Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/575

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

иргэдийн төлөөлөгч Л.А,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002240274 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, “...” ХХК-нд экскаваторын оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Т (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах Э.Г-ыг маргалдан  уурласан уурандаа гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй хутга авч Э.Гын цээжин тус газарт нэг удаа хутгалсны улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би тухайн өдөр бага хүүхдээ хадмын гэрээс авчирсан байсан. Тэгээд сахиус тэнгэрээ буулгачхаад байж байхад ах Г хоёулаа 2 пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд хамт уусан. Тэгээд байж байтал гал тогооны өрөөнд Г ах, манай төрсөн дүү Г нар хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд намайг явж ороход Г ах хутга бариад зогсож байсан. Би тэр хутгыг салгах гэж оролдоод байж байхад гэнэт нэг мэдсэн цус  гараад эхэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Тухайн үеийн үйл явцыг сайн санахгүй байгаа. Г ахыг би хутгалсан байх. Тухайн үед гэрт ах Г, төрсөн дүү Г, манай хүүхэд бид 4 л байсан. Өөр хүн байгаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Э.Т-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл эндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Э.Г хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах” тухай дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Л.А нь “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Э.Т нь өөрөө гэм буруу дээр маргаагүй. Хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Гэхдээ өмгөөлөгч миний хувьд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа гэдгийг анхаарч үзэх шаардлагатай байгаа юм. Хэргийн газраас хураан авсан архины шилэн дээрээс 2 ш гарын мөр илэрсэн, уг мөрийг тухайн газар байсан 3 хүний гарын мөртэй харьцуулах боломжтой байсан. Хохирогчид учирсан шархны хэмжээ нь 2 см гэсэн. Гэтэл уг шархны хэмжээг шинжээч нь өөрөө тогтоох боломжгүй гэж байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж дүгнэхээр байна. Хий хуралдалт, нэвтэрсэн шарх 2-ыг ялгаж салгаагүй. Хутганы мөр дээр хохирогчийн гарын мөр илэрдэг. Нуусан далдалсан үйлдэл байж болзошгүй, хэн нэгний үйлдлийг хаацайлсан байж болзошгүй харагдаж байгааг анхаарах нь зүйтэй. Мөн мөрдөгчийн тогтоол нь Б гэх хүний нэр дээр гарсан ч Г гэх хүний биед үзлэг хийсэн гэдэг. Мөрдөгчийн тогтоол өөрөө алдаатай багаа нь дахин шинжээч томилж болзошгүй байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ төрсөн ах Э.Г-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан хар өнгийн иштэй хутга авч Э.Г-ын цээжин тус газарт нэг удаа хутгалсны улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

1. Дуудлагын лавлагааны хуудас: “... ... дугаарын утаснаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 01:16:59 секундэд “дүү согтуу цээжин тус газар хутгалсан” гэх дуудлагыг өгсөн. (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар  байрны тоосгон ... давхар  шар өнгийн байр байх ба уг байрны орц нь ертөнцийн зүгээр урагш харсан төмөр хаалга байх ба хаалгаар дотогш орон ...угаалтуур  дотор хар  өнгийн бариултай, нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 12см, бариулны урт нь 11 см урттай  цус мэт  зүйлээр бохирлогдсон хутга байсныг гэрэл зэргийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар түр хураан авав. ... шүүгээний дээр 0,5 литрийн Соёрхол  нэртэй  дотроо шингэн зүйлтэй,  архины шил байсныг  түр хураан авав” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 4-6, 7-8 дахь тал),

3. Хохирогч Э.Г-ын: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би дүү Тын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ байсан. Т сууж байхаар нь би Тыг “эрхтэн унтаа би өглөө ажилтай” гэж хэлтэл Т халамцуу гал тогооны шургуулга дотор байсан хар өнгийн иштэй хутгаар миний цээжний баруун хэсэгт намайг хэвтэж байхад нэг удаа хутгалсан. Тэр үед хүрэх шиг л болсон ба би нээх тоолгүй байж байгаад хартал миний цээжнээс цус гарч байхаар нь би эмнэлэг дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн. Би Т”ыг унт гэтэл Т уурлаад гал тогооны шургуулга дотор байсан хар өнгийн иштэй хутга авч намайг хутгалсан. Би гаднаас гэртээ орж ирэхдээ пиво уучихсан байсан. Т бас архи уучихсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17 дахь тал),

4. Гэрч Э.М-ын: “...2021 оны 12 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө манай дүү Э над руу залгаад “Т нь Г ахыг хутгалсан байна” гэхээр нь би сандраад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход Г ах цээжээ боочихсон байдалтай оёдол тавиулсан гэж хэвтэж байсан. Тэгээд би Г-аас юу болсон талаар асуухад тухайн үед Г ах сульдаад юм ярьж чадахгүй байсан. Би тусдаа байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Т, Г нар нь манай аав, ээжтэй хамт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

5. Гэрч Д.Л-гийн: “...Би Э.Т, Э.Г нарын төрсөн ээж нь байгаа юм. Би юу болсон талаар сонссон. Тухайн хэрэг гардаг өдөр би эгчийн бие муудаад би эгчийнхээ гэрийг харж байсан. Тэгтэл Т тэнгэрээ буулгаад хүн амьтан ирээд үзүүлчхээд Гтай хамт архи уугаад Гыг хутгаар гэмтээсэн гэсэн. Би яг хажууд нь бол байгаагүй. Т, Г нар хоорондоо маргалдаж байгаагүй. Т, Г нар нь цуг амьдардаг. Энэ хоёр тусдаа гараагүй манай нөхөр бид хоёртой хамт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 951 дугаартай:

Хэсэг газрын үзлэг хэсэгт: “...Цээжний  баруунд дунд хэсэгт босоо байрлалтай 2 см урттай мэс заслын  олон оёдол бүхий шархтай. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нээсэн өвчний түүхэд: цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдаж, зүсэгдсэн шархтай” гэжээ.

Дүгнэлт хэсэгт: “...Э.Г-н биед цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хатгагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

7. Шинжээч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “....2021.12.30-ны өдөр Эрдэнийн Г гэх хүний биед үзлэг хийж дүгнэлт гаргасан.  Шинжээч томилсон тогтоолыг би бичээгүй, шинжээч томилсон тогтоолын үнэн зөвийг  бичсэн мөрдөгч өөрөө хариуцна.  Хутганы үзүүр 1,2 см, хутганы дундаж өргөн 1,7 см гэж гэж байгаа учраас хохирогчид ийм шарх үүсгэх боломжтой.  Хохирогчийн биед цээжний баруун дунд хэсэгт босоо байрлалтай шарх үүссэн гэж дүгнэлтэд бичсэн байна. Хутганы дундаж өргөн 1,7 см гэж байхад яагаад 2 см мэс заслын оёдлын шарх үүссэн шалтгаан нь бол хүний арьс уян байдагтай холбоотой. Босоо байрлал гэдэг нь шархны харагдаж байгаа байрлал, түүнээс шархны чиглэлийн талаар яриагүй, хутганы үзүүр чигээрээ чиглэлтэй хатгагдахад хүний арьс хатгагдсан хутганы хамт дотогш хумигдаж орно, хутганы үзүүр буцаж гарах үед арьс тэлэгдэж болно, тийм учраас 1,7 см өргөнтэй хутгаар хутгалахад заавал 1,7 см хэмжээтэй шарх үүснэ гэсэн ойлголт байхгүй. Шарх нь 2 см биш, шарханд 2 см урттай оёдол тавигдсан байгаа. Цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан гэдэг нь рентген зургаар батлагдаж байгаа, рентген зурагт “баруун хэсгийн оройн хэсгээр бага хэмжээний хийтэй” гэж бичигдсэн байгаа, хэрэв хутга цээжний хөндийд нэвтрээгүй байсан бол цээжний хөндийд хий орох ямар ч боломж байхгүй.  Хэрэв хутга цээжний хөндийд нэвтэрсэн бол хутганы цээжний хөндийд нэвтэрсэн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр боломжгүй. Хохирогчийн биед үүссэн шарх чиглэлийн хувьд хэвтээ болон босоо аль аль байрлалд байхад үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “...цээж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх” гэж байгаа, дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр хүний цээж болон хэвлийн хөндийд шингэн болон хий буюу агаар хуралдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үздэг. Нэвтэрсэн хэмжээ хамаарахгүй, цээжний  хавирганы наад талд арьс, өөхөн эд, булчин, хавирганы цаад талд цээжний хөндий, цээжний хөндийн дотор талд уушги бий, уушги цээжний хөндийг дүүргэж байдаг учраас хавирган завсар хатгалт ороход уушгийг шууд гэмтээх боломжтой байдаг, цээж нь хөндий байдаг учраас хутга хэр зэрэг гүн орсныг тогтоох боломжгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 364 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх 23см урттай, хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас хураан авсан гэх 23см урттай, хар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг хүний цус бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

9. Шинжээч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цус мөн эсэхийг илрүүлэхэд хэмжээ шаардахгүй, харин илэрсэн цусыг хүн, мал, амьтны цус мөн эсэхийг тогтоох болон цусны бүлгийн харьяаллыг тогтооход цусны урвагч бодис, стандарт шаардлагыг дагуу явна, энэ тохиолдолд 10х10.14 зэрэгт хэмжээний цусны эсүүд байж бүлгийн харьяалал тогтоох боломжтой, харин уг хутга дээрээс илэрсэн цусны хувьд шат шатны дамжлагын явцад зарцуулагдсаар байгаад бүлгийн харьяалал тогтооход цусны эсүүд хүрэлцэхгүй болсон байсан гэв. 2022.01.06-ны өдрийн 364 дугаартай дүгнэлтэд хутга дээр цус илэрсэн, тухайн цусыг хүний цус уу, мал, амьтны цус уу гэдэг асуултад хариулсан, хүний цусны бүлгийн харьяаллыг тогтооход цусны дээж, хэмжээ, стандарт гэж байдаг, харин хутга дээрээс илэрсэн цусны хэмжээ бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй байсан. Хүн, малын цусыг урвагч бодисоор нь ялгаж болдог, цусны улаан эсэд агуулагдаж байгаа өвөрмөц уургуудаар наалдуулах урвал хийж байж хүний цус уу, малын цус уу гэдгийг ялгаж болдог” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

10. Шинжээч Э.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч, шүүгдэгч нарын гарын дардас шинжилгээнд ирээгүй, анх зөвхөн хутга л шинжилгээнд ирсэн, тийм учраас хутганы гадаргуу дээрээс илэрсэн гарын мөрийн хээнд л шинжилгээ хийсэн. Санд оруулсан ... гэсэн энэ кодоор хэдэн ч удаа хайлт хийж болно, тухайн үед хохирогч, шүүгдэгч хоёрын гарын хээний дардас шинжилгээнд ирээгүй байсан учраас хутганаас илэрсэн гарын мөр шүүгдэгч, хохирогч нарын гарын мөртэй тохироогүй. Би хутганаас илэрсэн гарын мөрийг санд эхлээд оруулсан байсан, дараа нь Г, Т-ын нарын гарын мөр шинжилгээнд ирсэн, Т, Г нарын гарын мөрөөр санд хайлт хийхэд аль нэгнийх нь гарын мөр санд оруулсан байсан гарын мөртэй тохирч байна гэж гарч ирсэн байгаа гэв. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална, зарим хүний гарын мөр илрэхгүй байх онцлогтой тохиолдол байдаг, мөн хутгыг шинжилгээнд битүүмжилж ирж байгаа байдлаас шалтгаалж болно. Энэ тохиолдолд хутгыг битүүмжлэл муутай шинжилгээнд ирүүлсэн, эсхүл эдгээр хүмүүс өөрсдөө тухайн үед хутгыг арчсан байж болно, дээрх тохиолдлуудад гарын мөр хутганаас илрэхгүй байх боломжтой” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

11. Шүүгдэгч Э.Т-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би бөөгийн зан үйл хийдэг болохоор онгод шүтээнээ буулгачхаад 22 цагийн үед тухайн бөөгийн зан үйл маань дууссан. Тэгээд 23 цагийн үед санагдаж байна хамт амьдардаг төрсөн ах Э.Гтай цуг пиво уухаар ярилцаад би мөнгийг нь өгөөд ахыг дэлгүүр рүү 2,5 литрийн пиво нэгийг авхуулахаар явуулсан. Тэгээд удалгүй ах дэлгүүрээс пиво аваад ороод ирсэн ба бид хоёр тухайн авч ирсэн пиво уугаад юм ярьцгаасан. Тэгээд тухайн пивоо ууж дуусгаад би том өрөөнөөсөө 0,5 литрийн тал Соёрхол аваад ах дээр очоод энэ тал архийг хувааж ууж дуусгаад унтаж амарцгаая гэж хэлсэн чинь “хуц пизда минь чи зайл ална шүү” гэхээр нь миний уур хүрээд гал тогооны шүүгээн дотор байсан хар өнгийн иштэй богино жижиг хутгийг аваад ах Э.Гын цээж рүү нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хэрэг гарах үед гэрт шүүгдэгч Э.Т, хохирогч Э.Г нараас гадна 15 настай Э.Г, 4 настай Т.Х нар байсан байх бөгөөд шүүгдэгч Э.Т нь бөөгийн тэнгэрээ буулгаж дуусаад өөрийн төрсөн ах Э.Гтай нийлж 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан байх ба улмаар үүний дараагаар унтаж амрах асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдан шүүгдэгч Э.Т нь өөрийн төрсөн ахдаа уурсан гал тогооны шургуулгаас хар өнгийн бариултай, нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 12см, бариулын урт нь 11 см урттай хутгаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж гэмтээсэн үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.М, Д.Л нарын дамжмал мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Шинжээчийн 951 дугаартай дүгнэлтэд дурдагдсан “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нээсэн ГССҮТ эмнэлгийн өвчний түүхэд: “хохирогчийн цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдаж, зүсэгдсэн шархтай” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд хохирогчийн биед үзлэг хийсэн хэсэг гарын үзлэгт  “...Цээжний  баруунд дунд хэсэгт босоо байрлалтай 2 см урттай мэс заслын олон оёдол бүхий шархтай” гэж дурдагдсан байна.

Түүнчлэн тус дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “....хэргийн газраас хураан ирүүлсэн хутганы үзүүр 1,2 см, хутганы дундаж өргөн 1,7 см гэж гэж байгаа учраас хохирогчид ийм шарх үүсгэх боломжтой.  Хохирогчийн биед цээжний баруун дунд хэсэгт босоо байрлалтай шарх үүссэн гэж дүгнэлтэд бичсэн байна. Хутганы дундаж өргөн 1,7 см гэж байхад 2 см мэс заслын оёдлын шарх үүссэн шалтгаан нь бол хүний арьс уян байдагтай холбоотой. Босоо байрлал гэдэг нь шархны харагдаж байгаа байрлал юм, түүнээс шархны чиглэлийн талаар яриагүй, хутганы үзүүр чигээрээ чиглэлтэй хатгагдахад хүний арьс хатгагдсан хутганы хамт дотогш хумигдаж орно, хутганы үзүүр буцаж гарах үед арьс тэлэгдэж болно, тийм учраас 1,7 см өргөнтэй хутгаар хутгалахад заавал 1,7 см хэмжээтэй шарх үүснэ гэсэн ойлголт байхгүй. Шарх нь 2 см биш, шарханд 2 см урттай оёдол тавигдсан байгаа. Цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан гэдэг нь рентген зургаар батлагдаж байгаа, рентген зурагт “баруун хэсгийн оройн хэсгээр бага хэмжээний хийтэй” гэж бичигдсэн байгаа, хэрэв хутга цээжний хөндийд нэвтрээгүй байсан бол цээжний хөндийд хий орох ямар ч боломж байхгүй.  Хохирогчийн биед үүссэн шарх чиглэлийн хувьд хэвтээ болон босоо аль аль байрлалд байхад үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “...цээж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх” гэж байгаа, дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр хүний цээж болон хэвлийн хөндийд шингэн болон хий буюу агаар хуралдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үздэг” гэж мэдүүлсэн байна. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Дээрх байдлаас үзвэл, ГССҮТ эмнэлэг нь хохирогчид анхан шатны тусламж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж, рентген зураг авч гэмтлийг тогтоосны дараагаар шархыг цэгцэлж оёдол тавьсан байх бөгөөд хохирогчийн биед үүссэн шарх гэмтлийг цээжний хөндий рүү нэвтэрч хий хуралдалт үүссэн шарх хэмээн үзсэн, мөн хэсэг газрын үзлэгээр хохирогчийн цээжний баруунд дунд хэсэгт босоо байрлалтай 2см урттай мэс заслын олон оёдол бүхий шарх үүссэн байсан нь тэмдэглэгдсэн, хохирогчид учирсан шарх нь 2см биш, шарханд 2см урттай оёдол тавигдсан,  хутганы үзүүр чигээрээ чиглэлтэй хатгагдахад хүний арьс хатгагдсан хутганы хамт дотогш хумигдаж орж, хутганы үзүүр буцаж гарах үед арьс тэлэгдэж болох тул 1,7см өргөнтэй хутгаар хутгалахад заавал 1,7см хэмжээтэй шарх үүснэ гэсэн ойлголт байхгүй болохыг шинжээч Б.Д нь тайлбарлаж мэдүүлсэн төдийгүй мөн хохирогчийн цээжний баруун хөндийд нэвтэрч хутгалагдсан асуудал нь рентген зургаар батлагдсан, рентген зурагт “баруун хэсгийн оройн хэсгээр бага хэмжээний хийтэй” гэж бичигдсэн, “цээж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх” гэдэг нь дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр хүний цээж болон хэвлийн хөндийд шингэн болон хий буюу агаар хуралдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үздэг талаар мөн тайлбарлаж мэдүүлсэн тул дээрх баримт, рентген зураг оношилгоонд  үндэслэн гаргасан шинжээчийн 951 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан гэж дүгнэхээр байна.

Эцэст нь дүгнэхэд хохирогч Э.Гыг төрсөн дүү Э.Т нь хутгалсан асуудал нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож, шүүгдэгчийн зэвсэг хэрэглэн бусдын бие махбод руу халдсан үйлдлийн улмаас хохирогчид амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон тул  шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Гын цээж хэсэг рүү нь хутгалсан гэмт үйлдлийг санаатайгаар хийсэн гэж дүгнэх үндэслэл болсон төдийгүй гэмт хэргийн субьектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэг бүх шинжээрээ “Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Э.Тыг тус зүйл, хэсэг заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дараах хэд хэдэн асуудлаар санал дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээх авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.Тухайлбал,

1. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын үндэслэх хэсэгт “Ц.Бийн биед шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул” гэж бичсэн харин тогтоох хэсэгт “Э.Гын биед шинжилгээ хийхийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд даалгасан” нь хоорондоо зөрчилтэй, уг тогтоолын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий гарсан гэх асуудлын тухайд:

Мөрдөгчийн үйлдсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Ц.Бийн биед шинжилгээ хийлгэх” гэж алдаатай бичсэн байх боловч Тогтоох хэсэгтээ “Э.Гын биед шинжилгээ хийлгэхийг даалгасан талаар” зөвтгөж бичсэн, улмаар шинжээчийн 951 дугаартай дүгнэлт нь иргэн Э.Гын биед үзлэг хийж, түүний бие учирсан гэмтлийг тогтоосон байх тул үзүүлэгчийн нэрийг үндэслэх хэсэгтээ буруу бичсэн гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.29, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг; 6.1.5-д “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” ойлгохоор хуульчилжээ.

Тус хэрэгт шинжээч Б.Д нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц үр дүнг тусгасан шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь шинжилгээ хийлгэх журам, оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримтууд хэрэгт авагдсан, оролцогч нар уг дүгнэлттэй танилцсаны дараа ямар санал хүсэлт гаргаагүй байх тул мөрдөгчийн гаргасан дээрх алдаа нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 951 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрт тусгасан болно.

2. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед  хийсэн шүүх эмнэлгийн 951 дугаартай шинжилгээ нь хууль ёсны гараагүй, хохирогчид учирсан шархны хэмжээ нь 2 см гэсэн. Гэтэл уг шархны хэмжээг шинжээч нь өөрөө тогтоох боломжгүй гэж байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж дүгнэхээр байна. Хий хуралдалт, нэвтэрсэн шарх 2-ыг ялгаж салгаагүй, энэ нь  дахин дүгнэлт гарч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэх асуудлын тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Д нь “цээжний хөндий рүү ир үзүүртэй зүйл нэвтэрч байж хий хуралдалт үүснэ, харин доторх эрхтнийг гэмтээсэн байхыг шаардахгүй” гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлсэн, мөн хохирогчид учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хий хуралдалт үүссэн нь рентген зурагт, хэсэг газрын үзлэг, ГССҮТ эмнэлгийн өвчний түүхэд бичигдсэн онош зэрэгт тулгуурлан дүгнэлт гаргасан байх атал шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн “шинжээч нь өөрөө уг шархны хэмжээг тогтоох ёстой” гэсэн санал нь үндэслэл муутай байгаа болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргахдаа үзүүлэгчийн шинжилгээ, тавигдсан онош, рентген зураг, MRI шинжилгээ гэх мэт шинжилгээ, өвчтөний түүх зэрэг баримтад үндэслэж дүгнэлт гаргах нь үндэслэл бүхий байх ба харин зөвхөн өөрийн үзлэгээр хохирогчид учирсан, тэр тусмаа оёдол тавигдан шархыг нэвтэрсэн эсэхийг үзэж шалгах боломж хязгаарлагдмал байхыг үгүйсгэхээргүй байна. Иймээс дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.

3. Хэргийн газраас хураан авсан архины шилэн дээрээс 2 ш гарын мөр илэрсэн, уг мөрийг тухайн газар байсан 3 хүний гарын мөртэй харьцуулах боломжтой байсан эх асуудлын тухайд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар хэргийн газраас 0,5гр Соёрхол архины шилийг хураан авч, шинжээчийн 176 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал)-ийг гаргахад тус архины шилнээс 2 ширхэг гарын мөр илэрсэн ч уг 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэж бичигдсэн, улмаар хохирогч, шүүгдэгч нар нь нийлж пиво ууцгаасан, харин уг Соёрхол нэртэй архинаас уусан талаар мэдүүлээгүй, уг Соёрхол архийг шүүгдэгч Э.Т нь бөөгийн зан үйл хийхдээ ашигласан гэж мэдүүлсэн байх тул хэрэг гарах үед байсан архины шилэн дээр гарсан 2 ширхэг гарын мөрийг Э.Г, Э.Т, Э.Г нарын гарын мөртэй харьцуулахаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй, ач холбогдолгүй гэж дүгнэлээ.

4. Хутганы мөр дээр хохирогчийн гарын мөр илэрдэг. Нуусан далдалсан үйлдэл байж болзошгүй, хэн нэгний үйлдлийг хаацайлсан байж болзошгүй харагдаж байна гэх асуудлын тухайд:

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас хураан авсан хутган дээрээс илрүүлж бэхжүүлсэн гэх гарын мөр нь Эрдэнэ овогтой Гын  баруун гарын эрхий хурууны хээтэй 2022-4003-СХД дугаартай гарын мөртэй тохирч байна (хавтаст хэргийн 79-80 дахь тал) гэж дурдагдсан байх боловч хохирогч Э.Г нь өөрийг нь дүү Э.Т хутгалсныг, шүүгдэгч Э.Т нь өөрийн төрсөн ах Э.Гыг хутгалснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, мөн хэргийн газрын үзлэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогчийг хутгалсан гэх хутгыг угаалтуур дотор хийсэн байдалтай байгаа нь хутгыг байраас хөдөлгөж, угаалтуур луу хийх явцад зарим ул мөр арилсан, мөн шинжилгээний байгууллагад ирүүлэхдээ битүүмж алдагдаж ул мөр илэхгүй байх боломжтойг шүүх хуралдаанд оролцсон шинжээч Э.Н мэдүүлсэн байх тул хутгыг дахин шинжилгээнд явуулж дүгнэлт гаргуулах нь ач холбогдолгүй байна.

Иймээс хэрэгт авагдаагүй, нотлогдож тогтоогдоогүй, өөр нэгэн этгээд үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгах өчүүхэн төдий сэжим байхгүй асуудлыг тодруулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боловч хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, өөрийн дүүгээс “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр

зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Тт 5 жилийн хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Э.Т нь гэм буруу дээр маргаагүй, төлөх хохирол төлбөргүй байгаа тул хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хамгийн доод хязгаараар нь хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Тын үйлдсэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн зүйл хэсэг, заалтад таван жилээс арван хоёр жил хүртэл  хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын  дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван алан  жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гурваны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архидалтаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан тул бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчийн зүгээс гаргасан “гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг, мөн нөгөө талаас шүүгдэгч Э.Т нь хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Тт ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутга, 1 ширхэг 0,5 литрийн багтаамжтай дотроо тал шингэн зүйлтэй “Соёрхол” нэртэй архины шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Тт 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутга, 1 ширхэг 0,5 литрийн багтаамжтай дотроо тал шингэн зүйлтэй “Соёрхол” нэртэй архины шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АЛТАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                            Б.БАТАА

                                   ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ