Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2530

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Э

Хариуцагч: С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэрийн дүү болох нэхэмжлэгч Б.Э-д хариуцагч С.Т нь өөрийнхөө хүсэлтээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өмнө зээлсэн мөнгө болох 5 596 000 төгрөгийн төлбөрөө бүрэн өгч дуусгахаар тохиролцон бичиг хийж өгсөн байдаг. Энэ хугацаанаасаа хойш нэг ч удаа холбоо барьж утсаар яриагүй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь нялх хүүхэдтэй, Дархан-Уул аймагт амьдарч байгаа тул төлбөр мөнгөө авахаар хөөцөлдөж чадахгүй байна. Иймд хариуцагчаас 5 596 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний бие нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Б.Э-ийг сайн танихгүй нэг л удаа харсан. Б.Э-ийн төрсөн ахын эхнэр н.Н гэдэг эмэгтэй нөхрөөсөө салаад надтай хамт амьдарч байсан. Нэг удаа тэрээр надад Б.Э-өөс мөнгө авсан удахгүй төлнө гэсэн бичиг хийгээд өгчих гэхээр нь би модны хоёрт очиж бичиг хийж өгөхдөө анх харсан. Би 2014 оны 12 дугаар сард н.Наранчимэгээс 300 000 төгрөг зээлээд удаалгүй буцаагаад 400 000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн үед надруу Б.Э утсаар яриад мөнгөө нэхэхээр нь н.Н-т хэлэхэд “наадах чинь яах вэ, би учрыг нь олно” гээд надад сайн тодорхой тайлбар өгөхгүй байсан. Оны дараахан надруу яриад гэрийнхээ хаягийг өгөөч гэсэн. Тэгээд миний гэрийн хаягийг аваад чимээгүй болсон. Тэрнээс хойш нилээн удсаны дараа н.Н надруу яриад “Б.Э Дархан-Уул аймгаас ирсэн байна чи уулзаад мөнгө төлж өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч” гэж хэлсэн. “Юу нь мөнгө төлж өгнө гэсэн бичиг вэ” гэж асуухад “чи надад хайртай бол аргалаад бичээд өгчих, дараа нь би ажил эхэлчихвэл бага багаар нь төлчихнө” гэж хэлсэн. Тэгээд би Б.Э рүү утсаар яриад модны хоёрт очоод “авсан үнэн болно” гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үедээ хэдэн төгрөгийн баримтад гарын үсэг зурсанаа санахгүй байна. Гарын үсэг зурж өгсөнөөс хойш сарын дараагаас н.Н надтай харьцахаа больсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг утсаа авдаггүй, гэрийн хаягаа солиод алга болсон гэсэн байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Нэхэмжилж байгаа 5 596 000 төгрөгийг би аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Т-өөс 5 596 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Э нь С.Т-өөс зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тус шүүхээс гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг баримталж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэрт “... хариуцагч нь нэхэмжлэгч Б.Э-өөс мөнгө аваагүй тухайгаа болон баримтыг үйлдсэн шалтгаанаа тайлбарласан, баримтын агуулгаас үзэхэд зээл авсан тухай бус ийм хэмжээний мөнгө өгөх үүрэг хүлээсэн агуулгатай байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-т хэсэгт бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гарын үсэг бүхий мөнгө төлөх тухай баримт нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг харилцан тооцож тогтоосон гэж үнэлэх боломжгүй гэж үзлээ” гэсэн байна. Гэтэл С.Т нь өөрөө мөнгө хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн. Түүнээс биш хуурамч баримт гаргаж өгөөгүй, хариуцагч баримт хийж өгснөө ч өөрөө хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч тал зөвхөн өөрөө амаар тайлбар хэлэн уг бичгийн нотлох баримтыг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх ямар хуулийн заалтыг үндэслэн хүлээн авч дүгнэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй атлаа нотлох баримтад дурдагдсан төлбөр төлөх болон зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж хэт нэг талыг баримталж үндэслэлгүй дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөө хүлээн зөвшөөрч баримт бичиж өгсөн болохоор л шүүхийг энэхүү баримтаар шийдвэрлэдэг юм гэж ойлгоод шүүхэд С.Т-ийн данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлэн өгч, надад мөн эргүүлэн төлж байсан тухай өөрийн “Хаан банк” дахь дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөлгүй орхигдуулсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд “хариуцагчаас би 2014 оны 12 дугаар сард н.Н-ээс 300 000 төгрөг зээлээд удаалгүй буцаагаад 400 000 төгрөг шилжүүлэн өгсөн” гэж тайлбарлан хэлсэн ба иргэн надаас шилжүүлэн авсан болон эргүүлэн дансаар шилжүүлэн төлсөн мөнгөө н.Н-ээс авч, эргүүлэн өгсөн гэж худал, буруу тайлбар гаргаж түүнийг шүүх дүгнэн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд зөвхөн амаар гаргаж байгаа үгүйсгэсэн тайлбаруудыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч үгүйсгэж байгаа тайлбараа ямар нэг нотлох баримтаар давхар нотлох үүрэгтэй байхад шүүх орхигдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү баримтад дурдсан үнийн дүн бүхий мөнгийг хэзээ, хэдэн удаагийн үйлдлээр хариуцагчид шилжүүлсэн, өр хэрхэн үүссэн талаар нэхэмжлэгч тал нотлоогүй, тайлбар гаргаагүй болно” гэсэн байна. Б.Э миний бие хууль эрх зүйн мэдлэггүй, мөн нялх хүүхэдтэйгээ Дархан-Уул аймагт амьдардаг. Улаанбаатар хот орж мөнгөө нэхэх боломжгүй байсан болохоор аргагүй эрхэд шүүхэд хандаж болдог гэж дуулаад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргэн ах Ш.Э-ийг томилж, шүүх хуралдаанд оролцуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн мэдлэггүй болохоор миний дансны хуулгыг шүүхэд өгөөгүй, мөн гэрчээр н.Н нарыг оролцуулах хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл би энэ мөнгийг төлнө гэж С.Т-ийн өөрийн гараар бичсэн баримтаар шүүх шийдвэрлэдэг гэж ойлгон банкны мөнгө шилжүүлж байсан, эргүүлэн авч байсан баримтуудыг өгөөгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж иргэн миний шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан үнэлж, дүгнэсэн, мөн нялх хүүхэдтэйгээ арай ядан цуглуулсан хэдэн төгрөгөө хүнд алдахдаа хүрээд байгаа тул дээрхи нотлох баримтыг үнэлүүлэх, өөр нотлох баримт болох дансны хуулгаа өгөх, гэрч оролцуулах, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч авах бололцоог олгох үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан заагаагүй боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд хийх боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Нэхэмжлэгч шаардлагадаа “... хариуцагч С.Т нь өөрийнхөө хүсэлтээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өмнө зээлсэн мөнгө болох 5 596 000 төгрөгийн төлбөрөө бүрэн өгч дуусгахаар тохиролцон бичиг хийж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Т-д бэлнээр эсхүл дансаар 5 596 000 төгрөгийг өгсөн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хэдийгээр хариуцагч нь 5 596 000 төгрөгийг төлөх талаар бичиг хийж өгсөн /хх-ийн 6-р тал/ гэдгээ тайлбарлаж байгаа боловч бодит байдалд хариуцагч дээрх мөнгийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч тал зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэдгээ баримтаар нотлох үүрэг үүснэ.

Энэхүү үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... банкны дансны хуулгаа өгөх, гэрч оролцуулах, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч авах бололцоог олгох үүднээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэгсэхгүй байх, ... үндэслэл болохгүй” гэж заасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                       Г.ДАВААДОРЖ