Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 188/2016/0171/э/ |
Дугаар | 156 |
Огноо | 2016-09-29 |
Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
Улсын яллагч | Р.Энхтуяа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 156
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Дашням,
Улсын яллагч Р.Энхтуяа,
Шүүгдэгч З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга, тэдний өмгөөлөгч А.Сандагдулам
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011388 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч
1. Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-33 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, ЖН93032616 дугаарын регистртэй, Монгол овгийн Зоригтын Мөнхдөл,
2. Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, ах, дүү, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 9 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, СЧ91032912 дугаарын регистртэй, Боржигин овгийн Түвшинбаярын Илбэчинхүү,
3. Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, 2 эгч, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булагийн 1-1 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, УБ94071235 дугаарын регистртэй, Боржигин овгийн Аюурзаны Гантулга нарт холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч А.Сансар, М.Мөнхбаяр нарт хүч хэрэглэн хохирогч А.Сансар, М.Мөнхбаяр нарын бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл тус тус санаатай учруулж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Мөнхдөл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнөхохирогч 2 ахтай таараөлдсан. Бид нар пиво уух гэж байхад тэр хоёр ирсэн, хэрүүл өдсөн, тэгээд бидний дунд зодоон болж бид гурав нийлээд тэр хоёрыг цохьсон. Хохирогч нарт учирсан хохирлыг бид нар хувааж төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Т.Илбэчинхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сансар, Мөнхбаяр хоёртой тааралдсан, Гантулга маргалдсан, би тэр хоёрыг гэрт нь дөхүүлж өгчихөөд явтал араас буцаад хүрээд ирсэн. Би тэр хоёрыг харь гэхэд Мөнхбаяр намайг цохьсон, тэгтэл араас Мөнхдөл, Гантулга хоёр ирсэн. Мөнхдөл Мөнхбаярыг түлхэж унагаасан, намайг Сансар цохьсон, би зөрүүлээд Сансарын цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч А.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө хоёр ахтай тааралдаад хэрүүл болоод зодолдсон. Би Сансарыг газар унасан байхад нь дээрээс нь дэвссэн юм. Ар гэртээ нялх хүүхэдтэй, 12 дугаар сард дахин хүүхэд төрнө, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч М.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2016 оны 5 дугаар сарын 20-ны оройн 23 цагт өнгөрч байхад Сансар бид 2 гэртээ харихаар...алхаж байтал замд 20-25 насны 4 залуу бөөгнөрөөд зогсчихсон харагдаж байсан. Сансар бид хоёр дөрвөн залуугийн хажуугаар өнгөрөх гэж байтал хамгийн намхан 165 см орчим өндөр нуруутай залуу нь намайг дуудаад “би таныг таньж байна. Би танай хамгийн бага дүүг чинь танина” гэж хэлээд зогсож байтал хажуу талаас нь горшокон малгайтай, 175 см орчим өндөртэй залуу нь аягатай пиво барьчихсан над руу хандаж зайл пизда минь, ална шүү гэж агсамнаж эхэлсэн. Тэр үед тэр намхан залуу бид нарыг салгаад гэртээ харихаар явцгаасан юм. Тэгээл манай гэрт Сансар бид 2 очоод хонох гээд байж байтал Сансар манай эхнэрийн утсыг аваад өөрийнхөө эхнэр лүү залгаж ярьсан. Тэгээд утсаар ярьж дууссаныхаа дараа “ манай эхнэр охин хоёр ажлаасаа тараад явж байна гэнээ, би харьж хонохгүй бол болохгүй” гэж хэлэхээр нь би таксинд суулгаж өгөхөөр гэрээсээ гараад гудамжаар дуулаад алхаж явж байтал халуун усны хашаан дотроос чимээгүй бай, дуугүй байл даа гэсэн чимээ гарсан. Тэр үед Сансараа “хүний дуу хорьдог хэн бэ” гэж хэлээд нөгөө 4 залуу руу яваад очтол Сансар бид хоёрыг газар унагаж байгаад тал талаас өшиглөж, цохиж эхэлсэн...надад нийт 250.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол барагдсан...гэжээ. /хх-13/,
Хохирогч А.Сансар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Миний санаж байгаагаар хэрэг гарсан өдөр нь 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө болсон асуудал байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах 0119 дугаар цэргийн ангийн хашаанд байдаг хамт ажилладаг Алтанхуягийнд орж жаахан юм ярьж байгаад тэднийхээс 23 цаг өнгөрч байхад гараад Мөнхбаярын гэрт очсон. Тэгээд Мөнхбаярын гэрт хэсэг байж байгаад гэртээ харихаар тэднийхээс гараад Мөнхбаяртай хамт явж байтал 4 залуу, 1 охин бид хоёрыг хоргоогоод дуугүй бай, энэ тэр гээд элдвээр өдөж, зодолдох янзтай болоод байсан. Тэгэхээр нь Мөнхбаяр бид 2 арагш ухраад Монгол Керамикийн хажуу талд байрлах нэг айлын үүд рүү ухарч яваад зодуулсан, надад 344.000 төгрөг учирсан, хохирол төлөгдсөн...гэжээ. /хх-15-16/,
Гэрч Ш.Зундуйжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...дэлгүүр орчихоод гэртээ харих замдаа 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... Мөнхдөл, Гантулга, Илбэчинхүү нартай тааралдсан юм. Тэр 3-тай ойр зуурын юм яриад гэр лүүгээ харих гээд явж байтал замд 2 ах тааралдаад “бацаан нар том болжээ” гээд хэрүүл өдөх янзтай байсан. Тэр үед Гантулга, Илбэчинхүү 2 жаахан хэрэлдэж байгаад нөгөө 2 ахыг Илбэчинхүү гэрт нь хүргэж өгөхөөр гудамжны үзүүр хүртэл явчихаад буцаад хүрээд ирсэн. Тэгтэл тэр 2 ах удалгүй бид нар дээр буцаад хүрээд ирсэн. Ирээд бас л үг өдөх маягтай үг хэлээд байсан. Илбэчинхүү нөгөө 2 ахтай муудалцаад газар унгачихсан харагдсан. Тэгтэл Мөнхдөл, Гантулга хоёр гүйж очоод хоёр залууг цохиод, газар унагаагаад өшиглөж харагдсан. Тэр үед би тэд нарыг салгах гээд нэгийг нь татахаар нөгөө хэд нь зодолдох гээд дийлдэхгүй байсан, энэ зодоонд Мөнхдөл, Гантулга, Илбэчинхүү гурвуулаа оролцсон...гэжээ. /хх-18/,
Шүүгдэгч З.Мөнхдөл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...бид пиво задлаад уух гээд сууж байхдаа санаа зовоод Илбэчинхүүгийн араас очтол Мөнхбаяр нь Илбэчинхүүгийн дээр гараад цохьсон байдалтай харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод Мөнхбаярыг түлхэж унагаатал хажуу талаас Гантулга ирээд Сансар гэх залууг нь мөн адил түлхэж унагаасан...би Сансарын цээжин тус газар цохиход Гантулга Сансарын цээж болон гар руу нь дэвсэж байсан. Илбэчинхүү, Мөнхбаяртай зууралдаад байсан. Ер нь хохирогч гэх хоёр залуу газар уначихсан байхад Гантулга, Илбэчинхүү, бид гурав өшиглөж цохьсон...гэжээ. /хх-40/,
Шүүгдэгч Т.Илбэчинхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...дэлгүүрийн хажуу талд явж байтал хохирогч гэх хоёр залуу тааралдаад Мөнхбаяр гэх залуу нь бид тавыг пиво аваад ир, энэ тэр гээд хараасан байдалтай үл хэллэг хэлээд байсан. Тэр үед Гантулга тэр хоёр залуутай жаахан маргалдаад салсан. Тэгээд бид 5 гэрийн ойролцоо байдаг халуун усны ар талын цементэн дээр пивоо хувааж уугаад уугаад сууж байтал хохирогч гэх хоёр залуу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би дахин дагуулж яваад “та одоо явчихаач дээ, ямар ядаргаатай юм бэ” гэхэд миний урдаас Мөнхбаяр гэх залуу томроод нүүр рүү мөргөчихөөд цохьсон. Тэгээд байж байтал Мөнхдөл, Гантулга хоёр хүрч ирээд Мөнхбаярыг Мөнхдөл хашаа руу түлхээд та хоёр яагаад байгаа юм бэ гэхэд урдаас энэ тэр гэж хэрэлдэж эхэлсэн. Тэр газраас босоход Сансар шанаа руу цохих шиг болсон. Тэр үед Мөнхдөл уурлаад Сансарыг түлхээд, Мөнхбаярыг цохьсон. Энэ үед би Сансар гэх залуугийн цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн, Гантулга гар, хөл рүү нь дэвссэн, Мөнхдөл харин Мөнхбаяр гэх залууг нүүрэн тус газар нь цохиж байсан...гэжээ. /хх-44/,
Шүүгдэгч А.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...бид нар цаашаа гэртээ харихаар явж байх замдаа халуун усны цементэн дээр суугаад барьж явсан нэг ширхэг савтай пиво уугаад сууж байтал хохирогч гэх хоёр залуу хүрч ирсэн. Илбэчинхүү нөгөө хоёр залууг дагуулаад гэрт нь хүргэж өгье гээд явсан. Тэгтэл Илбэчинхүү гудамжны үзүүрээс орилсон. Тэгэхээр нь бид хэд явж очоод Сансар гэх залууг түлхэж унагаагаад Илбэчинхүүг босгоод байж байтал нөгөө хоёр залуу дайраад “хогийн бацаан нар, та нар шиг хүүхдүүд надад зөндөө байна” гэж нэг орилоод байсан. Тэр үед намайг нэг залуу эхэлж цохьсон. Тэгтэл хажуу талаас Мөнхдөл орж ирээд нэг залуугийнх нь нүүр рүү цохьсон. Зундуйжав хажуу талаас орж ирээд “одоо больцгоо” гээд Мөнхдөл бид хоёрыг салгасан. Тэгээд байж байтал Илбэчинхүү нэг залууг нь цохиод өшиглөж байсан. Гэхдээ би хэнийг нь цохьсонг санахгүй байна. Ингээд Илбэчинхүү, Мөнхдөл бид гурав нийлээд хохирогч гэх залууг өшиглөж цохьсон...гэжээ. /хх-46-48/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 7212 тоот акт. Дүгнэлт:
1. А.Сансарын биед дагз, дух, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн даланд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-26/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 7273 тоот акт. Дүгнэлт:
1. М.Мөнхбаярын биед 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны зүүн тал, зүүн гарын 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-28/,
Шүүгдэгч З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-74, 82, 92/, хохирол төлсөн баримт /хх-108-109/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.
Шүүгдэгч З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч А.Сансар, М.Мөнхбаяр нарт хүч хэрэглэн зодож, тэдний бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулан, нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч М.Мөнхбаярын “…гудамжаар дуулаад алхаж явж байтал халуун усны хашаан дотроос чимээгүй бай, дуугүй байл даа гэсэн чимээ гарсан. Тэр үед Сансараа “хүний дуу хорьдог хэн бэ” гэж хэлээд нөгөө 4 залуу руу яваад очтол Сансар бид хоёрыг газар унагаж байгаад тал талаас өшиглөж, цохиж эхэлсэн...” гэх /хх-13/, хохирогч А.Сансарын “...бид хоёрыг хоргоогоод дуугүй бай, энэ тэр гээд элдвээр өдөж, зодолдох янзтай болоод байсан. Тэгэхээр нь Мөнхбаяр бид 2 арагш ухраад Монгол Керамикийн хажуу талд байрлах нэг айлын үүд рүү ухарч яваад зодуулсан...” гэх /хх-16/, гэрч Ш.Зундуйжавын “...Ирээд бас л үг өдөх маягтай үг хэлээд байсан. Илбэчинхүү нөгөө 2 ахтай муудалцаад газар унгачихсан харагдсан. Тэгтэл Мөнхдөл, Гантулга хоёр гүйж очоод хоёр залууг цохиод, газар унагаагаад өшиглөж харагдсан. Тэр үед би тэд нарыг салгах гээд нэгийг нь татахаар нөгөө хэд нь зодолдох гээд дийлдэхгүй байсан, энэ зодоонд Мөнхдөл, Гантулга, Илбэчинхүү гурвуулаа оролцсон...” гэх /хх-18/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.Мөнхбаяр, А.Сансар нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 7212, 7273 тоот актууд, шүүгдэгч нараас мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-37-48/, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч М.Мөнхбаяр, А.Сансар нарыг зодож бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч М.Мөнхбаяр, А.Сансар нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхи йлсэнийг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овгийн Зоригтын Мөнхдөл, Боржигон овгийн Түвшинбаярын Илбэчинхүү, Боржигин овгийн Аюурзаны Гантулга нарыг бүлэглэн догшин авирлан танхайрсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5-д зааснаар З.Мөнхдөлийг 3 жил 1 сар хорих ялаар, Т.Илбэчинхүүг 3 жил 1 сар хорих ялаар, А.Гантулгыг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан З.Мөнхдөлд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг, Т.Илбэчинхүүд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг, А.Гантулгад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг нь 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Мөнхдөл, Т.Илбэчинхүү, А.Гантулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ