Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

2021       09         20                                               2021/ШЦТ/267

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхагвагэрэл

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баарин овогт Чадраабалын Энхбаясгаланд холбогдох эрүүгийн 2121002070270 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 2-4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баарин овогт Чадраабалын Энхбаясгалан. /РД: ЖЮ90092411/

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалан нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Luxe” рестораны урд талын засмал зам дээр 00-72 ДОР улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Золжаргал, Д.Оюунсувд нарыг мөргөж, улмаар явган зорчигч  Б.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Оюунсувдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Энх-Баясгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхагвагэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бидний зүгээс шүүгдэгчээс оршуулгын зардалд нийт 12129.806 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүгдэгч 15500.000 төгрөгийг шилжүүлсэн. Бид нар шүүгдэгчид илүү мөнгө явуулсан байна. Зөрүү мөнгөө авах уу?” гэж асуухад “авахгүй” гэж хэлсэн. Бид нар оршуулга болсноос хойш 49 хоног дээр нь худалдаж авсан зүйлийнхээ баримыг хэрэгт хавсаргах байсан боловч шүүгдэгч нэхэмжилсэн мөнгөн дүнгээс илүү мөнгө нэхэмжилсэн учир баримтыг хэрэгт хавсаргаагүй. Би ээжийгээ алдаад 4 жил болж байхад удаагүйгээр эгчийгээ алдсандаа маш их харамсаж байна. Эгч маань ээжийг минь орлож байсан хүн байсан. Хүний амь нас хохирсон байхад 1-5 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчид оногдуулах магадлалтай гэсэн. Уг ял шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт багадахаар байна. Бидний хувьд маш их гомдолтой...гэв.

 

Хохирогч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Оюунсувдын хамтаар Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Люкс” пабруу очиж гаднах Гарденд нь сууж үйлчлүүлэхээр болсон. Тухайн газарт бид хоёр хоол идээд миний санаж байгаагаар хүний 3, 3 шил Алтан говь нэртэй 0,5 литрийн савалгаатай пиво уусан. Улмаар тухайн паб 22 цагт хаана гэж байсан бөгөөд Оюунсувд бид 2 тухайн пабаас миний санаж байгаагаар 21 цаг 50-55 минутын орчимд гарсан. Бид 2 тухайн үед манай гэрлүү /6-р баг 19-р байр/ очихоор ярилцсан байсан бөгөөд пабаас ертөнцийн зүгээр урд талд байрлах замруу очсон. Улмаар явган хүний гарц руу нь дөхөх гээд уг замаар явж байхад зүүн талаас баруун тийш чиглэн нэгэн машин ирж байгаа харагдсан. Бид 2 яахаа мэдэхгүй тухайн газраа зог тусаад зогсож байхад тухайн машин эхлээд намайг мөргөчихсөн /би Оюунсувдын зүүн талд явж байсан/. ... би газарт унаснаа санаж байна. Тэгтэл тухайн машин Оюунсувдыг хамт дайраад явчихсан бөгөөд нэг харахад тухайн дайрсан машин баруун талд нэлээн зайтай зогсож байсан. Харин Оюунсувдыг харахад осол болсон газрын баруун талд байрлах гэрлийн шонгийн урд талд газарт ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэжээ. /хх-ийн 36-38 тал/

 

                  Гэрч А.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 6-р баг Сүхжингийн хорооллын хойд хэсэгт байрлах такси зогсоол дээрээс цэнхэр өнгийн Акуа маркийн 00-72 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд суусан. Тухайн тээврийн хэрэгсэлд суухад 20-30 орчим насны эрэгтэй хүн жолооны ард сууж байсан. Тэгээд би тухайн жолоочид хандаж “эр хүний овоо, өвөр эрээн хороолол руу явъя” гэж хэлэхэд жолооч уг хорооллын хойд талд байрлах асфалтан төв замаар ертөнцийн зүгээр баруун тийш чиглэн явсан. Би тухайн үед доошоо хараад утсаа оролдоод явж байсан бөгөөд Хэрлэн сумын 10-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Люкс пабын урд талын зам дээр явж байхад миний сууж явсан тээврийн хэрэгсэл гэнэт тоормозоо дарсан. Энэ үед би дээш өндийж замаа харахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ямарч байсан нэг эмэгтэйг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөхөд уг эмэгтэй тээврийн хэрэгслийн урд цонхыг мөргөөд газарт унасан. Тухайн жолооч баруун тийш жаахан явж байгаад зогсоод эргэн ослын газар дээр ирсэн. Энэ үед би жолоочтой хамт машинаас буусан бөгөөд осол болсон гэх 4 замын уулзварын хойд талын гэрлэн дохионы наад талд байрлах замын хашлаганы ойролцоо ирэхэд нэг эмэгтэй ухаангүй байдалтай хэвтэж байсан. Харин түүний хажууд бас нэгэн эмэгтэй сууж байгаа харагдсан...” гэжээ /хх-ийн 45-47 тал/

          Гэрч Л.Гэрэлцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...22 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад Энхтайваны хамтаар Хэрлэн сумын 10-р баг Люкс пабын ертөнцийн зүгээр баруун талын замаар нь хойноос урагшаа чиглэлтэй явж байхад улаан гэрэл асаж байгаа харагдсан. Энэ үед миний машины урд талд ямар нэгэн машин байгаагүй. Энэ үед тухайн уулзвараар зүүнээс баруун зүгт чиглэлтэй замын 2-р эгнээгээр явж байсан цэнхэр өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэл уг уулзвараар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байсан 2 эмэгтэй мөргөчихсөн. Миний харснаар машин ирэхээс өмнө нь нэг эмэгтэй нь эхлээд зам хөндлөн гарах гээд гүйх оролдлого хийх гэж байсан. Энэ үед зүүн талаас нь баруун тийш чиглэлтэй уг машин ирж байсныг нэг нь харсан бололтой нөгөө охиноо араас нь татсан боловч хоёулаа мөргүүлчихсэн...” гэжээ.  /хх-ийн 58-60 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 76 тоот дүгнэлтэд:

  1. Талийгаач Д.Оюунсувдын цогцост оношинд бичигдсэн дээрх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн тул гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоохгүй болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоохдохгүй байна.
  5. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болно.
  6. Талийгаач нь нас барах үедээ эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийгдэж байсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна...гэжээ. /хх-ийн 78-82 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 346 тоот дүгнэлтэд:

  1. Б.Золжаргалын биед зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн хэлтэрхийт далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн гарын бугуй, сарвууны зулгаралт, баруун өвдөгний зулгаралт шинэ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх зүүн шилбэний тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн хэлтэрхийт далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн гарын бугуй, сарвууны зулгаралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 74-75 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118 тоот дүгнэлтэд:

1. Шинжлүүлэгч Ч.Энхбаясгалангийн биеэс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-ийн 99 тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаанд: “...Ч.Энхбаясгалан 2021 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00-72 ДОР улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч Б.Золжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12а/-д зааснаар “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэжээ. /хх-ийн 103 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 10-18 тал/

- Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 130-135 тал/

- Ч.Энхбаясгалангийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52, 110-112 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Баарин овогт Чадраабалын Энхбаясгалан нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Luxe” рестораны урд талын засмал зам дээр 00-72 ДОР улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Золжаргал, Д.Оюунсувд нарыг мөргөж, улмаар явган зорчигч  Б.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Оюунсувдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Буянжаргал, Л.Гэрэлцэцэг, хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Г.Лхагвагэрэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 76 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 346 тоот, мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгаланд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Энхбаясгаланг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул хохироч Б.Золжаргалд төлөх төлбөргүй, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхагвагэрэлд оршуулгын зардал болон бусад зардалд 15500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, баримт бичгээр хураагдсан шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн ЖЮ90092411 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баарин овогт Чадраабалын Энхбаясгаланг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чадраабалын Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхбаясгаланд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхбаясгаланд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Энхбаясгалангийн ЖЮ90092411 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Энхбаясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТЖАРГАЛ