Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00397

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2018/00397

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: БО-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Ж-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/01262/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О нь П.Жтэй 2013 оноос танилцаж, 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлуулсан. Хүү Ж.У маань 2015 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн. Одоо хүү маань 2 нас 6 сартай, ээж миний асрамжид бойжиж байгаа болно. П.Ж нь хүүхдээ асрах талаар огт санаа тавихгүй, хүү маань өвчний учир Улаанбаатар хот явах үед зардал, мөнгө ч өгдөггүй энэ хүнтэй цаашид хамт амьдарна гэж байхгүй, тийм сэтгэл ч байхгүй. Шүүхээс бидэнд хоёр хугацаа олгож эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч бид энэ хугацаанд эвлэрээгүй. Иймд Б.О би П.Жээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Ж.Уыг миний асрамжид үлдээж, П.Жээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч П.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: ...П.Ж миний бие нь Б.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд гэрлэлт цуцлуулж, хүү Улсболдыг эх Б.Оын асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч П.Жт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаандаа 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Ж.Уыг төрүүлсэн болох нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн 6743000039 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж.Уыг хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Б.Оын асрамжид үлдээж, эцэг П.Жээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба Ж.Уыг Б.Оын асрамжинд үлдээсэн нь эцэг П.Жийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Жээс эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оод олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж.У нь 3 нас хүрч байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн тал хувь 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч П.Ж төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ж.Уод сар бүр төлөх 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч П.Жт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б.О, П.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ж.Уыг эх Б.Оын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ж.Уыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Жээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Ж, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Оод тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Жээс 101.044 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН