Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2473

 

 

 

Ж.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02441 дүгээр шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Ж.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай тогтоол гаргаж, “М” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт баталсан. Энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч ажлаас халсан тушаал, шийдвэрийг гаргаж өгөлгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил үүрэг хүлээлцэж, ажил олгогчтой байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хамтын гэрээг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдээгүй. Энэхүү үйл явдал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, хамтын гэрээний холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болж намайг ажлаас халсан. Миний хувьд банк санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй зээл төлдөг, цалингаас өөр орлогогүй. Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан, тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Ж.М нь “М” ТӨААТҮГ-т санхүүгийн зөвлөх мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1Б-048 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, ХГ39/16 тоот хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон. “М” ТӨААТҮГ нь нэхэмжлэгч Ж.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор “М” ТӨҮГ-ыг “М” ТӨААТҮГ болгон өөрчилсөн. Улмаар тус байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны зардал үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №89 дугаартай “М” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоол гарсан. Дээрх шийдвэрийн дагуу “М” ТӨААТҮГ-аас байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийж зарим нэгж татан буулгах, зарим орон тоо хасагдах, ажлын байрны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан хуулийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлсэн. Ж.М нэхэмжлэлийн үндэслэлээ 89 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч ажлаас халсан тушаал, шийдвэрийг өгөлгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдээгүй хууль зөрсөн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ гэж заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтан Ж.М-д 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан. Улмаар Ж.М-г ажлаас чөлөөлөх тушаалыг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Тушаал гаргасан өдрөөс 45 хоногийн өмнө ажилтан ба ажилтны төлөөлөлд мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Ажилтан Ж.М нь ажлаас чөлөөлөгдөх тушаалыг хүлээн зөвшөөрч 3 сарын тэтгэмжийн мөнгөө 2017 оны 5 дугаар сарын 25-нд авах тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд уг тушаал гарсан өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлсөө авч байсан болно. Иймээс нэхэмжлэгч Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ТӨААТҮГ-ын санхүүгийн зөвлөх мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Ж.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаар тогтоолоор “М” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт баталж тус паркийн 48 орон тоог 43 болгон өөрчилж зохион байгуулалтын 4 нэгжийг 3 болгож, Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн чиг үүргийг Инноваци, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн хэлтэс болон төслийн удирдлага сургалт маркетингийн хэлтэст хуваан олгож, нэхэмжлэгч Ж.М-ийн санхүүгийн зөвлөх мэргэжилтний ажлын байр, албан тушаалыг нь хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж энэ тухайгаа зохих хугацаанд нь мэдэгдэж тэтгэмж олгосон. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаар тогтоол, М-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1Б-048 дугаар тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/073-Б дугаар мэдэгдэл, тэтгэмж шилжүүлсэн тухай төлбөрийн даалгавар, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ж.М-г үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заалт, 40.5 дахь хэсэгт зааснаар тухайн орон тоо огт байхгүй болсон, цаг хугацаандаа мэдэгдсэн, тэтгэмж олгосон эсэх дээр хэт анхааран яаран алдаатай дүгнэлт гаргасан. М ТӨААТҮГ-ын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэх саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэхдээ "Хамтын гэрээ"-ний 3.1-д заасан ажлын байрыг цөөрүүлэх, /3 сарын дотор 5-аас дээш хүн/ эсхүл хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад хүргэх, орон тоо, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийхдээ ажил олгогч нь нэг сарын өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдэж, ажилчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангах, нийгэм хамгааллын талаар тусгай хэлэлцээр байгуулж, орон нутгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бичгээр мэдэгдэнэ гэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, мэдэгдэлгүй нэр бүхий ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн техник технологийн шинэчлэл бусад өөрчлөлтөөс хамааран мэргэжил, ур чадвар дутагдаж, ажлын байр байхгүй болж буй ажилтнуудад өөр ажил олж өгөх, эсхүл тусгайлан сургалтад урьдчилан хамруулна гэх хамтын гэрээний 3.3-т заалтыг биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь бүтэц орон тоог шинэчлэх шаардлагатай байгаа тухайгаа холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагадаа урьдчилан мэдэгдэж, нийгэм хамгааллын талаар тусгай хэлэлцээр байгуулах ёстой байсан. Мөн шинээр батлагдсан орон тоонд нэхэмжлэгч Ж.М нь тэнцэхгүй гэж үзвэл түүнийг сургалтад хамруулж, тохирох албан тушаалд нь ажиллуулах, эсхүл өөр ажил олж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд “М” ТӨААТҮГ-т санхүүгийн зөвлөх мэргэжилтнээр ажиллахаас өмнө ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байсан тул түүнийг тооцооны нягтлан бодогч эсхүл няравын ажил албан тушаалд томилон ажиллуулж болох байсан ч энэ үүргээ гүйцэтгэлгүй шууд ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгааны түвшинд болон түүнээс илүү нөхцөлөөр хангах, хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг зохицуулах эрх зүйн баримт бичгийг үл ойшоосон хэрэг болсон. Гэтэл анхан шатны шүүх хуультай адилтган үзэх хамтын гэрээний зөрчигдсөн холбогдох заалтуудыг хайхарсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч “М” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...ажил олгогч нь хамтын гэрээг зөрчиж хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй” гэсэн үндэслэл заасан байна.

 

Ажил олгогч “М” ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1Б-048 дугаар тушаалаар санхүүгийн зөвлөх мэргэжилтэн Ж.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоол зэргийг үндэслэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “М” ТӨААТҮГ-аас Ж.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлахыг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заалттай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-ын бүтэц орон тоог 43 орон тоотой байхаар баталснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүүгийн зөвлөх мэргэжилтний орон тоог хассан байна. /хх-ийн 24 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ж.М нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, хариуцагч байгууллагын хамтын гэрээний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл зааж тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... ажил олгогч нь хамтын гэрээний 3.1, 3.3 дахь заалтыг биелүүлээгүй” гэх боловч ажил олгогчийн зүгээс зарим нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан талаар 2017 оны 4 сарын 04-ний өдөр үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Л-д мэдэгдсэн байна. /хх-ийн 5-р тал/ Түүнчлэн 3.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно. /хх-8-10 дугаар тал/

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02441 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 ...” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт” гэж,

 

2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг хасч,

 

3 дахь заалтын “... шийдвэр танилцуулан сонсгож, ...” гэснийг “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдаж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                       Г.ДАВААДОРЖ