Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/343

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогчийн өмгөөлөгч М.Бадам,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Болорчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000334 дүгээр эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Яллагдагч ******* нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байрны баруун талын авто зогсоолын граш болон зорчих хэсгийн хоорондох замд 00-00 УБҮ улсын дугаартай Toyota vitz автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай Б.Т-г мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр машинаа гаражаас гаргах гээд хүүтэйгээ цуг гарсан. Хүүгээ хаалга барьж байгаарай гээд зогсоочихоод би ухарсан. Өмнө нь дандаа хаалга барилуж зогсоодог байсан юм. Толиндоо харахад хүүхэд байсан. Гэтэл машины ард “түг” гэх чимээ гарсан. Тэгээд л ийм хэрэг болсон. Миний үйлийн үр юм байх даа, хэлэх үг байхгүй” гэв.

 

Эрүүгийн 201724000334 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Нямсүрэнгийн: “Миний хүү талийгаач Б.Т- нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод айлын ууган хүү болон мэндэлсэн. Нөхөр бид хоёр хагас, бүтэн сайн өдрөөр хүүхдүүдээ аваад манай аав *******ын гэрт очиж хонодог юм. Миний талийгаач хүү Б.Т- нь өвөө *******, эмээ Отгон хоёрын хайртай зээ хүү нь байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны орой би нөхөр, хоёр хүүхдийн хамт аав *******ын гэрт очиж хоносон. Маргааш өдөр 13 цагийн орчимд аав ******* грашаас машин гаргана гэж хэлээд хүү Б.Т-г дагуулаад гарсан. Гэрээс гарснаас хойш 10 орчим минутын дараа аав залгаад ослын талаар хэлсэн. Бид нар гараад очиход хажуу талын Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Удалгүй бид хэд талийгаач хүүгээ түргэний автомашинаар аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний талийгаач хүүгийн эмчилгээ болон оршуулгын бүх зардлыг аав ******* өөрөө гаргаж зохион байгуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20/,

Иргэний хариуцагч Б.Наранбямбын: “Toyota vitz маркийн 0000 УБҮ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх. Миний эцэг ******* машиныг гаражаас гаргаж угаана гээд дүү Б.Т-г дагуулаад гарсан. ...Гаражаас ухарч гарч байхдаа ийм золгүй явдал болсон. Миний автомашинд эвдрэл учраагүй. ******* нь оршуулгын зардал, бусад бүх зардлыг гаргаж буяны ажлыг хийсэн. Цаашид иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй...” ” гэх мэдүүлэг /хх-32/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.05.23-ны өдрийн 1026 дугаар актын дүгнэлтэд: “1.Талийгаачид хуйхны зүүн дух зулай хэсгээр цус харвалт, духны баруун тал, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн титэм заадас салсан хугарал, зүүн ухархайн гадна болон дээд хана, суурь ясны зүүн баруун их далавч, турк эмээлийн хугарал, зүүн баруун дух, зүүн зулай, чамархайн суурь хэсгийн хатуу хальс дээр доорхи цусан хураа, зүүн дух чамархайн зааг хэсэг дэх тархины эдийн голомтлог няцрал, дух зулай чамархай, таславч хэсгийн аалзан бүрхүүлийн дорхи цус харвалт, тархины таламусын эдийн гүн дэх цэгчилсэн цус харвалт, дух чамархайн зулгарал, 2 нүдний зөөлөн эд дэх цус хуралт /нүдний шилний шинж/ гэмтэл тогтоогдов. 2. Хүүхэд дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3. Цусны 1-р бүлэгтэй байна. 4. Архаг хууч өвчин үгүй байна. 5. 2017.05.17-ны 10.50 цагт нас баржээ” гэжээ /хх 34-36 /,

Замын цагдаагийн албаны 2017.06.28-ны өдрийн 228 дугаар дүгнэлтэд: “1. Т.Витц маркийн 00-00 УБҮ улсын дугаартай автомашин жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7. Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх: 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. ...Автомашины тоормозны мөргүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй байна. 3. Явган зорчигч талийгаач Б.Т- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-52-53/,   

Шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ зээ хүү Б.Т- /4 настай эрэгтэй/-гийн хамт гарч, гаражаас машинаа гаргахаар гаражийн хаалга онгойлгоод хүүгээ хаалганы хажууд хаалга бариад зогсож байгаарай гэж хэлсэн. Уул нь хөдөлгөөнгүй зогсоож байх гэж л тэгэж хэлсэн юм. Тэгээд би машиндаа суугаад ухарч байтал “түг” гээд дуу гарсан. Би тоормоз гишгээд зогссон. Буугаад иртэл зээ хүү минь автомашины доор дунд хэсэгт хэвтэж байсан. Би сандраад хашгирсан тэр үед хажуугаар явж байсан хүмүүс ирж автомашиныг өргөж холдуулаад хүүхдийг гаргаж авсан. Би зээ хүүгээ тэврээд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-61, 67/,

тогтоол /хх-4, 5/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12/, гэрч О.Отгоны мэдүүлэг /хх-30/, *******ын жолоочийн үнэмлэх, техникийн тодорхойлолт /хх-68/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон өөрчлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

  2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байрны баруун талд байрлах гараж болон зорчих хэсгийн хоорондох замд “Toyota vitz” маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай Б.Т-г мөргөж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч “Замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйл буюу болгоомжгүйгээр хүний амь хохироосон гэмт хэрэг гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зам гэдэг тодорхойлолтыг харах ёстой. Зам дээр, замын хөдөлгөөний улмаас хэрэг гараагүй. Өөрийн гараж дотроо ухрах үйлдэл хийсэн нь гэмт хэрэг биш. Гэрэл зургаас харахад А цэг тавигдсан хэсгийг зам гэж үзэхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

улсын яллагч “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай, Т.Т- мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлтээр тухайн хохирогчид учирсан гэмтэл болон А цэгт маргаан үүсээгүй” гэж тус тус дүгнэлт гаргасан болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; мөн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус заасан байх тул хохирогч, шүүгдэгч өмгөөлөгч нарын дүгнэлт няцаагдаж байна. Түүнчлэн шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйл буюу бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.    

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан *******од оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Оршуулгын зардлыг болон бусад зардлыг ******* төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч *******ыг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* урьдчилан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлд зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан түүний 1950 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх зүйтэй.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч *******ын 1950 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттуяад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар *******од оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.   

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР