Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

  2022            5            18                                           381        

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Сайнзаяа /томилолтоор/,

шүүгдэгч: Ц.Х, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр (3197) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хд холбогдох эрүүгийн 2205 00000 0682 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 7, эцэг, дүү нарын хамт, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 700 000-800 000 төгрөгийн орлоготой,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 951 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, н Х.

 

Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн авто зогсоолд 31-49 УБЦ улсын дугаартай, “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэл дотор сууж байсан Х.Эрдэнэзаяаг /5 настай/ “аав чинь гар утас аваад ир гэж байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Самсунг Жи-7” загварын гар утсыг залилан авч, хохирогч Ц.Хэд 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Барс” худалдааны төвийн 4 дүгээр зоорины урд талд байрлуулсан, хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө болох хохирогч Б.Уийн эзэмшлийн, 73-43 УНВ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашин буюу агуулах саванд нэвтэрч, цүнхэн дотроос “Ай фоне 12” загварын гар утас, зөөврийн цэнэглэгч, Хаан банкны карт, иргэний үнэмлэхийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Уид нийт 2 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан, хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө болох хохирогч Б.Бын эзэмшлийн, 53-64 УНО улсын дугаартай, “HRW” загварын автомашин буюу агуулах саванд нэвтэрч, хар өнгийн арьсан үүргэвч болон цүнхэн дотор байсан “ай фоне-6” загварын гар утас, хаш хөөрөг, зандан модон эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Бод 1 324 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Х  мэдүүлэхдээ:

Тухайн үед архи ууснаасаа болж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарын автомашины хаалгыг татаад үзэхэд онгорхой байсан. Хулгай хийж олсон эд зүйлээ зарж, архи авсан. Хохирол төлөөгүй, ажил хийж хохирлыг төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Ц.Х мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байдаг “Хүчит шонхор” зах дээр очиж үйлчлүүлсэн бөгөөд өдөр 14 цагийн орчим хүүхдээ **** УБЦ дугаартай, тээврийн хэрэгсэл дотроо үлдээчихээд эхнэр Голомт банкны АТМ рүү, харин би худалдаж авсан махаа зөөж, авч ирэхээр махны лангуу руу явсан юм. Эхнэр бид хоёр хүүхдээ машиндаа үлдээж явахдаа би өөрийн эзэмшиж, ашигладаг гар утсаа 5 настай хүү Х.Эрдэнэзаяад бид хоёрыг байхгүй хойгуур өөрийгөө саатуулаад байж байг гэж бодоод үлдээсэн байсан. Эхнэр АТМ орчихоод 10 орчим минут болоод махны лангуун дээр очиж мөнгийг нь өгчихөөд бид хоёр хамт эргээд машин дээрээ иртэл хүү “Ааваа нэг ах танд гар утас аваачиж өгсөн үү” гэчихсэн машиндаа сууж байхаар нь гар утсаа яасан талаар асуухад “нэг танихгүй эрэгтэй хүн ирээд аав чинь гар утас аваад ир гэж байна гэж хэлээд гар утас аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр цагдаад хандсан. Өөрийн гар утсаа, бүрэн бүтэн байдлаар эргүүлэн авсан болохоор надад одоо ямар нэг санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.У мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд өөрийн **** УНВ улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээ халааж орхиод, буцаж ажил руугаа орчихоод гарч ирээд машиндаа суугаад явж байгаад гар утсаа шалгатал байхгүй байсан. Буцаж ажил дээрээ ирээд хяналтын камераа шүүж үзтэл миний машинаас нэг эрэгтэй хүн урд суудал дээр байсан цүнхэн дотроос миний гар утас болон зөөврийн цэнэглэгч аваад явж байгаа нь бичигдсэн байсан гэжээ. (хэргийн 41-42 дугаар хуудас)

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.Б мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвөөс жимс худалдан аваад гэртээ хариад хартал авсан жимс маань муудсан байсан болохоор солиулах гээд буцаад ирсэн. Тэр үед Барс захын гадна хүн цөөтэй, дэл сул байсан болохоор хурдхан шиг ороод гараад ирнэ гэж бодоод онгорхой орхиод яваад ирсэн. Тэгээд гэртээ ирээд хар өнгийн савхин үүргэвч, дотор нь байсан хүрэн хаш хөөрөг, ай фоне 6 маркийн гар утас, зандан модон эрх алга болсон байсныг мэдсэн гэжээ. (хэргийн 9-10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ээ мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төваар нөхөр, хүүхдийн хамт үйлчлүүлж байсан. Тэгээд Хүчит шонхор худалдааны төвийн гадна зогсоол дээр **** УБЦ улсын дугаартай, Ниссан Тида автомашин дотор хүүхдээ утастайгаа үлдээгээд хажуу талд байрлах Голомт банкны АТМ орсон. Тэгээд ирэхэд манай хүү Х.Эрдэнэзаяад “аав чинь утас аваад ир гэж байна” гэж хэлээд миний хүүгээс гар утас аваад явсан байсан гэжээ. (хэргийн 94-95 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Га мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн нэг давхарт буюу гар утас зардаг лангуун дээрээ сууж байхад нэг согтуу залуу орж ирээд Самсунг галакси жи-7 загварын гар утас зарна гэж хэлээд орж ирж байсан. Би эхэндээ авахгүй гэж байсан чинь нөгөө залуу миний өөрийн гар утас байгаа юм, та хямдхан авчихаач гэж хэлээд байсан. Тэгээд надад бэлнээр 21 000 төгрөг байсан учир худалдаж авсан. Худалдаж авсан гар утсаа Хүчит шонхор худалдааны төвд тэрэгчин хийдэг нэг залууд 50 000 төгрөгөөр зарсан гэжээ. (хэргийн 98 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /Самсунг Жи-7 загварын гар утас/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 150 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 103 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /ай фоне 6 загварын гар утас 140 000 төгрөг, гар утасны гэр 7 200 төгрөг, хаш хөөрөг 800 000 төгрөг, эрх 350 000 төгрөг, үүргэвч 27 000 төгрөг/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 324 200 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Ай фоне 12" загварын гар утсыг 2 200 000 төгрөгөөр, Зөөврийн цэнэглэгч 50 000 төгрөгөөр, дахин захиалах хаан банкны карт 10 000 төгрөгөөр, иргэний үнэмлэхийг 35 000 төгрөгөөр тус тус үнэлэж, нийт бодит үнэ цэнийг 2 295 000  төгрөгөөр тодорхойллоо гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд

Ц.Х нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 951 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 30, 73 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн авто зогсоолд 31-49 УБЦ улсын дугаартай, “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэл дотор сууж байсан Х.Эрдэнэзаяаг /5 настай/ “аав чинь гар утас аваад ир гэж байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Самсунг Жи-7” загварын гар утсыг залилан авч, хохирогч Ц.Хэд 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Барс” худалдааны төвийн 4 дүгээр зоорины урд талд байрлуулсан, хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө болох хохирогч Б.Уийн эзэмшлийн, //***** УНВ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашин буюу агуулах саванд нэвтэрч, цүнхэн дотроос “Ай фоне 12” загварын гар утас, зөөврийн цэнэглэгч Хаан банкны карт, иргэний үнэмлэхийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Уид 2 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан, хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө болох хохирогч Б.Бын эзэмшлийн, ***** УНО улсын дугаартай, “HRW” загварын автомашин буюу агуулах саванд нэвтэрч, хар өнгийн арьсан үүргэвч болон цүнхэн дотор байсан “ай фоне-6” загварын гар утас, хаш хөөрөг, зандан модон эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Бод 1 324 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Х, Б.У, Б.Б, гэрч Д.Ээ, М.Га нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Х нь гэмт үйлдсэн гэм буруугийн талаар болон хохирлын үнийн дүнгийн талаар маргаагүй,  

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “автомашин нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах тусгайлан хамгаалсан агуулах саванд хамаарахгүй учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэж маргаж байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...энэ гэмт хэргийг ... орон байр, .... агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ. “Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгох хууль зүйн ойлголт юм.

Тээврийн хэрэгсэл нь зөвхөн унаж явахад зориулагдсан эд хөрөнгө биш бөгөөд өөрийн эд зүйлээ хадгалах, хамгаалахад мөн зориулагдсан агуулах гэж үзэх үндэслэлтэй болно.

Хохирогчийн автомашин онгорхой байсан хэдий ч Ц.Х нь бусдын өмчлөлийн эд зүйлээ хадгалж үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтрэх эрхгүй бөгөөд түүний энэ үйлдлийг агуулах буюу бусдын тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Ц.Хэд 150 000 төгрөгийн, хохирогч Б.Уид 2 295 000 төгрөгийн, хохирогч Б.Бод нийт 1 324 200 төгрөгийн төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч Ц.Хийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч Б.У, Б.Б нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хас

2 295 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Уид,

1 324 200 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бод олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Хд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Хг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

 

 үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

 

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Ц.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 2 жил 6 сарын (хоёр жил зургаан сар) хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Хд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Хд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж, нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Хд оногдуулсан 3 жил 6 сарын (гурван жил зургаан сар) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Хн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Хас  

2 295 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Уид,

1 324 200 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бод тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН