Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Х.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Хандсүрэн,

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Л.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Өндөрхайрхан” ХХК-д бетон зуурамагийн туслах ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 22 дугаар гудамж, 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Лгийн Т /РД:***/.

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 22 дугаар гудамж, 22 тоот гэртээ хохирогч Х.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо бүрэн авсан” гэв.

 

Эрүүгийн 1708000350006 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Оийн: “Би Л.Т-тэй хамтран амьдардаг. Бид хоёр 1980 оноос хойш хамт амьдарч байгаа. Би 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь Т гаднаас гэрт согтуу орж ирээд намайг элдэв нэгээр хэлээд хэрэлдээд гарч явсан. Гаднаас модон богино иштэй хүрз аваад гэрт орж ирээд хүрзээрээ миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би гарч гүйсэн чинь араас намайг хөөсөн. Манай хажууд байх охины хашааны үүдэнд баригдаад Т намайг чирээд хашаа руу оруулаад байж байсан охин Ц ирээд намайг хашаанаас аваад гарсан. Т гэр рүүгээ орсон. ...Т зугтаад явсан байсан. Намайг зодуулсныг манай эгч дүү нар мэдээд Гэмтлийн эмнэлэг явж эмчилгээ хийлгэж шинжлүүлсэн. Толгойнд 4, 5 оёдол тавьсан. Баруун гарынхаа зургийг авахуулсан. Ахар сүүл гэмтсэн байна гэсэн. ...Т намайг танай эгч чамайг банзалдуулсан гэж хэрүүл хийж эхлээд намайг зодсон. Т намайг урьд нь байнга зоддог байсан. Гэртээ агсам тавьлаа гэж цагдаа дуудаж өгдөг байсан. Албан ёсоор өргөдөл гаргаж хандаж байгаагүй. Би одоо гомдолтой байна...

...Эмчилгээний зардал 550000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-7-8, 41/,

          Гэрч О.Ц-ын: “Тэр өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед ажлаа тараад аав Тгийн хашаанд орсон чинь ээж Оийн толгой хагарсан, гар нь хавдаж зулгарсан байдалтай байсан. Ээжийг аав гэр рүүгээ чирээд явж байсан. Аав ээжийг зодсон бололтой байсан. Тэгээд би очиж ээжийг ааваас салгаж аваад өөрийн амьдардаг гэр рүүгээ ороод цагдаа дуудсан. Цагдаа ирсэн чинь аав зугтаад явсан байсан. Тэр хоёр хоёулаа архи уусан байсан. Ээж бараг эрүүл байсан аав нилээн согтсон байсан. ...Мөн ээж хэлэхдээ “аав чинь ингээд намайг зодчихлоо” гэж хэлсэн болохоор аав Т ээжийг зодсон гэж бодож байна. Би яг зодож байхыг нүдээр хараагүй. 2016 оны зун бас манай 2 дүү хөдөө явсан хойгуур ээжийг аав зодсон байхаар нь гэрт агсам тавиад байна гэж 102 дугаарт дуудлага өгч аавыг эрүүлжүүлж байсан. Өөрөөр цагдаагийн байгууллагад ээжийг зодлоо гэж хандаж байгаагүй ээ. ...Ихэнхдээ ажилгүй гэртээ байгаа. Архи уусан үедээ ааш зан муудаад агсан согтуу тавиад байдаг юм. Аав уг нь өөрөө их ажилсаг хүн. Сүүлийн хоёр жил илүү их архи ууж байна. Аавад сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг байхгүй ээ. Сэтгэцийн хувьд эрүүл хүн...” гэх мэдүүлэг /хх-9-12/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.05-ны өдрийн 8599 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О-ийн биед зулайн хуйх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн талын өгзөг, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/,

Шүүгдэгч Л.Т-гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өглөө гэртээ эхнэрийн хамт байсан. 14 цагийн үед ганцаараа 0.33 литрийн архи уусан. Эхнэртэйгээ эгч Оийнх нь талаар маргалдсан. Эхнэр Х.От уур хүрээд гэрт байсан модон иштэй жижиг хүрзээр толгой хэсэгт нэг удаа цохисон. Цагдаа нар ирээд намайг саатуулсан. Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Л.Т-гийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн болно.    

Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 22 дугаар гудамж, ** тоот гэртээ хохирогч Х.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зулайн хуйх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн талын өгзөг, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Х.О-ийн: “...Гаднаас модон богино иштэй хүрз аваад гэрт орж ирээд хүрзээрээ миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би гарч гүйсэн чинь араас намайг хөөсөн. Манай хажууд байх охины хашааны үүдэнд баригдаад Т намайг чирээд хашаа руу оруулаад...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч О.Ц-ын: “...ээж О-ийн толгой хагарсан, гар нь хавдаж зулгарсан байдалтай байсан. Ээжийг аав гэр рүүгээ чирээд явж байсан. Аав ээжийг зодсон бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-10/, шинжээчийн 8599 дүгээр дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, “Өндөрхайрхан” ХХК-д бетон зуурмагийн туслах ажилтнаар өдрийн 15000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч тэр талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, нас/ зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.О-ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд 570000 төгрөгийг хохирол нэхэмжилснийг мөрдөн байцаалтад төлж барагдуулсан, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч Л.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Т торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Т урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР