Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/615

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын Б овогт Н-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000491 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй ч Хөвсгөл аймаг ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн С (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод найз Б.Мыг өмөөрч Б.Аын баруун нүдэнд тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Аын мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал), гэрч Б.Мы мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч Л.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3145 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), шүүгдэгч Н.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүгдэгч Н.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод бусадтай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Б.Мыг өмөөрч Б.Аын баруун нүдэнд тус газарт гараараа цохиж, зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Б.Аын: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... автобусны буудлын ойролцоо байж байгаад орой 18 цагийн үед зүс таних Э ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Мы гэрт нэг шил архитай очсон. Намайг очиход М-ы гэрт С, С, бас нэг танихгүй залуу байсан, тэр 4 нэг шил архи тавьчихсан ууж байсан. Тэгээд миний авч ирсэн нэг шил архийг хувааж уугаад нэлээн согтчихсон. Тэгээд Соёмбо, нөгөө танихгүй залуу хоёр яваад өгсөн. С, М бид гурав үлдсэн. Би архиныхаа халуунд Мтай хэрэлдэж маргаж байхад С гэх залуу Мыг өмөөрөөд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр салаад сууж байсан чинь гаднаас манай ээж намайг авч явах гээд орж ирээд миний нүднээс цус гоожиж байсныг хараад цагдаад дуудлага өгсөн. ...Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Эмчилгээний зардал гэж 1,200,000 төгрөг өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал),

2. Гэрч Б.Мы: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ Сгийн хамт байж байсан чинь гаднаас Б, А хоёр орж ирээд тэд нар хамтдаа дэлгүүр лүү архинд яваад буцаж ирээд нөгөө гурав архиа хувааж уусан, би амсаагүй. Тэгсэн гаднаас манай ах Э, А хоёр нэг шил архи барьчихсан согтуу байдалтай орж ирээд манай ах Э унтаад өгсөн, А харин агсраад суугаад байсан. Намайг зурагт үзэж байсан чинь А “чи надад дургүй биз дээ” гээд над руу дайрсан. Тэгсэн С босож ирээд намайг өмөөрөөд чи яаж байгаа юм бэ гээд шууд Аыг цохиод авсан чинь А манай гэрийн зуухны урд тал руу унаад нүдээ цохичихсон. Аын ээж нь орой Аыг авах гээд ирсэн чинь Аын нүд нь хавдсан байдалтай зодуулсан байсныг нь хараад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

3. Гэрч Л.Сгийн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр над руу залгаад А чинь Мы гэрт байна, хүүхдээ очоод ав гээд байна гэхээр нь би орой 18 цаг 30 минутад очиход М, С, С, Э бас нэг танихгүй хүн байсан. Тэгээд би та нар юу хийж байгаа юм бэ, А минь явъя гэсэн чинь А би жаахан байж байгаад яваад очъё, та ажлаа тараад ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би үлдээчхээд ажил дээрээ ирээд жаахан байж байгаад орой 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 4-51 тоотод Мы гэрт хүү Аыг авах гээд очсон чинь Аын нүд нь хавдаж цус гарчихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. А надад хэлэхдээ С намайг цохиж авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3145 дугаартай:

“Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд доод зовхинд 4.5х2.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний алимд нэлэнхийдээ цус харвасан. Баруун нүдний доод зовхинд 1.5 см хэмжээтэй хүрэн улаан зулгаралттай.

2022.02.18-ны өдрийн УНТЭ-н толгойн КТГ: Баруун нүдний ухархайн дотор хананд 2.5 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай. Хамар ясны 2 хажуу хананд хуучин хугаралтай. Баруун этмойд /хугарлын түвшинд/ болон духны хөндийн баруун доод хэсэгт +18-+55HU нягтралтай шингэнтэй. Хамрын таславч баруун тийш муруй. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склероз өөрчлөлттэй гэжээ. Дүгнэлт:

“Б.Аын биед баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

5. Шүүгдэгч Н.Сгийн: “...А Мтай хэрэлдэж маргаад байхаар нь би Мыг өмөөрөөд бид хоёр хэрэлдэж марган барилцаж аваад би нүүрэн тус газар нь гараараа цохиж авсан. Би Ат эмчилгээний зардал гэж нийт 1,200,000 төгрөг өгсөн. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Н.С, хохирогч Б.А, гэрч Б.М нар нь хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Б.М, Б.А нар нь хоорондоо муудалцах үед шүүгдэгч Н.С нь тэдгээрийг эв зүйгээр зохицуулж салгахын оронд иргэн Б.Мыг өмөөрч буй нэрийдлээр хохирогч Б.Аын биед халдсанаас үүдэлтэйгээр хохирогчийн баруун нүд хавдсан, нүднээс нь цус гарсан байдалтай байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчид баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зулгаралт бүхий гэмтэл учирсан, дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

Шүүгдэгч Н.С нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч Н.Сгийн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй өгөөгүй ч эмчилгээнд зориулж шүүгдэгч Н.Сгээс 1,200,000 төгрөг бэлнээр авсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Н.Сг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.Сгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Н.Сгийн хувийн байдал /уушгины сүрьеэ өвчний улмаас 90 хувь хөдөлмөр чадвар алдалтын хувиар группт байдаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Н.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тэрбээр 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Иймээс түүний цагдан хоригдсон 16 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр тооцож, 510,000 төгрөгийн торгох ялаас /510,000-240,000=270,000/ хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270,000 төгрөгөөр тогтоож, түүний орлогын байдлыг харгалзан 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд 510 (таван зуун арав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510,000 (таван зуун арван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сгийн цагдан хоригдсон 16 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 510,000 төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 270 (хоёр зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270,000 (хоёр зуун далан мянга) төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан торгох ялыг 1 (нэг) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ