Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0107

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Р-гийн О-т холбогдох эрүүгийн 2218000070131 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Р-гийн О /РД: .../, 19... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Дархан-Уул аймгийн .... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, яс үндэс ..., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ...., ам бүл ...., Дархан-Уул аймгийн .... сумын .... баг, .... давхар .... дугаар байр .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч Р.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Р.О-ийн: “...гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай ял шийтгэлийн талаар тохиролцсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хаан банкны 20... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн ..... дугаартай “........ тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан” гэх албан бичиг /хавтаст хэргийн 8 дахь тал/

Хаан банкны 20.... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн ..... дугаартай албан бичиг “........ тоот төгрөгийн харилцан дансны дэлгэрэнгүй хуулга” /хавтаст хэргийн 14-58 дахь тал/

20.... оны ..... дугаар сарын ....-ний өдрийн Хаан банкны ..... дугаартай дансны хуулганд “...нийт .... гүйлгээнээс 20 удаагийн гүйлгээгээр .... төгрөгний зарлага, орлого орсон ..... удаагийн гүйлгээгээр ..... төгрөг орлого Хаан банкны .... тоот дансанд орсон болох нь тогтоогдож байна.” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 59-61 дэх тал/

20.... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн “...саарал өнгийн Хувай маркийн гар утас”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/

Гэрч Н.О-ын өгсөн: “...би 20... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Хаан банкны ..... дугаар дансанд “....” гэх утга бүхий 80,000 төгрөгний, мөн тус өдрийн 19 цаг 20 минутад 100,000 төгрөгний, мөн 19 цаг 29 минутад 80,000 төгрөгний, мөн 19 цаг 40 минутад 80,000 төгрөгний мөн 20 цаг 45 минутад 100,000 төгрөгний зарлагын гүйлгээг тус тус хийсэн. .... данснаас таны .....тоот дансанд 21 цаг 09 минутад 449,000 төгрөг шилжүүлсэн нь миний тоглож хожсон мөнгө орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/

Гэрч А.И-гийн өгсөн: “...интернет цахим хаяг сайтыг нь санахгүй байна. Мөрийтэй тоглоом тоглож 20.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Хаан банкны .... гэсэн данснаас 98,000 төгрөг, 160,000 төгрөг, 100,000 төгрөг, 100,000 төгрөг тус тус ..... гэсэн данс руу “.....” гэсэн утга бүхий зарлага гаргасан. Мөн буцаад 468,000 төгрөг шилжин орж ирсэн нь миний хожсон мөнгө гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/

Гэрч Г.С-ын өгсөн: “...хаягийг нь сайн санахгүй байна. Миний хувьд тухайн Хаан банкны ...... дугаартай дансыг эзэмшдэггүй бөгөөд миний багын найз Б.Э гэх хүний нэр дээр бүртгэлтэй данс байгаа юм. Би тухайн дансыг найзаасаа хэрэглээд өгнө гэж хэлээд нууц кодыг нь авч өөрийн бүртгэлтэй гар утсандаа интернет банк холбож одоо хүртэл ашиглаж байгаа. Харин найз Б.Э-ын хувьд өөрөө нууц дугаар болон орлого зарлагын гүйлгээг мэдэхгүй. Тухайн үед тоглоод данс руу нь мөнгө шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дах тал/

“....” ХХК-ийн 20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай “Тулган баталгаажуулалтаар иргэн Р.О нь нийт ..... төгрөгийн ашиг олсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-145 дахь тал/

Яллагдагч Р.О-ийн өгсөн: “...би уг тоглоомыг Дархан-Уул аймаг, ..... сум .... баг ..... тоот өөрийн оршин суугаа хаягтаа 20... оны .... дүгээр сарын ....-ний өдрөөс .... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан. Нийт хэдэн удаа зохион байгуулснаа санахгүй байна. Би тоглоом зохион байгуулахдаа мөнгөн дүнг тухайн үед янз бүрээр л хурааж тоглуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь 20.... оны .... дүгээр сарын .....-ний өдрөөс 20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймаг, ..... сум .... баг .... давхар .... дугаар байр ..... тоотод байх гэртээ өөрийн Хувай маркийн гар утсаар “.....” гэх нэртэй цахим хуудас нээн мөрийтэй тоглоом тоглуулан .... төгрөгийн ашиг олсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Р.О-гийн 20... оны .... дүгээр сарын ....-ний өдрөөс 20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн Хувай маркийн гар утсаар “....” гэх нэртэй цахим хуудас нээн мөрийтэй тоглоом тоглуулсан үйлдэл нь ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Р.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 156 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Р.О нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт торгох ялыг шийтгэр тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэхээр заасан тул шүүх шүүгдэгчийн “торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх” хүсэлт нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзэн хүсэлтийг хүлээж аваагүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан ба шүүгдэгч Р.О нь дээрх гэмт хэргийг үйлдэж олсон .... төгрөгийн орлого олсон, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа Хувай маркийн 1 ширхэг гар утсыг ашигласан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хувай маркийн гар утас 1 ширхэг болон гэмт хэргийг үйлдэж олсон .... төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Р.О-ийн эзэмшлийн .... тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгагүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ээс .... төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хувай маркийн 1 ширхэг гар утсыг улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Р.О-ийн эзэмшлийн ..... тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР