Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/208

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 2021000000155 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын .... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Г-Д /РД: ЖЮ /.

Шүүгдэгч Г нь 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “….” хорооллын .....тоотод иргэн Э-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын IV-VII хавирга хугарч зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийн хий, шингэн хурсан, зүүн уушигны авчилт, цээж, хүзүү, хэсгийн арьсан доорх хий хуралдалт цээжний зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед гэрийн маань эд хогшлыг авсан байхаар нь түүнээсээ болоод согтуу хүмүүс муудалцсан. Хохирогчид 250.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой эхнэрийн төрсөн дүү Г хөдөөнөөс ирлээ гээд бага зэргийн архи уучихсан, мөн хоолны бага зэргийн мах өгөөд “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи гаргаад задалж юм ярингаа хамт уусан. Архи ууж байхдаа бид нар хоорондоо ямар нэг байдлаар маргаж муудаагүй. Мөн архи ууж дууссаны дараа дүү Болдоо гэр лүүгээ явж, харин эхнэр Цэвэлмаа дүү Г хандан “Чи битгий архи уугаад бай, одоо гэр лүүгээ яв” гээд гэрээс хөөгөөд явуулсан. Мөн эзгүй хойгуур чинь гэрийг эргэж тойрч байсан гэж хэлсэн. Ингээд хадам дүү Г гэр лүүгээ явж эхнэр Цэвэлмаа хүүхдүүдийн амьдардаг гэр лүү орж би гэртээ ганцаараа унтаад үлдсэн юм. Намайг унтаж байхад хадам дүү Г буцаж гэрт орж ирээд намайг сэрээж “манай гэрийг эвдсэн байна, гэрт хулгай орсон байна. Чи манай эд зүйлийг зарсан” гэж хэлээд намайг орноос чирч буулгаад дээрээс шууд хөлөөрөө өшиглөж, чирээд гэрээс гаргаад гэрийн гадаа миний цээж болон хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа хүчтэй өшиглөж, гараараа мөн хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Энэ үед миний цээж эвгүй болоод амьсгаа авч чадахгүй газарт хэвтэж байхад хойд гэрээс эхнэр Цэвэлмаа гарч ирээд бид хоёрыг салгаад түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх-ийн 9-11/

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд төрсөн дүү Г-д хандаж “Чи битгий архи уугаад бай, одоо гэр лүүгээ яв, эзгүй хойгуур чинь гэрийг чинь эргэж тойрч байсан” гэж хэлээд загнаад явуулсан. Энэ үед нөхрийн дүү Болдоо бас гэр лүүгээ явсан. Ингээд миний хувьд нөхрийгөө ганцааранг нь гэрт үлдээгээд хойд гэр лүү орж унтаж амарч байхад шөнө гадаа хүн хашгирах чимээ гарахаар нь би сэрээд гэрээс гарахад гадаа миний төрсөн дүү Г нь нөхөр Э газарт унагаачихсан. Мөн дээрээс нь хөлөөрөө өшиглөж дэвсээд байгаа харагдсан. Тухайн үед би очоод салгахад дүү Г “Танай нөхөр чинь манай гэрийг онгойлгосон” гэж хэлээд зодоод байсан. Тэр үед яг хэдэн удаа хаана нь өшиглөснийг бол хэлж мэдэхгүй байна. Тэр үед би цагдаад дуудлага өглөө гэж хэлэхэд дүү Г зугтаасан. Нөхрийг газраас босгоход босч өгөхгүй эвхрээд байхаар нь түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх-ийн 20-22/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн.... тоот дүгнэлтэд:                                                              

1.Э-н биед зүүн талын IV-VII хавирга хугарч, зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийн хий, шингэн хурсан, зүүн уушгины авчилт, цээж, хүзүү хэсгийн арьсан доорх хий хуралдалт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи зүүн талын IV-VII хавирга хугарч, зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийн хий, шингэн хурсан, зүүн уушгины авчилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэжээ. /хх-ийн 26-27/

Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хүргэн ах Э хараалын үг хэлээд намайг хөөж туугаад байхаар нь би 23 цаг өнгөрч байхад гараад шууд өөрийн гэрт ирэхэд 60 литрийн усны сав, 20 литрийн канестир зэрэг байхгүй байсан. Би хөдөө явахдаа гэрийнхээ илүү түлхүүрийг хүргэн ах Э-д үлдээсэн. Э  ах байнга архи уудаг, гэрийнхээ эд зүйлийг зарж борлуулаад архи аваад уучихдаг байсан учраас манай гэрийн эд зүйлийг зарж борлуулаад архи уусан нь тодорхой байсан юм. Тэгээд би уурлаад буцаж Э ахын гэрт очоод ахыг сэрээж “Та яагаад манай гэрийн эд зүйлийг зарсан юм бэ” гэхэд миний өөдөөс “чи байнга хөдөөгүүр явдаг, чиний хувьд гэр оронтой байгаад ч яадаг юм бэ” гээд намайг доромжлоод байхаар нь би уурлаж нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Мөн газарт унагаагаад дээрээс нь мөн хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Э ах гэрээс гарч зугтаан хойд гэр рүү гүйхэд нь араас нь түлхэж унагаагаад мөн дээрээс нь 1-2 удаа өшиглөхөд эгч Ц гарч ирээд намайг загнаад хөөсөн...” гэжээ. /хх-ийн 32-35/

Дорнод аймгийн Хэрлэн сумын ...-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г- нь 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг  Хивсний….  тоотод хохирогч Э- г зодож, түүний биед зүүн талын IV-VII хавирга хугарч, зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийд хий, шингэн хурсан, зүүн уушгины авчилт, цээж, хүзүү хэсгийн арьсан доорх хий хуралдалт, цээжний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...би уурлаж нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Мөн газарт унагаагаад дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Э- ах гэрээс гарч зугтаан хойд гэр рүү гүйхэд араас нь түлхэж унагаагаад мөн дээрээс нь 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг унтаж байхад хадам дүү Гантулга буцаж гэрт орж ирээд намайг сэрээж “Манай гэрийг эвдсэн байна, гэрт хулгай орсон байна. Чи манай эд зүйлийг зарсан” гэж хэлээд намайг орноос чирч буулгаад дээрээс шууд хөлөөрөө өшиглөж, чирээд гэрээс гаргаад гэрийн гадаа мөн цээж болон хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа хүчтэй өшиглөж, гараараа мөн хэд хэдэн удаа цохисон...” гэх, гэрч С.Цэвэлмаагийн “...шөнө гадаа хүн хашгирах чимээ гарахаар нь би сэрээд гэрээс гарахад гадаа миний төрсөн дүү Г нь нөхөр Э газарт унагаачихсан. Мөн дээрээс нь хөлөөрөө өшиглөж дэвсээд байгаа харагдсан. Тухайн үед би очоод салгахад дүү Г “Танай нөхөр чинь манай гэрийг онгойлгосон” гэж хэлээд зодоод байсан…” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн …. тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Г- н үйлдлийн улмаас хохирогч Э  биед зүүн талын IV-VII хавирга хугарч, зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийд хий, шингэн хурсан, зүүн уушгины авчилт, цээж, хүзүү хэсгийн арьсан доорх хий хуралдалт, цээжний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .... тоот “Дээрхи зүүн талын IV-VII хавирга хугарч, зүүн уушгийг гэмтээн цээжний зүүн хөндийд хий, шингэн хурсан, зүүн уушгины авчилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Г-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 250.000 төгрөгийн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.

   Шүүгдэгч Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог, эд хөрөнгөтэй гэх боловч тэр талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй, тэрээр урьд хоёр удаа хорих ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж “Шүүгдэгчид торгох ял оногдуулах болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э нь “...Миний хувьд гаргах ямар нэг гомдол санал байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ ..................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                                           

                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА