Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

 

 

 

 

 

 

2022            5            10                                      354   

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А холбогдох эрүүгийн 2205 00840 1229 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин ажилтай, сард 1 000 000-1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт А.

 

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Цийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, түүний толгой болон биеийн хэсэг рүү гараараа цохиж, түүний биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун мөр, зүүн эгэмд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.А мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч тухайн үед нэг залуутай маргалдаад байхаар нь би салгаж байсан. Тэгээд хоорондоо маргалдсан. Зодоон болох шалтгаан байгаагүй, миний түргэн зангаас болж энэ асуудал үүссэн юм.  Мөн би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, 440 000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжилбэл төлнө. Улсын яллагчтай 550 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг өөрийн сайн дураар тохирсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид дахин ийм асуудалд үүсэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Ц мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын найз Сараатай хорооллын эцсийн И-мартын хажууд уулзсан ба машин дотроо нэг шил архи хувааж уусан. Тэр үе Сараагийн нэг эмэгтэй найз ирсэн. Тэгээд бид гурав тэндээсээ хөдлөх гээд байж байтал Сараа нэг танилтайгаа И-мартын гадна тааралдсан. Тэдгээр залуучууд дөрвүүлээ явч байсан. Тэр хүмүүстэй бөөнөөрөө караоке орохоор болж, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах одоо нэрийг нь санахгүй байна нэг караокед орцгоосон. Би нэлээд согтсон байсан ба нэг мэдсэн чинь жижиг биетэй залуутай /А/ юунаас болсон юм маргалдаж эхэлсэн. Гэтэл тэр залуу шууд миний нүүр рүү гараараа цохиод авсан ба ардаас нь угсруулаад миний толгой болон бие рүү хэд хэдэн удаа цохисон. Би зөрүүлээд биеэ хамгаалж цохисон ч гэсэн биеэ хамгаалж чадалгүй зодуулсан. Н.А гэх залуу гараараа хэд хэдэн удаа цохиж тус гэмтлийг надад учруулсан. Надад одоо ямар нэгэн годол санал байхгүй. Өөрт учирсан эмчилгээний зардлаа Н.Аээс гаргуулан авсан гэжээ. (хэргийн 18, 79 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25ы өдрийн шинжээчийн 3419 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Цийн биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун мөр, зүүн эгэмд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Цтэй маргалдаж, түүний толгой болон биеийн хэсэг рүү гараараа цохиж, түүний биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун мөр, зүүн эгэмд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Цийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 3419 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Ж.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.

 

Улсын яллагч 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 293 тоот яллах дүгнэлтийг үйлдэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж ирээдүй цаг дээр бичсэн байх тул уг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэж залруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Аийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Ад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ж.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН