| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/000115/э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Дониддолгор,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Юмжирдулам,
Шүүгдэгч: Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Ч.Ц-д холбогдох 2026000000102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ямаат овгийн Ч.Ц
Шүүгдэгч Ямаат овгийн Ч.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Ш.Г-н эд зүйл агуулах зориулалт бүхий байшингийн цоожны цүүг мулталж нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн орж 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/-н төгрөгийн үнэ бүхий 11 кг борц хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ш.Г-д борцыг нь буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгч нарт 105000 төгрөг төлсөн. гэв.
Хохирогч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд гэртээ байхгүй хойгуур манай байшингийн ард талд байрлах жижиг байшингийн цоожны цүүг эвдээд баруун талд байсан шар ууттай борц алга болсон байхаар нь цагдаад хандсан. 11-12 кг борц байсан байх. Борцоо буцаан авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 17 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Ю мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим Р, Ц нар ууттай борц авах уу гээд манай ажил руу орж ирсэн. Б.Ц бид 2 цахилгаан жин дээр тавихад 7кг 900гр болсон. Дотроо бохирдолтой байхаар нь 7кг-аар тооцож 1кг-ийг нь 15.000 төгрөгөөр тооцож 105.000 /нэг зуун таван мянга/-н төгрөгөөр авсан. Бид 2 гар дээр бэлэн мөнгө байхгүй болохоор Баку төвийн АТМ-ээс мөнгөө аваад Рд өгсөн. Хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 21, 27-28, 29-30 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим Р, Ц нар ууттай борц авах уу гээд манай ажил руу орж ирсэн. Хулгайн борц биш биз дээ гэж асуухад манай хадмын борц байгаа юм гэж хэлсэн. Ю бид хоёр цахилгаан жин дээр тавихад 7 кг 900 гр болж байсан. 1 кг борцыг нь 15000 төгрөгөөр тооцож 105000 төгрөгөөр авсан. 105000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй./хх-ийн 23, 25-26 хуудас/,
Яллагдагч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би архи уусан байсан. Дахин архи уух гэж мөнгө олох зорилгоор Г гэх айлаас 11 кг борцыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4 кг борц авсан. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үлдсэн 7 кг борцыг хулгайлан авсан. Би Г гэх айл руу такси дуудаж Р гэх хүнтэй цуг явсан. Би Р гэх хүнд “би энэ айлд эд зүйлээ тавьсан байгаа” ороод аваад гараад ирнэ гэж хэлээд хашаа руу нь ороод модон байшингаас нь борцыг нь ороод авчихсан. Би авсан борцоо зах дээр мах худалдаж авдаг нэг эмэгтэйд 1 кг-г нь 15000 төгрөгөөр зарсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. /хх-ийн 54 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/28 дугаартай үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ш.Г, иргэний нэхэмжлэгч А.Ю, Б.Ц нарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 6-10, 11-15, 40-43 хуудас/,
Шүүгдэгч Ч.Цын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 112, 79, 80 хуудас/,
Шүүгдэгч Ч.Ц-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ямаат овгийн Ч.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Ш.Г-н эд зүйл агуулах зориулалт бүхий байшингийн цоожны цүүг мулталж нэвтрэн орж 11 кг борц хулгайлан 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ямаат овгийн Ч.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Өвөрхангай аймгийн Ш.Гийн эд зүйл агуулах зориулалт бүхий байшингийн цоожны цүүг мулталж нэвтрэн орж 11 кг борц хулгайлан 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Г-н Би 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд гэртээ байхгүй хойгуур манай байшингийн ард талд байрлах жижиг байшингийн цоожны цүүг эвдээд баруун талд байсан шар ууттай борц алга болсон байхаар нь цагдаад хандсан. Иргэний нэхэмжлэгч А.Ю-н 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим Р, Ц нар ууттай борц авах уу гээд манай ажил руу орж ирсэн. Цэвэлравжаа бид 2 цахилгаан жин дээр тавихад 7кг 900гр болсон. Дотроо бохирдолтой байхаар нь 7кг-аар тооцож 1кг-ийг нь 15.000 төгрөгөөр тооцож 105.000 /нэг зуун таван мянга/-н төгрөгөөр авсан. Бид 2 гар дээр бэлэн мөнгө байхгүй болохоор Баку төвийн АТМ-ээс мөнгөө авч өгсөн. Иргэний нэхэмжлэгч Б.Цгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим Р, Ц нар ууттай борц авах уу гээд манай ажил руу орж ирсэн. Хулгайн борц биш биз дээ гэж асуухад манай хадмын борц байгаа юм гэж хэлсэн. Ю бид хоёр цахилгаан жин дээр тавихад 7 кг 900 гр болж байсан. 1 кг борцыг нь 15000 төгрөгөөр тооцож 105000 төгрөгөөр авсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/28 дугаартай үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ш.Г, иргэний нэхэмжлэгч А.Ю, Б.Ц нарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ч.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Ч.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ч.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 23 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цын цагдан хоригдсон 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Ш.Г-д эд зүйлийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Цд, А.Ю нарт нийт 105000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овгийн Ч.Ц-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Цод нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цод оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цын цагдан хоригдсон 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Ш.Г-д эд зүйлийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Цд, А.Ю нарт нийт 105000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.