Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2019/ДШМ/42

 

 2019            05             13                                        2019/ДШМ/42

 

Ш.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Хохирогч: С.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ш.У-д холбогдох, эрүүгийн 1919000510055 дугаартай, 1 хавтас, 113 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.......оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Ган зам гудамж, ......дугаар байрны ...... тоотод оршин суух, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842 400 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, Халуун тайж овогт Ш-ийн У /РД:ХИ......../-нд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ш.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн С.Б-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Халуун тайж овогт Ш-ийн У-д холбогдох эрүүгийн 1919000510055 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжид шинжээч эмчийн 02/074 тооот дүгнэлтэд яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан гэж байгаа хэдий боловч хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, рентген харалтын бичилт /рентген зураг/ болон унтуулгатай хугарлыг засах эмчилгээ хийгдсэн эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэжээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогч С.Б-ийг амбулаториор үзэж дүгнэлтийг гаргасан ба дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгасан учир баримтыг эх хувиар хэрэгт хавсаргах шаардлагагүй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...хохирогч нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж, тусгуулах...” мөн хуулийн 34.8 дугаар зүйлд “...анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралд ...хохирогчийг оролцуулна...” гэж хуульчилснаас үзэхэд хохирогч С.Б-ийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж, түүнд учирсан гэмтэл, хохирлын талаар тодруулах боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

           Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би мөрдөгчид гараа гэмтээсэн талаарх зураг, мөн унтуулгатай хагалгаанд орсон талаар баримтыг авах уу гэхэд шинжээчийн дүгнэлт байгаа учраас шаардлагагүй гэсэн учраас өгөөгүй, тэрнээс биш надад өгөх боломж байсан. Гараа гэмтээж, унтуулгатай хагалгаа хийсэн талаарх бүх бичилтүүд миний картан дээр байгаа, 2019.01.21-ний өдөр гараа гэмтээгээд авахуулсан зураг ч байгаа. Би өмнө нь зүүн гараа 2015 онд Зам ангид ажиллаж байхдаа хугалж байсан. Гараа гэмтээсэн өдөр 20 минутын дараа Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд маргааш унтуулгатай орно гэж хэлсэн. Намайг эмнэлгээс гараад явж байхад Цагдаагийн байгууллагаас намайг дуудаад гар янгинаж өвдөж байхад л би мэдүүлэг  өгч байсан. Энэ асуудал шийдэгдэхгүй, 3 сар 24 хоног болж байгаад гайхаж байна. Би хохирогч биш буруутан болоод байгаа даа гомдож байна. Би энэ хүнийг ганцхан гар хугалсан гэдгээр биш өөр зөндөө зүйлийг хэлбэл хэлэх байсан. Миний аягыг булааж аваад зодсон, малгайны бүчийг таслаад, үснээс зуураад, цохисон, тэгээд намайг түлхсэн, түүнээс болж би гараа гэмтээсэн. Би 60 хүрч байгаа эмэгтэй хүн. Баруун гаргүй болчихоор өмдөө ч татаж болдоггүй юм билээ. Эмч нар намайг шавар эмчилгээнд яв, гар чинь буруу эдгэчихнэ гэж хэлсэн. Би шүүх хуралдааныг хүлээгээд явахгүй байсан шүү дээ. Хэргийг буцаасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь: Прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэж, түүнд бичсэн асуудлаар хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч С.Б-ийг түлхэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун гарын бугуйн ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

2019 оны 01 дүгээр сарын 26-нд мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, 03 дугаар сарын 13-нд прокурорын тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 04 дүгээр сарын 08-нд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагааг явуулсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах, прокурор, шүүхийн ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан, хэргийн оролцогч нарын эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг хохирогчийн биед шинжээчийн дүгнэлт гаргахад үндэслэсэн түүний амбулториор эмчлүүлэгчдийн карт, рентгэн харалтын бичилт болон унтуулгатай хугарлыг засах эмчилгээ хийгдсэн эсэх талаарх баримтыг хэрэгт хавсруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг ямар үндэслэлээр хэрэгт хавсруулахаар шаардаж байгаагаа тодорхойлоогүй буюу шинжээч хохирогчийн биед шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа яаралтай тусламжийн хуудас /хх-15/-ыг үндэслэж түүнд дурдсан “...Онош: баруун шуу ясны хугарал. Шийдвэрлэсэн байдал: рентген харалтын дор хоол сойж байгаад унтуулгатай хугарлыг засах...“ гэснийг үндэслэж “баруун шуу ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан” гэж тодорхойлсон, уг яаралтай тусламжийн хуудас хэрэгт авагдсан байх ба дээрх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх болон хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогч С.Б-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картыг мөн үндэслэсэн байх боловч түүнийг хэрэгт хавсаргаагүй байгаа нь дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх, улмаар хохирогчоос тухайн баримтыг гаргуулан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх нөхцлүүд мөн тогтоогдсонгүй.

Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ ”...анхан шатны шүүхээс шаардсан баримтуудыг шинжээч дүгнэлт гаргачихаад буцаагаад надад өгсөн, бүгд надад байгаа, анхан шатны шүүх надаас шаардсан бол би гаргаж ирэх боломжтой байсан”  гэж мэдүүлж байх тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан дээрх баримтуудыг түүнээс гаргуулан шинжлэн судлах, эсхүл 02/074 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчийг нь хуралдаанд оролцуулан шийдвэрлэх зэргээр шийдвэрлэх боломжтой ба дээрх ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаасан тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж прокурор А.Дүүрэнбилэгээс гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй  болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС