| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00135/э |
| Дугаар | 2020/ШЦТ/127 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/127
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.ОтгонЖ даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Юмжирдулам,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Б-д холбогдох 2026000000134 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Н.Б,
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчимд иргэн Д.Х-г зодсоны улмаас биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 200000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Д.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Адаг нарийн гэх газар хонь хариулаад явж байтал Ж, Б нар нь хонио хариулаад явж байсан. Б манай 3 найз БаянХоос ирж байгаа тосож авна гээд явсан. Удалгүй Б манай найзуудтай танилц гээд танилцсан. Тэгээд машинаасаа пиво гаргаж ирээд уусан. Нийслэл нэртэй 3 том пиво, 1 шил задалсан архи ууж дуусаад сумын төв рүү Б, Б бид 3 ирээд Нийслэл нэртэй 2.5 л 4 сав пиво аваад буцаж очоод 6-уулаа хувааж уусан. Дахин сумын төв орж би 2.5 литртэй нийслэл нэртэй пиво аваад буцаад очтол миний тушчихсан байсан морь байхгүй байсан. Тэгээд дүү нар намайг хүргэж өгөөрэй гээд 2 пиво уучихаад гэррүүгээ ирсэн. Гэрийн гадаа очоод зогссон чинь манай эхнэр Х өөдөөс гараад ирсэн. Тэгсэн чинь Б наад архичингаа ав гичий минь гээд байхаар нь би эмэгтэй хүн яагаад ингэж хэлж байгаа юм гэсэн. Тэгтэл Б гэж танилцсан залуу намайг нүүррүү цохиод машинаас чирч гаргаад газар унагаад өшиглөөд байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн чинь айлд байсан. Хөмсөгнөөс цус гараад байсан. Манай эхнэр эмнэлэг дуудсан байсан. Эмч Б Ж ирээд оёдол тавих шаардлагатай байна гээд сумын төврүү авч ирээд эмнэлэг дээр 1 оёдол тавьж боолт хийсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний оёдол тавиулсан болон аймаг явсан зардал болох 200000 төгрөг өгсөн. /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед манай нөхөр Х-г жижиг цагаан машинтай хүмүүс хүргэж ирсэн би очоод машины хаалгыг онгойлгосон чинь манай нөхөр ар талын суудал дээр нь сууж байсан. Буулгах гэтэл жоохон байж байгаад буулаа гээд байсан. Тэгсэн чинь Б архичин нөхрөө ав гэхээр нь би хонь хариулж явсан хүн уруу татаж архи өгчихөөд юу яриад байгаа юм гэсэн. Тэгсэн чинь май муу гичий минь гээд салаавч өгөөд байсан. Тэгэхээр нь чи яагаад салаавч өгөөд байгаа юм гэсэн чинь арын суудал дээр манай нөхөртэй хамт сууж байсан залуу нь юу гээд олон юм яриад байгаа гичий вэ гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр чи эмэгтэй хүнийг яах гэж ингэж хэлж байгаа юм бэ гэсэн чинь манай нөхрийг цохиод авсан. Тэгээд машинаас чирч буулгаад нүүррүү нь цохиод авсан чинь газар унасан. Тэгээд 3-4 удаа өшиглөөд авахаар нь болиоч та нар хүн аллаа гэсэн. Машин барьж явсан залуу боль гээд нөгөө залууг аваад машиндаа суулгаад аваад явсан. Хын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь эмч дуудсан. /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч М.Б Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Д.Х-н эхнэр Х утсаар яриад толгойгоо хүнд хагалуулсан цус алдаад тогтохгүй байна гэж дуудлага ирээд очиход Д.Х-н духны зүүн дээд хэсэгт 2 см урттай шарх үүссэн байсан шархнаас цус их хэмжээтэй гарч байсан. Хайрхандулаан сумын эмнэлэгт авч ирж 1 оёдол тавьж цусыг тогтоож судсаар шингэн сэлбэж эмчилгээ хийсэн. Эмнэлэгт 1 хонуулаад...шархнаас цус гарахгүй цэвэр байсан тул эм бичиж зөвлөгөө өгөөд гаргасан. /хх-ийн 18-19 хуудас/,
Яллагдагч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 04 сарын 30-ны өдөр найзтайгаа БаянХ аймаг ороод 2020 оны 05 сарын 02-ны өдөр 12 цагийн үед БаянХ аймгаас гурвуул гараад Улаанбаатар явах замдаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суман байдаг Б гэх найзтайгаа утсаар яриад зам дээр уулзаад хөдөө гэрийнх нь ойролцоо очоод байж байсан чинь Х гэх хүн бас нэг танихгүй хүнтэй мотоцикльтой ирсэн. Тэгээд тэнд Нийслэл тэртэй 2,5 л 3 сав пиво, Улаанбаатар нэртэй 1 шил архи хувааж ууж дуусаад Хайрхандулаан сумын төврүү Б, хамт явсан залуу, бид гурав яваад Нийслэл нэртэй 4 сав том пиво авч ирээд уусан. Удалгүй Х сумын төв ороод пиво авна гээд 2 сав пиво аваад хөдөө ууж байсан газраа ирсэн. Ууж дуусаад Б, М бид гурав Х гэх хүнийг гэрт нь хүргэж өгөөд гадаа нь зогсож байсан чинь эхнэр нь гарч ирээд бид хэдийг хэл амаар доромжлоод орилж хашгираад байсан. Тэр үед Х буухгүй байхаар нь би арын суудлаас чирч буулгаад нэг удаа цохьсон. Газар унасан хойно нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Хохиролд 200000 төгрөг төлсөн. /хх-ийн 110-11 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:..Үзүүлэгч Д.Х-н биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 21-22 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25, 30-31 хуудас/,
Шүүгдэгч Н.Б-н хувийн байдлыг тогтоосон Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №119 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32, 33 хуудас/,
Шүүгдэгч Н.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь Өвөрхангай аймгийнх Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг Бурхант гэх газар иргэн Д.Хыг зодож тархи доргилт, зүүн хөмсөгт шарх гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Б нь Өвөрхангай аймгийнх Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг Бурхант гэх газар иргэн Д.Х-г зодож тархи доргилт, зүүн хөмсөгт шарх гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Х-н гэрийн гадаа очоод зогссон чинь манай эхнэр Х өөдөөс гараад ирсэн. Тэгсэн чинь Б наад архичингаа ав гичий минь гээд байхаар нь би эмэгтэй хүн яагаад ингэж хэлж байгаа юм гэсэн. Тэгтэл Б гэж танилцсан залуу намайг нүүр рүү цохиод машинаас чирч гаргаад газар унагаад өшиглөөд байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн чинь айлд байсан. Хөмсөгнөөс цус гараад байсан. Гэрч Ч.Х-н 2020 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед манай нөхөр Хыг жижиг цагаан машинтай хүмүүс хүргэж ирсэн. Тэгсэн чинь Б архичин нөхрөө ав гэхээр нь би хонь хариулж явсан хүн уруу татаж архи өгчхөөд юу яриад байгаа юм гэсэн. Тэгсэн чинь май муу гичий минь гээд салаавч өгөөд байсан. Тэгэхээр нь чи яагаад салаавч өгөөд байгаа юм гэсэн чинь арын суудал дээр манай нөхөртэй хамт сууж байсан залуу нь юу гээд олон юм яриад байгаа гичий вэ гэсэн чинь манай нөхөр чи эмэгтэй хүнийг яах гэж ингэж хэлж байгаа юм бэ гэсэн чинь манай нөхрийг цохиод авсан. Тэгээд машинаас чирч буулгаад нүүрлүү нь цохиод авсан чинь газар унаад өгсөн чинь гурав дөрвөн удаа өшиглөөд авахаар нь болиоч та нар хүн аллаа гэсэн. Гэрч М.Б-н Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Д.Хын эхнэр Х утсаар яриад толгойгоо хүнд хагалуулсан цус алдаад тогтохгүй байна гэж дуудлага ирээд очиход Д.Х-н духны зүүн дээд хэсэгт 2 см урттай шарх үүссэн байсан шархнаас цус их хэмжээтэй гарч байсан. Хайрхандулаан сумын эмнэлэгт авч ирж 1 оёдол тавьж цусыг тогтоож судсаар шингэн сэлбэж эмчилгээ хийсэн. Эмнэлэгт 1 хонуулаад шархнаас цус гарахгүй цэвэр байсан тул эм бичиж зөвлөгөө өгөөд гаргасан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Б-н үйлдлийн улмаас хохирогч Д.Х-н биед гэмтэл учирсан, хохирогч Д.Х-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б-гийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.