Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/1343

 

2015 оны 7 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/1343

Улаанбаатар хот

 

Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Мын нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М нь Төрийн тусгай хамгаалалтын газарт 1997 оноос эхлэн ажилласан ба албан тушаалын хувьд ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, орлогч дарга хүртэл дэвшсэн билээ. Газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Шилжүүлэн томилох тухай" Б/438 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн тусгай алба хаагчийн цалингийн ангилал, зэрэглэлийг бууруулан ажилтан-р томилсон болно. Тус тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Б/438 дугаар тушаалд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг үндэслэжээ. Тус зохицуулалт нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын бүрэн эрхийг зөвхөн хуульчилсан заалт тул бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, түр чөлөөлөгдөх, халах зэрэг ньТөрийн албаны тухай хуулийн 22, 23, 24, 25 дугаар зүйлүүдэд зохицуулагдсан байдаг. Гэтэл Б/438 тоот тушаалаар нэхэмжлэгч Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн томилохоор заасан боловч дээрхи хуулийн зүйл заалтыг огт дурдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллахаар бол түүнтэй тохиролцсоны дагуу шилжүүлэх тушаалыг гаргадаг боловч Мтай тохиролцсон асуудал байдаггүй. Хэдийгээр Б/438 тушаалд албан тушаалаас нь бууруулах тухай үгчилэн дурдаагүй ч агуулгын хувьд албан тушаалаас нь бууруулж ажилтан болгосон. Тус асуудлаар М нь Төрийн албаны зөвлөлд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хандан дээрхи тушаалыг хянан хэлэлцэж шийдвэрлүүлэхийг хүссэн. Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1559 тоот албан бичгээр хариу өгсөн ба тус бичигт зааснаар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний Б/438 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй тул маргаантай асуудлаараа шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг даалгасан. Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шилжүүлэн томилох тухай Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шилжүүлэн томилох тухай Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шилжүүлэн томилох тухай Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохьг даалгах, тушаал гарснаас хойшхи цалин, нэмэгдлүүдийг тушаал гарахаас өмнө авч байсан хэмжээгээр нөхөж олгуулах" гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/438 тоот тушаалаар Мыг ажлаас халаагүй бөгөөд Далд хамгаалалтын албаны ажилтнаар шилжүүлэн томилсон. Дээрхи тушаалд зайлшгүй Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлүүд хамаарахгүй бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тагнуулын төв газрын даргатай зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу мөн хуулийн заалтыг баримтлан шилжүүлэн томилсон. Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулахыг тайлбарласан байх бөгөөд харин төрийн байгууллага дотор шилжүүлэн ажиллах талаар тусгайлан тайлбарлаагүй байдаг. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Төрийн албаны шийдвэр хамтын шийдвэр бөгөөд тогтоол хэлбэрээр гардаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн гишүүний өгсөн хариуг үндэслэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хэмээн үзсэн нь буруу юм. Төрийн албаны тухай хуулинд гомдол гаргах журмыг зааж өгсөн. Энэ бүрэн эрхийг Улсын Их Хуралд шилжүүлсэн. Улсын Их Хуралд түүнийг ямар журмаар явагдах ёстойг зааж өгсөн бөгеөд мөн Улсын дээд шүүхийн тайлбарт тусгасан байна. Үүгээрээ урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буцааж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мыг Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Мын ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон тооцоолж, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, үлдэх олговорыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Батсайхан давж заалдах гомдолдоо:...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/438 тоот тушаалаар Мыг ажлаас халаагүй бөгөөд харуулын захирлаар шилжүүлэн томилсон. Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22, 23,25,26 дугаар зүйл заалтууд хамаарахгүй бөгөөд харин Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Тагнуулын төв газрын даргатай зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу мөн хуулийн заалтыг баримтлан шилжүүлэн томилсон. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллах зохицуулалтыг тусгахдаа төрийн байгууллага хооронд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг л тусгасан бөгөөд Төрийн албаны хуульд байхгүй зохицуулалтыг нарийвчилсан зохицуулалттай хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт "Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар "Төрийн тусгай хамгаалалтын газрын хүний нөөцийн талаар мөрдөх журам"-г баталсан байна. Энэхүү журмын Ажилтныг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах гэх 5 дугаар зүйлийн 5.1.1-д албан ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлага-р зохион байгуулалтын бүтцийн нэг нэгжээс нөгөөд өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж зохицуулжээ. Мөн журмын 5.2-т Энэ зүйлийн 5.1.1-д заасан хэрэгцээ шаардлагыг үндэслэн ажилтныг Газрын даргын тушаалаар зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн хооронд шилжүүлэн томилно. Шилжүүлэн томилоход ажилтантай тодорхой нөхцлөөр болзол бүхий гэрээг бичгээр байгуулж болно" гэж заажээ хэмээн журмыг тодорхой дурдсан боловч үүнийгээ шууд утгаар нь бус Хуулийн зүйл заалт болон дээрх журмаар өөр албан тушаалд ажилтныг сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн гэдгийг өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байх, цалингийн хэмжээг бууруулахгүй ... байхыг ойлгодог зэргээр хийсвэр байдлаар тайлбарлаж дүгнэсэн нь буруу болсон.Мын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очироос ирүүлсэн бичгийг урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзсэн бөгөөд энэ бичиг нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр биш юм. Энэ нь шүүх хууль дээдлэх, гагцхүү, хуульд захирагдах зарчмыг тогтоосон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт "Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын албан ёсны гэрээг хэрэглэнэ" гэж заасантай зөрчилдөж байна. ...маргаантай асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл тогтоосон бүрэлдэхүүнтэйгээр тогтоол /хамтын шийдвэр/ гаргах, энэ тогтоолыг үндэслэн шүүхэд хандах эрх үүсэхээр хууль зүйн зохицуулалттай. Энэ ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг тус тус илт зөрчсөн байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-т заасны дагуу Мын нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шилжүүлэн томилох тухай Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохьг даалгахыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тушаал гарснаас хойшхи цалин, нэмэгдлүүдийг тушаал гарахаас өмнө авч байсан хэмжээгээр нөхөж гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Мыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/438 дугаар тушаалаар Төрийн тусгай хамгаалалттай газрын Газрын орлогч, Хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалаас тус газрын Далд хамгаалалтын албаны ажилтнаар шилжүүлэн томилжээ.

М нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчыг томилох, чөлөөлөх, сэлгэх, шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага хүлээлгэх зэрэг бүхий л харилцаанд дээрхи хуулийг хэрэглэх учиртай.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Тагнуулын төв газрын даргатай зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх гэж заасан нь Төрийн тусгай хамгаалалтын албаны даргад олгогдсон ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зайлшгүй мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэвч Б/438 дугаар тушаалд ажилтаныг чухам ямар үндэслэлээр өөр ажилд шилжүүлж байгаа хуулийн үндэслэлийг баримтлаагүй, ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалтыг баримталсан нь дээрхи тушаал хуульд нийцээгүй болохыг нотолж байна.

Иймд хариуцагчийн Төрийн албаны тухай хууль хэрэглэгдэхгүй, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг баримтлан шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1 дэхь хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж зааснаар шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулахад албан хаагч зайлшгүй өөрөө зөвшөөрсөн байхыг шаарддаг атал Мын өөрийнх нь зөвшөөрлийг авалгүй түүний албан тушаалын зэрэглэлийг ТТ-16-3-аас ТТ-11-5 болгон бууруулж төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байна.

Мөн дээрхи хуулийн зохицуулалт төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад, нэг байгууллагын бүтцийн нэгжээс өөр бүтцийн нэгжид, эсхүл төрийн нэг байгууллагын салбар, нэгжүүдэд өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахад нэг мөр хэрэглэгдэх зохицуулалт учир хариуцагчийн гаргасан төрийн байгууллага дотроо ажилтаныг шилжүүлэхийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл зохицуулаагүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага нь нэхэмжлэл гаргагч этгээдийн хувьд маргаж буй актыг гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг шууд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээ бүхий дээд байгууллагад хандаж, хуулийн хугацаанд гомдлоо гаргаснаар хангагдах бөгөөд нэхэмжлэгч М энэ шаардлагыг биелүүлсэн байна.

Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжид хариуцагч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж байсныг дурьдах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь тушаал гарснаас хойшхи цалин, нэмэгдлүүдийг тушаал гарахаас өмнө авч байсан хэмжээгээр нөхөн олгуулах шаардлага гаргасан байхад шүүх Мын ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг олгохыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасантай зөрчилдөж байх тул зөвтгөн өөрчлөх үндэстэй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрынитгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөх, өмгөөлөгч авах хүсэлтүүдийг хүлээн авч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж эрхийг нь хангаж байсан тул дахин өмгөөлөгчөө сонгон авах шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангах боломжгүй болно.

Шүүх ажилтныг буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн олговрыг үнийн дүнгээр тогтоогоогүй зөрчил гаргасныг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удидрдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын Мын ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг гэснийг Төрийн тусгай хамгаалалттай газрын Газрын орлогч, Хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалын болон тус газрын Далд хамгаалалтын албаны ажилтны цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхт эй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН