| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00265/И |
| Дугаар | 155/ШШ2018/00370 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2018/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Ч-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2018/00265/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч П.Э, хариуцагч П.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Э нь П.Чтай 1998 онд танилцаж, 1999 онд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад Ч.Ү, Ч.Э, Ч.О, Ч.Б нар төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэж, зодолддог болсон. Энэ байдлаас хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Мөн би өмнө нь хоёр ч удаа шүүхэд хандаж байсан боловч гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Эхний удаа хандаад бид эвлэрсэн, дараагийн удаад хандахад бага охиныг 1 нас хүрээгүй тул гэрлэлтийг цуцлахгүй гэсэн. Одоо бид тусдаа амьдраад гурван жил болж байгаа, эвлэрэх ямар ч боломгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр бага охин болох Ч.О, Ч.Б нарт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч П.Ч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд танилцаж, 1999 онд гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн. Одоо том нь 19 настай, бага нь 3 настай. Хоёр биендээ бид итгэхгүй, байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Би хааяа архи уудаг байсан нь үнэн. Бид хамт амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа салж нийлж байсан. Хамгийн сүүлд 2014 оны хавраас тусдаа амьдраад одоо гурван жил болж байна. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хоёр бага охиндоо хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч П.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 115/001074 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Э.Ү төрсөн болох нь 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2000 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин Ч.Ч.Э төрсөн болох нь 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин Ч.Ч.О төрсөн болох нь 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.Ч.Б төрсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний …нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, мөн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Ү насанд хүрсэн, 2000 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ч.Ч.Э, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ч.Ч.О, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.Ч.Б нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх П.Эы асрамжид үлдээж, охин Ч.Ч.О, Ч.Ч.Б нарт эцэг П.Чаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ч.Ч.Э, Ч.Ч.О, Ч.Ч.Б нарыг эх П.Эы асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Э нь улсын тэмдэгтийн хураамж 119.462 төгрөг төлсөн болохыг дурдаж, хариуцагч П.Чаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ч.Ч.О нь 6 настай, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.Ч.Б нь 3 нас хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч П.Ч төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ч.Ч.О, Ч.Ч.Б нарт сар бүр төлөх тэтгэлэг 182.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, нийт 120.209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар П.Э, П.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ч.Ч.Э, охин Ч.Ч.О, охин Ч.Ч.Б нарыг эх П.Эы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ч.Ч.О, охин Ч.Ч.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Чаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Чт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Эд тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.462 /нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Чаас 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН