Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/305

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

*******- нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн замд 00-00 УНГ улсын дугаартай Тоуоta prius маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Н- жолоодож явсан 98-05 УБӨ улсын дугаартай Тоуоta mark 2 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч А.О- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд дурдагдсан мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

Эрүүгийн 1703000010008 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч  А.О-: “2017 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед найз О.Н- суудлын машинд суугаад Их нарангаас гараад хойноосоо урагш явж байхад миний зүүн гар талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Жолооч эмчилгээний гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Иргэний нэхэмжлэгч О.Н-: “2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн 98-05 УБӨ улсын дугаартай Т.Марк-2 маркийн автомашиныг жолоодоод Отгонтөгсийн хамтаар Их нарангийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш 40 орчим км/цагийн хурдтай явж байхад миний өөдөөс ирж явсан саарал өнгийн Т.Приус маркийн 00-00 УНГ улсын дугаартай автомашин миний  урдуур зүүнээс баруун зүг рүү буюу зүүн гар тийш эргээд ороод ирэхээр нь би баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч нөгөө машин өөдөөс урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Хохирлоо төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-31/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.27-ны өдрийн 8198 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. А.О- биед өвчүү ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.19-ний өдрийн 8042 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О.О.Н- биед зулайн хуйханд шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-16/, согтуурал шалгасан баримт /хх-16,18/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-47/, техникийн шинжээчийн 2017.06.28-ны өдрийн 189 дүгээр дүгнэлт /хх-52/, хохирогчийн “гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-78/, шүүгдэгчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-76/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүгдэгч *******- нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн замд 00-00 УНГ улсын дугаартай Тоуоta prius маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн О.Н- жолоодож явсан 98-05 УБӨ улсын дугаартай Тоуоta mark-2 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч А.О- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Отгонтөгсөд учирсан хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******- автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР