Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0227

 

 

2015 оны 5 сарын 28 өдөр

 

Дугаар 221/МА2015/0227

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Л-ийн нэхэмжлэлтэй, МХЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл хүлээж, төрийн албанаас халагдсан... 2014 оны ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэл оногдуулж, төрийн албанаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Тушаалд заасан сахилгын зөрчлүүдийг хэн, хэзээ, хэрхэн гаргасан, дээд шатны байгууллагаас сахилгын зөрчлийг хэзээ, хэрхэн илрүүлж сахилгын зөрчил гаргагчид танилцуулсан эсэх нь тодорхойгүй байдалд дээрх захиргааны актыг гаргаснаар төрийн албанд хөдөлмөрлөх эрх, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн хуулиар олгогдсон баталгаа зөрчигдсөн. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МХЕГ-ын дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хяналт шалгалтын дүнгээр Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын ерөнхий байцаагчийн 01/05 тоот албан даалгаврын биелэлт 45 хувьтай дүгнэгдсэн. Мөн тус аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 336 тоот албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн тус аймаг дотор мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх хууль бус шийдвэр гарсан байсныг хэрэгжүүлсэн. Түнэл суманд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 11 аж ахуйн нэгж нь жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирүүлдэггүй, зохих эрхийн бичиг авсан боловч тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 тоот зарлигийн хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн... Тус газрын даргын Ээлжийн амралтын хуваарь батлах тухай 88 дугаар тушаалаар Д.Л  нь 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоног амрах хуваарьтай байна. Сахилгийн шийтгэл ногдуулах тухай 445 дугаар тушаал нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан тул нэхэмжлэгчийг ээлжийн амралтгай байх хугацаанд төрийн албанаас халсан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.4-т заасныг тус тус баримтлан Д.Л-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл үгүйсгэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хяналт шалгалтын ажлыг зохих түвшинд зохион байгуулаагүй үндэслэлийн тухайд нэхэмжлэгч 2014 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал өвчтэй байсан, нурууны хүнд хагалгаанд орж хэвтэрт байсан үед төрийн алба хашиж байгаагүй. Ойн тухай хуулийн хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийсэн гэж хариуцагч тал тайлбарлаж, зөвхөн хяналт шалгалтын танилцуулга, хурлаас гарсан шийдвэр зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргасан, шүүх уг баримтыг үндэслэж маргаан бүхий захиргааны актын талаарх эрх зүйн дүгнэлтийг эргэлзээтэй байдлаар гаргасан.

 

Хэрэв тухайн ажлын хэсэг дээрх цаг хугацаанд хэсэгчилсэн хяналт шалгалт явуулсан бол Хөвсгөл аймагт ажилласан талаарх томилолт болоод шалгалтын ажлын явцад ямар зөрчлийг хаана, хэзээ, яаж илрүүлсэн, түүнийгээ хэрхэн баталгаажуулсан талаарх баримт байхгүй, шалгалтын дүнгийн талаар болон гарсан шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, нэхэмжлэгч тал ямар зөрчил гаргасан эсэхээ шүүх хуралдааны шатанд мэдэж байгаа зэрэг бодит байдлыг шүүх анхаараагүй. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд холбогдох хууль, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх тайлангаа дээд шатны байгууллагад тогтмол ирүүлдэг, үүнийг үндэслэж 2014 онд тус газар системийн хэмжээнд хангалттай үнэлэгдсэн.

 

Тодруулбал, тус газрын байгаль орчны улсын байцаагчдын үйл ажиллагаа хангалттай сайн үнэлэгдсэн байгаа нь тухайн байгууллагын удирдлага, гарал үүслийн гэрчилгээтэй холбоотойгоор мод, модон материал тээвэрлэгдэж байсан, хяналт шалгалтын ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар нэхэмжлэгчийн гаргасан баримтыг шүүх үнэлээгүй. Шүүх нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2013 оны 336 дугаар албан бичгийг хууль бус хэмээн улмаар хэрэгжүүлж ажилласан нь нотлогдсон, хэрэгжүүлэх үүрэгтэй этгээд биш хэмээн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нийцэхгүй бөгөөд дээрх албан бичиг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/153 дугаар тушаалаар баталсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам-ыг хүргүүлсэн, тайлбарласан утга агуулгатай байсан, уг албан бичгийг нэхэмжлэгч хэрхэн хэрэгжүүлсэн нь тогтоогдсон нөхцөлд сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байжээ.

 

Түүнчлэн Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.11 дэх заалтыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын эрх бүхий 11 аж ахуйн нэгж хэрэгжүүлж ажиллаагүй болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг мөн хяналт шалгалтаар тогтоосон талаарх хариуцагчийн болоод шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, харин уг байдлыг илрүүлж шалгасан талаар орон нутгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас гаргасан шийдвэр, тэмдэглэлүүдээр няцаагдаж байна. Ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай харилцах харилцаанаас үүссэн гэх зөрчил дутагдлын хувьд нэхэмжлэгч ямар хамааралтай болох, уг байдалд ямар хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаагүй талаар шүүх дүгнээгүй байж дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн явуулсан хяналт шалгалт нь нэхэмжлэгчид чиглэгдээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдал тогтоогдоогүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь алдаатай, хууль бус, үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан талаар шүүхийн хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

 

Дээрх хяналт шалгалт нэхэмжлэгчид чиглэгдээгүй ерөнхий хүрээнд хийгдсэн бол шалгалтын мөрөөр авагдсан арга хэмжээ нь нэхэмжлэгчид хамааралтай байгааг шүүх дүгнээгүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэлийг оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ялгамжтай байдлаар оногдуулах хуулийн зохицуулалтыг хариуцагч зөв хэрэглэсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй атал уг үүргээ биелүүлээгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 88 дугаар тушаалаар нэхэмжлэгч 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын 24 хоног амрах хуваарьтай байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн цаг хугацаанд амраагүй, ээлжийн амралтаа маргаан бүхий захиргааны акт гарах үед эдэлж байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Дээрх үндэслэлүүдийг судлан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 445 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Л г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хяналт шалгалтын ажлыг зохих түвшинд зохион байгуулаагүй гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

1.    Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Д.Л  нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал, түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зүгээс удаа дараа Д.Л-д үүрэг даалгавар өгч байсан болох нь тус тус тогтоогдоогүй байна. Энэ байдал нь анхан шатны шүүх хуралдаан дээр нотлогдож, дээрх үндэслэл бүрдээгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөнөөс гадна шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэсэн байна.

 

2.    Хариуцагчийн зүгээс Ойн тухай хуулийн хэрэгжилтийг ойн сан бүхий аймгуудад шалгалт явуулахад Хөвсгөл аймаг хамгийн муу үнэлэгдсэн гэсэн агуулгаар өөрийн гаргасан маргаан бүхий актынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нийтдээ 24 чиглэлээр хяналт тавих үүрэгтэй бөгөөд Ойн тухай хуулийн хэрэгжилт нь дээрх 24 чиглэлийн хяналтын нэг нь юм. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад өгсөн үнэлгээ гэсэн баримтаас дүгнэхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар 89.5 хувьтай дүгнэгджээ.

 

Дээрх байдлаас үзэхэд 24 чиглэлийн хяналтын зөвхөн 1 чиглэлд тухайн үед хангалтгүй гэсэн дүн үзүүлсэн гэдгээр сахилгын шийтгэлийн төрлүүдээс хамгийн хүндийг сонгон хэрэглэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ...төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл... -ийг ногдуулна гэж заасантай нийцээгүй байна.

 

Түүнчлэн Д.Л-ийн 2006-2013 оныг дуусталх хугацааны үр дүнгийн гэрээг дүгнэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр нэг ч удаа хангалтгүй гэж дүгнэгдэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3.    Д.Л  нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд тухайн үед ТЗ-9-5 буюу ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй ажиллаж байжээ. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасныг мөрдөх ёстой.

Хариуцагч нь төрийн захиргааны албан хаагч болох Д.Л д сахилгын шийтгэл ногдуулахдаа энэхүү тогтоолын биелэлтийг хангаагүй, түүнд холбогдох зөрчлийн талаар мэдэгдээгүй, ямар нэгэн тайлбар гаргуулж аваагүй байна.

 

4.    Маргаан бүхий акт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэж гарсан байна.

Гэвч тухайн өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрт /хх-ийн 102-105/ Д.Л д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээгүй, харин тухайн сум хооронд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэх талаар гарсан шийдвэрийг хүчингүй болгож, тухайн албан тушаалтанд /Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргад/ хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн болох нь уг шийдвэрийн 2.3.3 дахь заалтаар тогтоогдож байна.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5.    Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Л  нь ТЗ-9-5 буюу ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй ажиллаж байсан бөгөөд сарын үндсэн цалин 864.211 төгрөг, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 382.768 төгрөг, бүгд 1.246.979 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Иймээс 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 сар 21 хоногийн цалинг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сарын нийт цалин х 4 сар = 4.987.916 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 06-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 15 хоног байх тул /сарын нийт цалин 1.246.979 : 22 ажлын өдөр, ажилгүй байсан 15 ажлын өдөр = 850.212 төгрөг/ ажлын 15 хоногт ногдох цалин 850.212 төгрөг, бүгд 4.987.916 төгрөг + 850.212 төгрөг = 5.838.128 /таван сая найман зуун гучин найман мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Л д олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх цалинг олгохдоо эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг хуульд заасан шимтгэл, даатгал, татварыг суутган авах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 445 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Л г Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, түүний ажилгүй байсан хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 4 сар 21 хоногийн цалинтай тэнцэх олговор 5.838.135 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 Р