Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

2022            5            04                                          339

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

хохирогч Г.Е

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2205 00000 1111 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6-10 насны 2 хүүхдүүдийн хамт суух, 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн, ын Б.

 

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн үүрийн 4 цагийн үед 10 дугаар хорооллын “Стелла” клубийн гадна “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч Г.Еийн биед халдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн өдөр найзтайгаа уулзаад бааранд орж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед тухайн бааранд миний хажуу талын ширээнд хохирогч нь найзын хамт суусан, согтолт ихтэй харагдаж байсан. Баарны зай талбай бага, үе үе үл ойлголцох асуудал гарч байсан. Баар хаах гээд найзын хамт гарах үед, хохирогч үүдэнд зогсож байснаа үг хэлээр доромжлоод байхаар нь маргалдаж, хохирогчийг цохисон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирогчийн нэхэмжилсэн 7 852 832 төгрөгөөс 4 сая төгрөгийг төлсөн. Цаашид энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой хохирол, зардлыг төлнө. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Е мэдүүлэхдээ:

Бааранд найзын хамт орсон бөгөөд манай найз согтсон байсан учраас гэр лүүгээ орсон. Би бааранд нэг залуутай танилцаж, шүүгдэгчийн сууж байгаа ширээний хажууд суусан. Бааранд Бтай ямар нэгэн байдлаар үл ойлголцол гараагүй. Баарнаас гарах үед Б нь надтай хамт явж байсан залуутай маргалдаад байхаар нь тэднийг болиулах гэтэл намайг цохисон. Миний хамар цөмөрсөн, мурийсан, нүдний баруун ухархайн таславч гэмтсэн, тохой эвгүй болсон байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тохойн гэмтэл зүгээр болсон. Тухайн үед би нүдний шилтэй байсан учраас нүд рүү орсон байх гэж бодсон. Одоо миний зүүн хамар битүү, хөндүүртэй, нүд хааяадаа бүрсийдэг болсон. Одоогоор 2 дахь хагалгааны төлбөрийг нэхэмжлээгүй байгаа бөгөөд нүдний хагалгааны хугацааг төлөвлөсөн байгаа. Б нь надтай 2 удаа уулзаж, хоорондоо утсаар ярьсан. Хамар, нүдний хагалгааны зардал, MRI төлбөр, нүдний шилны баримтыг хэрэгт өгсөн. Одоогоор нийт 7 сая гаран төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнээс 4 сая төгрөгийг шүүгдэгчээс надад төлсөн. MRI төлбөрийг аваагүй байгаа. Нүдний хагалгааны төлбөр, нүдний шилний төлбөр төлөгдсөн. Нүдний хагалгаа хийлгээд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Н мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр найз Бтай хамт шөнийн 00 цагийн үед манай гэрийн гаднах дэлгүүрээс 3 лааз пиво, 1 шил сөжү архи авч хувааж уугаад, 10 дугаар хорооллын “Стелла” бааранд хамт орсон. Бааранд бүжиглэж байхад хажуу талын ширээнд 3 залуу сууж байсан. Нэг залуу нь Б бааранд байхад хоргоогоод өдөөд байсан. Баар хааж, Б бид хоёр гархад тухайн залуучууд гадаа зогсож байсан. Тэгээд бид хоёр зөрөх гэтэл хэл амаар доромжлоод Баттулгын хүрэмнээс татсан. Энэ үед Б тухайн залуугийн нүүрний хацар орчим нэг удаа цохисон. Тэр хоёр маргалдаж тэнд байсан залуучууд тэр хоёрыг салгасан. Би тэр хүмүүстэй маргалдаагүй гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Х мэдүүлэхдээ:

Би тухайн бааранд 2022 оны 1 дүгээр сараас хамгаалагчаар ажиллаж байна. Баарны хажууд Б үл таних нүдний шилтэй залуутай зодолдож байсан. Тэгээд Түмээ бид хоёр очиж салгасан. Би түрүүлээд гүйгээд очтол тухайн залуугийн нүдний шил хагарчихсан, хамрандаа зоогдчихсон байсан. Мөн тухайн залуугийн хамар нь хугарсан байдалтай босоод ирсэн. Б уг залууг босож ирэхэд нь дахиад нэг өшиглөж байсан. Бтай зодолдсоны дараа тэр залуугийн хамараас их цус гарч, яасан нь мэдэгдэхгүй байсан гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Т мэдүүлэхдээ:

Баарны хажууд Б нүдний шилтэй залуутай зодолдож байсан. Би салгах гээд гүйгээд очтол тэр залуугийн нүдний шил нь хугараад, хамар луу нь орчихсон, хамар нь их эвгүй болчихсон байсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Стелла баарны гадна хяналтын камерийн бичлэгт Б.Б түүний найз Б.Н, хохирогч Г.Е, түүний бааранд танилцсан гэх танил залуу, түүний цаагуур явах иргэн нийт 5 хүн харагдаж байв. Б, хохирогч Е нар маргалдаж байгаа харагдаж байв. Яллагдагч Б.Б, хохирогч Г.Еийн нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа цохиж байгаа харагдана. Хохирогч Г.Е яллагдагч Б.Бд цохиулан газарт унаж байв. Хохирогч Г.Е босож ирэхэд яллагдагч Б.Б баруун гараараа хохирогч Г.Еийн нүүрэн тус газарт дахин цохиж байна гэжээ. (хэргийн 4-8 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3789 тоот дүгнэлтэд:

1. Г.Еийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн гэжээ. (хэргийн 101 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь архи ууж, согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн үүрийн 4 цагийн үед 10 дугаар хорооллын “Стелла” клубийн гадна “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч Г.Еийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Е, гэрч Б.Н, Н.Х, Т.Т нарын мэдүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3789 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 7 852 832 төгрөгийн нотлох баримт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч 4 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэдэл 3 852 832 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.  

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар У.Очирсүхээс 3 852 832 төгрөг гаргуулж, хохирогч Г.Еөд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Бас 3 852 832 төгрөг гаргуулж, хохирогч Г.Еөд олгосугай.

 

5. Хохирогч Г.Е нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН