Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0106/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт Г-ын С-д холбогдох эрүүгийн 2218000000106 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Г-ын С /РД: ..../, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс ...., бүрэн бус дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ...... ХХК-ийн ...... ажилтай, ам бүл ..., ..., .... нарын хамт Дархан-Уул аймаг, ..... сум, ..... дугаар баг ......-ын ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч  Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамтран амьдрагч А.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.С-ийн өгсөн: ...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн. Торгуулийн ял 500,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр улсын яллагчтай тохиролцсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч А.Х-ийн өгсөн: ...20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ... цаг .... минутын орчим .... сумын .... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ..... зочид буудлын .... тоот өрөөнд очиход Г.С архи уучихсан сууж байсан. Намайг ороход Г.С ганц татчих гээд байхаар нь ууж байсан архинаас нь ууж байгаад тасарчихсан байна лээ. Нэг сэрэхэд Г.С миний толгой руу гараараа цохиод намайг зодож байсан. Эмчилгээний зардалд 2,300,000 төгрөгийг Г.С өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 9 дүгээр тал/,

 

Гэрч С.Э-ийн өгсөн: ...20... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... цагийн орчим Г.С гэж хүн буудлын .... тоот өрөөнд ганцаараа орсон. ..... цагийн үед .... тоот өрөөнд эмэгтэй хүн уйлаад байсан. Удалгүй юм хагарч, эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь хаалгыг нь тогшиход Г.С гэх хүн хаалгаа онгойлгож өгсөн. Хамт байгаа эмэгтэйгээс зүгээр үү гэж асуухад цаашаа хараад суучихсан дуугарахгүй байсан. Г.С манай хүн согтчихоод надад жаахан агсараад бухимдлаа гаргаад байна, манай хадам аав удахгүй ирж авна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч Д.А-ын өгсөн: ...20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр би гадуур явж байтал манай хүүхэд болох 13 настай Э над руу залгаад ааваа эгч зодуулчихсан гэртээ ирлээ гэхээр нь би гэртээ яваад очтол манай охин Х-ийн нүд нь хөхөрчихсөн, хөл, гар нь хөх няц болчихсон байсан. Юу болсон талаар асуухад Г.С хүүхдийн талаар ярих юм байна уулзъя гэж хэлээд зочид буудалд дуудаж аваачаад архи уулгаж согтоочихоод намайг зодчихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 Гэрч П.Ү-ийн өгсөн: ...Г.С манай нөхөр О-ийн төрсөн ах. Г.С ах хүнд итгэмтгий, хүнд тусархуу, их зөөлөн сэтгэлтэй. Ажлаасаа буухаараа архи л уучихдаг юм. Г.С, А.Х эгч хоёр таарч тохирохгүй болоод салцгаасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч С.М-ын өгсөн: ...Г.С ах Х хоёр дундаасаа нэг хүүхэдтэй болоод удалгүй салцгаасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... дугаартай А.Х-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, 2 өвдөг, цээжний ар хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Х-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр орой ..... цагийн орчим Дархан-Уул аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын ... тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Х-г зодож тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, 2 өвдөг, цээжний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.С-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Г.С, хохирогч А.Х нар нь хамтран амьдрагч буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Г.С хамтран амьдрагч А.Х-ийн бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х-ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Х-ийн “...хохиролд 2,300,000 төгрөг авсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Г.С нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С-ийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР