| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00183/И |
| Дугаар | 155/ШШ2018/00406 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2018/00406
| 2018 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2018/00406 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ч-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2018/00183/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Чтой 2010 онд танилцан, 2012 оны 1 сарын 05-нд гэрлэлтээ батлуулж 2011-нд охин Ч.Э төрсөн. 2017 оны 05-р сарын 13-нд Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр салсан. 2017 оны 08 дугаар сараас 12 сар хүртэл С.Ч өөрийн охин Ч.Эыг Н.Оийн ээж Д.Гд үрчлэн өгнө гэж байгаад больсон. Тиймээс охиныхоо ирээдүйг бодож аав С.Чоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ч бид хоёр 2010 онд танилцаж бидний дундаас охин Э 2011 төрсөн. Охин маань одоо 6 настай. Охины маань аав өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон шалтгаанаар бид гэрлэлтээ цуцлуулсан. Би охиныхоор ирээдүйг бодож охиндоо хадгаламж нээж хадгалах зорилгоор шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Хариуцагч С.Ч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О бид хоёр 2010 онд анх танилцан 2012 онд гэрлэлтээ батлуулж, эх, эцгээс өрх тусгаарласан юм. Эх эцгээс өгсөн мөнгө хөрөнгөөр Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт газар хашаа авч шинэ гэр барьсан. Ийнхүү амьдарч байгаад таарч тохирохоо байгаад Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.13-ны өдрийн 544 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад эхнэр Н.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, нэхэмжлэхгүй гэсэн тул дундын хөрөнгөөсөө юу ч авахгүйгээр эхнэр, хүүхэддээ үлдээсэн. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй талаар дээрх шийдвэрийн тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэгт тодорхой дурдагдсан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь охин Ч.Эд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсний дурьдсугай” гэж эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Иймд Н.Оийн С.Ч надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж буй асуудлаар урьд нь шүүх шийдвэр гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй байна. Охиндоо хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч С.Чт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Ч нар 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон ба тэдний дундаас 2011 өдөр охин Ч.Э төрсөн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0000691419- №04 дугаартай охин Ч.Эын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 544 дугаартай шийдвэрийн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч С.Ч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигчийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг С.Чоос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Ч.Эыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чоос Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 өдөр охин Ч.Э нь 6 нас 3 сар хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 178.000 төгрөгийн тал хувь 89.000 төгрөгийг сар бүр хариуцагч С.Ч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ч.Эд сар бүр төлөх 89.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.068.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40.018 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 өдөр төрсөн охин Ч.Эыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Чоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чоос 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, улсын орлогоос 40.018 /дөчин мянга арван найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН