| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/03219/и |
| Дугаар | 441 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “СШИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.А
Хариуцагч: Н.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, 1 999 959 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү, хариуцагч А.А, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.А болон Н.Н нар нь “Сар шинэ интернэшнл” ББСБ-аас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус мөнгийг зээлснээс хойш 4 удаагийн төлөлтөөр нийт 1 555 421 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлд 628 292 төгрөг, үндсэн хүү 1 150 743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220 920 төгрөг, нийт 1 999 959 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
А.А нь 3 удаа бэлнээр зээлийг төлсөн гэх боловч нотлох баримт байхгүй байна. Зээлийн эдийн засагч бэлнээр төлсөн тохиолдолд 2 хувь баримт үйлдээд нэгийг нь зээлдэгчид, нөгөөг нь байгууллагад өгдөг. Гэтэл манайд бэлнээр төлсөн гэсэн баримт нь шүүлгээд гарч ирэхгүй байгаа тул төлөөгүй байна гэсэн үг юм.
Хариуцагч А.А-д зээлийн шимтгэлд 68 000 төгрөг, хүүгийн төлбөрт 373 421 төгргийг тус тус суутгаад 1 258 579 төгрөг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт өгсөн байгаа. Хариуцагч нараас хувааж тус мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нараас зээлийг байнга амаар нэхэж шаардаж байсан байдаг. Бичгээр бол баримт байхгүй. 2014 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч А.А хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг манайд буцааж 2014 оны 06 дугаар сарын 24-нд захирамжийг өгсөн байдаг. Ингээд бид 2017 оны 10 дугаар сард А.Атай уулзаж зээлийг төлөх талаар шаардсан, төлөхгүй байсан учир 2017 оны 12 дугаар сарын 14-нд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч А.Ааас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний бие 1 700 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч байгууллагаас авсан. Зээлийн мөнгөнөөс хүүгийн хүүгийн төлбөр гээд суутгаж аваад гар дээр 1 320 000 орчим төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 68 000 төгрөгийг зээлийн шимтгэлд төлсөн.
Би банк бус байгууллагаас авсан мөнгөнөөс 2013 оны 04 дүгээр сарын 05-нд 73 000 төгрөг, 05 дугаар сард 73 000 төгрөг, 06 дугаар сард нь 73 000 төгрөг, 06 дугаар сарын 23-нд нь 193 000 төгрөг, 07 дугаар сарын 07-нд 200 000 төгрөг, 07 дугаар сарын 28-нд 243 000 төгрөг, он гаргаад 2014 оны 01 дүгээр сарын 04-нд нь 980 000 төгрөг төлөөд уг зээлийг төлж дуусгасан. Ингэхдээ зээлийн эдийн засагчаас нь үлдэгдэл зээл хэд байгааг тодруулж асуугаад 970 000 төгрөг байна гэхэд нь бүгдийг нь төлсөн. Ингээд үүнээс хойш дахин банк бус байгууллагатай уулзаагүй, надаас ч ямар нэгэн төлбөр нэхээгүй. Гэтэл 2017 оны 11 дүгээр сард манай аавын утсаар ярьж намайг асуухад нь би ярьсан, гэтэл зээл төл гэхэд нь би гайхсан, надад төлөх ямар ч зээл байхгүй гэсэн.
Удалгүй шүүхээс намайг дуудсан юм. Би авсан зээлийг хугацаанаас нь өмнө төлөөд дуусгасан учир одоо төлөх зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн эдийн засагч нь ажил дээр ирээд бэлнээр 2013 оны 06 дугаар сарын 23-нд нь 193 000 төгрөг, 07 дугаар сарын 07-нд 200 000 төгрөг, 07 дугаар сарын 28-нд 243 000 төгрөгийг авч байсан, надад нэг хувийг нь өгч байсан боловч би олон жил өнгөрсөн учир хаяж үрэгдүүлсэн, олдохгүй байна. Уг нь энэ баримт банк бус байгууллагад нэг хувь нь байх ёстой боловч гаргаж өгөхгүй байна. Энэ 3 удаа бэлнээр төлсөн төлбөрийг хасахгүй, зээлийн үлдэгдэлтэй гээд байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Н.Н-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Атай “Номин холдинг” ХХК-ийн Улсын их дэлгүүрийн салбарт зэрэгцээ тасагт хамт ажилладаг байсан юм. Тэгээд А.А-ыг “Сар шинэ интернэшнл” ББСБ-аас зээл авахад нь итгээд батлан даагчаар оролцсон. Тухайн үед А.А-ыг төлбөр тооцоо хийхэд нь би хажууд нь хамт байдаг, зээлээ банканд тушаахад нь хамт явж байсан. Тухайн үед би ч бас өөрөө энэ банк бус байгууллагаас авсан зээлтэй, зээлийн төлбөр хийдэг байсан. 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А.А зээлийг төлж дууссан. Надаас зээл төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.А-аас зээлээ төл гэж 2014 оны 01 сараас хойш огт хэлж шаардаж байгаагүй. Хэрэв зээл нь төлөгдөж дуусаагүй байсан бол батлан даагч надаас бас шаардах байсан байх, гэтэл ингэж надад ч хэлж шаардаагүй. Үүнээс хойш ч би бас дахин энэ байгууллагаас зээл авсан, надтай бол байнга л харилцаж байсан, тэр үедээ А.Аын зээлийн талаар юу ч нэхээгүй шүү дээ. Би 2015 оны 08 дугаар сарын 20-нд “Номин холдинг” ХХК-иас гарч ажлаас чөлөөлөгдсөн. А.А ч бас 2015 оны 07 дугаар сарын 15 хүртэл “Номин холдинг” ХХК-д ажиллаж л байсан. Тэр үед зээлийн үлдэгдэл байсан бол нэхэх ёстой, гэтэл нэхээгүй гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь хариуцагч А.А, Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 999 959 төгрөг гаргуулыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар үл зөвшөөрч 2013 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 28-ны хооронд зээлийн эдийн засагчид бэлнээр төлсөн 636 000 төгрөгийг төлснийг зээлээс хасч тооцоогүй нь үндэслэлгүй, хамгийн сүүлд 2014 оны 01 дүгээр сарын 02-нд зээлээс 980 000 төгрөг үлдсэнийг төлж дуусгасан учраас төлөх төлбөргүй, үүнээс хойш нэхэмжлэгч зээл төлүүлэхээр шаардаж байгаагүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч А.А нь 2013 оны 04 дүгээр сарын 04-нд нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-иас 1 700 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сард 3,45 хувийн хүүтэйгээр зээлж, уг зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлэх болохыг хариуцагч Н.Н нь батлан дааж, нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь хариуцагч А.Атай БДГЗГ1201131675 тоот зээлийн гэрээг, хариуцагч Н.Нтэй БДГЗГ1201131675 тоот батлан даалтын гэрээг тус тус 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.
Энэ гэрээнүүдээр нэхэмжлэгч тал нь хариуцагч А.Аад зээлийн гэрээний зүйл болох 1 700 000 төгрөгийг шилжүүлэх, хариуцагч А.А зээл, зээлийн үнэ болох хүүг хугацаанд нь төлөх, хариуцагч Н.Н нь зээлдэгч А.Аыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадна гэж зээлдүүлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө зээлийн гэрээний үүргийг хариуцахаар тус тус үүрэг хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн болон батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 459 дүгээр зүйлийн 459.1.-д заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
2.Зээлийн гэрээний 2.5-д “ББСБ нь зээл олгох үедээ нэг удаа зээлийн шимтгэлд 68 000 төгрөг авна” гэж заасан байх ба үүний дагуу 68 000 төгрөгийг олгох зээлээс хасч тооцсон талаар зохигчид маргаагүй, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-иас нийт 1 258 579 төгрөгийг зээлдэгч А.Аад хүлээлгэн өгсөн нь 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч байгууллагын кассын зарлагын ордер, 12-48187 дугаартай зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зохигчдын тайлбар, БДГЗГ1201131675 тоот зээлийн болон батлан даалтын гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон.
Нэхэмжлэгч байгууллагын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12-48187 дугаартай зээлийн гүйлгээ хийх шийдвэрт “...Зээлийн дүн: 1 700 000 төгрөг....Зээлийн хүүгийн төлбөрт: 373 421 төгрөг...” гэж бичигдсэн байх ба зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь зээл болох 1 700 000 төгрөгөөс талуудын тохиролцсоноор зээлийн шимтгэлд 68 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1 632 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ зөрчин 1 258 579 төгрөгийг шилжүүлсэн байна.
Иймд хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүрэгт 1 326 579 төгрөгийг 12 сарын хугацаанд, сард 3,45 хувийн хүүтэй төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 1 700 000 төгрөгөөс тооцон зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд 1 999 959 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
3.Хариуцагч А.А нь 2013 оны 06 дугаар сарын 23-нд 193 000 төгрөг, 07 дугаар сарын 07-нд 200 000 төгрөг, 07 дугаар сарын 28-нд 243 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч байгууллагад бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, зээлийн үүрэгт 636 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт нотлогдохгүй байх бөгөөд А.А зээлээ төлж дуусгасан гэх гэрч Т.Энхтөрийн мэдүүлэг, хариуцагч Н.Нийн тайлбар нь хариуцагчийн татгалзлыг хангалттай нотлох үндэслэл болохгүй юм.
4.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 04-нд дууссан бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт”-ийг үндэслэн зээлийн үүргийг 1 326 579 төгрөгөөр тооцоход хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2013 оны 04 дүгээр сарын 20-ноос 2014 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл хугацаанд нийт 11 удаа зээлд 1 210 134 төгрөг, зээлийн хүүд 345 286 төгрөг төлжээ.
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 04-нд дуусахад хариуцагч А.А нь үндсэн зээлд 1 326 579 төлөхөөс 1 210 134 төгрөг төлж, 116 443 төгрөгийн, зээлийн хүүд 357 472 төгрөг төлөхөөс 345 286 төгрөг төлж, 12 186 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2017 оны 12 дугаар сарын 12-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1348 хоногийн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 116 443 төгрөгөөс гэрээнд заасан сарын 3,45 хувиар тооцоход 180 510 төгрөг төлөхөөр үлдсэн байна.
5.Талуудын хооронд байгуулсан БДГЗГ1201131675 тоот зээлийн гэрээний 7.1-д “Зээлдэгч...графикт хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол ... зээлийн хоцорсон үндсэн төлбөрийн дүнгийн өдрийн 0,8 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл, зээлийн хүүний төлбөр дээр нэмж зээл төлөгдөж дуусах хүртэл тооцож авна” гэж заасан байх ба энэ нь зээлдэгч гэрээний хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан заалтуудтай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 220 924 төгрөг шаардсан нь хуулийн үндэслэлгүй болжээ.
6.Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 10-нд хариуцагч А.Ааас зээлийн үүрэгт 904 241 төгрөгийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэн шалгах явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9.-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн гэж үзэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10173 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс уг захирамжид гомдол гаргасан талаар болон хариуцагчийг эрэн сурвалжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан баримт авагдаагүй, түүнчлэн дээрх захирамжийг хүлээн авснаас хойш хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн үеэс буюу 2014 оны 07 дугаар сарын 04-нөөс хойш хариуцагчаас зээлийг төлүүлэхээр шаардаагүй байх бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 дугаар сарны 04-нд дууссаны дараа 2017 оны 12 дугаар сарын 14-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч нь 1 690 811 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн, 309 139 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 458 дугаар зүйлийн 458.1.-д заасны дагуу хариуцагч А.А, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч нараас зээлийн гэрээг цуцалж, 1 999 959 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар хариуцагч А.А, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 1 999 959 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА