Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0235

 

а

 

2015 оны 6 сарын 04 өдөр

 

Дугаар 221/МА2015/0235

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, АРАТС-ын  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сумын Засаг дарга Г.Б Монгол Улсын Засгийн газрын 326 дугаар тогтоол Санхүүгийн алба байгуулах, Санхүүгийн албаны даргыг томилох тухай захирамж болон төсөвт байгууллага хариуцсан 2 нягтлан бодогч томилсон тухай Тамгын газрын даргын тушаалыг уншиж мэдэгдсэн. Тамгын газрын даргын тушаалаар Ю.Д-г сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор томилсон байсан бөгөөд өмнө нь төсөвт байгууллагад ажиллаж байсан миний асуудал энэ шийдвэрт дурдагдаагүй... Тамгын газрын даргаас тушаалыг авч танилцах, нягтлан бодогчоор сонгогдоогүй үндэслэлээ мэдэх гэсэн боловч шийдвэрээ өгөхгүй гэсэн... Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө нь сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилох тушаал гаргахдаа хууль зөрчсөн. Өмнө нь сургууль, цэцэрлэгт эрүүл мэндийн төвд ажилладаг байсан нягтлан бодогч нарын эрхэлж байсан ажил, албан тушаалын асуудал шийдэгдээгүй буюу байгууллагын дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Тамгын газрын дарга нь эрүүл мэндийн эрхлэгчид энэ талаар ямар нэгэн чиг үүрэг өгөөгүй, ярилцаж урьдчилж мэдэгдэж танилцуулаагүй... Төрийн албаны үйл ажиллагаа ил тод, нээлттэй шударга байх, иргэн бүрт ижил тэгш үйлчлэх зарчим алдагдаж, миний хувьд ажлын байргүй, хохирч байгаад гомдолтой байна...

Бүх төсөвт байгууллагуудын нягтлангууд сумын Засаг даргын Тамгын газарт харъяалагдах болсон бөгөөд Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч эмчийн тушаалаар намайг шилжүүлсэн. Хариуцлага тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Ю.Д-г томилсон Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шинээр байгуулагдсан санхүүгийн албаны төсөвт байгууллага хариуцсан нягтлан бодогчоор томилуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АРАТС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Засгийн газрын тогтоол, зөвлөмж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аймгийн Засаг дарга, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр сумын Санхүүгийн албанд ажлын дадлага туршлага сайн, олон жил санхүүгийн салбарт ажилласан, багаар ажиллах чадвар сайтай албан хаагчдыг томилсон Ю.Д нь төрийн албанд тасралтгүй 11 жил ажилласан бөгөөд Засаг даргын Тамгын газарт багийн Засаг дарга, сумын орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад 2013 оноос сумын орон нутгийн хөгжлийн сан, тусгай сан хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажилласан... Санхүүгийн албаны нягтлан бодогч Ю.Д-г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол, Сангийн яамны зөвлөмжийг тус тус үндэслэсэн... Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ю.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол, Сангийн яамны зөвлөмжийг тус тус үндэслэж, Санхүүгийн албанд намайг томилсон. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.А-ийн хувьд Сангийн яамны зөвлөмж дээр эмзэглээд байгаа байх. Уг зөвлөмж бол тушаал биш, хуучин ажиллаж байсан нягтлангуудаа ав гэсэн чиглэл өгсөн. Зөвлөмжийг сум, орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлсэн учраас өөр хэлэх тайлбар байхгүй... гэжээ.

            Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, АРАТС-ын  Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ю.Д-г нягтлан бодогчоор томилох тухай б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А-ийг АРАТС-ын  Санхүүгийн албаны төсөвт байгууллага хариуцсан нягтлан бодогчоор томилуулахыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч АРАТС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт хариуцагч буюу Ю.Д-г Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилох болсон хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол, Сангийн яамны 2014 оны 4-3/6495 тоот зөвлөмжийн талаар хариуцагчийн тайлбарыг бүрэн шинжлэн судлаагүй, мөн нэхэмжлэгч буюу Б.А-ийг уг албан тушаалд томилоогүй талаар хариуцагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолоор сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулж, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газарт хариуцан гүйцэтгэхийг даалгаж, улмаар Монгол Улсын Сангийн яамны 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4-3/6495 дугаар зөвлөмжөөр дээрх албаны бүтэц бүрэлдэхүүний тоог тогтоож, шаардлагатай бол тогтоолд заасан нормативыг баримтлан орон тоог нэмэгдүүлэх, боловсон хүчнийг тухайн сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогчдоос томилон ажиллахыг үүрэг болгожээ.

Дээрх тогтоолын дагуу АРАТС-ын  Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн а/01 дүгээр захирамжаар тус суманд Санхүүгийн алба байгуулагдаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нягтлан бодогч Б.А-ийг Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Б.А-ээс Ю.Д 2014 оноос сумын Засаг даргын Тамгын газрын норматив, орон тоо, бүтцэд байхгүй орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч гэх тушаалыг хашиж байсан нь шинээр байгуулагдаж буй Санхүүгийн албаны төсөвт байгууллагуудын нягтлан бодогчоор сонгогдох шаардлагыг хангахгүй гэж, хариуцагчаас ...олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн төрийн албан хаагч Ю.Д-г шинээр байгуулагдсан Санхүүгийн албанд томилж, ажлын байраар хангах нь хуулиар хүлээх үүрэг байсан, Б.А-ийн хувьд зөрчил дутагдал удаа дараа гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчин, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ур чадварын хувьд учир дутагдалтай... гэж, гуравдагч этгээдээс ...холбогдох хууль тогтоомжийг үндэслэж намайг Санхүүгийн албанд томилсон. Уг зөвлөмж бол тушаал биш, хуучин ажиллаж байсан нягтлангуудаа ав гэсэн чиглэл өгсөн. Зөвлөмжийг сум, орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлсэн гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

АРАТС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн б/02 дугаар тушаалаар Санхүүгийн албаны төсвийн нягтлан бодогчоор Ю.Д-г томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйл 2.1.1, 2.1.3, 2.1.4 дэх заалтыг тус тус зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Ю.Д нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Багийн Засаг даргын нөөц бүрдүүлэх төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилогдсон байх ба түүнийг 2013 оноос тус сумын Засаг даргын Тамгын газарт орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан талаарх тушаал хэрэгт байхгүй боловч хэргийн оролцогчид түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж тайлбарлаж, энэ талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.А-ийн хувьд 1997-2001 онд Эдийн засаг, бизнесийн удирдлагын Гурван тамир дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2001-2010 оны хооронд мэргэжлээрээ банкны салбарт ажиллаж байсан, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэж, нөөцөд бүртгэгдэн, улмаар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах ерөнхий шаардлага болон Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйл 2.1.1, 2.1.3, 2.1.4 дэх хэсэгт заасан тусгай шаардлагыг хангасан, төрийн албан хаагч байна.

Гэтэл нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтад орж, нөөцөд бүртгэгдээгүй, тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаагүй, уг албан тушаалд тавигдах төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байхад Ю.Д-г Санхүүгийн албаны төсвийн нягтлан бодогчоор томилсон нь буруу бөгөөд энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР