Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч*******-, түүний өмгөөлөгч Н.Баяр оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******,*******- нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******,******* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010535 дугаар 2 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө мөн хугацаагаар тэнсэж суллагдсан,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Яллагдагч *******,*******- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М- эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг-Эс2” маркийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, биет 478000 төгрөг, цэнэглэгч, гоо сайхны хэрэгслүүд, иргэний үнэмлэх, улаан өнгийн түрийвч, нүдний дусаагуур, эм бүхий гар цүнх зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

яллагдагч*******,******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М- эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар дээрэмдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч*******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 201726010535 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.М-: “2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Өнгөлөг” авто угаалгын газраас 00:40 минутын орчим гараад гэр рүүгээ явж байгаад 34 дүгээр байрны хажуугаар өнгөрөөд граж дундуур гараад цаашаа цагаан бетонон гүүрний орчим утсаараа клип үзээд явж байтал гэнэт араас нэг хүн боогоод “утсаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдоход боосон чигээрээ арагшаа 4 орчим алхсан. Тэр үед араас нь дээгүүрээ хар хувцас өмссөн нэг залуу гүйж ирээд баруун гар мушгиад цүнх авах гэхээр нь би “өгөхгүй” гэж ноцолдож байгаад “та хоёр миний утсыг ав утас үлдээчих” гэхэд юу ч хэлээгүй боосон гараа чангалаад байсан. Тэгээд цүнх гар утсыг минь аваад боосон гараа тавиад гүйгээд явсан. Би буцаж ажил дээрээ очоод цагдаа дуудсан. Намайг 2 залуу дээрэмдсэн. Гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй, одоо харвал танихгүй. Араас боосон залууг огт харж чадаагүй. Харин цүнх булаадаг залуу нь туранхай, өвдөгний дээгүүр татсан хар хувцастай залуу байсан. Би царайг нь харж чадаагүй. Хар өнгийн лидренин цүнхийг 2016 оны 3 дугаар сард 28000 төгрөгөөр худалдаж авсан. 410000 төгрөг, тэр өдрийн орлого болгож 26000 төгрөг авсан байсан. Хүнд бэлгэнд өгөх гэж байсан 1000 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг байсан, 5000 төгрөгийн дэсвгэртээр 25000 төгрөг, миний иргэний үнэмлэх үнэлж мэдэхгүй, пүдр 60000 төгрөгөөр, сормуусны будаг 25000 төгрөгөөр, уруулын будаг 15000 төгрөгөөр, хөмсөгний тень 15000 төгрөг, үсний хавчаар 3 ширхэг нь 15000 төгрөг, бусад ойр зуурын гоо сайхны хэрэгсэл байсныг 30000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ илгэн 2 ширхэг алчуур 10000 төгрөгийн үнэтэй, улаан энгийн түрүүвчийг үнэлж мэдэхгүй байна, бэлгэнд авсан. 2017 онд авсан улаан хүрэн өнгийн “Нокиа 3110” маркийн гар утсыг 40000 төгрөгөөр, “Самсунг галакси Эс-2” маркийн гар утас 50000 төгрөгөөр авсан. Гар утасны шинэ цэнэглэгчийг 10000 төгрөгөөр авсан. Нүдний дусаагуур 35000 төгрөг, даралтын эмүүдээ 15000 төгрөгөөр үнэлнэ. Миний гадуур өмсдөг куртикны халаас урагдсан байсан. Хоёр нүдний дотор талын цагаан нь цус хурсан, хүзүү улайж хөндүүртэй болсон. Баруун гарын тохой өвчтэй, цээжний хэсэгт хөхөрсөн байсан. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. Мөн алдсан эд зүйлээ нэхэмжилж байна, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.

“...Гэнэт араас нэг хүн боогоод “утсаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр намайг боож байсан залуу миний араас ирээд намайг боогоод хойшоо татаж алхаад намайг эргүүлээд миний ирсэн зүг рүү харуулахад нэг эрэгтэй хүн харж байсан. Тийм болохоор тайлбар мэдүүлгүүд урдаас, араас ирж байгаа гэх зэргээр ойлгомжгүй болсон байна. Одоо миний өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Бас тэр 2 залуугийн намайг боосон нь гарнаас гар утсыг эхлээд салгаж аваад нөгөө залуу нь гар мушгиж цүнх аваад зугтаагаад явсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-31-34, 35, 2хх-66/,

Гэрч Ч.Наранхүүгийн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны орой манайд машин ихтэй байж байгаад 23 цаг 50 минутын орчим манай ажил дуусаад Ч.М-, Б-, Г- бид үлдсэн байсан. Хувцсаа солиод гар хөлөө угаагаад 2017 оны 3 дугаар сарын 06-ны 00 цаг 05 минутад Ч.М- “харьлаа” гээд ажлаас гарсан. Удалгүй хаалга нүдэхээр нь онгойлгоход Ч.М- нүүр нь улайсан, хүнд зодуулсан байдалтай “дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. Тэгээд Б-ийн утаснаас цагдаад дуудлага өгсөн. Манайх цалингаа өдөр болгон өгдөг. Тэр өдөр Ч.М- 20 гаруй мянган төгрөг авсан. Ч.М- улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас барьдаг байсан. Яг тэр дээрэмдүүлдэг өдрөө ахынх руугаа золгоно гэж яваад ирэхдээ цагаан өнгийн “Самсунг Эс-2” маркийн утас авсан гээд барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-37-38/,

Гэрч*******ийн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад манай ажил дуусаад Наранхүү, Г- бид 3 ажил дээр хононо гээд үлдээд 00 цаг 00 минутын орчим угаагч Ч.М- эгч хувцсаа солиод “харьлаа” гээд гараад явсан. Тэгээд зурагт үзээд сууж байсан чинь хаалгыг нүдээд Наранхүү ах хаалга онгойлгоход Ч.М- эгч “би дээрэмдүүлчихлээ” гээд ороод ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Орж ирэхдээ үс нь сэгсийсэн, нүүр нь улайсан, нүдэнд нь цус бууж улайсан, хүзүү нь зулгараад улайсан байсан. “Боолгоод дээрэмдүүлчихлээ” гээд нилээд сандарсан байдалтай орж ирсэн. Ч.М- эгч ажлаа тараад гарахад нүүр, нүд, хүзүү нь зүгээр байсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ч.М- эгч улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас барьдаг байсан. Яг тэр дээрэмдүүлдэг өдрөө ахынх руугаа яваад ирэхдээ цагаан өнгийн “Самсунг Эс2” гар утас авсан гээд барьчихсан явж байсан” гэх мэдүүлэг /1хх-55-56/,

Гэрч Э.Г-ын: “...Хаалга нүдэхээр нь онгойлгоход Ч.М- эгч нүүр нь улайсан, нулимс нь гоожсон хүнд зодуулсан байдалтай “дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. ...орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай үс нь сэгсийсэн, нүүр нь улайсан, нүдэнд нь цус бууж улайсан, хүзүү нь зулгараад улайсан байсан. “Боолгоод дээрэмдүүлчихлээ” гэж байсан...” гэх мэдүүлэг  /1хх-49-50/,

Гэрч А.Маналпүрэвийн: “...Ч.М- нь манай найз Нямдоржийн ээж. Намайг гэрт нь байхад өөрөө цуглуулж байгаа мөнгө гээд гаргаж ирээд тоолж байсан. Бүхэл мөнгөө тоолоход нь би харахад 400000 гаруй төгрөг байсан. Бас задгай мөнгө гэж шинэ 1,000 төгрөгүүд байсан. Намайг 3 дугаар сарын 03-нд гэрт нь очиход мөнгө тоолсон. Ч.М- эгч дээрх мөнгөө цүнхэндээ хадгалдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-58-59/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.06-ны өдрийн 3471 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.М- биед хоёр нүдний алим, зовхи, хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /1хх-21/,  

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “Хоёр нүдний алиманд цус хурсан, хоёр нүдний дээд зовхинд хүрэн ягаан өнгийн цэгчилсэн цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хүзүү хоолойг бооход үүснэ” гэх мэдүүлэг /1хх-67-68/,   

Шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд би найз Э-,*******, Б- нартай Толгойтын шөнийн дэлгүүр дээр уулзаад Б- жолоо бариад Э-,******* бид гурав 2 сав 2,5 литрийн савлагаатай пиво тээврийн хэрэгсэл дотор уусан. Тэгээд “хотын төв ороё” гэж ярилцаад Б-ын машинтай 32 дугаар байрны баруун талын замаар хойшоо чиглэлтэй явж байхад замын нөгөө талд гражны цаагуур нэг эмэгтэй хүн гартаа цүнх, утсаа барьчихсан явж байхаар нь Б-ыг “зогсож бай” гээд Э-ыг “бууя” гэж хэлээд дагуулж буугаад нөгөө эмэгтэйг дагаж байгаад цүнх, гар утсыг нь гражны цаагуур оронгуут нь булаагаад авсан. Э- бид 2 буцаж гүйж ирээд Б-ын машинд суугаад цүнхийг онгойлгож үзэхэд биет 200000 төгрөг, цагаан өнгийн дэлгэц нь хагарсан “эс2” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас байсан. Өөр эд зүйл байгаагүй. Тэгээд бид нар 21 дүгээр хорооллын уулзвараар эргээд, автосургуулийн орчим зогсоод нэг зочид буудлаас дахиад 2 сав 2,5 литрийн савлагаатай пиво аваад Б-ын машинд дөрвүүлээ хувааж уугаад тэндээсээ салцгаасан. Салахдаа бүгд үлдсэн мөнгөө 50000 төгрөгөөр хувааж авсан. “Самсунг эс2” маркийн гар утсыг Э-, “Нокиа” маркийн гар утсыг Батжаргал аваад салцгаасан. Харин цүнхийг нь хаячихсан гэж байсан. Бид нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцсон зүйл байхгүй. Э- бид 2 уг эмэгтэйг дээрэмдэнэ гэж*******, Б- нарт хэлээгүй, харин цүнхийг нь аваад эргээд ирэхдээ цүнхийг нь булаагаад авсан гэдгээ хэлсэн. Тэгэж тэр 2 гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн. Б- машин барьж байсан, эрүүл байсан. Э-,******* бид 3 бага зэрэг халамцуу байсан.*******, Б- нар Э- бид хоёрын үйлдсэн хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээллэх гэж оролдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-109-111, 135-136, 2хх-71/,

Шүүгдэгч*******-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03дугаар сарын 5-ны орой 22 цагийн орчимд Б- жолоо бариад Ц-,******* бид гурав 2 сав 2,5 литрийн савлагаатай пиво Б-ын 07-39 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл дотор уусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Б-ын машинтай 32-р байрны автобусны буудлын баруун талын уулзвараар хойшоо чиглэлтэй явж байхад Ц- бууя гээд дагуулаад буусан. Тэгээд Ц- гражин дундуур ороод явахад нэг эмэгтэй хүн урд алхаж байсан. Тэр эмэгтэйг дагаж явж байгаад Ц- цүнх, гар утас хоёрыг нь булааж аваад надад өгөөд гүй гэхээр нь би гүйж ирээд Б-ын машинд суугаад цүнхийг онгойлгож үзэхэд биет 250000 төгрөг, цагаан өнгийн, дэлгэц нь хагарсан “эс2” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас байсан. ...Дахиад 2 сав 2,5 литрийн савлагаатай пиво авч машинд 3-уулаа хувааж уусан. Тэгээд би нилээн муудаад нэг мэдэхэд гэрийнхээ гадаа буусан. Намайг буухад Ц- надад 50000 төгрөг өгсөн гэдгийг санаж байна. Харин маргааш өглөө нь босоод хувцсаа үзэхэд урд шөнө булааж авсан цагаан өнгийн, “Самсунг эс2” маркийн гар утас гарч ирсэн. Гэмт хэрэг үйлдэх санааг анх Ц- гаргасан.*******, Б- нар мэдээгүй байх. Ц- бид хоёрын хэн нь ч уг эмэгтэйг цохиж зодоогүй, газар унагаагүй.

...Би хэн нэгнийг цохиж зодож боож халдаагүй, Ц- цүнх өгөхөөр нь аваад зугтаад явсан учраас сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгуй байна. Надад урд өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл байхгуй. Би урд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-133-134, 113-115, 2хх-74/,

Шүүгдэгч*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03-р сарын 05-ны орой Толгойтын хуучин эцэс дээр найз Ц-, Э- нартай таарсан. Тэр хоёр пиво ууж байна, Б- бид хоёрыг ганц нэг пиво уух уу гэхээр нь бид 2 зөвшөөрөөд пиво авч хувааж уусан. Уугаад дуусахад 00 цаг өнгөрч байсан. Дахиад пиво авч ууя гэж ярилцаад 1-р хороолол орохоор 07-39 дугаартай Б-ын саарал өнгийн Тоёота веросса маркийн тээврийн хэрэгсэлтэй бид 4 явсан. Хойшоо чиглэлтэй 34-р байрны гүүр ордог замаар явж байхад Ц- зогсоорой гэхээр нь Б- машинаа зогсооход Э-, Ц- 2 машинаас буугаад зам хөндлөн гражин дундуур гарч явсан. Удалгүй Ц-, Э- 2 гүйгээд машинд орж ирээд яваарай гэхэд нь Б- бид 2 яасан бэ? гэхэд хөдөл хөдөл гээд байсан. Тэгээд Б- хөдлөөд явахад Э- өврөөсөө нэг эмэгтэй хүний цүнх гаргаж ирэхээр нь юун цүнх вэ? гэхэд Ц- Э- 2 цүнх авсан гэж хэлсэн. Тэгээд Ц- цүнхийг нь уудлаад мөнгө, утсыг нь аваад үлдсэн эд зүйлтэй нь машины цонхоор шидчихсэн. Тэгэхээр нь би “юу юм бэ наад чинь” гээд гэрэл асаах гэхэд Ц- гэрлээр яах гээд байгаан унтраа гээд байсан. Б-ын хашааны үүдэнд очоод бид 4 нэг пиво задалж хувааж уусан. ...Ц- надад 50000 төгрөг өгсөн. Тэгээд би “юун мөнгө вэ” гэхэд юмны мөнгө гэж хэлсэн. 03-р сарын 14-нд Ц- Б- нартай уулзаад машинтай нь цуг явж байгаад машиных нь урд талын хайрцгийг онгойлгоход улаан хүрэн өнгийн нүүртэй хар товчтой “Нокиа 3110” маркийн гар утас байхаар нь би ажилладаг юм уу гэхэд Б- ажилладаг гэхээр нь би надад өгчих гэхэд Ц-аас асуу гэсэн. Ц- ав ав гэсэн одоо энэ утас манай гэрт байгаа. Э-, ******* нарын авчирсан цүнхийг гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэдэж байсан. Хөдлөөд явсны дарааа гэрлэн дохионы орчим ирэхэд Э- өврөөсөө цүнх гаргаж ирээд сая энийг шүүрчихлээ гэж хэлсэн. ...Би өөрөө Ц-аас мөнгө авчихсан, бас найзууд болохоор хэлж чадаагүй. Хэлвэл өөрөө бас асуудалд орох байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /1хх-118-119, 124-125, 2хх-77/,

Шүүгдэгч*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Ц-, Э- нарын нэг нь “зогс эмэгтэй хүн явж байна” гэхээр нь би зогсоход Ц-, Э- 2 машинаас буугаад гүйгээд явчихсан.******* бид 2 машинд үлдсэн. Хүүхэн хараад найрах гэж байгаа юм байх гэх зэргээр ярилцаад сууж байхад Э- нэг цүнх барьчихсан, Ц- араас нь гүйж ирэхээр нь би цүнхийг нь авчихаж байгаа юм уу? гэхэд Цоггбаяр, Э- хөдлөөрэй гэхээр нь би хөдлөөд явсан. Ц- миний машинд суугаад цүнхийг онгойлгойж үзэхэд биет 250000 төгрөг, цагаан өнгийн, дэлгэц нь хагарсан “эс2” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас байсан. Бид нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Цүнх булаагаад ирсний дараа мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-121-122, 127-128, 2хх-80/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-6, 2хх-16-17/, илтгэх хуудас /1хх-8/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-29-30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-211/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2хх-21/, эд зүйлийн үнэлгээ /1хх-19/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-26, 28/, хохирогчийн хүсэлт /1хх-36/, гэрч Р.Баярцогтын мэдүүлэг /1хх-51/, өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хүсэлт /2хх-2/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-141, 142, 143, 144/, гэрч Р.Энх-Амгалангийн мэдүүлэг /1хх-39-40/, гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг /1хх-41/, гэрч О.Алтайн мэдүүлэг /1хх-48/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. 

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч *******,*******-,*******,******* нарын тус тус гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн болно.    

Шүүгдэгч *******,*******- нар согтуурсан үедээ бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М- эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг-Эс2” маркийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, биет 478000 төгрөг, цэнэглэгч, гоо сайхны хэрэгслүүд, иргэний үнэмлэх, улаан өнгийн түрийвч, нүдний дусаагуур, эм бүхий гар цүнх зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.М-: “...Гэнэт араас нэг хүн боогоод “утсаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдоход боосон чигээрээ арагшаа 4 орчим алхсан. Тэр үед араас нь дээгүүрээ хар хувцас өмссөн нэг залуу гүйж ирээд баруун гар мушгиад цүнх авах гэхээр нь би “өгөхгүй” гэж ноцолдож ...цүнх, гар утсыг минь аваад боосон гараа тавиад гүйгээд явсан. Намайг 2 залуу дээрэмдсэн. ...Бас тэр 2 залуугийн намайг боосон нь гарнаас гар утсыг эхлээд салгаж аваад, нөгөө залуу нь гар мушгиж цүнх аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-31-34, 35, 2хх-66/, гэрч Ч.Наранхүүгийн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны 00 цаг 05 минутад Ч.М- “харьлаа” гээд ажлаас гарсан. Удалгүй хаалга нүдэхээр нь онгойлгоход Ч.М- нүүр нь улайсан, хүнд зодуулсан байдалтай “дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. Ч.М- улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас барьдаг байсан. Дээрэмдүүлдэг өдрөө цагаан өнгийн “Самсунг Эс-2” маркийн утас авсан гээд барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-37-38/, гэрч*******ийн: “...Ч.М- эгч хувцсаа солиод “харьлаа” гээд гараад явсан. “Би дээрэмдүүлчихлээ” гээд ороод ирсэн. Ч.М- эгч улаан хүрэн өнгийн “Нокиа” маркийн гар утас барьдаг байсан. Тэр өдрөө цагаан өнгийн “Самсунг Эс2” гар утас авсан гээд барьчихсан явж байсан” гэх мэдүүлэг /1хх-55-56/, гэрч Э.Г-ын: “...Хаалга нүдэхээр нь онгойлгоход Ч.М- эгч нүүр нь улайсан, нулимс нь гоожсон хүнд зодуулсан байдалтай “дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. ...Боолгоод дээрэмдүүлчихлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-49-50/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “Хоёр нүдний алиманд цус хурсан, хоёр нүдний дээд зовхинд хүрэн ягаан өнгийн цэгчилсэн цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хүзүү хоолойг бооход үүснэ” гэх мэдүүлэг /1хх-67-68/ болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч******* согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М- эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

шүүгдэгч******* нь 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М- эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-29/, гэрч Х.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1хх-57/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч *******,*******- нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч*******,******* нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******,******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл*******,******* нар 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан эрүүгийн хариуцлагаас хүндэрч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх дүгнэж, улсын яллагчийн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

Түүчнлэн*******,******* нар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******,*******- нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул тэдэнд хорих ял оногдуулах,*******,******* нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон өөрчлөж, торгох ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч С.Оюунцэцэг “Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч*******-ын өмгөөлөгч Н.Баяр “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тухайд маргах зүйлгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон зүйлчлэлийг өөрчлөж, торгох ял оногдуулах дүгнэлт танилцуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тусын дүгнэлтийг танилцуулсан болно.  

Талуудын танилцуулсан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, харин хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал *******,*******- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг/, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдууллаа.   

Шүүгдэгч *******,*******-,*******,******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Ч.Ч.М-д 932.000 төгрөгийг төлж барагдуулсан /1хх-26, 28/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч *******ын 2017.03.16-ны өдрөөс 2017.05.16-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг,*******-ын 2017.0.16-ны өдрөөс 2017.04.05-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 20 /хорь/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,*******,******* 2017.03.16-ны өдрөөс 2017.04.05-ны өдрийг хүртэл тус бүр 20 /хорь/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг Эс2” маркийн гар утас 1 ширхгийг хохирогч Ч.Ч.М-д буцаан олгож, шүүгдэгч*******ын эзэмшлийн 0739 УНЦ улсын дугаартай, Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******,******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц-, Э- нарыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч*******, Б- нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч*******,******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч*******-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******,*******- тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын урьдчилан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг,*******-ын урьдчилан хоригдсон 20 /хорь/ хоногийг тэдний ял эдэлсэн тус тус оруулан тооцож,*******,******* тус бүр 20 /хорь/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Нокиа” маркийн 1 ширхэг гар утас, “Самсунг Эс-2” маркийн 1 ширхэг гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Ч.М-д буцаан олгосугай.

8. Мөрдөн байцаагчийн 2017.05.10-ны өдрийн 13 дугаар “07-39 УНЦ улсын дугаартай Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******,*******- тус бүрийн эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР