| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01060/И |
| Дугаар | 155/ШШ2018/00396 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2018/00396
| 2018 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2018/00396 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2017/01060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н нь Г.Этай 2005 онд танилцан үерхэж байгаад 2006 оны 10 дугаар сарын 15-нд анхны охин Н.Цг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарч байсан. Архи их уудаг, амьдрах зорилгогүй явсаар 4 жил өнгөрч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бага охин Н.С төрсөн. Архи дарс уух нь улам бүр ихсэж янз бүрээр хэлж доромжлох болсон. Сүүлдээ надад гар хүрэх болсон. Ингээд бид 3 дээр ирэх нь улам бүр багассаар сүүлдээ бүр ирэхээ больж, хүүхдүүдээ өөрийн хүүхэд биш гэх болсон. Үүнээс хойш өдий хүртэл хүүхдүүдээ гээд ирэх байх, тусалж дэмжих байх гэж их хүлээсэн. Гэвч нэг ч удаа надтай холбоотой байгаагүй. Иймд миний охид болох Н.Ц, Н.С нарын төрсөн эцгээр Г.Эыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Э 2005 онд их сургууль төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалд ажиллаж байсан. Манай найз залуугийн төрсөн өдөр болж бид бааранд ороход анх нэхэмжлэгч Б.Нтай танилцаад хааяа уулздаг байсан. Б.Нтай гадуур гарч шоудах болохоороо л уулздаг, хааяа буудалд хамт хонодог байсан. Ингэж уулзалдаж байхдаа бид үерхэх болон хамт амьдрах талаар ярилцаж байгаагүй, хүүхэдтэй болох талаар төлөвлөж ч байгаагүй байхад том охин нь 2006 онд төрсөн байсан. Тухайн үед би Арбулаг суманд ажиллаж байсан болохоор хүүхэд нь төрснийг нь найз Сараагаас нь мэдэж байсан. Тухайн үед Б.Н нь надаас өөр олон эрчүүдтэй уулздаг, учирдаг байсан болохоор би өөрийн хүүхдээ мөн гэдэгт итгэхгүй байсан тул эргэж очоогүй. Охины нэрийг одоо л мэдэж байна. Би архи уусан үедээ хааяа Б.Нд очдог байсан. Өөр хүнтэй явдаг гэдгийг найз С нь ч надад хэлж байсан. Манай ээж С хүртэл өөрийнхөө төрсөн эгчтэйгээ Б.Нд очиж уулзахад танай хүүхдийн хүүхэд биш гээд халгаагаагүй байсан. Бид 4 жил хамт амьдарч байсан удаа байхгүй. Би 2006 оноос хойш Арбулагт ажиллаж байсан болохоор бид тусдаа байсан. Мөрөнд шилжин ирсэн хойноо хааяа очиж хүүхдэд нь чихэр боов өгч л байсан болохоос өөрийн хүүхдээ гэж бодож очиж байгаагүй. Б.Нд очиж хонож өнжөөд байсан удаа байхгүй. Бага хүүхдийг бас миний хүүхэд гэхэд эргэлзэж байна. Бага хүүхэд төрснийг ч би мэдээгүй байсан. Надад нэг ч удаа дахиж хүүхэд чинь төрлөө гэж хэлж байгаагүй болно. Хүүхэд олдсон болон төрсөн он сар өдөр нь надтай хааяа уулздаг байсан үеийнхтэй зөрдөг. Тэр ч бүү хэл Б.Н манай гэрт ч орж байгаагүй. Б.Н өөр хүнтэй гэр бүл болоод 4,5 жил өнгөрч байна. Мөн би Тавантолгой ХХК-д ажилладаг нь худал. Өнөөдрийг хүртэл би эрхэлсэн тодорхой ажилгүй, энд тэнд хар бор ажил л хийж амьдардаг. Иймд би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр миний хүүхдүүд мөн болох нь тогтоогдсон тул би эцэг мөн гэдгээ зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн тухайд би эрхэлсэн ажилгүй, ээжийнхээ хамт айлын хашаа байшинд амьдарч байгаа, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Эд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Г.Э нарын дундаас 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Н.Ц төрсөн болох нь 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №0234382-483 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Н.С төрсөн болох нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №0000554276 Г-44 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 999 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Ц, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.С нарын төрсөн эцгээр Г.Эыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Э нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Ц, Н.С нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Г.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Нямлхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Н.Ц нь 12 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Ц нь 8 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Г.Э төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Ц, Н.С нарт сар бүр төлөх тэтгэлэг нийт 273.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.286.800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 67.539 төгрөг, нийт 137.739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар охин Н.Ц, охин Н.С нарын төрсөн эцэг Г.Э мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Цг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Г.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 137.739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН