Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0023

 

                                   

 

 

 

 

 

2021          01           08                                       128/ШШ2021/0023

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Т овогтой М /РД:..../

            Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар.

            Гуравдагч этгээд: Ц овогтой Е/РД:..../,

            Гуравдагч этгээд: Ц  овогтой Е /РД:.... /,

            Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Е-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн ЦогтМын Е-д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний  зориулалттай газрын эзэмших эрхийг баталгаажуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон, гэрчилгээний 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг хүчингүй болгох, уг газарт Т.Мын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, түүний өмгөөлөгч Р.Жавзандулам, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Ед холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.М-ын газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах.

            Анх миний бие гэр бүлийн хамт 2003 оны 02 дугаар сард маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамжны 435 тоотод нүүж ирж суурьшсан бөгөөд одоог хүртэл уг хашаандаа олон жил амьдарч байна. Нүүж ирэхэд уг газар нь үерийн аманд, урдаа хогийн цэгтэй, хороо дүүргээс нүүхийг шаардсан захирамж, шийдвэр байнга ирдэг байсан. Уг газартаа 2004 оны 04 дүгээр сараас 2006 оны 11 дүгээр сарыг хүртэл 1500 м.куб шороо асгаж, би өөрийн гараар үерийн далан бэхэлгээ хийн тэгшилж, 25 метрийн өндөртэй далан босгож, хар шороо авчран хөрсжүүлж, хогийн цэгийг устган газраа хашаалсан. Мөн хогийн цэгтэй байсан учраас хогийг зайлуулж, машин орж гардаг орц гарцтай болгосон. Эвдрэл, гэмтэлд орсон байсан газрыг өөрийн хөрөнгөөр засаж янзалсан. Манайхыг нүүж ирэхэд хогийн цэг, үерийн аманд байсан газарт ямар ч хаягжилт байхгүй, оршин суух зөвшөөрлийг хороо дүүргээс олгодоггүй байсан.

            Талийгч Т.Ц Т.М ах манай хашаанд 1 жил орчим хугацаанд амьдарч байгаад нас барсан. Тухайн амьдарч байх хугацаанд манай хашаанд ямар ч бүртгэлгүй байсан. ... Ингээд 2016 оны 4 дүгээр сараас хашааныхаа газрыг өөрийнхөө нэр дээр бичиг баримт гаргуулахаар хөөцөлдөхөд Чингэлтэй дүүргийн Газрын албанаас эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг амаар өгдөг байсан. Миний бие төрөлхийн төвөнх хоолойны өвчтэй байсан учраас Нэгдсэн Нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын эмнэлгийн хяналтад байдаг, 2 удаа хүнд хагалгаанд орсон. Ингээд биеийн байдал арай дээрдсэн учраас хашааныхаа газрын асуудлыг хөөцөлдөхөөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд дахин хандахад Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15/349 дүгээр албан бичгээр Ц.Е-д өмчлүүлсэн гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/3498 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар Ц.Ед өмчлүүлж шийдвэрлэсэн гэсэн хариу өгсөн.  

            Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Е-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.М-ын газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу өөрийн хүч хөрөнгөөр хогийг нь зайлуулж, үерийн далан байгуулж, тэгшилж, засаж хашаалсан, олон жил амьдарсан газрынхаа бичиг баримтыг хөөцөлдөөд надад эзэмшүүлээгүй, харин Ц.Е, Ц.Е Энар манай хашаанд нэг ч хоног оршин суугаагүй, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр юу ч хийж бүтээгээгүй, ямар ч бүртгэлгүй байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга бодит судалгаа хийж, холбогдох баримтыг бүрдүүлээгүй, хуурамч, засвартай баримтыг үндэслэж хууль бусаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг дарга өмчлүүлсэнд гомдолтой байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар Ц.Е, Ц.Есөн-эрдэнэ, Ц.Есөнцагаан нарт хамтран өмчлүүлсэн боловч Ц.Е, Ц.ЕЭ нарын төрсөн дүү Ц.Есөнцагаан нас нөгчсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Ц.Е-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.М миний газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.

            Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 4356 тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е Ц ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах.

            Манай хашааны газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд 2013 онд бүртгүүлж, Г-2202014415 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус газрын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 7/6021 дугаартай албан бичгээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн. Уг газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-2202014415 дугаарт Ц.Е, Ц.Есөн-Эрдэнэ. Ц.Есөнцагаан нарын 3 иргэний өмчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч Ц.Е, Ц.ЕЭ нарын төрсөн дүү Ц.Есөнцагаан нас барсан. Иймд Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 4356 тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 18642312059835 нэгж талбарын дугаартай, Ү-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан ихэсгэсэн болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Цогт М -ын Е-д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг баталгаажуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон, гэрчилгээний 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах.

            Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Цогт М-ын Е-д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг баталгаажуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон, гэрчилгээний 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах, уг газарт Т.Мын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг  Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах.

            Нэхэмжлэлийн үндэслэл: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.1-т "овог, нэр байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус заасан байхад Ц.Е байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэх, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэрэг баримтыг хавсаргаагүй, Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад хууль зөрчиж газар эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчим, ил тод нээлттэй байх зарчмыг зөрчиж Засаг дарга хууль бусаар газар эзэмшүүлсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Ед Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар маргаж буй газрыг эзэмшүүлснийг мэдсэн болно. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийг үндэслэж газрын эзэмших эрхийг баталгаажуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон, гэрчилгээний 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг олгосон байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж болон уг газар эзэмших эрхийг баталгаажуулсан цагаан гэрчилгээ хууль бус бөгөөд уг хууль бус захирамж, гэрчилгээг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар Ц.Е, Ц.ЕЭ нарт өмчлүүлсэн тул уг өмчлүүлсэн захирамж хууль бус, хууль бусаар өмчлүүлсэн захирамжийг үндэслэж уг газрыг улсын бүртгэлд Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр бүртгэсэн бүртгэл нь тус тус хууль бус болно” гэжээ.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2004 онд хороон даргад гаргасан гэсэн зүйл нь тухайн үед оюутан, сурагчдад түр оршин суугчийн бичиг өгдөг байсан. Тэрийг Т.Е нь зориудаар он, сарыг засаж Газрын албанд ашигласан. Хоёрдугаарт, түр оршин суугчийг хүлээн зөвшөөрч байсан. 2004 оны 3 дугаар сард хороон даргаас нь өөрөөс нь санал гаргаж, газрыг хариуцаж аваад эргийн хамгаалалт хийж 2004, 2005, 2006 он дараалан газар олгохдоо хороон даргын захирамжаар тухайн үед олгосон зүйл байхгүй. 2006 онд Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерээс хамгаалах аян зохион байгуулж ажлын хэсэг байгуулж 2006 оны 7 дугаар сараас 9 сар хүртэл үерийн аман дээр байгаа 20 гаран айл хамрагдсан” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05/52 дугаар захирамжийн Ц.Ед газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны дэнжийн 17-435Б тоот хаягт орших 261 м.кв газрын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон 4810 дугаартай цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Д/52 дугаар захирамжийн Ц.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, гурав дахь нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий газрыг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Е, Ц.ЕЭ нарт газар эзэмшүүлсэн захирамжийг дагаж гарсан 4810 дугаартай цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны дэнжийн 17-435Б тоот хаягт орших 261 м.кв газрыг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сүүлийн байдлаар өгсөн бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

            Т.М нь гэр бүлийн хамтаар маргаж байгаа газарт 2002 оноос хойш тасралтгүй 18 жил амьдарч байгаа. Маргаан бүхий газар дээр Ц.Есөн-Эрдэнэ, Ц.Е нар нь огт амьдраагүй байхад уг газрыг эзэмшүүлж цагаан гэрчилгээ олгож улмаар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн өмчлүүлж, түүнийг үндэслэн улсын бүртгэлд бүргэсэн.

            Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт газар эзэмших хүсэлтийг авах ба уг хүсэлтэд тухайн этгээд овог нэр, оршин суугаа хаяг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, нэгж талбар, байршлын дугаарыг харуулсан тойм зураг зэргийг хавсаргана гэж заасан байхад Т.Е, Т.ЕЭ нар газар эзэмших тухай хүсэлт огт гаргаагүй байхад, хүсэлт гаргасан мэтээр 2003 онд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Газрын тухай хууль 2001 онд батлагдаж 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн учир хуульд ямар болзол шаардлага тавьсны дагуу үйл ажиллагаа Газар зохион байгуулалтын алба хийх ёстой. Хавтаст хэрэгт Т.Егийн хувийн хэрэг огт авагдаагүй, судалгаа хийсэн зүйл байхгүй, газар эзэмших тухай хүсэлт байхгүй. Иймд шударга бус, тэгш бус, Үндсэн хуульд заасан хүний эрх, үндсэн суурь зарчмуудыг зөрчиж захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг Т.Ед олгосон байна. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд тухайн газрыг өөрөө засаж, янзалсан бол тухайн газрыг олгоно гэж заасан. Өөрийн хүч хөрөнгөөр засаж янзалсан байхад газарт очиж үзээгүй, судалгаа хийгээгүй атлаа тухайн газарт нэг ч хоног амьдраагүй хүнд эзэмшүүлж байгаа нь хууль бус байна гэж үзэж байгаа” гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.М-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 тоот захирамжийн Ц.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Иргэн Ц.Е-д Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, дэнжийн 17 дугаар гудамжны 435Б тоот хаягт 2 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот захирамжаар 300 м.кв газар эзэмших эрх олгосон байна. 2004 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион  байгуулагч судлан үзэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 87 тоот захирамжаар Ц.Е-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлж, хамтран өмчлөгчөөр Ц.Есөнцагаан, Ц.ЕЭ нарт өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өмчлөлийн 2004 оны 487 дугаар захирамжийг нэхэмжлэгч нь ямар байдлаар хууль бус гэдгийг тайлбарлахгүй, байна. Энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн хэдийг баримтлан 487 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж байгаа вэ гэдэг талаар өмнөх хурал дээр хэлсэн. Хоёрдугаарт, хээрийн судалгааны талаар одоо тодруулах боломж байхгүй. Тухайн газар дээр Ц.Есөн-Эрдэнэ, Ц.Е нар нь байсан тул газар эзэмшүүлэх захирамж гарсан. Тухайн газар байсан болохыг нэхэмжлэгч Т.М-ын тайлбар болон холбогдох зүйлүүдээр нь нотлогдож байгаа. 2004 онд 487 дугаар захирамж гарахаас өмнөх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргаснаар тухайн газрыг өмчлүүлсэн. Т.М нь тухайн газрыг давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй гэж байна. Маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтээ хэзээ өгсөн, эс үйлдэхүй хаана байна вэ, эс үйлдэхүйг хэзээнээс эхлэн тооцож байгаа нь тодорхойгүй. Тухайн газрыг хэдэн оноос эзэмшиж байсан нь хамаагүй Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ гаргаснаар газрын эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж, ашигласан. Т.М нь өөрөө хууль бусаар газар эзэмшсэн атлаа тухай газрыг миний газар гэж дайрч байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгч Т.М газар эзэмших эрх байхгүй бөгөөд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тодорхойгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Газар эзэмших эрхтэй этгээдийг хууль бус захиргааны актаар эзэмшүүлсэн зүйл гараагүй. Иймд Т.М нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна” гэжээ.

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуульд зааснаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь Т.Е, Т.ЕЭнарт газар эзэмших эрх олгосон. Хээрийн үзлэгийн хариуцаж байсан ажилтнууд нь хэрхэн хийсэн талаар мэдэхгүй. Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь 2008 онд хээрийн үзлэг хийсэн түүнээс өмнө хээрийн үзлэг хийсэн зүйл байдаггүй. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт өөрийн эд хөрөнгөөр газрыг нөхөн сэргээсэн бол газар эзэмших эрх олгоно гэсэн байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйл нь газар эзэмшүүлэхдээ нөхөн сэргээлт хийсэн эсэхийг нь мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, аль хэсгийг зассан талаар дүгнэлт байснаар газрыг эзэмшүүлнэ. Тухайн үед Т.Е гэдэг иргэнд газар эзэмшүүлэхдээ хүсэлт өгөөгүй байхад газрыг эзэмшүүлнэ гэж байхгүй. 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс газрыг эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах, гэрчилгээтэй болгох асуудлыг хороондоо танилцуулаад эрхээ авч хүсэлтүүдийг тухай бүрт нь хүлээн авч байсан. Газрыг шинээр эзэмшүүлэх асуудал нь газрын хувийг нийлүүлнэ гэдэг асуудал байгаагүй. Үүнтэй холбоотой асуудал гарч байгаа. Харин хүсэлтгүй байхад нь газар эзэмшүүлэх үндэслэл байхгүй” гэжээ.

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц М овогтой Е нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17 дугаар гудамжны 4356 тоот хаягт байршилтай хашааны 300 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Иргэн Ц.Е нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2, 20.3 3, 20.3.4 дүгээр зүйлд заасан материалын бүрдэл хангаж газар өмчлөх тухай хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар 260 м.кв газрыг гэр бүлийн хоёр гишүүний хамтаар өмчлөх шийдвэр авсан. байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 17-435Б тоот иргэний ахуйн зориулалт бүхий 300 м.кв талбай бүхий газрыг иргэн Ц.Е нь хүсэлт гаргасны дагуу дүүргийн Газрын албаны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Улмаар иргэн Ц.Е нь хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжаар уг газрыг өмчилж авсан байна. Иргэн Ц.Е-д газар эзэмшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ц.Е-д газрыг өмчлүүлсэн тул нэхэмжлэгч Т.Мад газар эзэмшүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

             Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн Т.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдагдсан Г-2202014415 дугаартай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17 дугаар гудамж 435Б тоот хаягт байрлалтай 261м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгчөөр нь иргэн Ц.Е Ц.Е  нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай хэлцэл бүртгэгдээгүй байна. Энэхүү газрыг өмчлөх эрхийг манай байгууллагаас олгоогүй болно. Харин уг газрыг анх бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар шийдвэрийг үндэслэн эрхийг улсын бүртгэлийн Г-2202014415 дугаарт бүртгэж 000262122 тоот гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: “... Аав маань хотод газар авч хашаа байшинтай болохоор шийдэж 2001 онд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 17 дугаар гудамжинд юу ч байхгүй газар гэрээ барьж бид амьдарсан ба тус хороонд оршин суух хаягийн бүртгэлтэй байсан. Аав өөрийн боломжоор уг газрыг янзалж хашаа барьсан. Аавын дүү Т.М 2001 оны хавар манай хашаанд Өвөрхангай аймгаас нүүж ирж газар олтлоо түр амьдаръя гэж хэлээд гэрээ барьсан. 2002 оны өвөл намайг 16 настай байхад аав надад “миний охин энэ газраа өөрийн нэр дээр болгож ав чи хэрэглэхгүй бол дүү нартаа өг” гэж хэлсэн. Чи нэр дээрээ болгож авахгүй ... гээд надад бичиг баримтаа авч ирж өг аав нь чиний дээр энэ газрыг болгож өгье гэж хэлж байсан. Аав маань 2003 оны 8 дугаар сард нас барсан. Би аавын захисны дагуу амьдарч байсан газраа өөрийн болон дүү нарын нэр дээр эзэмшилд 2004 оны 10 дугаар сарын 28 өдөр авсан. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 17 дугаар гудамж 435Б тоот 261 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Энэ маргаан бүхий газрыг 2001 онд манай аав өөрөө олж хашаа барьсан. Харин сүүлд түүний дүү Т.М Өвөрхангай аймгаас ирж амьдрах газар алга түр амьдаръя гэж манай хашаанд гэрээ барьж амьдарч байсан. 2015 онд дүү Ц.Е  авто ослын улмаас нас барсан. Би дээрх газрын эзэмших гэрчилгээг хуульд заасны дагуу зохих баримтыг бүрдүүлж авсан. Намайг уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ авснаас хойш 6 жилийн хугацаанд авга ах Т.М миний өмчлөлтэй холбогдолтойгоор ямар маргаан гаргаагүй ба харин 2018 оны 8 дугаар сард гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд манай газарт орон сууц барих талаар яриа гарах болсноор бидний өмчлөлийн газрыг өөрийн газар гэж маргаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаарын захирамж нь хууль зөрчөөгүй үндэслэл бүхий захирамж тул уг захирамжийг хэвээр үлдээж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 17 дугаар гудамж 435Б тоот 261 м.кв газрыг миний болон дүү Ц.ЕЭ бид хоёрын өмчлөлд үлдээж өгнө үү.

            Миний бие Ц.Е нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гадагшаа сургуульд сурахаар явах гэж байгаа тул цаашид шүүх хурлын ажиллагаанд оролцох боломжгүй байна. Иймд бидний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй”[1] гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх нэхэмжлэгч Т.М-аас Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Т.М миний газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.[2]

            Нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.М миний газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах”[3] гэж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭнарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”[4] гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Ц.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Ц  М-ын Ед эзэмшүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435Б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг баталгаажуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сард олгосон, гэрчилгээний 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах, Уг газарт Т.М-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            I. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Ц.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн түүнийг үндэслэн бичигдсэн 2004 оны 08 дугаар сард олгогдсон, 4810 дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах  шаардлагуудын тухайд,

            Хөдөө аж ахуйн их сургуулийн Газрын кадастрын инженерийн 1 дүгээр дамжааны оюутан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, 17 дугаар гудамж, 0435Б  тоотод оршин суух гэх, Боржигон овогт Ц  М-ын Е-гийн 2003 /2004 он гэж уншигдахаар засварласан/ оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл[5], Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хорооны Засаг даргын 2003 /2004 он гэж уншигдахаар засварласан/ оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 149 дүгээр “УБ0480025 тоот иргэний үнэмлэхтэй Ц М овогтой Е нь тус хорооны Дэнжийн 17-0435Б тоотод Эмэг эх, 2 дүүгийн хамт амьдардаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт[6], Боржигон овогт Цогт-Мын Е-гийн     иргэний үнэмлэхийн хуулбар[7] зэргийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 52 дугаар захирамжийг гаргажээ[8].

            Дээрх захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэдэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

            Дээрх захирамжийг үндэслэн маргаан  бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо Дэнжийн 17 дугаар гудамжны 435б тоот хаягт байршилтай хашааны 300 м.кв газрын эзэмшигчээр Ц.Ег бүртгэж, 4810 дугаар бүхий гэрчилгээг 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичиж олгожээ[9].

            Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл. “Газар эзэмших тухай хүсэлт гаргах” 32.1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2. “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана:”, 32.2.1. “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;”, 32.2.2. “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.2.3. “газар эзэмших зориулалт, хугацаа.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа иргэн нь гаргаж хүсэлтдээ өөрийн овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэргийг тусгахаар зохицуулсан байна.

            Маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд Ц.Е-гийн 2003 /2004 он гэж уншигдахаар засварласан/ оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хорооны Засаг даргын 2003 /2004 он гэж уншигдахаар засварласан/ оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 149 дүгээр тодорхойлолт, Ц.Е-гийн хуулбар, Ц.Есөн-Эрдэнэ, Ц.Е  нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнүүдийн хуулбар зэргийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар мараан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Е-гийн нэр дээр эзэмшүүлэн гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Тодруулбал, газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж нь 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байх бөгөөд гуравдагч этгээд Ц.Егийн 2003 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлөөр  маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Е-д эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь цаг хугацааны хувьд захирамж гарснаас хойш гуравдагч этгээд нь газар эзэмших өргөдлөө гаргасан үйл баримт тогтоогдож байна.

            Мөн маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх зорилготой байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд гуравдагч этгээд Ц.Е нь иргэний үнэмлэхийн хаягаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо Дэнж 9-112 тоот гэсэн байхад засвартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо Дэнжийн 17 дугаар гудамжны 435б тоотод оршин суудаг талаарх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн тухайн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Егийн нэр дээр эзэмшүүлж, гэрчилгээжүүлж шийдвэрлэсэн нь тухайн захирамжийн зорилгод нийцээгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

            Тодруулбал, дээрх шийдвэрийг гаргахдаа гуравдагч этгээд Ц.Е нь тухайн газрыг эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй гэдэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоолгүйгээр маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийг гаргаж, түүнийг үндэслэн гэрчилгээ бичиж өгсөн нь холбогдох хууль,тогтоомжид нийцээгүй байна гэж үзэхээр байна.

            Харин нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Ед холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах мөн түүнийг үндэслэн бичигдсэн 2004 оны 08 дугаар сард олгогдсон, 4810 дугаар бүхий цагаан гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

             Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, түүнийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичиж олгогдсон, 4810 дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрчилгээ зэрэг нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 487 дугаар захирамж, тус захирамжийг үндэслэн бичигдсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ гарснаар хүчингүй болж, эрх зүйн хувьд үйлчлэлгүй болсон байна.

            Иймд нэгэнт хүчингүй болж, эрх зүйн хувьд үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох боломжгүй тул тус маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоож, тус маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            II. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 487 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дугаар заалт, 21 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 9/48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжийн 1 дүгээр хавсралтаар 2139 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлж шийдвэрлэжээ[10].

            Тус захирамжийн 1 дүгээр хавсралтын 1830 дугаарт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 260.62 м2 газрын өмчлөгч Ц.Е /РД:  хамтран өмчлөгч Ц.ЕЭ/ Ц.Е  /  гэжээ[11].

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 8/41 дүгээр тогтоолоор Нийслэлийн хэмжээнд 2003 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг баталсан байх бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтад Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000-д, 3561 өрхөд, 125.80 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна[12].

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9/48 дугаар тогтоолоор 2004 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, гэр хорооллын айл өрхийн хашааны газрыг өмчлүүлэх ажлыг бүрэн дуусгах чиглэлийг Улаанбаатар хотын захирагчид даалгаж шийдвэрлэжээ[13].

            Монголын Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл. “Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 12.1.3. “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 21 дүгээр зүйл. “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл Нийслэлийг Засаг дарга нь иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсон баримтыг үндэслэн үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах зохицуулалттай байна.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий газрыг анх 2003 оны Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшүүлсэн бөгөөд түүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт өмчлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж” тайлбарлажээ.

              Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Монголын Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсон баримт, материал байхгүй байхад буюу тухайн газрыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн өмчлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Гуравдагч этгээд Ц.Егийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хамтран өмчлөгч Ц.Есөн-Эрдэнэ, Ц.Е/,  Ц.Е, Ц.Е , Ц.Е нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийг үндэслэн бичигдсэн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”, маргаан бүхий газрын кадастрын зураг зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Г-2202014415 дугаарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 261 м.кв газрын өмчлөгчөөр Ц.Е   хамтран өмчлөгч Ц.ЕЭ Ц.Есөнцагаан /РД: нарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000262122 дугаартай гэрчилгээг олгожээ[14].

            Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 3 дугаар зүйл “Улсын бүртгэлийн зарчим”, 3.1. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална.”, 3.1.4. “үнэн зөв, бодитой, ... байх;”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 5 дугаар зүйл “Эрхийн улсын бүртгэлийн зарчим”, 5.1. “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ.”, 5.1.2. “бүртгэл үнэн зөв байх;” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудаас үзвэл эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчимтай байна.

            Маргаан бүхий тохиолдолд, иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийг үндэслэн иргэн Ц.Е, Ц.Есөн-Эрдэнэ, Ц.Есөнцагаан нарыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 261 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй байна.

            Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 17 гудамж, 435б тоот хаягт орших 261 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18642312059835 нэгж талбарын дугаартай, Г-2202014415 дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, хашааны газрын өмчлөх эрхийг Ц.Е, Ц.ЕЭ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд  маргаан бүхий захиргааны актуудаас нас барсан Ц.Есөнцагаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлоогүй нь ойлгомжгүй байна.

            Учир нь хэдий маргаан бүхий газрын хамтран өмчлөгч Ц.Есөнцагаан нь 2015 онд нас барсан үйл баримт тогтоогддог ч маргаан бүхий газрын түүнд холбогдох өмчлөх эрх нь хэн нэгэнд шилжээгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актуудын түүнд холбоотой хэсэг нь хүчин төгөлдөр байх тул маргаан захиргааны актуудаас түүнд холбоотой хэсгийг мөн хамтад нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд зөвхөн улсын бүртгэлийн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн бүрэн эрх сэргэхгүй бөгөөд улсын бүртгэлийг үндэслэн бичигдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр үлдэх нөхцөл байдал үүсэхээр байна.

            Иймд мөн эрхийн улсын бүртгэлийг үндэслэн бичигдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 487 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 1830 дугаарт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 260.62 м2 газрын өмчлөгч Ц.Е, хамтран өмчлөгч Ц.ЕЭ, Ц.Е гэсэн хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Г-2202014415 дугаарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 261 м.кв газрын өмчлөгчөөр Ц.Е, хамтран өмчлөгч Ц.ЕЭ, Ц.Е  нарыг бүртгэсэн бүртгэл болон түүнийг үндэслэн бичигдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000262122 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            III. Уг газарт Т.Мын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Газрын тухай хуулийн  27 дугаар зүйл. “Газар эзэмшүүлэх”, 27.5. “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно.” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Боржигон овогт Т-н М /РД:  / нь маргаан бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435Б тоот газар нь анх хогийн жалга байхад нь өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж 2003 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 26, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдийн тодорхойлолт[15], нэхэмжлэгч Т.Мын маргаан бүхий тоот хаягийн цахилгааны төлбөрийг 2005 оны 07 дугаар сараас 2017 оны 03 сар хүртэл төлж байсан талаарх баримт[16], Нэхэмжлэгч Т.Мыг 2011 оноос маргааны бүхий хаягт амьдарч байсан талаарх хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, мөн тус хаягт 2005 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр бүртгүүлж байсан талаарх тэмдэглэгээтэй үнэмлэхийн хуулбар[17], Гэрч Д.Ц-ын “Шүүгч: Та Т.М-тай хэдэн оноос хөрш болсон бэ?, Гэрч: Арав гаруй жил болсон. Энэ хүн харагдаж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Танай хажуу хашааны газрыг хашаалахаас өмнө тухайн газар ямар байсан бэ?, Гэрч: Нэг өдөр трактороор тэгшилсэн. Манайх хашаагаа сунгана гэж хэлэхэд тоогоогүй. Шүүгч: Энэ үйл баримт хэдэн жилийн өмнө болсон бэ?, Гэрч: Би оныг нь санахгүй байна. Арван жилийн өмнө байх.”[18], гэх, Гэрч Л.Л “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М гэдэг хүнийг та таних уу? Таньдаг бол яаж таньдаг болсон бэ?, Гэрч: Танина. Би 2000 оноос 11 дүгээр сард хорооны Засаг дарга болсон. Тэр үеэс таньдаг болсон., Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 17 дугаар гудамж 17-435Б тоот хаягт Т.М хэдэн оноос хойш оршин сууж амьдарч эхэлсэн бэ?, Гэрч оноос санагдаж байна. Хорооны тодорхойлолт хийснээс хойш 15 жил болж байна. Яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна., Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М-ыг 2000 онд амьдарч эхлэхэд маргаан бүхий газар ямар байдалтай байсан бэ?, Энэ газар нь хогийн жалга байсан газар байсан. Тэнд хашаа байсан. Тухайн хашааг хан барьсан тухай мэдэхгүй. Т.М-ын эгч н.Т  гэх эмэгтэй тэр хавын орчмын газрыг тэгшилж зарсан хэсэг нь эдний газар гэж бодож байна”[19] гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Т.М нь маргаан бүхий газар нь хогийн жалга бүхий газар байсныг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээн, талбайг тэгшлэн хашаа барин 2003 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь  тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.-д заасан болзол, шаардлагыг хангаж байна гэж үзэж, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Т.М-ын нэр дээр эзэмшүүлэх захирамж гаргахыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 32.1, 32.1.1, Монголын Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Т.М-аас Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсэг болох  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Ц.Е-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн иргэн Ц.Е-гийн нэр дээр 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичиж олгогдсон, 4810 дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е, Ц.ЕЭ, Ц.Е нарт холбогдох хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Г-2202014415 дугаарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 261 м.кв газрын өмчлөгчөөр Ц.Е, хамтран өмчлөгч Ц.ЕЭ, Ц.Е нарыг бүртгэсэн бүртгэл болон түүнийг үндэслэн бичигдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000262122 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамж, 0435б тоотын 261 м.кв газрыг иргэн Т.М-ын нэр эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, харин нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн Т.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах түүнийг үндэслэн бичигдсэн 2004 оны 08 дугаар сард олгогдсон, 4810 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

             

 

 

[1] Хавтас хэргийн 3 дугаар хавтас, 17-22 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 28-30 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 235-237 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 33 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 249 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 30 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 88 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 173 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 105-108 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 87 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 2-9 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 6-7 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 195-203 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 27-31 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 139-140 дүгээр хуудас

[19] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 150-152 дугаар хуудас