Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 19

 

      А-д холбогдох эрүүгийн

     хэргийн талаар

 

 

226/2019/0019/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга  Ж.Мөнхчимэг,

Прокурор Я.Сансар,

Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000054 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1986 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайтын 33-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял тэнсэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Б-н А /РД/  нь

2017 оны 02 дугаар сарын 12-15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Хавцлын өвөлжөө” гэх газарт нутаглах Ж-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж монетон ээмэг 1 хос, хүзүүний гинж 1, бөгж 1, сэгсүүргэн дээл 2, үнэгэн малгай 1 ширхэг, мотоцикл зэрэг эд зүйл хулгайлж 2760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-н А-г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас шүүгдэгч А-н үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-н эд хөрөнгийг хураахгүйгээр 03 /гурван/ жилийн хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-н цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-с 960000 төгрөг гаргуулж хохирогч Ж-д олгож, шүүгдэгч А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А нь давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирлоо бүрэн төлж барагдуулсан.

Миний эцэг Б нь биеийн эрүүл мэндийн байдал муу, байнгын хэвтэрт байж бусдын асаргаанд байдаг. Миний хувьд асран хамгаалагч нь юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн.

Оргон зайлсан гэх асуудлын хувьд А-н аавынх нь бие муу байсан учир чөлөө авч явсан бөгөөд чөлөөний хугацаанд ирж чадаагүй, энэ үйлдлийг нь анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан гэж үзсэн. А нь айлын ганц хүү бөгөөд тухайн үед аавыгаа асарч байсан. Аавынх нь хувьд 40 жил хэвтэрт байгаа бөгөөд цооролт үүсч, идээлж эмчилгээ хийлгэдэг. Мөн байнгын гуурстай байж, клизма тавьж бусдын тусламжтай бие засдаг. А-г тус хэрэгт холбогдсоноос хойш зүрхний хагалгаанд орсон бөгөөд хөдөлмөрийн чадвар 100 хувь алдагдалтай, байнгын эмчийн хяналтад, асаргаанд байдаг юм.

Анхан шатны шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзсэн боловч төлбөр бүрэн төлөгдсөн. Хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.

Мөн А анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд өөрийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байдаг. Иймд А-н аавын биеийн эрүүл мэндтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хохирогч Ж-н нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тодорхойлолтын шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх гэсэн боловч хохирогч Ж нь хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн тул шуурга болох гээд амжаагүй явсан юм.  А-г ээж нь өндөр настай хүн байдаг бөгөөд аавыг нь асарч чаддаггүй, А асран хамгаалагч нь юм гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна.

А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд А оргон зайлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. А-г Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан бөгөөд үнэхээр аавыгаа асарч байсан бол гэрийнх нь хаягаар олох байсан. А-н аавыгаа асарч байсан гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

А нь 2017 оны 02 дугаар сарын 12-15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Хавцлын өвөлжөө” гэх газарт нутаглаж байсан Ж-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж монетон ээмэг 1 хос, хүзүүний гинж 1, бөгж 1, сэгсүүргэн дээл 2, үнэгэн малгай 1 ширхэг, мотоцикл зэрэг эд зүйл хулгайлж 2760000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...аав болох В-д гэрийн түлхүүрээ орхиод Улаанбаатар хот явсан юм. Тухайн үед малчин А эхнэр У-н хамт үлдсэн. Хотоос ирэхэд “Даюун” маркийн мотоцикл алга болж, авдар дотроос ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, 30000 төгрөг, 2 үзүүрсгэн дээл, үнэгэн малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, гэрч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэрээ цоожлоод түлхүүрээ аавындаа орхиод явсан. Авдраас ээмэг бөгж, зүүлт, дээл малгай хулгайд алдагдсан. Мөн гэрийн үүдэнд байсан мотоциклыг унаж явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/ зэрэг мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, анхан шатны шүүх А-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэн, Хэнтий аймаг дахь Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчийн үйлдэл нь 2017 оны 7 дугаар сараас өмнө буюу 2017 оны 2 дугаар сард үйлдэгдсэн ба шинэ хуулиар оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэл бүхий болжээ. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

А нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, эцгийнх нь биеийн байдал, байнгын асаргаа шаардлагатай зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3, 61.4-т заасныг журамлан А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. А нь шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Ж-д 960000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А нь шийтгэх тогтоол гарахаас өмнө 14 /арван дөрөв/, шийтгэх тогтоол гарснаас хойш 59 /тавин ес/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО