Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт*******, *******,******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010039 дүгээр 2 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

 

Яллагдагч *******,*******,******* нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19 дүгээр байр, 02 дугаар орцонд хохирогч Б.Б- зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Нэг удаа өшиглөсөндөө гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Дахин ийм хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би нэг удаа цохисон, гэмшиж байна. Хохирлыг бид гурав тэнцүү хувааж төлсөн” гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, одоо мэдүүлэг өгөхгүй. Хоёр удаа өшиглөсөн буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэв.

     

Эрүүгийн  201726010039 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-ын: “Би 2016 оны 12 сарын 15-ны орой таксинд явж байтал Залуучууд зочид буудлын үүднээс 01 цагийн орчимд нилээн согтуу нэг залуу гар өргөж суусан. Ингээд явсаар 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэн дээр ирээд зогсоход төлбөр 6500 төгрөг гарсан зорчигч залуу намайг дагаж ороод гэрээс мөнгөө авчих гэхээр нь би дагаад орц уруу орсон. Тэднийх 5 давхарт гэсэн учир дээшээ өгсөж явтал 1 давхрын коридорт саарал подволктай залуу нэг охиныг заамдаад барьчихсан, хана руу шахаж мөргүүлээд  нөгөө охин нь “болиочээ, хоорондоо маргаж хэрэггүй юм биш үү” гэж хэлж байсан. Нөгөө залуу нь нилээн согтолттой харагдаж байсан. Тэдний хажуугаар дээшээ гараад 2 давхар уруу өгсөж явахдаа зорчигч залуу нөгөө залууд хандаж ахын дүү эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “чи хэн бэ, чи намайг барахгүй шүү, чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэхгүй байна” гэх мэтээр орилсон. Энэ үед би зорчигч залууг араас нь түлхээд дээшээ шатаар явж байсан. Бид хоёрыг 4 давхрын шатан дээр гарч явахад 2 залуу, 2 охины хамт гарч ирсэн. 2 охин нь 2 залуугийн араас нь гүйж гарч ирсэн. Бор царайтай намхан залуу нь бид хоёрын урд зогсоод юу болсон бэ гэхээр нь зорчигч залуу ах нь эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэж хэлсэн чинь танай найз араас орилоод байна гэж хэлтэл бор царайтай намхан залуу тухайн үед цэнхэр майктай байсан юм. Бид хоёрын ард шар царайтай Билгүүн гэдэг нь 2 охины хамт зогсоод бид хоёрыг явуулахгүй, цагаан саарал курткатай охин нь бид хоёроос “уучлаарай ахаа эд нар архи уучихсан согтуу байгаа юм аа” гээд уучлалт гуйж байсан. Тэр хоёр залуу бид хоёрыг явуулахгүй байхаар нь би зүүн гартаа утсаа барьчихсан байсан учраас “намайг явуулахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл намхан бор залуу нь миний утсыг булааж аваад шууд миний зүүн чихний дээр гараараа нэг цохисон. Тэр үед би шатны гишгүүрийн доороосоо 2 дахь гишгүүр дээр зогсож байснаа арагшаа ухарч шалан дээр унахад нөгөө залуу ирж миний зүүн нүд хамар орчим нэг удаа өшиглөсөн, доороос нөгөө эмэгтэйтэй хэрэлдээд байсан залуу бас ирээд гурвуулаа тал талаас өшиглөсөн. Нүд рүү өшиглүүлснээс нүд хавдаж юм харах боломжгүй хамраас цус гарахаар нь нүүрээ дараад тонгойход бөгс рүү Билгүүн, Ууганбаяр хоёр өшиглөсөн. Тэр үед охидууд нь “болиочээ хүн аллаа ш дээ” гэж орилоод хана руу шахах үед нь би доошоо буугаад зугтаахад араас Билгүүн, Ууганбаяр нар бас өшиглөсөн. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд миний хамраас цус, зүүн нүдний зовхиноос шүүс гараад байсан, гэмтлийн эмнэлэг дээр эмчид үзүүлэхэд толгойны зураг авч зүүн нүдэнд боолт хийж өгөөд нүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй учраас  1 дүгээр эмнэлгийн нүдний эмчид яаралтай үзүүл гэсэн. ...Нүдний ухархайн КТГ, нүдний дурангийн угийн шинжилгээ хийлгээд ир гэсэн энэ үед намайг зодсон 3 залуу цуг явж төлбөрийг тэд хийсэн. 2016 оны 12 сарын 26-ны өдөр 1 дүгээр эмнэлгийн нүдний тасагт хэвтэж 12 сарын 27-ны өдөр хагалгаанд орж 12 сарын 30-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмчилгээний зардал болох  1788180 төгрөгийг тэр залуучууд төлсөн, зүгээр явж байгаад тэдэнд зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37-39, 40-41, 161/,

Гэрч Б.Эрхэмбаярын: “Би 2016 оны 12 сарын 15-ны өдөр ...01 цагийн орчимд такси барьж 1 дүгээр хороолол явсан. Орцны үүдэнд буугаад тооцоогоо хийх гэтэл мөнгө дутахаар нь таксины жолооч залууг хамт ороод мөнгөө авчих гэж хэлээд бид 2 хамт ороод дээшээ алхаж явтал 2 давхрын шатны голын давцан дээр эрэгтэй эмэгтэй зогсож байсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ сэгсэрч хана мөргүүлээд маргалдаад зогсож байхаар нь би “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг болиоч” гэж хэлээд дээшээ шатаар түрүүлээд алхсан. Таксины жолооч миний араас алхаж явсан. Тэр 2-ыг гэрлүүгээ орчихлоо гэж ойлгосон. Тэгээд дээшээ 3 давхарт явж байтал ард чимээ чимээ гарахаар эргээд хартал нэг залуу нь таксины жолоочийг чирээд айлууд байдаг коридорт аваачиж 2 залуу өшиглөөд зодсон. Тэгтэл таксины жолоочийг зодож байсан 2 залуугийн нэг нь над уруу ирж миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Дахин цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад цохиулаагүй. Энэ үед нэг охин ирээд “та манай найзыг яаж байгаа юм бэ” гээд над уруу орилсон. Би “яагаач үгүй, та нар харин ингэж болохгүй хэрэгт орно шүү” гэтэл нэг охин нь салгаж байсан. Таксины жолоочийг зодсон 2 залуугийн нэг нь одоо явья гэж орилоод доошоо буусан. Гэхдээ орцны хаалгаар гараагүй, цагдаа руу би дуудлага өгсөн. Би иргэн хүнийхээ хувьд шаардлага тавьж эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэж хэлснээс болж тэр залуу 2 найзыгаа дуудаж гарч ирээд ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-42-43/,

Гэрч Б.Хонгорзулын: “...19 дүгээр байрны 40 тоот гэртээ 2016 оны 12 сарын 14-ний байж байхад найз Ууганбаяр, Эрхэмбаяр, Билгүүн нар ирж хоносон. Маргааш нь хичээлээ тараад 18 цагийн үед ирэхэд тэр 3 байж байсан. Орой манай ангийн Бямбадалай, Одонтуяа нар гаднаас орж ирсэн. Тэр 2 дэлгүүрээс талх, чипс, хиам, 2,5 литрийн Сэнгүр пиво авч орж ирсэн. Хөзөр тоглонгоо ууцгаасан. Караокед орж 1 шил 0,5 литрийн архи, пиво уусан. Ингээд байж байхдаа Ууганбаяр бид хоёр маргалдсан. Бид гэртээ ирээд дахиад уусан. Ууганбаяр бид хоёрын маргаан үргэлжилж гэрээс гараад орцонд маргалдаад зогсож байхад гаднаас 2 ах орж ирээд дээшээ гарахдаа махлаг ах нь Ууганбаярт хандаж “эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ” гэж хэлээд гарсан. Тэгтэл Ууганбаяр “яагаад яриа чагнаад байгаа юм бэ” гээд тэр ахын араас дээшээ гараад тэр ахтай чанга чанга дуугараад маргалдаад байсан. Би махлаг ахад “манай найз согтсон байна, та гэрлүүгээ орчих тэгэх үү” гээд зогсож байсан чинь Ууганбаяр, Билгүүн, ОДонтуяа нар гараад ирсэн. Билгүүн ах нар яасан гээд махлаг ах уруу очсон тэр ах Билгүүнийг алгадсан. Билгүүнээ зөрүүлээд тэр ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Ууганбаяр тэр үед та яаж байгаа юм гээд махлаг ахын нүүр рүү гараараа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-44/,

Гэрч Г.Бямбадалайн: “...Одонтуяа бид хоёр хичээл тараад Хонгорзулынд очиход танихгүй 3 банди газраар гудас дэвсээд хэвтэцгээж байсан. Тэднийг Ууганбаяр, Билгүүн, Эрдэнэбаатар гэдэг юм байна лээ, тэр өдөр танилцсан. ...Хонгорзул, Ууганбаяр хоёр үг сөргөлдөөд маргалдаад гараад явсан. Одонтуяа 00 орж ирээд цаана чинь зодоон болж байна гэж хэлэхээр нь Билгүүн гүйгээд гарсан. Араас нь гарахад 2 давхар луу гарах шатан дээр Ууганбаяр Эрдэнэбаатарыг зааж чи аваад гар гэхээр нь би Эрдэнэбаатрыг 2-лаа бууя гэтэл Эрдэнэбаатар надаас зугтаагаад байрнаас гараад гүйсэн. Би хойноос нь гүйгээд гүйцээгүй. Тэгтэл Эрдэнэбаатар эргээд байр уруу орохоор нь би араас нь ороход нэг ах нүдээ гараараа дараад байрнаас гарсан. Дээрээс Ууганбаяр, Билгүүн, Эрдэнэбаатар, Одонтуяа, Хонгорзул нар бууж ирээд Хонгорзулынд орсон. Орж ирээд гэрлээ унтраасан. Эрдэнэбаатар, Хонгорзулд чи харанхуйд ор засаж чадах уу гэхэд чадна гээд ороо зассан. Удалгүй хаалга цонх нүдээд цагдаа нар ирсэн. Утас яасан гэж асуусан бид нар мэдэхгүй гээд өөрсдийнхөө утсыг үзүүлсэн. Хонгорзул гэрийнхээ юмнуудыг сэгсэрч хайж байгаад гудсан доороос нэг утас гаргаж ирсэн. Нүд рүү цохиулсан ах тэр утсыг өөрийнхөө утсыг мөн гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-45-46/,

Гэрч С.Одонтуяагийн: “...Ууганбаяр, Хонгорзул 2 маргалдаад гарсан болохоор тэднийг харахаар гарахад 2 давхар уруу гардаг шатан дээр Ууганбаяр нэг ахтай маргалдаад зогсож байсан. Би согтуу байсан учраас юу гэж маргалдаад байсныг санахгүй байна. Тэгээд би эргэж орж Ууганбаяр хүнтэй муудалцаад байна гэж хэлсэн. Тэгтэл Билгүүн түрүүлээд миний араас гарсан, би тэр ах руу очиж “ахаа та уучлаарай, манай найз уучихсан байгаа юмаа” гэж хэлсний дараа шиг  санагдаж байна Ууганбаяр, Билгүүн нар тэр ахын нүүр рүү цохисон. Билгүүнийг аваад доошоо бууж Хонгорзулынд орж, тэр ахыг ороод ирж магадгүй гэж бодоод бид нар гэрлээ унтраасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47-48/,    

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.01.04-ний өдрийн 1123 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б-ын биед тухайн үед зүүн нүдний ухархай ясны дотор, доод ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт, ухархайн ханыг нөхөн сэргээх, мэс заслын хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-56/,

Шүүгдэгч Э.Эрхэмбаярын яллагдагчаар өгсөн: “...Хонгорзул бид хоёр маргалдаж гараад орцонд тамхи татаад зогсож байсан чинь 2 залуу гаднаас орж ирээд шатаар өгсөж явахдаа махлагдуу залуу нь “чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм” гэхээр нь би зодоогүй, юм ярьж байна гэсэн чинь тэр залуу бөгсөө арчиж чадахгүй байж цор цор гэлээ гэж хэлсэн. Би түүний араас очсон. Бид маргалдаж явж байгаад 2 давхарт гарсан. Тэгтэл Билгүүн гарч ирээд биднийг болиулсан. Махлаг залуу Билгүүний нүүр рүү гараараа нэг цохисон. Батболд тэднийг салгах гэж байхад нь Билгүүн нүүр рүү нь  нэг удаа цохисон. Махлаг залуу суучихсан байснаа босоод ирэхээр нь би түлхэж суулгасан...

...Би яг хаана нь хэдэн удаа өшиглөсөн гэдгээ санахгүй байна. Нэг удаа өшиглөсөн байх гэж бодож байна. Би хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-75, 164, 232/,    

Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн: “...Батболд гар утсаа бариад цагдаа дуудлаа гээд байхаар нь би түүний утсыг аваад шал уруу шидсэн. Одоо бодоод байхад Билгүүн, Ууганбаяр нарын куртик шалан дээр унасан байсан. Түүн дээр Батболдын утсыг шидсэн юм шиг байна. Би тэдний хувцсыг хамж аваад Хонгорзулын гэрт оруулаад шалан дээр шидсэн. Тэгэхэд л шалан дээр унаж гудсан доор орсон байх. Би бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Билгүүнийг махлаг залуу цохихоор нь Билгүүн Батболдыг цохисон талаар дараа нь ярьж байсан...

...Миний санаж байгаагаар би гар утсыг аваад шанаанд цохисноо санаж байна. Би цагдаа дуудлаа гэхээр нь айсандаа хохирогчийн гар утсыг авсан. Тэгээд яаснаа мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-78-80, 163, 230/,

Шүүгдэгч*******ий яллагдагчаар өгсөн: “...Ууганбаяр орж ирээд гадаа намайг 2 хүн өдөөд байна гэж хэлчихээд гарахаар нь Одонтуяа бид хоёр гарахад Ууганбаяр нэг ахтай шатан дээр маргалдаад зогсож байсан. Одоо больцгоо гээд махлаг ахыг шатаар дээш аваад 2 давхарт гарсан. Тэгтэл Эрдэнэбаатар дөвчигнөсөн байдалтай хүрээд ирэхээр нь ор гээд алгадаад цааш явуулсан. Тэгээд эргэж хараад нөгөө махлаг ахтай юм ярих гэтэл миний зүүн шанаа уруу цохисон. Би түүнийг арагш түлхэж нүүр рүү нь цохих гэтэл хажууд зогсож байсан Батболдын нүүр рүү цохичихсон. Тэр үед Батболд унасан. Ууганбаяр махлаг ахыг түлхэхэд бөгсөөрөө шалан дээр суусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-83-85, 162, 227/,       

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-7-13/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан Самсунг галакси эс-4 мини маркийн гар утсыг хохирогч Б.Б-од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-30/, эд зүйлийн үнэлгээ /1хх-165/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1хх-1/, хохирол төлсөн баримт /1хх-35/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86, 98, 115/, шүүгдэгч*******ий хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-87-97, 236-241/, шүүгдэгч*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-99-114, 244/, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-116-119/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тодорхойлолтууд, хохирогч Б.Б-ын хүсэлт зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч нь шүүгдэгч *******,******* нарыг тухайн гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор заасныг харгалзан улсын яллагчийн татгалзлыг хүлээн авч шийдвэрлэлээ.      

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч*******ын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн болно.    

Шүүгдэгч Э.Э- нь 2016 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19 дүгээр байрны 02 дугаар орцонд хохирогч Б.Б- зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ын “...намайг явуулахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл намхан бор залуу нь миний утсыг булааж аваад шууд миний зүүн чихний дээр гараараа нэг цохисон. Тэр үед би шатны гишгүүрийн доороосоо 2 дахь гишгүүр дээр зогсож байснаа арагшаа ухарч шалан дээр унахад нөгөө залуу ирж миний зүүн нүд хамар орчим нэг удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч******* нь “Элэ” ХХК-д мужааны туслахаар ажилладаг болох нь тухайн компанийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 68/17 дугаар албан бичгээр батлагдаж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, бусад/ зэргийг харгалзан торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд 1788180 төгрөгийн хохирол нэхэмжилснийг мөрдөн байцаалтад төлж барагдуулсан, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******,******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч О.Э- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний болох 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан******* 500000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******,*******,******* нар урьдчилан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР