Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

   2022          5           18                                        389      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: В.Батдэлгэр,

өсвөр насны шүүгдэгч: Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цогбадрах,

тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр (0200)

өсвөр насны шүүгдэгч: Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Туяа,

тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу (0096) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн 2105023691089 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 14 нас 10 сар 22 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, Нийслэлийн Э.

 

Монгол улсын иргэн, 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 3 сар 01 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, Нийслэлийн Б.

 

 Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бага насны Б.Ттэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банктай байрны 2 давхарт байрлах хохирогч Б.Бгийн утаат электрон тамхи /VАРЕ/ зардаг лангуунаас Ц.Э нь хаалтыг өргөж, Б.Б нь хаалтны завсраар шурган орж, лангуун дотор байсан “МҮQЗ” гэх электрон тамхи 3 ширхэг, “V6” гэх электрон тамхи 2 ширхэг, “Drag S” гэх электрон тамхи 1, “Warwolf 150W” гэх электрон тамхи 2 ширхэг, Жижиг /60мл/ VАРЕ-ны шингэн 3 ширхгийг, нийт 13 ширхэг эд, зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байх, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч- Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Буруу зүйл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг хийхгүй. Хулгай хийхийг би санаачилсан юм. Тухайн үед хулгай хийх бодол байгаагүй ч гаднаа электрон тамхи зардаг гэсэн хаягтай байсан болохоор сонирхоод шууд ороод, хаалтны араас нь авсан. Эхний өдөр 5 ширхэг электрон тамхи авсан. Маргааш нь Тг тухайн газрын шатан дээр зогсоод хүн харж бай гээд Э хаалтыг өргөж, би шургаж ороод, 8 ширхэгийг авсан. Хулгайлсан электрон тамхинаас Э 3 ширхэгийг авсан. Үлдсэн электрон тамхийг би авсан. Бүх электрон тамхийг хохирогчид буцааж өгсөн. Бас мөнгө өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч- Ц.Э мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Тухайн үед Б намайг уруу татсанаас би энэ хэрэгт холбогдсон. Хулгайлсан электрон тамхийг өөрсдөө хэрэглэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бн хууль ёсны төлөөлөгч А.Туяа мэдүүлэхдээ:

Миний хүүхэд муу хүүхдүүдтэй нийлж, уруу татагдсан байх. Одоо өдөр болгон хичээлээс нь авдаг. Эцэг, эхийнхээ анхааралд байх боломжтой, үгэнд сайн ордог. Хойшид хүүхдээ сайн хүмүүжүүлнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Эн хууль ёсны төлөөлөгч Б.Цогбадрах мэдүүлэхдээ:

Би утаат тамхи татдаг учраас манай хүү сонирхож татаж, үзэхийг хүссэн байх. Хулгай хийж болохгүй, худал хэлж болохгүй гэж хүүдээ захидаг. Миний хэлсэн үгэнд сайн ордог. Би цаашид хүүхдээ хүмүүжүүлж чадна. Хохиролд тус бүр 150 000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй учраас хүүд маань хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

Би яг хэдний өдөр байсан гэдгийг сайн санахгүй байна. Ойролцоогоор 01-ний өдөр байсан байх, өглөө 11 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах И-мартын зүүн талд байрлах Хаан банктай байрны 2 давхарт өөрийн ажиллуулдаг электрон тамхи зардаг лангуун дээрээ иртэл шилэн лангуун дээр байсан 5 гаруй электрон тамхи алга болсон байсан. Тэгээд би 15 цагаас хуралтай байсан тул гараад явсан. Хурал дээрээ байж байгаад орой 21 цагийн үед ажил дээрээ ирээд хаалга онгойлгоод орох гэж байтал 20-25 орчим насны 160-170 гаруй см өндөртэй цагаан куртиктэй эрэгтэй хүүхэд лифтнээс буугаад надтай зөрөөд гарсан. Тэгэхээр нь энэ хүүхэд чинь эзэнгүй газраас яагаад гарч ирдэг билээ гэж бодоод дээшээ гартал лангуун дээр байсан 4-5 төрлийн электрон тамхи алга болсон байсан. Гэрэл асдаг улаан болон шар өнгөтэй 2 ширхэг, Drag, \/6, МҮQЗ гэх мэт загварын электрон тамхинууд байсан.

2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирлоо бүрэн хүлээн авсан тул гомдолгүй гэжээ. (хэргийн 30, 130 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Ж.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э, Бая гэх хоёр найзтайгаа 11 цагийн үед сургуулийнхаа гадаа уулзаад Э хүнд юм аваачиж өгнө гэхээр нь би цуг явъя гээд бид гурав гурвуулаа явсан. Тэгээд автобусаар явж байтал Э надад “Drag” загварын электрон тамхи өгсөн. Тэгэхээр нь би тэр электрон тамхийг нь аваад халаасандаа хийгээд явж байгаад нөгөө хоёртой цуг 5 шарын тэнд байдаг “Акума” гэх засварын газрын хойд талд ирээд хүлээж байтал 2 цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Тэгээд би юу болсныг нь мэдээгүй байж байтал тэр хоёр хулгай хийсэн юм шиг байна лээ гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.Т мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-19 цагийн үед намайг гэртээ хоолоо идээд сууж байх үед Б, Э хоёр над руу залгаад, хаана байгаа юм, хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудсан газар нь буюу И-Мартын 1 давхарт очтол тэр хоёр зайрмаг идчихсэн сууж байсан. Тэгээд бид 3 И-Мартаас гараад Хаан банктай байрны гадаа очход Э, Б хоёр “бид хоёр ийшээ орчхоод ирье, чи наанаа байж бай” гээд намайг үлдээсэн. Тэр хоёр хэсэг хугацааны дараа гарч ирээд, бид 3 И-Мартын хойд талд байдаг харанхуй газар луу очтол Б цүнхнээсээ 3 ширхэг цахилгаан тамхи гаргаж ирээд надад өөрийнхөө өмнө нь ашиглаж байсан хуучныг нь өгөөд, Эд 1 ширхэг цахилгаан тамхи өгөөд, Б өөртөө 1 жижигхэн, 1 томыг авсан. Тэгээд бид гурав тэндээ татаж үзэж байгаад, Э Баы гэрт нь очиж хононо, та 2 намайг Өргөө хүртэл хүргээд өгчих гээд бид хоёр хүргэж өгөөд, Б бид хоёр гэр лүүгээ харьцгаасан. Б, Э хоёр тухайн барилга руу орчхоод гарч ирэхдээ “чи бид хоёрын найз л юм бол хүнд битгий хэлээрэй, бид хоёр эд нарыг саяны орсон газраасаа хулгайлчихсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа сэргийлэх болбол яах юм бэ” гэтэл Б “манай аав намайг 3 том хэргээс мулталж гаргана гэж хэлсэн, яав л гэж, зүгээр зүгээр” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 53-54 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.Ш мэдүүлэхдээ:

Баяржавхлан, Бая бид нар уулзаад Парадоксын цаана байдаг “Сиркл К” дэлгүүрт гоймон идчихээд, парк явсан. Тэгээд тэндээ тоглож байгаад 17 цагийн үед ээжтэйгээ ярьтал ээж маань намайг шууд гэртээ хариарай гэж хэлэхээр нь би за гээд бид нар харихаар болоод тэндээсээ алхаад явж байгаад Мөнгөн завъяагийн тэндээс автобусанд сууж, И-Март дээр буугаад, тэндээсээ 2 пицца, 1 ундаатай аваад И-Мартын хойд талын байрны сааданд очиж идчихээд бид нар салаад явцгаасан. Тухайн үед надтай Даян, Золбоо, Баяржавхлан гурав цуг явцгаасан. Маргааш нь сургууль дээр байж байтал Б анги дээр электрон тамхи авчирсан байхаар нь би хэн авч өгсөн юм гэж асуусан чинь манай ээж надад авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд манай ангийн багш хичээл ороод байж байтал Б электрон тамхиа сорж байгаад багшид баригдаад багш хаанаас авсан юм гэсэн чинь Б би мөнгөө цуглуулж байгаад ээжээрээ авхуулсан юм гэж хэлсэн. 11 дүгээр сарын 03-ны өдөр Бая над руу чи мэдсэн үү гээд чат бичихээр нь би юу гэсэн чинь “Э, Б хоёр нөгөө ороод байсан дэлгүүрээсээ хулгай хийчихсэн байна шүү дээ, би цуг явж байгаад баригдчихлаа” гэхээр нь би “чи хулгай хийгээгүй биз дээ” гэсэн чинь “үгүй ээ, би хулгай хийгээгүй, Э, Б хоёр хулгай хийсэн байна лээ. Э хулгайлсан электрон тамхиа фейсбүүк зарын групп дээр пост хийгээд баригдчихсан байна лээ” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Б.Бая мэдүүлэхдээ:

Э “нэг юм зарна, та хоёр хамт яваач, би удахгүй ээ” гээд бид нар Өргөө автобусны буудал дээрээс Зунжин гэсэн автобусанд суугаад 5 шарын Акума гэдэг засварын газар ирээд, Э нэг хүнтэй яриад зогсож байсан. Тэгээд бид нар хүмүүсийг нь хүлээж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг бариад авсан гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 102 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 101 дүгэр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банктай байрны 2 давхарт байрлах хохирогч Б.Бгийн утаат электрон тамхи /VАРЕ/ зардаг лангуунаас,

өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь Б.Ттэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банктай байрны 2 давхарт байрлах хохирогч Б.Бгийн утаат электрон тамхи /VАРЕ/ зардаг лангуунаас “МҮQЗ” гэх электрон тамхи 3 ширхэг, “V6” гэх электрон тамхи 2 ширхэг, “Drag S” гэх электрон тамхи 1, “Warwolf 150W” гэх электрон тамхи 2 ширхэг, Жижиг /60мл/ VАРЕ-ны шингэн 3 ширхгийг, нийт 13 ширхэг эд, зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, насанд хүрээгүй гэрч Б.Т, Б.Ш, Б.Бая нарын мэдүүлэг, “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Э, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул өсвөр насны шүүгдэгч нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2105023691089 дугаартай хэргээс Б.Тд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

Хохирогч Б.Бд 1 300 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн буцааж авсан, гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, өсвөр насны, Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрд нь 1 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно.” гэж заажээ.

Иймээс өсвөр насны шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан зэргийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч  Ц.Эд оногдуулсан 1 жил хорих ял,

өсвөр насны шүүгдэгч Б.Б оногдуулсан 1 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь өсвөр насны шүүгдэгчийн нас биед тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэхэд чиглэгдэнэ гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт шүүхээс хүлээлгэсэн ...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг

өсвөр насны шүүгдэгч Ц.Эн хууль ёсны төлөөлөгч Б.Цогбадрах,

өсвөр насны шүүгдэгч: Б.Бн хууль ёсны төлөөлөгч А.Туяа нарт тус тус даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Бг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Эг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Ц.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт шүүхээс хүлээлгэсэн ...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

            9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э, Б.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН