| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02783/И |
| Дугаар | 0023 |
| Огноо | 2017-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 0023
| 2017 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2018/00023 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М
123,584,342.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мнь Т ББСБ-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №13/0274 тоот зээлийн гэрээ байгуулж “Тоёота ланд круйзер 200” маркын 52,143.24 америк долларын үнэтэй, 49-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 1.4 хувийн, нэмэдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг баталгаажуулж “Тоёота ланд круйзер 200” маркын, 49-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Б.Мнь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 7 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд: Гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 38,204.74 америк доллар, зээлийн хүү 11,190.65 америк доллар, нэмэгдүүлсэн хүү 1,035.26 америк доллар, нийт 50,430.65 америк доллар буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн албан ханшаар 123,584,342.27 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ-аас 2014 оны 6 дугаар сард бэлнээр 23,840,000 төгрөгийг бэлнээр төлж “Тоёота ланд круйзер 200” маркын автомашин худалдаж авах гэрээ хийж машинтай болсон. 2014-2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 13,938.50 ам долларыг хугацаанд нь төлсөн. Би өөрийн байгаа мөнгийг өсгөх санаатай барилгын ажилд хөрөнгө оруулалт хийсэн боловч санхүүгийн хүндрэл, улс орны эдийн засгийн уналт нөлөөлөн өдийг хүрсэн. 2017 оны 9 дүгээр сард орон сууцнууд ашиглалтад орно. Байрнууд зарагдахгүй, цөөхөн хүн захиалга өгч байна. Иймд миний санхүүгийн хүндрэлийг харгалзан үзэж зээлээ төлж дуусгах боломж олгохыг тус банк бус санхүүгийн байгууллагаас хүсч байна. Миний бие дараах байдлаар нэхэмжлэгч талд саналуудыг гаргаж байна. Үүнд:
1/ Уг зээлийг авсан өдрийн ханшаар төлж болох эсэх
2/ Хуримтлагдсан хүү, алдангийг тооцохгүй байх эсэх
3/ Миний төлсөн 13,938,.50 ам доллар /өнөөдрийн ханшаар 34,428,095 төгрөг/ хугацаа хэтэрсэн, ханш өссөнөөс шалтгаалан огт мөнгө төлөөгүйтэй адил болж байгааг харгалзан ямар хөнгөлөлт үзүүлэх, хугацааг сунгах саналуудыг гаргаж байна. Миний хувьд 10 дугаар сараас эхлэн сард 3,500,000 төгрөгийг төлөх боломж гарч ирж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Би “Таван богд” ХХК-иас 117,000,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч тал Т ББСБ нь хариуцагчийн авах автомашиныг өөрийн нэр дээр 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн өмчилсөн “барьцаат зээлийн гэрээ”-г 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан боловч зээлийг надад өгөөгүй юм. Би “Таван богд” ХХК-нд автомашины урьдчилгаанд 2014 оны 6 дугаар сарын 23-нд 23,800,000 төгрөг төлсөн. Гэтэл “Таван богд финанс ББСБ” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 01-нд 13/0274-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан. Харин автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч автомашин хэзээ миний өмчлөлд шилжсэн тодорхойгүй байгаа боловч 2014 оны 7 дугаар сарын 24-нд 4,845 ам доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-нд 4,225 ам доллар, 2014 оны 10 дугаар сарын 03 нд 2,169.20 ам доллар, 2015 оны 01 дүгээр сарын 30-нд 1,794.87 ам доллар, 2015 оны 02 дугаар сарын 02-нд 1,518.99 ам доллар, 2015 оны 3 дугаар сарын 04-нд 1,808.14 ам доллар, нийт 16,361.21 ам долларийн төлбөр хийсэн тооцоо гарч байна. Дээрхээс үзвэл “Таван богд финанс ББСБ” ХХК-иас уг автомашиныг тэр өдрийн ханшаар тооцоход 119,034,934 төгрөгөөр худалдаж авсан гэж ойлгогдож байна. Хэрвээ ББСБ-аас зээлээр авсан гэх 52,143.24 центийг тэр өдрийн ханш /1826.41/-аар тооцвол 95,234,934 төгрөг болж байна. Дээрх “Таван богд” ХХК-д төлсөн 23,800,000 төгрөг дээр 16,361.20 ам долларыг өнөөдрийн ханш /2448/-аар бодвол нийтдээ 63,852,217 төгрөг төлсөн тооцоо гарч байна. Мөн барьцаат зээлийн гэрээний 2.1.3-т заасан “борлуулагч компани” Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д зааснаар гүйцэтгэх ёстой билээ. Иймд надаас 123,584,342 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Таван богд финанс ББСБ” ХХК нь Б.Мягмараас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 38,204.74 ам доллар, хүү 11,190.65 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 1,035.26 ам доллар нийт 50,430.65 ам доллар буюу төгрөгөөр 123,584,342.27 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагч Б.Мнь “Таван богд” ХХК-иас “Тоёото ланд круйзер 200” маркын автомашиныг худалдаж авсан. “Таван богд” ХХК нь Япон улсаас уг машиныг шинээр нь оруулж ирж зардаг албан ёсны байгууллага юм. Өндөр үнэтэй учраас хэрэглэгчид бэлэн мөнгөөр авч чаддаггүй, тиймээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг төлөөд үлдэгдлийг нь зээлээр олгодог. Ингэж олгохдоо “Таван богд” ХХК нь дан ганц “Таван богд финанс ББСБ” ХХК-иар дамжуулж зээлийг гаргуул гэж хэрэглэгчдийг тулган шахдаггүй, “Хаан” банк, “Хас” банкуудтай хамтарч ажилладаг. Б.Мнь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Таван богд” ХХК-тай №14/377 тоот “Автомашин худалдах-худалдан авах” гэрээг байгуулж “Тоёота ланд круйзер” маркын автомашиныг 119,000,000 худалдан авахаар болсон. Ингэхдээ гэрээний урьдчилгаанд 23,800,000 төгрөгийг “Таван богд” ХХК-д төлсөн. Харин үлдэх автомашины төлбөрийг төлөхийн тулд “Таван богд финанс ББСБ” ХХК-тай барьцаат зээлийн гэрээг байгуулж зээл авсан. “Таван богд финанс ББСБ” ХХК нь гэрээгээр тохирсны дагуу Б.Мягмарын автомашины үлдэх төлбөрийг шууд “Таван богд” ХХК-д шилжүүлсэн байгаа. Ийм учраас Б.М“зээлийн мөнгийг гар дээрээ аваагүй” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч 52,143.24 ам долларыг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээ 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх, хариуцагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой байсан боловч тэрээр төлбөрийг хугацаандаа төлөөгүй учраас бид үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдэл хүүг нэхэмжилж байна. Б.Мягмарын зүгээс төлсөн төлбөрүүдийг суутгаж тооцсон. Хариуцагчийн зүгээс зээл авсан дээр маргаагүй байснаа түүний төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр маргаад эхэлж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мнь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Таван богд” ХХК-иас “Тоёото ланд круйзер 200” маркийн автомашиныг зээлээр худалдан авахаар тохиролцож нийт 119,000,000 төгрөгөөс урьдчилгаанд 23,800,000 төгрөг төлсөн. Харин үлдэгдэл төлбөрийг “Таван богд финанс ББСБ” ХХК-иас зээлэхээр тохиролцсон. Ингээд “Таван богд финанс ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ хийж автомашиныг авсан, одоо хариуцагч автомашиныг одоо унаж хэрэглэж байгаа. Хариуцагчийн гол маргаж байгаа зүйл нь тухайн үед долларын зээл огт шаардлагагүй байхад нэхэмжлэгч хүчээр шахуу ам долларын зээл олгож хариуцагчийг ханшийн зөрүүгээр хохироосон. Тэгээд ч бодитоор Б.Мягмарын гар дээр нь зээлийг олгоогүй. Автомашины үнэ болох 119,000,000 төгрөгийг дахин нэг нугалахаар шахуу их мөнгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Тэгээд ч “Таван богд финанс ББСБ” ХХК-иас “Таван богд” ХХК руу яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байна. 23,800,000 төгрөгийн урьдчилгааг хасаад үлдсэнийг нь төлөх ёстой гэж үзэж байна. Барьцаат зээлийн гэрээнд нэг талаас ББСБ-ын зээлийн эдийн засагч гарын үсэг зурсан байдаг. Гэтэл авто машин барьцаалан зээлдэх гэрээнд мөн адил нэг хүн гарын үсэг зурсан нь сонин байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна гэхдээ долларын зээлийг хариуцагчийн гар дээр олгоогүй байж нэхэмжилж байгаад гайхаж байна. Маш их хэмжээний ханшийн зөрүү гарч байгааг шүүх анхаарч үзэх ёстой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуульд гадаад валютаар аливаа гэрээ хийхийг хориглосон байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь уг хуулийг зөрчсөнөөр Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн зээлийн үүргийг Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр хийгдэхээс өмнөх үүрэг үүсэг үеийн ханшаар тооцох үндэслэл байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Мнь “Таван богд” ХХК-тай №14/377 тоот “Автомашин худалдах-худалдан авах” гэрээг байгуулж “Тоёота ланд круйзер” маркын автомашиныг /арлын дугаар: JTMHU09J304098596/ 119,000,000 төгрөгөөр худалдан авчээ. Гэрээний урьдчилгаанд Б.М23,800,000 төгрөгийг “Таван богд” ХХК-д төлсөн байна.
Дээрх “Тоёота ланд круйзер” маркын автомашины үлдэх төлбөрийг төлөх үүднээс Б.М“Таван богд финанс ББСБ” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №13/0274 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 52,143.24 ам долларыг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээлж авчээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №13/0274 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж 49-79 УНК улсын дугаартай автомашин /арлын дугаар: JTMHU09J304098596/-ыг барьцаалсан байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан гэж дүгнэлээ.
Хариуцагчийн зүгээс дээрх гэрээний үүрэгт нийт 25,082.89 ам долларыг буцаан төлсөн байна.
Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №13/0274 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 38,204.74 ам доллар, хүү 11,190.65 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 1,035.26 ам доллар, нийт 50,430.65 ам доллар буюу 123,584,342.27 төгрөгийг хариуцагч Б.Мягмараас нэхэмжилж шүүхэд хандсан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлыг “...талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №13/0274 тоот барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд нийцээгүй, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн”, “...зээлийн мөнгийг хариуцагч бодит байдал дээр хүлээж аваагүй” гэж тайлбарлав.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж шүүхээс үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар боломж, нөхцөлийг дээрх хуулийн заалтаар зохицуулсан.
“Таван богд финанс ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мягмарын зээлсэн мөнгийг “Таван богд” ХХК-д шилжүүлснээр Б.М“Тоёота ланд круйзер” маркын автомашиныг худалдан авч, өөрийн эзэмшилд авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй ба нэхэмжлэгч зээлийг ийнхүү автомашин худалдагч компанид шилжүүлсэн нь зохигчийн хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.1.3 дахь хэсэгт “...Автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж тус тус заасантай харшлаагүй байна.
Мөн талууд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийг гадаад валютаар илэрхийлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчөөгүй, дүр үзүүлж хэлцэл хийсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэж “Таван богд финанс ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мягмараас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэлийн үнийн дүнгээс зарим хэсгийг хасч тооцов. Учир нь нэхэмжлэгч тал 50,430.65 ам долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тодорхойлсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг хавсаргасан.
Дээрх лавлагаанаас үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1 ам доллар 2,448.16 төгрөгтэй тэнцэж байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Мягмараас 123,462,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 122,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, нэхэмжлэгч тал хариуцагчаас 50,430.65 ам.долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай харшлахгүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Мягмараас 123,462,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмараас 775,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ