| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00168/И |
| Дугаар | 155/ШШ2018/00371 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2018/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-т холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2018/00168/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б миний бие Б.Мтай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү М.Иийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирж, очин амьдарч байсан. Хүү гарснаас хойш Б.М нь бидэн дээр ирэх нь бага болж тусдаа амьдарч эхэлсэн. Одоо хүүхэд дээрээ нэг ч ирэхгүй байгаа. Иймд Б.Мыг миний хүү М.Иий төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Л.Б нь 2011 онд Б.Мтай танилцаж үерхэж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү М.Иийг төрүүлсэн. Охин маань сургуулиа төгсөж ирээд Мөрөнд ажилд орж 2 жил ажилласан ба энэ хугацаанд хариуцагч Б.М нь нэг ч удаа миний охин болоод хүүхэд дээрээ ирж байгаагүй. Одоо Б.М нь өөр хүнтэй гэр бүл болсон гэсэн сураг гарсан. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Иий эцэг Б.М мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М миний бие Л.Бгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний дундаас гарсан М.Ид тэтгэмж төлөхөд бэлэн гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Мт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Б.М нарын дундаас 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү М.И төрсөн болох нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1107001641 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Иий төрсөн эцгээр Б.Мыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.М нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү М.И нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.И нь 4 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Б.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү М.Ид сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү М.Иий төрсөн эцэг Б.М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Иийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
х