Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0090/З |
Дугаар | 221/МА2015/0366 |
Огноо | 2015-08-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0366
2015 оны 8 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0366
Улаанбаатар хот
Д.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ц.Онарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор Иргэний үнэмлэх тараалт, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг би хариуцан хийж байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй буюу Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл заасан нь төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болж чадахгүй... Миний эрхийг хангаагүй, надад ямар сахилгын шийтгэл ногдуулах талаар урьдчилж танилцуулаагүй, тайлбар хийх боломж олгоогүй. Мөн шалгалт хийж зөрчил тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралттай байх хугацаанд буюу намайг ажиллаагүй байх үеийн ажлын гүйцэтгэл үр дүн түүний хариуцлагыг намайг гүйцэтгэсэн мэтээр зөрчилд оруулан тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй... Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1512 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Багахангай дүүргийн 2 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоохыг Улсын бүртгэлийн газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Ннар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэгч Д.Г нь холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөн болох нь илэрсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1512 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан... Д.Г-ын гаргасан бүртгэлийн зөрчлүүд нь нотлох баримтын бүрдэл хангагдаагүй байхад өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэсэн, өмчлөгч иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн, өмчлөлийн маргаан гарахад хүргэсэн, бүртгэл үнэн зөв байх зарчмыг тус тус зөрчсөн... Иймд тус газрын даргын 2014 оны "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 1512 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр тул Д.Г-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр: Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д.Г-ыг Багахангай дүүргийн 2 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоохыг Улсын бүртгэлийн газрын даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: 1. Д.Г нь Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтэст 2 дугаар хорооны улсын бүртгэгчээр 2011 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд ажиллахдаа иргэний бүртгэлийн асуудлыг хариуцан иргэний улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэлийг иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн гэж ангилдаг бөгөөд Д.Г-ын хувьд иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг дагнан гүйцэтгэж байсан.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1512 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан бөгөөд тушаалын хууль зүйн үндэслэлдээ улсын бүртгэгч Д.Г нь Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох нь илэрсэн тул гэж дурдсан байдаг. Тушаалын үндэслэл болж буй эд хөрөнгийн бүртгэл хийх бүрэн эрхийг олгосон шийдвэр Д.Г-ын хувьд гараагүй, өөрөөр хэлбэл, хоёр төрлийн бүртгэлийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал гаргаагүй, эд хөрөнгийн бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолтыг Д.Г-д танилцуулаагүй байж ажлаас халсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1512 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй.
3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны ажлын хэсэг байгуулах тухай 538 дугаар тушаалаар тус байгууллагын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулах, газар, хэлтсийн чиг үүргийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн баталсан гэж хариуцагч хариу тайлбар өгдөг боловч Д.Г-д эд хөрөнгийн улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгдөггүй, хэрхэн танилцуулсан талаараа нотолж чаддаггүй.
4. Хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тэмдгийг олгосон нь улсын бүртгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болсон гэж тайлбарладаг. Уг тайлбарын эрх зүйн үндэслэлийн талаар хууль тогтоомжид нарийвчлан зохицуулаагүй, тийм эрх зүйн зохицуулалт байдаггүй.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод журамд албан тушаал хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал гаргаж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах зохицуулалт байгааг үл харгалзан ажлаас халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Д.Г-ын зөрчлийн шинж байдал, анх удаа буюу давтан гаргасан эсэхийг харгалзан шийтгэл оногдуулах боломжтой байсан. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтэс нь 2014 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн болон өдөр тутмын үйл ажиллагаа, холбогдох хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгажээ.
Уг шалгалтаар улсын бүртгэгч Д.Г-д холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой 14 зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд үүнээс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц хувьчлалын товчооноос ирүүлсэн эх материалгүй бүртгэл хийсэн гэх Ү-2209000441 дугаар, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ү-2209000442 дугаар бүртгэлүүд, Хаан банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байхад хамтран өмчлөгч хасах тухай хэлцлийг бүртгэсэн гэх 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Ү-2209000232 дугаар бүртгэл нь нэхэмжлэгчийн ээлжийн амралттай байх хугацаанд хийгдсэн, үлдэх 11 зөрчлийн тухайд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа гаргасан, тухайлбал, Ү-2209000184 дугаарт бүртгэлтэй хувийн хэрэгт бичиж олгосон гэрчилгээний хуулбар нь мэдээллийн сан болон хувийн хэрэгт хадгалагдаагүй, Ү-2209000051 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн 2 өмчлөгчийг итгэмжлэлээр хасч бүртгэл хийсэн, Ү-2209000445 дугаарт бүртгэсэн хувийн сууцны талбайн хэмжээг газрын хэмжээгээр 697 м.кв гэж зөрүүтэй бичсэн, Г-2209000151 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн бүртгэхдээ гэрчилгнээний огноог зөрүүтэй бичсэн гэх мэтээр бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцүүлэн бүртгэлийн ажиллагааг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Д.Г-ын гаргасан зөрчил дутагдал нь баримтаар тогтоогдсон тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1512 дугаар тушаалаар түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалаас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчин бүртгэлийн ноцтой зөрчлүүд гаргасан гэсэн үндэслэлээр, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалттай нийцсэн, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчилан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзаж, гэм бурууд нь тохирсон шийтгэл ногдуулаагүй гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Д.Г нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг дагнан гүйцэтгэж байсан, эд хөрөнгийн бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт болон шинэчлэн баталсан тодорхойлолтыг танилцуулаагүй, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тэмдгийг олгосон нь улсын бүртгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох талаар хууль тогтоомжид нарийвчлан зохицуулаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдаж байна.
Хууль зүйн сайдын 2014 оны А/60 дугаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 538, 790 дүгээр тушаалуудын дагуу Багахангай, Налайх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэргийг харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэн байрлуулж, хороодын улсын бүртгэгч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан, тэднийг мэргэжлийн удирдлагаар хангаж 5 хоногийн сургалтанд хамруулсан, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тэмдгийг улсын бүртгэгч нарт олгосон байна.
Иймд, нэхэмжлэгч Д.Г-ыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийх болсоныг мэдээгүй, улсын бүртгэгчийн чиг үүрэгт хамааралгүй, өөр ажил мэргэжлийн үүрэг гүйцэтгүүлсэн гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөний улмаас санхүүгийн хүнд байдалд орж, улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байдал үүссэнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ.
Харин шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн атлаа шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байна.
Иймд, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 315 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР