Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан, 

улсын яллагч Н.Мөнхцэцэг, 

Хохирогч О.Эрдэнэгомбо,

Иргэний нэхэмжлэгч М.Ерэнбүргэд,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөн, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Шаравжамц  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Шарнууд овогт Шаравжамцын Шинэмөрөнд холбогдох эрүүгийн 201626020291 дугаар хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дугаар гудамж 1130 байнга оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 779 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Шарнууд овогт Шаравжамцын Шинэмөрөн /РД:МТ00220611/

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр: 

            Ш.Шинэмөрөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа, шунахай сэдэлтээр, цахим фэсбүүк /facebook/-ийн “Iphone хэрэглэгч, сонирхогчид” гэсэн нэртэй группэд утас зарна гэх зарын дагуу утас худалдаж авна гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар,

            Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CAME ARINA” интернет тоглоомын газарт:

1. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “ээждээ яаралтай утас авч өгөх гэсэн юм” гэж хуурч мэхлэн иргэн Ш.Билгүүний эзэмшлийн “Samsung galaxy s5” маркийн 350,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг утсыг залилан мэхэлж авсан,

2. давтан үйлдлээр, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “утсыг чинь худалдаж авъя” гэж хуурч мэхлэн иргэн О.Эрдэнэгомбын эзэмшлийн “Iphone-5” маркийн 300,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг утсыг залилан мэхэлж авсан,

3. давтан үйлдлээр, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “утсыг чинь худалдаж авъя” гэж хуурч мэхлэн иргэн Х.Солонгын эзэмшлийн “Iphone-5s” маркийн 300,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг залилан мэхэлж авсан,

4. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энгүүн Хүслэн” ХХК-ийн барьцаат зээлийн газарт тавьсан байсан иргэн Х.Солонгын эзэмшлийн “Iphone-5s” маркийн 1 ширхэг гар утсыг өөрийн утас хэмээн итгүүлэн ломбардны төлбөр 200,000 төгрөгийг иргэн Э.Мэргэнсанаагаар төлүүлэн худалдаж залилсан,

5. давтан үйлдлээр, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийгөө “CAME ARINA” РС тоглоомын газар ажилладаг гэж худал хэлэн USB олох, захиралдаа үзүүлээд ирье” гэж хуурч мэхлэн иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Iphone-5” маркийн 250,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг залилан мэхэлж авсан,

6. давтан үйлдлээр, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Happy house” цахим тоглоомын газарт “гар утсыг нь худалдан авна” гэж итгэл төрүүлэн улмаар ID код, локыг нь гаргуулан авч иргэн Ү.Пүрэвдолгорын эзэмшлийн “Iphone-5” маркийн 350,000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг гар утсыг,

7. давтан үйлдлээр, 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “CAME ARINA” интернет тоглоомын газарт “гар утсыг нь худалдан авна “I tunes” программд холбоод ирье” гэж иргэн Б.Цогдэлгэрийн  “Iphone-5” маркийн 250,000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг гар утсыг тус тус залилан мэхэлж авсан. Ш.Шинэмөрөн нь 7 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван нийт 2,000,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Шинэмөрөн мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Эрдэнэгомбо мэдүүлэхдээ: “Би 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр фэсбүүк хаягандаа Iphone 5 маркын утас зарна гэж тавьсан чинь Баярмагнай Амартүвшин гэсэн хаягнаас үзье хорооллын Өргөө кино театрын ард байрлах Гаме арена гэдэг Пи Си тоглоомын газарт хүрээд ир гэсэн. Яваад очиход би энэ Пи Си-нд ажилладаг юм. Тэгээд миний утсыг үзсэн тэгээд чи энд сууж бай би энд ажилладаг юм утсыг чинь захиралдаа үзүүлээд сим картыг нь солиод ирье гээд аваад гарсан. Тэгээд 5 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь тэр Пи Си тоглоомын газрын ажилтан эмэгтэйгээс уг хүнийг асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Би гар утсаа 300,000 төгрөгөөр зарах гэж байсан бөгөөд уг мөнгөө нэхэмжилнэ” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Ерэнбүргэд мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр найз охиндоо утас авахаар фэсбүүк хаягаар хандахад Чинболд Хонгор гэж хаягнаас Iphone 5s утас зарна  гэхээр нь уулзаад утсыг нь үзээд 380,000 төгрөгөөр тохиролцоод бэлнээр мөнгөө өгөөд авсан. Сарын дараа Сүхбаатар дүүргийн цагдаагаас дуудаад залилангийн утас тул мэдүүлэг өг гэсэн. 380,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогч Ш.Билгүүний мэдүүлэгт: “Би 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед Фэйсбүүк-д утсаа зарна гэж зар тавьсан тэгээд өдөр 14 цагийн үед “Шинээ Шинээ” Фэйс хаягтай хүүхэд надруу утас авъя гэж мессеж бичсэн тэгээд Баянгол дүүргийн 13-р хороо Хөх хулганы орны хажуу Гаме Арена-д орж ирээд 47-р компъютер дээр хүрээд ир гэж хэлсэн тэгээд очсон чинь 2 хүүхэд байсан тэгээд нэг хүүхэд нь манай найзыг дагаж яваад 50,000 төгрөг авчих тэгээд ирэхээр чинь би захирлаас үлдсэн мөнгийг нь аваад өгье би энэ тоглоомын газар ажилладаг юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө найзыг нь дагаад гараад явж байгаад нэг эмийн сан луу ороод нэг хүн асуусан чинь тийм хүн байдаггүй гэж хэлсэн тэгээд бид 2 буцаад интернэт тоглоомын газар очсон чинь нөгөө найз нь байхгүй байсан тэгээд би ээж рүүгээ хэлсэн надтай хамт явж байсан. Надтай хамт явж байсан найз нь манай найз энэ тоглоомын газар ажилладаг гэж хэлсэн юм. Миний гар утас Самсунг-S5 маркын гар утас байгаа. Би 2015 оны 12 сард 350,000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас Цагаан өнгөтэй урдаа шилэн наалттай, шилэн наалтныхаа дээд хэсэгт цуурсан байгаа. Цагаан өнгийн гэртэй” гэжээ. /1 хавтас 10 хуудас/

 

Гэрч С.Батсүлдийн мэдүүлэгт: Би 2016 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө найз Шинээ болон түүний найз охин Заяагийн хамт Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаме Арена нэртэй Пи Си тоглоомын газар нэг хүний хоногийн 4500 төгрөгөөр хонож тоглосон юм. Өглөө 09 цагийн үед Пи Си-нд унтаж байхад Шинээ намайг сэрээж манай нэг найз хүүхдийн гар утсыг нь худал хэлээд авчихъя чи худал хэлж чадах уу гэхээр нь би чадахгүй дараа нь бөөн асуудал болно гэж хэлээд буцаад унтсан. Тэгээд намайг унтаж байхад Шинээ бас нэг танихгүй хүүхдийн хамт хүрч ирээд надад Самсунг Эс-5 маркын гар утас үзүүлээд. Энэ ямар гар утас байна. Би энэ утсыг ээждээ авлаа гэхээр нь чи өөрөө мэд гэж хэлсэн. Тэгтэл Шинээ тэр хүүхдэд би энд ажилладаг юм. Би захирлаас удахгүй мөнгө аваад үлдсэн мөнгийг нь өгье. Чи энэ хүүхдээс одоо дагаж гараад 50,000 төгрөг авчих гээд намайг зааж өгсөн. Тэгээд Шинээ гар утсын нь аваад Пи Си-нд үлдсэн. Би Шинээд туслах санаатай Пи Си-нээс тэр хүүхдийг дагуулж эмийн сан орж нэг хүнийг худал асуусан. Тэгтэл тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд би тэр хүүхдийн хамт Пи Си-нд буцаж очсон. Тэгтэл Шинээ гараад явчихсан. Тэгэхээр нь би Шинээгийн фэйсбүүк хаягийг нь өгье Шинээ гэсэн хаягтай найз охины хаяг нь Заяа Заяа гэсэн хаягтай гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдэд би чамайг залилах бодол байгаагүй шүү би чамаас зугтаах байсан бол зугтах боломж надад зөндөө байсан гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд ээжийгээ дуудаж бас цагдаа дуудсан. Би Шинээтэй танилцаад сар гаран болж байна. Шинээгийн бүтэн нэрийг мэдэхгүй” гэжээ. /1 хавтас 13 хуудас/

 

Хохирогч Х.Солонго мэдүүлэхдээ: “Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 11 цагийн үед фэйсбүүк сайтын iphone зар нэртэй зарын группэд өөрийнхөө утсыг зарахаар зар тавьсан. 13 цагийн үед миний фэйсбүүк хаягийн чатаар Баярмагнай Амартүвшин гэх нэртэй хаягнаас холбогдоод утас авахаар тохиролцсон. Тэр хүн өөрийгөө хорооллын Гаме арэна гэдэг интернэт тоглоомын газарт ажилладаг найдвартай авах болохоор хүрч ирээд үзүүлээч ажиллаасаа гарч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 19 цагийн үед хорооллын Гаме арэна тоглоомын газарт очоод уулзсан чинь тэр хүн өөрийгөө би энд ажилладаг юм гээд намайг 1 Пи Син дээр суулгасан. Тэгчихээд байн байн босож яваад “тоглож байгаа хүүхдүүдийг харж байхгүй бол болдоггүй юм” гэж хэлж байсан. Тэгчихээд миний утсыг авч үзээд босож яваад ирэлгүй алга болчихсон…” гэжээ. /1 хавтас 47 хуудас/

Хохирогч Б.Лхавгасүрэнгийн мэдүүлэгт: “Би 2016 оны 3 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед би фэйсбүүкийн iphone хэрэглэгч, сонирхогчид гэсэн нэртэй группед утсаа зарах гээд зар тавьсан юм. Тэгсэн чинь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд фэйсбүүк чатаар “Баярмагнай Амартүвшин гэсэн хаягнаас утсыг чинь үзье, өнөөдөр ээждээ төрсөн өдрөөр нь авч өгөх гэсэн юм. Би ажил дээрээ байгаа болохоор гарч чадахгүй байна. Авчраад үзүүлэх боломж байна уу гэхээр нь би 3-р хорооллын Өргөө кинотеатрын ертөнцийн зүгээр урд очоод тэр интернэт тоглоомын газарлуу орсон. Тэнд ороод миний утсыг авахаар ярилцаж байгаад ай ди локоо гаргачих гээд би локоо гаргаж өгсөн чинь би захиралдаа орж үзүүлчихээд ирье гээд босож яваад алга болчихсон. Би бараг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь тэр хавиар хайгаад хүнээс нь асуусан чинь тэр хүн тэнд ажилладаггүй байсан. Тэгээд гадагшаагаа гараад явчихсан байсан…” гэжээ. /1 хавтас 59-60 хуудас/

 

Хохирогч Э.Мэргэнсанаагийн мэдүүлэгт: “Би 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед би фэйсбүүк сайтын Iphone зар гэсэн нэртэй группед “Тоторо Канаминү” гэсэн нэртэй хаягнаас” iphone зарна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоход бэлэн 240.000 төгрөгөөр ирээд үзээд ав гэсэн. Тэгэхээр нь би 230.000 төгрөгөнд авъя гэж тохироод Peace mall худалдааны төвийн буудал дээр 17 цаг 30 минутын үед уулзалдаад хамт автобусаар яваад 10-р хорооллын замын хойд талд байсан утасны ломбардан дээр очоод утсыг нь үзсэн. Тэр хүн өөрөө тэр утсыг 140.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгээд утсыг нь үзсэн чинь их сэвтэй утас байсан болохоор 200.000 төгрөг бэлнээр өгөөд тэр хүүхэд утсаа ломбарднаас аваад надад өгсөн. Тэгээд тэндээсээ салцгаасан. Тэгээд гэртээ хариад энэ утаснаасаа фэйсбүүк орсон чинь хуучин утасных нь хүний фэйсбүүк гараагүй байсан. Тэр охин утсаа алдчихсан гээд хүмүүстэй чаталсан байсан. Тэгээд анх хулгайн утас гэдгийн нь мэдсэн юм. …Би утас худалдаж авсан 200.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ. /1 хавтас 78 хуудас/

 

Гэрч Э.Анхзаяагийн мэдүүлэгт: “Би Шинэмөрөнтэй 2015 оны 11 сард Их засаг их сургууль дээр болсон Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ гэсэн АХА тэмцээн дээр анх танилцсан. Шинэмөрөн надруу 2016 оны 3 дугаар сарын 03-нд 17 цаг өнгөрч байхад надруу утасдаж уулзая гэсэн тэгээд бид хоёр уулзсан чинь Шинэмөрөн намайг бичиг баримт чинь байгаа юу гэсэн тэгээд бид хоёр Энгүүн хүслэн гэдэг 10-р хороололд байдаг ломбардруу очиж iphone-5 маркын гар утсыг миний бичиг баримтаар 7 хоногийн хугацаатай 140.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд ломбарднаас гараад Шинэмөрөн бид хоёр салж явсан. Шинэмөрөн ломбардныхаа бичгийг өөрөө аваад явсан. Би маргааш нь Шинэмөрөнг энэ ломбарднаас очиж гар утсыг авсаныг мэдээгүй. Сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 01-нд Шинэмөрөнтэй уулзахад нөгөө ломбарданд байсан утсаа зарсан л гэж надад хэлсэн. Шинэмөрөн надад хүүхдээс авсан гэж л хэлсэн. Iphone-5 black 16 гв хар өнгийн гар утас байсан” гэжээ. /1 хавтас 113-114 хуудас/

 

Гэрч Г.Бямбажаргалийн мэдүүлэгт: “Би Баянгол дүүргийн 13-р хорооны нутагт Өргөө кино театрын ард байдаг “CAME ARENA” pc тоглоомын газарт 2016 оны 3 сараас одоог хүртэл админ сервир /цаг өгдөг ажилтан /-аар ажиллаж байгаа. Манайд Шинэмөрөн гэдэг залуу ажилладаггүй. Манай писи тоглоомын газар байнга бол биш мэр сэр орж ирдэг. Орж ирээд цаг аваад томоотой тоглоод суудаг залуу мөн байна. Батсүлд гэх залууг ёстой харж байгаагүй. Манай Гаме арена Пи си тоглоомын газар нийт 4 салбартай 11-р хороололд, Циркийн зүүн талд, Варыте дотор байдаг. Манай захирлыг Баттөмөр гэдэг ер нь ажлын байрандаа байдаггүй тоглоомын газар асуудал гарвал ирдэг бусад үед гэртээ байдаг. Өөр цаг өгдөг ажилтан Цэнд-Аюуш, Уянга хоёр надтай ээлжилж ажилладаг” гэжээ. /1 хавтас 116 хуудас/

 

Хохирогч Ү.Пүрэвдолгорын мэдүүлэгт: “2016 оны 3 дугаар сарын 16-ний өдөр Iphone зар гэсэн фэйсбүүкийн групп дээр өөрийн Iphone 5s 16gb багтаамжтай гар утсыг зарна гэж зар тавьсан. Тэгтэл 17 цаг 30 минутын үед Ганболд Болдоо гэсэн хаягнаас “имэй кодоо явуулчих чиний утсыг үзье” гэхээр нь өөрийн гар утасны имэйл дугаараа явуулсан. Тэгтэл “хүнд бэлэглэх гэсэн юм ямар эд зүйл дагалдах юм бэ” гэхээр нь “цэнэглэгч, хоёр ширхэг гэрний хамт өгнө” гэхэд “манай ээжийн төрсөн өдөр маргааш болох юм. Чиний гар утсыг авч ээждээ бэлэглэх гэсэн юм чи гар утсаа хэдээр зарах вэ” гэхээр “яг авах хүнд нь 400.000 төгрөгөөр өгнө” гэтэл “ах нь ажилтай байгаа учраас гарч чадахгүй байна, чи Сонор плаза дээр утасаа аваад хүрээд ир” гэхээр нь “гэрийнхээ хүнээс асууя” гэж хэлээд ахаасаа зөвшөөрөл аваад гарсан. Ингээд 18 цаг 35 минутын үед гэрээсээ гараад 19 цаг 05 минутын үед Сонор плазагийн гадаа ирчихлээ гэж фэйсбүүкийн чатаар хэлэхэд “ах нь удахгүй гарлаа” гэж хэлээд 5 орчим минутын дараа гарч ирсэн. Тэгээд манай ажил ойрхон байдаг юм гэж хэлээд Сонор плазагийн ард байдаг Happy нэртэй цахим тоглоомын газарлуу дагуулж ороод “ах нь энэ газар ажилладаг юм. Манай хорин дөрөв дөчин наймаар гардаг учраас ажил ихтэй байдаг миний дүү энэ компьютер дээр суугаад ID кодоо гаргаж бай” гэхээр нь тэр хүний зааж өгсөн компьютер дээр суугаад I tunes тат гэхээр нь хэрэггүй гэж хэлээ утсандаа рестат хийгээд байж байтал нөгөө ах миний гар утсыг булаагаад зугтаачихсан. Ингээд тухайн газраас тэр ажилладаг эсэх талаар асуухад ямар хүн бэ гээд энд суу гэсэн хүн гээд компьютер дээр очоод зургийг нь үзүүлэхэд энд ажилладаггүй юм гэж хэлсэн” гэжээ. /1 хавтас 158 хуудас/

 

Гэрч Т.Булгантамирын мэдүүлэгт: “Би 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр найз охин Пүрэвдолгорын хамт Сонор плаза төвийн хойд талд уулзсан. Пүрэвдолгор “ гар утсаа зарна, нэг ахад утасаа зарахаар тохирсон одоо хүрээд ирнэ. Тэгээд утсаа үзүүлээд зарна” гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр Сонор плазагийн хойно байрлах “Хаппи” нэртэй цахим тоглоомын газар орсон. Гэтэл нэг өндөр бор царайтай ах Пүрэвдолгорын Iphone 5s гар утсыг авч үзээд Пүрэвдолгороор ID lock-ийг нь гаргуулаад аваад явсан. Бид хоёрын нүдэн дээр шууд гараад гүйсэн. Бид хоёр араас нь гарсан боловч алга болсон байсан” гэжээ. /1 хавтас 171 хуудас/

 

Хохирогч Б.Цогдэлгэрийн мэдүүлэгт: Би 2016 оны 3 дугаар сарын 26-ний өдөр өөрийн Iphone-5 загварын гар утсыг зарах гээд гар утас худалдаа гэсэн фэйсбүүк зарын сайтад зар тавьсан. Тэгтэл Ганболд ганаа гэх фэйсбүүк хаягнаас гар утсыг чинь авъя гэж циркийн урд талыг сити шоп дээр хүрээд ир гэхээр нь явж очоод интернэт хайж байгаад ирчихлээ гэж хэлэх гээд Гаме арена гэх газарлуу орж явтал өөдөөс 18-19 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд та нөгөө Iphone 5 зарах хүн мөн үү гэхээр нь тийм байна гэхэд намайг тухайн тоглоомын газарлуу дагуулж ороод нэг компьютер зааж өгөөд суулгасан. Тэгээд тэнд хэдэн хүүхдүүдэд компьютер асааж өгч байснаа таны гар утсыг I tunes программд холбоод ирье гэж хэлээд тэр чигтээ алга болчихсон. Би гар утсаа өгчихөөд харж байтал нэг булан эргээд явчихаар нь араас нь очтол алга болчихсон байсан. Тэгээд тухайн газрыг ажилуулдаг хүмүүсээс Ганболд гэдэг хүн ажилладаг юм уу гэхэд тийм хүн байхгүй. Манайд ажилладаггүй гэж хэлээд камерын бичлэгээ шүүж өгсөн…” гэжээ. /1 хавтас 201 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баатархүү мэдүүлэхдээ: Би фэйсбүүкээр ‘’Ganaa Ganaa’’ гэсэн хүнтэй харицаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн орчимд …Төв цэнгэлдэхийн үүдэнд уулзаж байгаад өөрийн Самсунг Галакси эс5 маркын гар утсаар сольсон. Тэгээд уг утсаа Төв аймгийн Батсүмбэр суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа дүү Батмандахын Наранбаатарт явуулсан. …Би хулгайд алдагдсан гар утас худалдаж авсан гэдгээ мэдээгүй ээ…” гэжээ. /1 хавтас 202-203, 223 хуудас/

 

Гэрч Ч.Ганчулууны мэдүүлэгт: “Би Ganaa Ganaa гэсэн фэйсбүүк хаягыг мэднэ, миний өөрийн ашиглаж байсан фэйсбүүк хаяг байгаа юм. Манай найз Алдар 2016 оны 3 дугаар сарын сүүлээр 230,000 төгрөгөөр ломбарднаас худалдаж авсан Ай фоне5 маркын гар утас байсан. Тэгээд Самсунг Галакси эс5 маркын гар утсаар сольсон юм. Би сольсон Самсунг Галакси эс5 маркын гар утсыг фэйсбүүкээр зар тавиж байгаад 250,000 төгрөгөөр зарсан. Би цагаан өнгийн ай фоне5 маркын гар утсыг гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэж мэдээгүй. Би сүүлийн 2-3 сар гар утас худалдаалж байна. Би онлайн хэрэгслээр зараас хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зардаг. Би өдөрт  2 гар утас зардаг…” гэжээ. /1 хавтас 224-225 хуудас/

 

Гэрч Б.Алдарын мэдүүлэгт: “Би 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ‘’Десант Жаал’’ фэйсбүүк хаягаас асуудалгүй Iphone5 зарна гэсэн байсан шиг санаж байна. Тэгээд тэр хүнтэй фэйсбүүкээр холбогдож Баянбүрдэд уулзаж “Өргөө” кино театрын баруун талд доошоо орсон ломбарданд орж 150,000 төгрөгөөр барьцаалсан байсныг надаас мөнгө аваад ломбарднаас чөлөөлж аваад надад 225,000 төгрөгөөр надад зарсан. Тэгээд уг Iphone5 утсыг маргааш нь билүү тэр өдрөө найз Ганчулуунтай хамт явж Baatarhuu babahuuu гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй төв цэнгэлдэхийн үүдэнд уулзаж Самсунг Галакси эс5 маркын гар утасаар сольсон. Сольсон утасаа маргааш нь зар тавьж зарсан. Би цагаан өнгийн Iphone5 утсыг гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэж мэдээгүй…” гэжээ. /1 хавтас 226-227 хуудас/ 

 

Гэрч Б.Төгөлдөр: “Манай “Happy House” тоглоомын газар нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажилгаа явуулдаг. Манайд одоогоор ээлжийн 2 админ 24 цагаар ажилдаг. Манайд Шинэмөрөн гэдэг хүн ажилдаггүй…” гэжээ. /2 хавтас 7, 8 хуудас/

Интернет сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хавтас 26-27, 49-52, 74-76, 64-65, 84-86 хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1 хавтас 43, 163, 217 хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас 164, 218 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1 хавтас 16, 36, 48, 61, 162, 215, 216 хуудас/

Камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хавтас 62-63, 67-69 хуудас/

            Гар утсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 79, 80-81, 82 хуудас/

            Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хавтас 87-88 хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтас 99 хуудас/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас 135, 179, 235 хуудас/

            Төрсөний гэрчилгээний хуулбар /2 хавтас 29 хуудас/

   Шийтгэх тогтоол /1 хавтас 138-139/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн баримтыг уншиж шинжлэн судалсан болно.   

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн дүгнэлт:

Насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөн нь давтан үйлдлээр цахим фэсбүүк /facebook/-ийн “Iphone хэрэглэгч, сонирхогчид” гэсэн нэртэй группэд утас зарна гэх зарын дагуу утас худалдаж авна гэж хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CAME ARINA” интернет тоглоомын газарт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “ээждээ яаралтай утас авч өгөх гэсэн юм” гэж хуурч мэхлэн иргэн Ш.Билгүүний эзэмшлийн “Samsung galaxy s5” маркийн 350,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг утсыг залилан мэхэлж авсан,

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “утсыг чинь худалдаж авъя” гэж хуурч мэхлэн иргэн О.Эрдэнэгомбын эзэмшлийн “Iphone-5” маркийн 300,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг утсыг залилан мэхэлж авсан,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “утсыг чинь худалдаж авъя” гэж хуурч мэхлэн иргэн Х.Солонгын эзэмшлийн “Iphone-5s” маркийн 300,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг залилан мэхэлж авсан,

2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энгүүн Хүслэн” ХХК-ийн барьцаат зээлийн газарт тавьсан байсан иргэн Х.Солонгын эзэмшлийн “Iphone-5s” маркийн 1 ширхэг гар утсыг өөрийн утас хэмээн итгүүлэн ломбардны төлбөр 200,000 төгрөгийг иргэн Э.Мэргэнсанаагаар төлүүлэн худалдаж залилсан,

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийгөө “CAME ARINA” РС тоглоомын газар ажилладаг гэж худал хэлэн USB олох, захиралдаа үзүүлээд ирье” гэж хуурч мэхлэн иргэн Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Iphone-5” маркийн 250,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг залилан мэхэлж авсан,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Happy house” цахим тоглоомын газарт “гар утсыг нь худалдан авна” гэж итгэл төрүүлэн улмаар ID код, локыг нь гаргуулан авч иргэн Ү.Пүрэвдолгорын эзэмшлийн “Iphone-5” маркийн 350,000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг гар утсыг,

2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “CAME ARINA” интернет тоглоомын газарт “гар утсыг нь худалдан авна “I tunes” программд холбоод ирье” гэж иргэн Б.Цогдэлгэрийн “Iphone-5” маркийн 250,000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг гар утсыг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Эрдэнэгомбо, Ш.Билгүүн /1 хав 10/, Х.Солонго /1 хав 47/, Б.Лхавгасүрэн /1 хав 59-60/, Э.Мэргэнсанаа /1 хав 78/, Ү.Пүрэвдолгор /1 хав 158/, Б.Цогдэлгэр /1 хав 201/, иргэний нэхэмжлэгч М.Ерэнбүргэд, Б.Баатархүү /1 хав 202-203, 223/, гэрч С.Батсүлд /1 хав 13/, Э.Анхзаяа /1 хав 113-114/, Г.Бямбажаргал /1 хав 116/, Т.Булгантамир /1 хав 171/, Ч.Ганчулуун /1 хав 224-225/, Б.Алдар /1 хав 226-227/,  Б.Төгөлдөр /2 хав 7, 8/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь интернет сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 26-27, 49-52, 74-76, 64-65, 84-86/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1 хав 43, 163, 217/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хав 164, 218/, эд зүйлийн үнэлгээ /1 хав 16, 36, 48, 61, 162, 215, 216/, камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 62-63, 67-69/, гар утсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 79, 80-81, 82/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 87-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 99/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 135, 179, 235 хуу/, төрсөний гэрчилгээний хуулбар /2 хав 29 хуу/, шийтгэх тогтоол /1хх 138-139/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ш.Шинэмөрөнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасанаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилан хохирогч нарт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 779 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь хамаарч байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар түүнд шүүхээс оногдуулсан хорих ял хойшлуулсан хугацаа хэрэгсэхгүй болсон тул түүнийг ялгүй болсонд тооцож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн” гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Шинэмөрөнг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Лхагвасүрэнд 250,000 төгрөгийн, Ү.Пүрэвдолгорт 350,000 төгрөгийн, Б.Цогдэлгэрт 250,000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн болохыг дурдах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн синтфонон материалтай, босоо хэлбэрийн захтай, богино загвартай эрэгтэй куртик 1 ширхэгийг ялтан Ш.Шинэмөрөнд буцаан олгох, CD бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахаар тогтов.  

Иргэний хуульд зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн ар гэрээс 1,680,000 төгрөгийг гаргуулан 350.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 45-94 тоотод оршин суух Өндөр овогт Шинэхүүгийн Билгүүн /РД:КВ02201016/-д, 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 53-7 тоотод оршин суух хохирогч Сэлбэ овгийн Эрдэнэсүхийн Мэргэнсанаа /РД:УИ97100737/-д, 230.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 26-457 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Харчу овгийн Батмандахын Баатархүү /РД:ИЮ88082872/-д, 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 62-19 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Очирбатын Эрдэнэгомбо /РД:УХ98073034/-д, 300.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 31-591 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Хүдэрчулууны Солонго /РД:ЧО86051666/-д, 300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 115 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74а байрны 75 тоотод оршин тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч М.Ерэнбүргэд /РД:ФБ91100916/-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.  

          Насанд хүрээгүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, гэм буруугаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж түүний засрал хүмүүжилд анхаарах, хараа хяналтанд байлгахыг шүүгдэгчийн эцэг, эх болон Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

          Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Шаравжамцын Шинэмөрөн нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Шаравжамцын Шинэмөрөнг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Ш.Шинэмөрөнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Лхагвасүрэнд 250,000 төгрөгийн, Ү.Пүрэвдолгорт 350,000 төгрөгийн, Б.Цогдэлгэрт 250,000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн синтфонон материалтай, босоо хэлбэрийн захтай, богино загвартай эрэгтэй куртик 1 ширхэгийг ялтан Ш.Шинэмөрөнд буцаан олгох, CD бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн ар гэрээс 1,680,000 төгрөгийг гаргуулж, 350,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 45-94 тоотод оршин суух Өндөр овогт Шинэхүүгийн Билгүүн /РД:КВ02201016/-д, 200,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 53-7 тоотод оршин суух хохирогч Сэлбэ овгийн Эрдэнэсүхийн Мэргэнсанаа /РД:УИ97100737/-д, 230,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 26-457 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Харчу овгийн Батмандахын Баатархүү /РД:ИЮ88082872/-д, 300,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 62-19 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Очирбатын Эрдэнэгомбо /РД:УХ98073034/-д, 300,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 31-591 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Хүдэрчулууны Солонго /РД:ЧО86051666/-д, 300,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 115 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74а байрны 75 тоотод оршин тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч М.Ерэнбүргэд /РД: ФБ91100916/-д тус тус олгосугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар шүүгдэгч Ш.Шинэмөрөнд 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжил, хараа хяналтанд анхаарахыг шүүгдэгчийн эцэг, эх болон Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд даалгасугай.

 

          9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Шинэмөрөнгийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ