| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01892/И |
| Дугаар | 2302 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 105 дугаар байр, 71 тоотод оршин суух, Харчин овогт Чимэдийн Гантөмөр /РД:шж63062205/-ийн
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын хүүхэд, залуучуудын театрт Соёлын яамны сайдын 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 245 тоот тушаалаар томилогдоод 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын хүүхэд, залуучуудын театрын даргын 112 тоот тушаалаар Улсын хүүхэд залуучуудын театрт нүүр хувиргагчаар ажилд орсон. Улмаар 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улсын хүүхэд, залуучуудын театрын даргын 63 тоот тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Соёлын яамны сайдын тушаал, хөдөлмөрийн дэвтэр хоёр дээр овог “Чимэд” гэж бичигдэх байсныг “Чимид” гэж буруу бичигдсэн байна. Иймээс уг овгийн үсгийг зөрүү “И” үсгийг “Э” үсгээр сольж зөвөөр тогтоож өгнө үү. Өөрөөр хэлбэл 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон №068624 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Гантөмөр нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан ба тэрбээр хүсэлтийн үндэслэлээ “...миний эцгийн нэрийг Чимэд гэдэг бөгөөд 1986 онд надад олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээр Чимид гэж миний овгийг буруу бичсэнийг зөвтгүүлэх шаардлагатай” гэж тайлбарлажээ.
Харчин овогт Чимэдийн Гантөмөр нь 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүнд олгогдсон №068624 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, БНМАУ-ын Соёлын яамны харьяа МХЗЭ-ийн нэрэмжит, Алтан гадас одонт, Улсын хүүхэд, залуучуудын театрын даргын 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №112 тоот “ажилд томилох тухай” тушаал, гэрч Ч.Төмөрганы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Харчин овогт Чимэдийн Гантөмөрийг 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүнд олгогдсон №068624 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Харчин овогт Чимэдийн Гантөмөрийг 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүнд олгогдсон №068624 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ