилцаагүйгээр гэрээг байгуулсан. Ер нь манай компани нь олон компанитай харьцаж байхад ийм маргаан гарч байгаагүй учраас энэ гэрээг байгуулахад хайнга хандсан. Маргаан гарсны дараа энэ гэрээтэй танилцахад ийм байна. Манай компани гэрээ ёсоор 7850 тонн нүүрс авах учраас нүүрсний үнийг нийлүүлж байсан. Гэхдээ урьдчилан нийлүүлнэ гэсэн яриа хэлцэл байгаагүй. Яг нүүрсээ хүлээж аваад борлуулаад борлуулалтын орлого орж ирсэн тохиолдолд танай компанид шилжүүлнэ гэсэн яриа хэлцэл байсан. Нэмж хэлэхэд “Сутай эрчим” ХХК-иас манайх нүүрс авах шаардлага байгаагүй. Тухайн үед “Багануур” ХХК, “Шивээ овоо” ХХК-тай шууд харьцаж байсан. Нэхэмжлэгч компаниас ч бас нүүрс авч байсан. “Сутай эрчим” ХХК-иас яагаад нүүрс авсан бэ гэхээр “Сутай эрчим”ХХК нь “Шивээ овоо” ХХК-д сэлбэг нийлүүлээд энэ сэлбэгийнхээ мөнгийг авч чадахгүй бараг 2-3 жил болсон боловч мөнгө нь гарахгүй байсан учраас манай компанийг гуйгаад манай компанид нүүрс олгоё. Энэ нүүрсийг нь танайх аваач гэж гуйсны үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Үүнийг тайлбарлах ёстой байх гэж бодож байна. Үүнээс үндэслээд “*******” ХХК нь манайхаас нүүрсний үнийг бүрэн хүлээж авсан. Энэ дээр алданги тооцох эрхгүй юм. Нэгэнт манай нийт үнийн дүнгээс өөрсдөө тээврийн зардлаа төлсөн байгаа учраас нүүрсний зардал, тээврийн зардлыг нэгтгэж тооцож байна гээд тооцоог гаргаж байна. Ер нь алданги дээр нүүрснийхээ үнийг авсан байгаа учраас энэ гэрээний 2.4., 3.5.-д зааснаар нүүрснийхээ үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд гэж байгаа болохоос тээврийн зардлыг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги тооцно гэсэн заалт байхгүй, 3.5.-д мөн ялгаагүй ингэж бичсэн байна. Мөн алдангийг яг хэзээнээс эхлэн тооцох талаар энд тодорхойгүй байна. Манай компани нүүрсний хамгийн сүүлийн үнийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг өгч байгаа. 2016 оны 0******* сард 40.000.000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд алданги тооцоогүй, бидэнд ямарч шаардлага тавьж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нүүрсний үнэ болон алданги төлөөч гэсэн шаардлага тавьж байгаагүй. Иймээс алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь “*******” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 85 вагон 6240 тонн нүүрс худалдан авч, нүүрсний үнэ болон төмөр замын тээврийн зардалд 173.000.000 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлсэн. Манай компани нүүрсний үнэд 136.362.720 төгрөг, төмөр замын зардалд 39.562.400 төгрөг, нийт 175.925.120 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс 173.000.000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь “*******” ХХК манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын 12.743.164 төгрөгийн баримт олгоод, дахин баримт өгөөгүй буюу 17.592.512-12.743.164=4.849.348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, энэ хэмжээгээр улсад татвар төлсөн. Иймд “*******” ХХК-иас “*******” ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс манай компанид холбогдуулан 4.849.348 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*******” ХХК манай компанид НӨАТ-ын 12.743.164 төгрөгийн баримт олгоод дахин баримт өгөөгүй буюу 17.592.512–12.743.164=4.849 348 төгрөгийн татварын өртэй болж улсад төлсөн учир нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа гэрээний нийт үнийн дүн 179.738.468,50 төгрөг бөгөөд хариуцагч үүнээс 173.000.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 6.738.468 төгрөг, үүнд гэрээний алданги тооцож 1.381.290 төгрөг, нийт 8.119.758 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн НӨАТ-ын баримтын дүнг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүснэгтээр үзүүлбэл: Олгосон НӨАТ-ын баримтаар манай компани нийт 140176048 төгрөгийн баримт олгосон бөгөөд гэрээний нийт үнийн дүнгээс 179738468.50 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 39562420 төгрөг буюу тээврийн зардлын төлбөр үлдэж байна. Талууд гэрээ байгуулан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Батлан хамгаалах яамны харъяа байгууллагуудад тараасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу төмөр замын тээврийг Монгол улс нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлдөг болно. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 3 дугаар зүйлийн 3.1-д энэхүү гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн үүргийг худалдан авагч буюу хариуцагч “*******” ХХК хариуцах үүргийг хүлээсэн байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал (гэрээний 3.1), татварын асуудлыг худалдан авагч буюу “Цагийн Аяс” ХХК хариуцахаар (гэрээний 1.2) тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтдээ: Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.Алтандөшийн гэр бүлийн гишүүн өвчтэй байгаагийн улмаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ нотлох баримт гаргаж, цуглуулах зэрэг боломжгүй байгаа тул түр сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авч байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 8.119.758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.987.945 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10.107.703 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагч “*******” ХХК нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Сутай эрчим” ХХК нь “*******” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, гийн орд газрын нүүрсэнд тогтоосон стандарт техникийн нөхцөлд тохирсон чанарын үзүүлэлттэй 0-300 мм-н хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй, 7850 тонн нүүрсийг 1 тонныг нь 21.853 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, Шивээ овоо өртөө нөхцлөөр байгуулсан гэрээний дагуу 95 вагон буюу 6414.5 тонн нүүрсийг “*******” ХХК-д нийлүүлсэн.

Харин “*******” ХХК нь “Сутай эрчим” ХХК буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “*******” ХХК болгож нэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн тус компанид 173.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн үйл баримтад талууд маргаагүй.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон           , хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж тус тус шийдвэрлэв.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас “Сутай эрчим” ХХК-ийг төлөөлж захирал Д.Баярсайхан, нөгөө талаас “Цагийн Аяс” ХХК-ийг төлөөлж захирал Ж.Цэнгэл гийн орд газрын нүүрсэнд тогтоосон стандарт техникийн нөхцөлд тохирсон чанарын үзүүлэлттэй 0-300 мм-н хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй, 7850 тонн нүүрсийг 1 тонныг нь 21.853 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, Шивээ овоо өртөө нөхцлөөр байгуулсан гэрээнд гарын үсэг зурж, тамга дарагдсан байна. /хх-6-7/

Гэрээгээр нийлүүлэгч нь стандартын шаардлага техникийн нөхцөлд нийцсэн нүүрс худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч хүлээн авсан нүүрсний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон ба энэхүү үйл баримтад талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байна гэж үзэв.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолж, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, нүүрс татан авах хуваарь, “” ХК болон “*******” ХХК-ийн хоорондын 2014 оны 9, 10 дугаар сарын тооцоо Улаанбаатар Төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 дүгээр албан бичиг зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, ******* нэгдсэн эмнэлгийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эндомед эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний даргын хамтран ажиллах тухай албан тоот, Улаанбаатар ачих буулгах тээвэр экспетицийн механикжсан ангийн даргын 2018 оны 0******* сарын 11 өдрийн 33/13 дугаар тодорхойлолт, хавсралт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагч талаас тайлбараа нотолж, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, Улаанбаатар төмөр замын 2014 оны 09 дүгээр сарын 09 өдрийн баримт, 00553098, 0553099, 0553095, 0553096, 0553097, вагон ачилт, буулгалт, тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж А№ 0778543, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 055325, 0553126, 0553127, 0553128, вагон ачилт, буулгалт, тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж 0778545 нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баримтууд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн Улаанбаатар ачих буулгах тээвэр экспетицийн механикжсан ангийн даргын 2018 оны 0******* сарын 20-ны өдрийн 33/47 дугаар тодорхойлолт, хавсралт зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.

Гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагчид 95 вагон буюу 6424.5 тонн нүүрсийг нийлүүлсэн, хариуцагч энэ нүүрснээс 2014 оны 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нүүрс хүлээлцсэн актаар 22 тонн нүүрсний зөрүү гарч байгаа ба 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 6240 тонн нүүрсийг хүлээн авсан, одоо нэхэмжлэгчид 1.700.920 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гэх ч нүүрсний үнэ 6.392.5х21.853=139.695.302,5 төгрөг, тээвэрлэлтийн зардал 39.562.400 төгрөг, нийт 179.257.692,5 төгрөг болох нь 2015 оны 0******* сарын 22-ны өдөр “” ХК болон “*******” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний даргын хамтран ажиллах тухай албан тоот, Улаанбаатар ачих буулгах тээвэр экспетицийн механикжсан ангийн даргын 2018 оны 0******* сарын 11 өдрийн 33/13 дугаар тодорхойлолт, хавсралт, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, Улаанбаатар төмөр замын 2014 оны 09 дүгээр сарын 09 өдрийн баримт 00553098, 0553099, 0553095, 0553096, 0553097, вагон ачилт,буулгалт, тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж А№ 0778543, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 055325, 0553126, 0553127, 0553128, вагон ачилт, буулгалт, тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж 0778545 нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баримтууд, Улаанбаатар ачих буулгах тээвэр экспетицийн механикжсан ангийн даргын 2018 оны 0******* сарын 20-ны өдрийн 33/47 дугаар тодорхойлолт, хавсралт зэрэг баримтуудаар нотлогдох ба уг мөнгөнөөс хариуцагч “*******” ХХК 173.00.0000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 6.257.692,5 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Хариуцагч “*******” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хүлээн авсан нүүрсний үлдэх төлбөр 6.257.692,5 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр буюу 2018 оны 0******* сарын 23-ны өдөр хүртэл гэрээний 2.3., 3.5.-д тус тус зааснаар хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 23******* зүйлийн 232.6.-д заасны дагуу шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-иас нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй.

2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний хавсралтад 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот гэрээний хавсралт гэж бичигдсэн байх ба зохигчдын тайлбараар энэхүү хавсралт нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Сутай эрчим” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хавсралт мөн болох нь тогтоогдсон.

“*******” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардуулахаар “*******” ХХК-ийн захирал Д.Баярсайхан, өмгөөлөгч Ш.Алтангадас нарыг 2018 оны 0******* сарын 23-ны өдөр шүүхэд дуудан ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтээ шүүхэд ирүүлнэ гэж утсаар мэдэгдсэнийг хэлэхэд сөрөг нэхэжлэлийг гардаж авах шаардлагагүй гэсэн тул шүүхээс нэхэмжлэгчид гардуулаагүй болно. /хх-165/

Иймд хариуцагч “*******” ХХК-иас 9.626.927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.776 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч татгалзсан тул татгалзлыг баталж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болон хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсантай холбогдуулан “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.650  төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168.981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олголоо.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадаст шүүх хурлын товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн бөгөөд тэрээр 2018 оны 0******* сарын 23-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 08:30 цагт хуралтай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсын хамт шүүхэд ирүүлсэн тул талуудыг мэтгэлцэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааны товыг тус өдрийн 17:00 цаг болгон өөрчилсөн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дууссанаас хойш боломжит хугацаанд шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн саналыг асууж хуульд зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 23******* зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9.626.927 /есөн сая зургаан зуун хорин зургаан мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.776 /дөрвөн зуун наян мянга долоон зуун далан зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “*******” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4.849.348 /дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.650 /нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун тавин/  төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.000 /ерэн дөрвөн мянган/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168.981 /нэг зуун жаран найман мянга есөн зуун наян нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                            Н.БАЯРСҮРЭН