Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/44

 

  2019          05            15                                         2019/ДШМ/44

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                             

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн танхимтай цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар, Ж.Эрдэнэбилэг,

            Хохирогч нарын өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/137 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Г.Н-д холбогдох, эрүүгийн 1819003530031 дугаартай, 3 хавтас, 617 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19..... оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Э” ХХК-нд менежер ажилтай, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, Олон-Овоо, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Таванхонгор овогт Г-ийн Н /РД:МЗ......71/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Г.Н нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Таванхонгор овогт Г-ийн Н-д холбогдох эрүүгийн 1819003530031 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт хавсаргагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх “А” цэгийг автомашин мөргөлдөх үед явах ангид наалдсан шороо доргилтын нөлөөгөөр 20-40 см өндрөөс хөдөлгөөний чиглэлийн дагуу 3-5 метр радиус дотор хаягддаг тул тухайн шороон мөрний хүрээгээр “А” цэг гэж тодорхойлдог. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2 дугаартай цэг буюу шарвалт эхэлж чиглэл өөрчлөгдсөн цэгийн харалдаа баруун тийш 2,4 м зайд том оврын машины зүүн талын дугуй байрлаж байсан байж болох цэгийн орчимд олон тооны шилний хагархай, тольны хагархай хэсгүүд, хагарсан, хар саарал өнгийн хуванцар хэсгүүд, саарал өнгөтэй автомашины агааржуулагчийн нүүр, нарны хаалтны хагарсан хэсэг, автомашины хаалганы хүрээний хагарсан хэсгүүд болон шороо, тоос, тоосонцор зэрэг болсон байсан бөгөөд тухайн цэгийг автомашинууд мөргөлдсөн байж болох цэг буюу “А” гэж тэмдэглэн “В” цэгээс хэмжиж үзэхэд 293,8х4,3 м болсон. “А” цэг нь замын голын тасархай зураасаас зүүн тийш 0,2 м зайд байсан бөгөөд цэгийг гэрэл зургаар бэхжүүлэн авав ..” хэмээн анх тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн цэгийг зөв тогтоосноос гадна хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний бичлэгээр давхар баримтжуулсан.

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч П.Н-ын “...Тэр үед Н засмал замын голын цагаан зураасыг голлоод яваад байсан ба машины зүүн гар тал нь эсрэг урсгалд ороод яваад байсан. Тэр үед урдаас буюу өөдөөс машин ирж  байсан ба бид нар урдаас чинь машин ирж байнашдээ гээд л орилцгоосон ба манай машин баруун гар талруугаа дарах шиг л болсон. Тэгээд л уг өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн...”/1-р хх 60-61 хуудас/, гэрч Д.С-ын “...Н дарга нь би зүгээрээ, та нарыг бэртээчихгүй, гэмтээчихгүй хүргээд өгнө гээд жолоогоо өгөөгүй юм. Тэгээд цаашаа хурдаа хасалгүй, хурдтай яваад байсан ба би арын суудал дээр нь гол хэсэгт нь сууж явсан юм. Тэр үед өөдөөс том машин ирж байгаа харагдсан ба тэр машин гэрлээ хол, ойр дээр нь шилжүүлээд дохио өгч байсан юм. Гэтэл манай машины жолооч замаасаа орж гараад дайвалзаад яваад байсан ба нөгөө өөдөөс ирж байсан машиныг очоод мөргөсөн, тэгээд л манай машин замын хажуу руу онхолдсон юм...”/1-р хх 64-65/, гэрч Э.О-ын “...01 цагийн үед Даланжаргалан сум өнгөрөөд явж байтал их хурц гэрэлтэй жижиг машин өөдөөс их хурдтай ирээд замын цагаан зураасны дээгүүр буюу урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд талын гупернээс мөргөх үед миний машины жолооны хүрд зүүн гар талруугаа хүчтэй эргэж, би баруун талруу шидэгдэн, ухаан балартаж унасан...”/1-рхх75-76/ гэсэн мэдүүлгүүдээр Г.Н нь 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг усргалд орж, 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийг мөргөсөн газар буюу анх зам тээврийн осол гаргасан “А” цэгийг үндэслэлтэй тогтоосон болох нь давхар нотлогдож байх тул хэргийн газрын үзлэгийг дахин хийх шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурор Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан гэрч П.Н, Д.С, Э.О нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, /1хх 82-83/, 2019.02.27-ны өдөр дахин гаргасан шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2019.01.25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 75 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судлах, мөн Дорноговь аймгийн Замын цагдаагийн шинжээч Батцэвэрийг шүүх хуралдаанд оролцуулж нотлох баримтыг шинжлэн судлах, тодруулан асуух замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Шүүгчийн захирамжаар А цэг зөв авагдаагүй, схем зургийг дахин гаргуулах гэсэн байдлаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байдаг. А цэгийн маргаантай асуудал нь анх үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан 37-70 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэг зэргээс үзэхэд А цэгийг тогтоосон нь хангалттай нотлогдсон тогтоогдож байгаа. Шүүгчийн захирамжинд дурдсан шиг схем зургийг дахин гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Дахин гаргуулснаар шүүгдэгчийн гэм буруу өөрчлөгдөхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ хэрэг 2018.12.04-05-нд шилжих шөнө гарсан байдаг. 6 дахь сардаа ороод явж байгаа. Хохирогч нарын хувьд 3 хүн нас барсан. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн хэргийг шийдвэрлэх тал дээр хүлээлтийн байдалтай байгаа. Гэм хор арилаагүй байгаа. Тийм учраас шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг заавал хийх шаардлагагүй. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр замын цагдаагийн шинжээч, мөрдөгч Батсүх нарыг гэрчээр оролцуулаад, нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа схем зураг дээр хэмжилтүүдийг буруу бичсэн байгаа. А цэгээс Б цэг хүртэл 3.9 м гэж байгаа. Нийтдээ 5.4 м газар. А цэг нь эсрэг урсгалд орчихсон байгаа. Прокурорын эсэргүүцэлд шороо доргилтоос болж унасан гээд байгаа. А цэг гээд тавигдаад байгааг миний хувьд 2 гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр 92-23 улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин хэсэг нь том машины чиргүүлийн хэсгээр мөргөөд, түүний улмаас том тэрэгний бөгсний хэсэг кабинийг мөргөснөөс болж шороо доошоо унасан. Хоёр машин маань хамаргүй машинууд байгаа. 2 машин өөд өөдөөсөө мөргөлдсөн бол том машины кабин эвдрэх байсан. Тэгтэл кабин эвдрээгүй, гупер нь эвдэрсэн байгаа. Том машины кабин нь дугуйнаасаа 20-30 см зайтай байдаг. Тийм учраас А цэгийг буруу тогтоосон байна. Анх чиргүүлийг мөргөсөн. Чиргүүлийг мөргөснөөс болж бөгс цохигдоод кабины зүүн хойд талын кирланыг мөргөсөн байгаа. Машины дугуй 1.5 м замаас гэж байгаа, замын өргөний хэмжээ 3.1 м гэж байгаа. Нийтдээ 4.6 м гэж байгаа. Том машин эсрэг урсгалд орсон уу, ороогүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа. 1-3 гэсэн зураас байгаа. Камерийн бичлэгт байгаа. Машины баруун гар талын дугуйг явсан мөр гэж үзээд тэмдэглэж авлаа гэж байгаа. Тэмдэглэсэн схем зураг дээр урд талын хэмжээг 17.3 гэж бичсэн болохоос биш замаас хэдэн км зайтай байгааг нэг ч газар тэмдэглээгүй. Тэр дугуйны хэмжээг олсны үндсэн дээр ачааны машин аль хэсгээр явж байсныг тодорхойлох. Түүнийг тодорхойлсноор А цэг хаана байна вэ, чиргүүлийг мөргөсөн учраас чиргүүл хаана байсныг тогтоож байж А цэгийг шинээр тогтооно. А цэгийг хоёр цэг гэж үзэж болно. Тийм учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээс харахад шүүгдэгч Нын хувийн байдлыг тогтоох баримтууд хангалтгүй байна гэж үзээд өмгөөлөгчийн хувьд энэ байдлыг тогтоолгоё гэсэн хүсэлтийг тавьсан. Гэсэн ч хийгдсэн ажиллагаа нь ажлын байрны тодорхойлолт, эхнэрээс нь байцаалт авсан зэрэг ийм л ажиллагааг хийсэн байгаа. Эдгээр баримтууд нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход хангалтгүй байх тул энэ ажиллагааг хийлгэе гэж хүссэн. Эрдэнэбилэг өмгөөлөгч нилээн дэлгэрэнгүй ярилаа. Миний хувьд товчхон хэдэн зүйлийг хэлье. Хэргийн газрын үзлэг дээр А цэгийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй тул хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэж, хэмжилтүүдийг хийлгэх асуудлыг тавьсан. Хэргийн газрын үзлэгийн хэмжилтүүдийг схем зургаас харахад жишээлбэл автомашины баруун урд талын дугуй замын захаас 1.5 м байна гэсэн хэмжилтийг тусгасан байгаа. Гэтэл машин нь өөрөө 2.4 м өргөнтэй. Чиргүүлийн урт 3.1 м өргөнтэй. Эд нарыг хэмжээд үзэхээр том машины чиргүүл нь өөрөө урсгал сөрж орсон. Өөрөөр хэлбэл цагаан шугамыг давж гарсан байх магадлалтай. Энэ нь тогтоогдвол том машины жолоочийн буруутай үйл ажиллагаа байна уу, үгүй юу гэдэг асуудал тодорхой болох учраас энэ асуудлыг заавал шалгаж, тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Сая прокурор, хохирогч нарын өмгөөлөгч нарын хэлж байгаагаар шүүгдэгчийн гэм буруутайд ямар өөрчлөлт орох юм бэ гэж байна. Нын хувьд өөрийнхөө хийсэн гэм буруутайдаа гэмшиж байгаа. Энэ хүний гэм буруутайд нь өөрчлөлт орохгүй ч гэсэн том машины жолооч буруутай юу, үгүй юу гэдгийг тогтооход ач холбогдолтой. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                

             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал яллагдагч Г.Н 2018 оны 12 сарын 04-05-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урсгал сөрж 37-70 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас гурван хүний амь нас хохирч, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “...Ц.Б гэрчээр мэдүүлэг өгч схем зураг дээрх хэмжилтүүдийг тайлбарласан хэдий ч хэргийн газрын схем зургийг дахин үйлдээгүй нь “А” цэг зөв тогтоогдсон эсэхийг хянах боломжгүй байна, иймд хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж автомашинууд мөргөлдсөн байж болох цэг буюу “А” гэж тэмдэглэсэн цэгийг зөв тогтоосон эсэхийг шалгаж тогтоон, схем зургийг дахин хийх зайлшгүй шаардлагатай” гэж дүгнээд “Хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан дээрх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг, хэмжилтийг буруу хийсэн буюу “А” цэгийг буруу тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийн газрын схем зургийг дахин хийлгэх үндэслэл байгаа гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  эсэхийг бүрэн гүйцэд үнэлж, дүгнээгүй нь “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.   

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эсэхийг  хянаж, үнэлэхдээ хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэг, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаж, бусад нотлох баримттай харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах нь зүйтэй бөгөөд холбогдох шинжээч болон гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм.  

Энэ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх төдийгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Харин хэргийг мөрдөн шалгах явцад “Эко хэлхээ” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоохдоо тухайн хуулийн этгээдийг биш хувь хүнийг тогтоосон алдаа гаргасан байх боловч энэ нь шүүх хуралдаанаар буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа болохыг, мөн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон захирамжид заасан шүүх хуралдаан товлосон /3-р хх-97, 103/ хугацаа болон шүүх хуралдаан хийгдсэн хугацаа хоорондоо зөрүүтэй байгааг цаашид анхаарахыг магадлалд тус тус тэмдэглэж байна.

            Тиймээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж, яллагдагч Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/137 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг хангасугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА