| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0409/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/331 |
| Огноо | 2017-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/331
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Э.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** дүгээр хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2 дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Гын С /РД:***/.
Яллагдагч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын үйлдвэрийн ** тоотод оршин суух иргэн Б.Нын гэрт 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Э.Дын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Хохирогч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 14-нд хадам дүүгийнд барилгын засал хийж байгаад цахилгаан тасарчихаар нь харьж унтая гээд явж байтал хоёр залуу өөдөөс гарч ирсэн. Нэг залуу нь “тамхи байна уу” гэж асуусан чинь манай дүү танидаг юм шиг хараад байсан. Нөгөө хүн “намайг таних уу” гэхэд нь дүү “Би Н байна шүү дээ” гэхэд дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр зугтсан. Араас хөөж гэрийн хаалга нүдээд байсан. Би газар хэвтэж байгаад өндийж байтал миний нүүр рүү өшиглөсөн. Тонгойход дээрээс цохиод байсан. М салгасан. Миний нэг шүд хугарсан. Одоо тагнайтай шүд хийлгэсэн байгаа. Шүүгдэгчээс нэг сая төгрөг авсан. Үлдэх 777000 төгрөгөө нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулж авмаар байна. Залуу хүн учраас ял оногдуулахгүй байж болохгүй юм болов уу гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 201726011004 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Дын: “2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих ...Оёдлын гудамжаар өгсөөд явж байхад өөдөөс үл таних 2 залуу ирээд Наас тамхи асуусан. “Н байна шүү дээ” гэж манай дүү хэлсэн чинь нэг залуу нь “чи намайг мэдэх үү” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “чи болиоч” гээд тэр залууг холдуулж түлхэхэд хажуугаас нөгөө залуу нь зодох гээд байхаар нь Ныг дагуулаад зугтаагаад Нын гэрт нь ирээд унтах гээд хэвтэж байхад гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхгүй байж байхад Нын эхнэр Мөөгийгийн нэрийг дуудаад байсан. Мөөгий хаалга онгойлгож өгөхөд түрүүний 2 залуу орж ирээд нэг нь Нгийн урд очоод нөгөөх нь хөлөөрөө миний уруул орчим нэг удаа өшиглөсөн. Намайг үсдэж дараад дагз уруу гараараа хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Бакал гутлаар нэг удаа өшиглөөд гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Мөөгий хүрч ирээд тэр залууг салгасан. Намайг зодсон залуугийн нэр нь С гэдэг гэсэн, би бол танихгүй. Хамт орж ирсэн залуу нь цохиж зодоогүй. ...Шинээр үүдэн 1 ширхэг шүд хийлгүүлэхэд 1700000 төгрөг болно гэсэн, би зүгээр байсан шүдээ хугалуулсан болохоор шинээр шүд хийлгүүлнэ. Одоогоор би шүдний 2 ширхэг зураг авахуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн, хугарсан шүдээ авхуулсан гээд 70000 төгрөгний зардал гарсан. Нийтдээ 1770000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Б.Нын: “2017 оны 5 дугаар сарын 14-ний 01 цагийн үед Д ах бид хоёр Оёдлын гудамжинд явж байхад 2 залуу тулж ирээд нэг нь надаас тамхи асуусан. Тэр залуу С байсан. Тэгэхээр нь би “Н байна шүү дээ, таниж байна уу” гэхэд чи “намайг мэдэх үү” гээд зодох гээд дайраад байсан. Хойш алхсан чинь дагаад зодох гэхэд Д ах “манай дүүгээс хол бай” гээд цааш түлхсэн чинь тэр хоёр манай ахыг зодох гээд байхаар нь бид хоёр зугтаагаад гэр лүүгээ ороод хаалгаа түгжсэн. ...Гэрийн хаалга цохиод байсан, хаалгаа онгойлгож өгөхгүй байсан чинь М-аа гээд дуудаад байхаар нь эхнэр хаалгаа онгойлгож өгөхөд С гэрийн баруун талаар тойроод Д ахын хажууд очсон. Бүдүүка ах болохоор миний хажууд ирээд зогссон. Бүдүүка ах “М-ын нөхөр байсан юм бол хэлэхгүй яасан юм” гэж байсан. Харин С Д ахыг өшиглөсөн гэсэн би өшиглөж байхыг нь хараагүй. М очоод Сыг салгаж авсан. Тэгэхэд Д ахын амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч С.М-ын: “2017 оны 5 дугаар сарын 14-ний 01 цаг өнгөрч байх үед гэрт Д ах, Н нар хүнээс зугтсан байдалтай амьсгаадсан орж ирсэн. Манай хаалгыг цохиод байсан. Хэн бэ гэхэд манай нөхөр “С, Ш хоёр юм шиг байна” гэсэн. Маа ахын дүү хаалгаа тайл гээд цохиод байхаар нь би босоод хаалга онгойлгож өгөхөд С, Бүдүүка ах хоёр орж ирсэн. Д ах гэрийн хоймор хэсэгт гудсан дээр хэвтэж байхад С очоод нүүр рүү нь бакал гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөөд Д ах тонгойсон чинь С дээрээс нь үсдээд нүүр толгой хэсэг рүү нь гараараа 2,3 удаа цохисон. Би очоод С-ыг салгасан. Д ахын амнаас цус гарч, шүд хугалчихлаа гээд байсан. Манай нөхрийг зодоогүй. Бүдүүка хэн нэгнийг зодоогүй. Зодсноосоо хойш “чи хаана байгаагаа мэдээрэй, муу банди минь” гээд хараал хэлээд занаад байсан” гэх мэдүүлэг /хх- 19-20/,
Гэрч С.Бямбанямын: “2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө ...хашаан дотор хүн орж ирээд хүргэн Н-ын хаалгыг тогшоод “ах нь байна М-аа” гээд байсан. Удаагүй байж байхад гэр лүү нь хүн орчих шиг болсон. Гэтэл “болиоч, та яагаад байгаа юм бэ” гээд манай охины хашгирах чимээ сонсогдохоор би босоод хүргэний гэрт ороход Д хоймор хэсэгт зассан байсан гудсан дээр амаа дарчихсан амнаас цус гарчихсан сууж байсан. Ойролцоо С зогсож байсан. ...Охин хэлэхдээ С үг дуугүй орж ирээд Д-ын ам уруу өшиглөсөн, үсдээд зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.05.15-ны өдрийн 6407 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Д-ын биед тархины доргилт, үүдэн 1 шүдний хугарал, дээд, доод уруулын салстын цус хуралт, язралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл (үүдэн 1 шүд хугарсан тул) нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна” гэжээ /хх-29/,
Шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 13-ны орой гэртээ Бүдүүка, Сондор, Анхбаяр нарын хамт 0,75 литрийн архи хувааж уусан. ...Би тэднийг таниагүй, тамхи байна уу гэж асуусан. Очтол Н байсан, түүнээс “С байна, танихгүй байна уу” гэтэл хохирогч залуу “Миний дүү чамайг яахаараа таних ёстой юм” гэж хэлснээс болоод маргалдсан. Би хохирогчийг заамдаж цамцных нь энгэрээс татахад намайг түлхээд зугтсан. Би араас нь гүйгээд хашаанд нь орсон. ...М хаалга нээж өгөхөөр нь түрүүлж ортол хохирогч гэрийн зүүн хойморт ор түшсэн байдалтай сууж байсан. Би түүний хажууд очоод “намайг түлхээд надаас зугтдаг ямар овоо юм бэ” гээд нүүрэнд нь гутлын хоншоороор өшиглөсөн. Архиныхаа халуунд л болчимгүй үйлдэл хийсэн байсан. Хохиролд нэг сая төгрөг өгсөн. Ажил хийж байгаад үлдэгдэл хохирлоо төлнө” гэх мэдүүлэг /хх-43-44/,
гэрч Ж.Аын мэдүүлэг /хх-21/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-72/, хохирол төлсөн баримт /хх-74/, хохирлын баримт, гэрэл зураг /хх-75/ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Г.Сын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С согтуурсан үедээ 2017 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 14 дүгээр гудамж, 186 тоотод иргэн Э.Дын нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч өөртөө дүгнэлт хийхгүй байгаа, мөн торгох ял биелэгдэх үндэслэлгүй тул 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирлын талаар 30000 төгрөгийн баримт байгаа ч нэг сая төгрөг төлсөн. Хохирогч бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй. 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасныг тэмдэглэж байна.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нотлох баримт бүхий хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Шүд хийлгэх зардал 1700000 төгрөг, бусад зардал 70000 төгрөг гарсан, нийт 1770000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хэрэгт шүд авахуулсан 30000 төгрөгийн баримт /хх-75/ авагдсан, мөн хохирол, хор уршгийг хэрхэн яаж арилгасан, арилгах талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч Г.С нь хохирогчид нэг сая төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-74/ тогтоогдож байна.
Иймд хохирогч Э.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 770000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Д урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний болох 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-ыг шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 1 /нэг/ сая төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.Д өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР