Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 18

 

О-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0018/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Я.Сансар,

Насанд хүрээгүй хохирогч О, түүний хууль ёсны төлөөлөгч Д,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, Д.Баатарцогт нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Д.Баатарцогт нарын давж заалдах гомдлоор О-д холбогдох эрүүгийн 1939000650046 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1992 онд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Р-н Ч /РД: / нь

2016 оны 5 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд О-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж 2017 оны 5 дугаар сард жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Р-н Ч-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч О-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолж, шүүгдэгч О-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Д.Баатарцогт нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Д нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүдээс харахад Ч нь бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо төлсөн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл болж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ч нь хувийн зан байдлын хувьд төлөв даруу, биеийн эрүүл мэндийн хувьд 9 настай байхдаа мориноос унаж хөл нь дунд чөмгөөрөө 2 удаа хугарч, түнх нь мултарч 5 удаа мэс засал хийлгэж хөл дээрээ боссон бөгөөд нэг талын хөл нь хатаж гишгэх боломжгүй болж суга таягтай явдаг, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг.

Ч нь үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч Чтай байнгын харилцаа холбоотой байж охин Нямтуяагаа асран хамгаалж, амьдралд нь тус нэмэр болж, Чыг 18 насанд хүрэхэд нь албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болж цаашид элэг бүтэн сайхан амьдрах хүсэл зорилготой байдаг.

Анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулснаас хойш биеийн байдал муудаж, унтаж чадахаа больж, хөл нь өвдөж цагдан хорих байрны эмчийн заавраар байнгын өвчин намдаах эм, тариа хийлгэж байна.

Дээрх хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ болгож өгнө үү гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ч нь биеийн эрүүл мэндийн хувьд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг бөгөөд 9 настай байхдаа мориноос унаж хөл нь дунд чөмгөөрөө 2 удаа хугарч, түнх нь мултарч 5 удаа мэс засал хийлгэж хөл дээрээ боссон бөгөөд нэг талын хөл нь хатаж гишгэх боломжгүй болж суга таягтай явдаг бие муутай хүүхэд юм. Мөн манайхаар ирж, охиноо асран хамгаалж, эцэг хүний үүргээ сайн биелүүлдэг. Цаашид охиныг маань насанд хүрэхээр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж хамтдаа амьдарна гэж ярьдаг. Иймд охины минь цаашдын амьдрал, хувь заяа болон Ч-н эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн үндэслэлтэй үзэж байна.

Хэргийн оролцогчид ял шийтгэлийн талаар гомдол гаргасан бөгөөд энэ талаар саналгүй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хорих ялыг тэнсэн харгалзах ял болгож өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хохирогч О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоо 17 настай. Ч-тэй 2017 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Ч нь 2019 оны 4 дүгээр сар хүртэл манайхаар ирж, очиж охин Н-г асран хамгаалж эцэг хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг байсан. Иймд Ч-н биеийн эрүүл мэндийн байдал, охины минь ирээдүйг бодож Ч-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Миний хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ.

Шүүгдэгч О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид Ч-тэй гэр бүл зохиож сайхан амьдарна гэж боддог. Миний биеийн эрүүл мэндийн байдал болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О нь 2016 оны 5 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд насанд хүрээгүй О-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж 2017 оны 5 дугаар сард жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй гэрч О-н “...анх О миний утасны дугаарыг Ч-д өгч, танилцъя гэж мессеж бичиж байсан. Ч-тэй 4-5 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Жирэмсэн болох үедээ 15 нас 3 сартай байсан. Хүч хэрэглэж байгаагүй. Би өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 хуудас/, гэрч Дгийн “...би Ч-н ээж нь юм. Анх А багш утсаар ярьж эмнэлэг дээр дуудсан. Өмнөдэлгэр сумын эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед 5 сартай жирэмсэн болсон байсан. 2018 оны 3 дугаар сарын 24-нд Хэнтий аймгийн эмнэлэгт төрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/, О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би анх 2016 оны намар Чтай найз болох О-р дамжуулан танилцаж байсан. Бид 2 сарын дараа уулзаж, 4-5 удаа бэлгийн харьцаанд орсон. Жирэмсэн болсон тухайгаа надад хэлж байсан. Анх уулзахдаа сургуулийн хүүхэд гэдгийг нь мэдсэн. Би хүүхэд байхдаа мориноос унаж баруун хөлөндөө дунд чөмөгний хугарал, түнхний хугаралтай, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/, зэрэг мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс О-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн болон хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О-н цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО