Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/313

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

 

Шүүгдэгч *******- нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн задгай тоотод өөрийн төрсөн дүү С.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг төлж барагдуулсан. Дахин хэрэг хийхгүй, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1708005190039 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.М-ын: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад 13 цагийн орчим эгч *******-, нөхөр, Ариунаа нарын хамт ирсэн. Намайг гаднаас аргал оруулж ирж тавичихаад сууж байтал эгч *******- намайг гараад ир гээд чирч гэрийн гадаа гаргаад үснээс зулгаагаад газарт байсан савраар нуруунд 1 удаа цохиод, дахин газарт байсан модыг авч толгойны баруун дээд хэсэгт 1 удаа цохисон.

...Миний толгой уруу хог цэвэрлэдэг төмрөөр нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-5-7, 8-9/,

Гэрч П.Өлзийсайханы: “2017 оны дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад 13 цагийн орчим манай эхнэр С.М-ын эгч *******- нь ирсэн. Тэгээд гэрт ороод сууж байснаа эхнэр С.М-тай муудалцаад гарахаар нь би араас нь гартал гадаа үүдэнд нэг нэгнийгээ үснээс нь зулгаацалдаж байснаа *******- эгч газар байсан саврыг аваад С.М-ын толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад С.М- цагдаад хэлнэ гээд гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг/хх-21-23/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.18-ны өдрийн 9204 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. С.М-ын биед баруун зулайн хуйх, баруун шанаанд шарх, зүүн хацар, уруул, баруун мөр, зүүн гуянд цус хуралт, баруун савруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-16/,

Яллагдагч *******-гийн: “Тэр өдөр дүү С.М-ынд очсон. Намайг ороод байж байсан чинь аргалын саваа авч гараад аргал дүүргэж орж ирснээ чи муу юугаа хийж яваа юм, гар зайл гэхээр нь чи хүнээс үг сонсохгүй яагаад байгаа юм гэхэд гараад явчихаар нь араас нь дагаад гартал чи муу зайл гээд миний үснээс зулгаагаад татаж чангаагаад эхлэхээр нь би зөрүүлж зулгаагаад ноцолдож байгаад гарыг нь тавиулаад газарт савар харагдахаар аваад далайж байгаад толгойных нь баруун дээд хэсэгт 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-29-30/,

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-36/, хохирогчийн “гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-40/, шүүгдэгчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагджа ирсэн саврыг таниулж шинжлэн судлав.

Шүүгдэгч *******- нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн задгайд оршин суух С.М-ын гэрт өөрийн дүү С.М-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.М-д учирсан хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- нь 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлөхөөр хүсэлт гаргасан тул хүлээн авч шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай модон иштэй, төмөр хийцийн 1 ширхэг саврыг хохирогч С.М-д буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-г 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хугархай модон иштэй, төмөр хийцийн 1 ширхэг саврыг хохирогч С.М-д буцаан олгож, шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР