Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/317

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч  Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Чийн Ш /РД-***/.

Шүүгдэгч Ч.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч-13 чиглэлийн автобусан дотор иргэн Н.Г-той маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлын 180000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулахаар тохиролцсон. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.

 

Эрүүгийн 201726010574 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Гийн: “2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүнс трейд орчимд явж байтал миний дэргэд зогсож байсан 37-38 орчим насны архи үнэртүүлсэн хүн халаас руу гараа хийх шиг болохоор нь цаашаа болооч гээд мөр рүү нь гараараа түлхсэн чинь налаад байсан. Би ахиад 1-2 удаа цаашаа гээд түлхсэн чинь өөдөөс үгийн зөрүү байхгүй зүүн гараа атгаж байгаад ам руу цохиод авах үед өмсөж байсан малгай газар уначихаар нь малгайгаа автал дээрээс толгой руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барьцалдаж авсан чинь тэнд байсан хүмүүс салгасан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Гэрч Л.Дгийн: “2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цагийн намайг гэртээ байж байтал манай нөхөр Ч.Ш гаднаас ганцаараа халамцуу орж ирээд гарчихаад ирье гэж гараад тэр өдөртөө ирээгүй эрүүлжүүлэх байранд хоносон байсан. Тухайн өдөр Ш-аас юу болсон талаар асуухад Ш гэртээ харих гээд автобусанд явж байтал үл таних хүн халаасанд нь гараа хийхээр нь гараараа нүүрэнд нь нудраад авсан чинь тэр хүн дагаж явж байгаад манай нөхрийг барьж аваад цагдаад өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.03-ны өдрийн 3286 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Гийн биед зүүн хөмсөг орчимд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний үүдэн нэг шүдний бага зэргийн сулрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/,

Яллагдагч Ч.Ш-гийн: “...Автобусны хойд хэсгээр зогсож байтал хажуу талд зогсож байсан залуу намайг налаад түлхээд байсан. Миний халаасанд мөнгө байсан учраас би тэр залууг миний мөнгийг авах гээд байна гэж бодоод “чи цаашаа болооч” гээд түлхсэн чинь тэр залуу уурлаад байхаар нь би нүүр рүү нь 2 удаа цохисон. Уг хэргийг үйлдсэн нь миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-54-55/,  

гэрч Л.Дгийн мэдүүлэг /хх-10-11/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, хохирогчийн “гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-70/, шүүгдэгчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20  дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч-13 чиглэлийн автобусан дотор иргэн Н.Гтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан   болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Гт учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч хохирлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй хэдий боловч шүүгдэгч Ч.Ш, хохирогч Н.Г нар хохиролд 180000 төгрөгийг 2-3 сарын хугацаанд өгч, авахаар харилцан тохиролцсон байх тул шүүх дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ш нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Ш цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Шгаас гурван сарын хугацаанд 180000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Г /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний *** тоотод оршин суух, РД-***/-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Шд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР