Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/338

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт З-ын О /РД:***/.

 Яллагдагч З.О нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны ** тоотод иргэн Ч.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хайчаар хэвлийн тус орчим нь хатгаж хэвлийн хөндийг нэвтрэн бүдүүн гэдэсний чацархай, гялтан хальс, бүдүүн гэдэсний дэлүүний булан гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Эмчилгээний зардалд 1200000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна” гэв.

  

Эрүүгийн 201726010687 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ч.Бн: “2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэртээ эхнэр О, хадам эх Нацагжав, хадам ах О бид дөрөв 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Хадам ээж архинаас ганц хоёр татчихаад хөдөө явах байсан болохоор явсан. Харин О, О ах бид гурав үлдэж үргэлжлүүлэн юм ярин ууж дуусгаад дахин нэг шил архи авчирсан. Тэгээд сүүлд авсан архийг ууж байхдаа О ах бид хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ үсдэлцээд нэг нэг цохилцоход О бид хоёрыг салгасан. Бид хоёр салчихаад би Отай гэрээс гарч гадаа бие засчихаад ...би түрүүлээд гэр рүү орсон. Ороод маргасан зүйлээ сөхөн ярьж дахин хоорондоо маргалдаж бие биенээ үсдэлцээд зууралдаж ноцолдсон. Ноцолдож байх үед О ах ширээн доор байсан цэнхэр өнгийн бариултай хайч авахаар нь би хайч авсан гараас нь бариад булаацалдаж байгаад хоёулаа унаж дээр доороо орон нилээн ноцолдсон. Тэгээд би О ахыг түлхчихээд гэрээс гарсан. Тэгсэн гэдэс халуу дүүгэхээр нь цамцаа сөхөөд хартал цус гарч байхаар нь хашаанаас гараад хажуу айлын хүнийг дуудаж түргэн тусламж дуудуулсан. Миний араас О яасан юу болсон гээд ирсэн. Би Од гэдэснээс цус гарч байна, О ахтай ноцолдож байхад хатгагдсан юм шиг байна гэж хэлсэн. ...Миний гэдэс, бугалга, цээжинд хайч хатгагдсаныг эмнэлэгт очоод мэдсэн. О ах намайг санаатай хатгаагүй, бид хоёр ноцолдож байх үед хатгагдсан. Тухайн үедээ бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор юу ч мэдээгүй.

...Нэг нэгнийхээ яриаг үгүйсгэж тийм хүн байдаг, байдаггүй гэснээс болж маргалдсан. Бид хоёр хайчнаас хоёулаа барьсан байсан. Дээр нь хоёулаа согтсон ноцолдож байхдаа л санаандгүй хатгагдсан. Би хайчтай гарыг нь барьсан байсан болохоор ноцолдож байх үедээ өөрөө өөрийгөө ч хатгасан байж болно. Оийн буруу байхгүй гэж бодож байна.

Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэгт О ах буруугүй гэж бодож байна. Намайг санаатай хатгах хүн биш. Энэ хэрэг бид хоёрын согтуу байсан санамсаргүй асуудлаас болж гарсан болохоор миний зүгээс хэрэг биш гэж үзэж байна.

...Миний биеийн байдал хэвийн сайн байгаа. Эмчилгээ, эм тарианд зарцуулсан баримт байхгүй. Миний хувьд О ахад гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-19-20, 88/,

   Гэрч З.Огийн: “2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ...авсан архиа задалж уусан. Ээж архинаас бараг уугаагүй унаандаа суухаар явсан. Ингээд бид гурав үлдэж хөзөр тоглонгоо архиа уусан. Би архинаас бага хэмжээний уусан. Тэр хоёр дахиад уухаар болоод дэлгүүр орж 0.75 литрийн архи нэгийг авчирч уусан. Ууж байх явцдаа хоёулаа согтож хоорондоо уул ус, ах дүү яриад нэг нэгнийхээ дээр гарах гээд маргалдсан. Би өндөг шарах гээд анзааралгүй байж байтал нэг харсан чинь бие биенээ үсдэлцээд ...би салгаад Бг дагуулан гадаа гараад хэсэг байсан. Б бие засчихаад түрүүлээд орсон. Би бие засчихаад жорлонгоос гарч ирэхэд Б хашааны хаалгаар гарч байсан. Яасан юм бол гээд араас нь яваад очиход гэдсээ гараараа дарчихсан гэдсээ харуулахад гэдэс нь цус болсон байсан. Намайг хувцас аваад ир гэхээр нь би гэрээс хувцсыг нь аваад иртэл урд айлын хүмүүс гарч ирчихсэн цагдаа түргэн тусламж дуудсан байсан. ...Б надад “О ах хайч авахаар нь бариад ноцолдож байхад хатгагдсан юм байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч Б.Сын: “Тухайн өдрийн 22-23 цагийн үед манай хойд хашааны ** тоот хаалгыг нэг залуу тогшиж би хутгалуулчихлаа гэж орилж байсан. Би гараад очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эрэгтэй нь цээж нүцгэн гартаа малгай бариад зүүн хэвлийгээ дарчихсан, намайг хадам ах хутгалчихсан...  гэж хэлсэн. Энэ хавьд би хүн амьтан танихгүй гэж байсан ба түргэн, цагдаа дуудуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд цагдаа надаас юу болсныг асуусан, өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-24/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.28-ны өдрийн 4321 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.Бн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний чацархай, гялтан хальс, бүдүүн гэдэсний дэлүүний булан гэмтээсэн шарх, цээж, зүүн бугалгад шарх, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн, зулайн зөөлөн эдийн няцрал мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. 3. ...журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,

 Шүүгдэгч З.Оийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирсэн, гэрт хүн байхгүй байсан. ...Б нэг шил архи гаргаад ууя гэсэн. Б, О бид гурав үлдсэн архиа уугаад дахин нэг шил архи авч уусан. О архинаас их уугаагүй жоохон уусан. Тэгээд ууж суунгаа нутгийнхаа тухай ярьж байгаад маргалдаад бие биенээ цохилцож үсдэлцсэн. Тэр үед О боль гээд бид хоёрыг салгаж О Бг дагуулаад гэрээс гарсан. Б удаагүй буцаж ганцаараа орж ирээд бид хоёр дахиад маргалдаж үсдэлцээд ноцолдсон. Ноцолдож байхад ширээн доор цэнхэр хайч харагдахаар нь айлгах гээд автал хайчтай гарнаас бариад нилээн ноцолдсон. Б ноцолдож байгаад гараад явсан. Би Бн биед санаатай гэмтэл учруулаагүй. Хайч авбал Б айгаад намайг тавьчих байх гэж бодсон. Тэрнээс бол хатгаж гэмтэл учруулна гэж бодож хайч аваагүй. Ноцолдож байхад Бн биед хайчаар хатгагдсаныг бид хоёр тэр үедээ хоёулаа мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-36/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, хайчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч З.Оийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн болно.    

Шүүгдэгч З.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 28 тоотод иргэн Ч.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, Ч.Бн хэвлийн тус газарт хайчаар хатгаж хэвлийн хөндийг нэвтрэн бүдүүн гэдэсний чацархай, гялтан хальс, бүдүүн гэдэсний дэлүүний булан гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Бн: “...Ноцолдож байх үед О ах ширээн доор байсан цэнхэр өнгийн бариултай хайч авахаар нь би хайч авсан гараас нь бариад булаацалдаж байгаад хоёулаа унаж дээр доороо орон нилээн ноцолдсон. Гэдэс халуу дүүгэхээр нь цамцаа сөхөөд хартал цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч  З.Огийн: “...Б надад “О ах хайч авахаар нь бариад ноцолдож байхад хатгагдсан юм байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч З.О гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар З.Оийг ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бн бие махбодид хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн З.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 21см орчим урттай, ажлын хэсэг нь 11см урт, ажлын хэсгийн үзүүр хэсэгт хатсан бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч, ёроолоос дээш 7 см хэмжээний архитай 0,5 литрийн “Ерөөл” архины шил, 0,75 литрийн “Ерөөл” архины хоосон шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.   

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт З-ын О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас шүүгдэгч З.О-ийг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.О бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай 21 см орчим урттай, ажлын хэсэг нь 11 см урт, ажлын хэсгийн үзүүр хэсэгт хатсан бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч 1 ширхэг, ёроолоос дээш 7 см хэмжээний архитай 0.5 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.75 литрийн хоосон “Ерөөл” архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.О- д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

                 

              

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР