| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/03798/И |
| Дугаар | 0007 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 0007
| 2017 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2018/00007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.М холбогдох,
880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Энь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, Гранд плаза, 5 давхарын 5-6 дугаар лангуунаас 2016 оны 10 дугаар сард 880,000 төгрөгийн үнэ бүхий годон гутал худалдан авсан боловч уг гутал нь үйлдвэрлэлийн алдаатай байсныг худалдагчид мэдэгдэн буцааж өгсөн. Тухайн үед эзэн болох П.Мнь үйлдвэрлэлийн алдаатай бүтээгдэхүүн худалдаалснаа хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сард намайг хохиролгүй болгож, шинээр солиулж өгнө гэж гутлыг буцаан авч шинэ гутлаар сольж өгөх тухайгаа баталгаажуулан бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй. Мөн намайг удаа дараа сануулж хэлэхэд үл ойшоож хэлсэн үгэндээ хүрэхгүй зүй бусаар харьцсан тул П.Мөнхбаяраас годон гутлын үнэ болох 880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү Энхтунгалаг нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Гранд палаза” дэлгүүрт байх хариуцагч П.Мажиллуулдаг лангуунаас Якутын годон гутал худалдаж авсан. Гэтэл уг гутал нь үйлдвэрээсээ доголдолтой байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сард буцааж өгсөн байдаг. Уг гутлыг зардаг П.Мнь доголдолтой гутлыг буцаан авч, 2017 оны 10 дугаар сард багтааж шинээр сольж өгнө гэж амалсан. Гэвч П.Мгутлыг шинээр сольж өгнө гэж хэлсэн атлаа одоог хүртэл сольж өгөөгүй байгаа тул бид годон гутлын үнэ болох 880,000 төгрөгийг П.Мөнхбаяраас нэхэмжилж байна. Одоо гутал нь хариуцагчид өөрт нь байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мнь “Гранд палаза” дэлгүүрт лангуу ажиллуулдаг бөгөөд 2 жил гаруй Якутын годон гутал худалдаалж байна. Тэрээр ОХУ-ын Якутаас годон гутал оруулж ирж зардаг бөгөөд энэ хугацаанд “үйлдвэрийн доголдолтой” гэсэн гомдол нэг ч ирж байгаагүй. Нэхэмжлэгч Х.Энь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр П.Млангуунаас годон гутал худалдаж авсан. Тэрээр гутлыг бүтэн өвөлжингөө өмсөж, эдэлж байгаад 2017 оны 02 дугаар сарын сүүлээр гутлаа “үйлдвэрийн доголдолтой байна” гэж хэлээд буцааж өгсөн байдаг. Гутлыг буцааж өгөхөд баруун талдаа ханзарсан байсан. Мөн гутлын өсгий нь элэгдсэн, том хөлтэй хүн чихэж өмссөн байдалтай байсан. Тухайн үед буюу Х.Эгутлыг буцааж өгөхөд П.Мөөрөө байгаагүй, харин лангуун дээр сууж байсан худалдагч н.Энхтуяа нь “2017 оны 10 дугаар сард гутлыг шинээр сольж өгнө” гэж бичиг хийж, П.Мтамгыг дарсан байсан. П.Мнь гутлыг шинээр сольж өгнө гэж амлаагүй, харин засуулж өгөхөөр болсон. Одоо засуулсан гутал нь энд байна, үүнийгээ нэхэмжлэгч буцаан авч болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байгаа. Түүнд П.Мцоо шинэ гутал зарсан бөгөөд хэрэв ямар нэг доголдол байсан бол мэдэх боломжтой байсан. Гэтэл удаан хугацааны турш гутлыг өмсөж элэгдүүлчихээд одоо мөнгөө буцааж авна гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гутал хүлээн авах үедээ л шалгаад авах, доголдол байсан бол доголдлыг мэдэх боломжтой байсан. Уг гутал нь өөрөө үйлдвэрийн доголдолгүй байсныг Якутын гутлын үйлдвэрээс ирсэн бичгээс харж болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Х.Энь хариуцагч П.Мөнхбаяраас 880,000 төгрөгөөр “Якут” годон гутал худалдан авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
2017 оны 02 дугаар сард нэхэмжлэгч Х.Эдээрх хос гутлыг “үйлдвэрлэлийн гэмтэлтэй” гэж үзэн буцаан өгснийг хариуцагч П.Мхүлээн авсан, одоо уг гутал П.Мэзэмшилд байгаа үйл баримт дээр зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч Х.Энь хариуцагч П.Мөнхбаяраас 880,000 төгрөг гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандсан ба тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч амалсан ёсоороо буюу 2017 оны 10 дугаар сард гутлыг шинээр сольж өгөөгүй тул годон гутлын үнэ болох 880,000 төгрөгийг гаргуулж авна” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...П.Мгутлыг шинээр сольж өгнө гэж хэлээгүй, тэгээд ч худалдан авагч Х.Энхтунгалагын шаардах эрх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3 дахь хэсгүүдэд зааснаар дууссан” гэж өөрийн татгалзлаа тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан байна.
Хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тооцооны хуудас” авагдсан. Уг баримтад “...2017 оны 10 дугаар сард шинэ гутал /35р/ цайвар гутлаар сольж өгнө” гэж тусгагдсан ба уг баримтад хариуцагч П.Мтамга дарагдаж, гутлын лангууны худалдагч н.Энхтуяа гарын үсгээ зурсан болон П.Мгутлыг буцаан хүлээж авсан үйл баримтаас үзэхэд Х.Энхтунгалагын худалдан авсан гутал биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Нэгэнт хариуцагч П.Мтохирсон хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сард доголдолтой гутлыг шинээр сольж өгөөгүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрх үүссэн байна. Иймд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулсны дагуу годон гутлын үнэ 880,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Мөнхбаяраас 880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Энхтунгалагт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мөнхбаяраас 25,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ