| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00153/э |
| Дугаар | 2020/ШЦТ/160 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/160
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.ОтгонЖ даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ
Улсын яллагч: У.АнхЖ,
Иргэдийн төлөөлөгч: Т.Цэдэндолгор,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч: Р.Шүрхүү,
Гэрч: Г.Ж, Л.О, Ц.Г,
Шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигоны халх овгийн А.Б-д холбогдох 2026000000129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигоны халх овгийн А.Б
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн орчимд иргэн Н.Ц-н толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтлийг үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би мэдрэлийн ядаргааны өвчтэй хүн учир хавар намартаа илэрч өвддөг. Уг хэрэг болохоос 2 хоногийн өмнө талийгаач манай гэрт ирээд агсан тавиад хэлэх хэлэхгүй муухай үг хэлээд явсан. Энэ хэрэг болох өдөр талийгаач намайг доромжилсон. Тухайн үед миний нүд харанхуйлаад явчихсан. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлалт хүсэж байна. Хохиролд 6000000 төгрөг төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:....2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө миний хань эрүүл саруул инээгээд гарсан 2, 3 цагийн дотор тийм зүйл болсон байсан. Би очоод юу болсон бэ? гэхэд А.Б гэдэг хүн өшиглөсөн гэж хэлсэн. Намайг очиход аль хэдийн нас барсан байсан. Миний хань эрүүл саруул хүн учир надад үнэхээр харамсалтай байна. Би 3 хүүхдээ яаж тэжээнэ гэж бодож байна. Би үнэхээр гомдолтой байна. Хохиролд 6000000 төгрөг авсан гэв.
Гэрч Ц.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... А.Б талийгаач 2 хоорондоо маргалдаад нэг нь талийгаач болсон. Гэрт орж ирээд тэр хоёр янз бүрийн зүйл яриад хэрэлдээд байсан. Б баруун хөлөөрөө талийгаачийг өшиглөсөн. Тэгээд бид нар Бийг аваад гарсан гэв.
Гэрч Т.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... А.Б гэдэг хүн хохирогч С буюу Ц гэдэг хүнийг өшиглөсөн. Талийгаач шууд газарт унасан. Удалгүй эмнэлгийн тусламж ирсэн. Тэгээд эмч үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн гэв.
Гэрч Л.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Айлд ороход үзэмний бараашиг исгэсэн байсныг уугаад сууж байтал удалгүй гаднаас Г ах Б ах 2 орж ирсэн. Гэрт орж ирээд А.Б ах зүүн талын орон дээр суусан. Бид 3 баруун талын орны өмнүүр цувраад суусан байсан. Гэрт мэнд мэдээд юм яриад сууж байтал талийгаач гэнэт чамтай харьцахгүй гээд буруу хараад суугаад байсан. Тэгээд гэнэт өшиглөчихлөө гэхээр нь хартал газар унасан байсан. А.Б ах өшиглөснийхөө дараа гадаа гараад суусан. Би араас нь гараад та хүн алчихлаа гэхэд гэнэт гүйж ороод талийгаачийг сэгсрээд байсан. Тэгээд сүлжээтэй газар очиж түргэн дуудсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Ханийгаа айлд очоод нас барсан талаар хүнээс дуулсан. Тухайн өдөр талийгаач маань дөнгөж нэг айлаар орчихоод ирнэ гэж хэлээд явсан. Тэгсэн чинь цаашаа айлуудаар ороод даваа даваад явчихсан гэж байсан. Тэгтэл хамгийн сүүлд очсон айлын хүн нь манай нөхрийг бие нь муу байна гэсэн хэл ирүүлсэн. Тэгээд би хадам ээж болон хүүхдийнхээ хамт тэр айлд очсон чинь талийгаачийг машин дотор байгаа гэсэн. Тэгэхээр нь эмнэлгийн машин дотор очиж үзэхэд талийгаачийн бие нь бүлээн байсан. Тэгээд нас барсан гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Б мотоциклийн араар сундлаад яваад өгсөн. Би талийгаачийг тэврээд юу болсон бэ гээд уйлаад, тэнд байсан хүмүүсээс асуухад Б гаднаас орж ирээд цай уугаад сууж байснаа босож ирээд талийгаачийг өшиглөөд унагасан гэж байсан. Талийгаач маань газар унаад ерөөсөө босож ирээгүй гэж ярьж байсан. Талийгаач маань газар сууж байсан болохоор толгой хавьд нь өшиглөсөн юм шиг байгаа юм. Хэрүүл маргаан гэх зүйл болоогүй, гэнэт босож ирээд нэг л удаа өшиглөсөн гэж байсан. Талийгаач маань эцэг эхээс дөрвүүлээ. Айлын гурав дахь хүүхэд байсан юм. Урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Амьдралын төлөө л гэсэн хүн байсан. Бид хоёр 10-16 насны 3 хүүхэдтэй. Бага хүүхэд маань одоо 5 дугаар ангид орно. Дундах хүүхэд маань 7 дугаар ангид сурдаг. Том хүүхэд маань 11 дүгээр ангид орно. Талийгаач маань гэр орноо авч явдаг хүн байсан. Малаа маллахаас гадна мод чулуугаар юм хийж явдаг байсан. Би эрүүл мэндийн хувьд өрөөсөн бөөрөө авахуулсан. Ийм болохоор амьдрал ахуйгаа яаж авч явна гэдгээ мэдэхгүй байна. Харамсалтай байна. Маш их гомдолтой байна. /1хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манайд Ж ах, Оюунболд, Ц нар бага зэрэг халамцуу орж ирсэн. Араас нь удалгүй Б, Г нар орж ирсэн. Манай нөхөр тал шил архи гаргаж ирээд аягалах гэж байсан. Би сүүлд орж ирсэн хоёр хүнд цай хийж өгөх гээд байж байсан чинь Б гэнэт босч ирээд Н.Цыг баруун хөлөөрөө өшиглөөд авсан. Ц хойшоо саваад ойчсон. Тэгээд босч ирээгүй. Б босгох гээд сэгсрээд байсан. Тэгээд урд айл руу хэлүүлж түргэн дуудсан. Хэрүүл маргаан болоогүй. Б ах талийгаачийг манайд өчигдөр орж ирж хэрүүл хийсэн гэж ярьж байсан./1хх-ийн 27-29 хуудас/,
Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед манай гэрт Оюунболд, Ж, талийгаач Ц нар халамцуу орж ирсэн. Араас нь Б, Г хоёр орж ирсэн. Би архи аягалах гээд байж байтал Б гэнэт босч ирээд Цыг баруун хөлөөрөө өшиглөсөн чинь Ц газар унасан. Ц босч ирээгүй. Тэгээд сумын эмнэлэг рүү түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. /1хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Т.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Оюунболд, талийгаач Ц-н хамт хоёулаа халамцуу мотоцикльтой ирсэн. Манайд бид гурав 0.5 литрийн хэмжээтэй тал шил архийг хувааж уусан. Тэгээд бид гурав Бийнд очихоор явсан. Бийнд ороод сууж байтал Гсүрэн, Б нар орж ирсэн. Тэгтэл Б талийгаачийг мэнд мэдэхгүй байна уу гээд баруун хөлөөрөө дагз орчимд нь 1 удаа өшиглөсөн. Талийгаач өшиглүүлж унаад ухаан ороогүй./1хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр талийгаач Цынд хоносон. Өглөө нь пиво уучихаад талийгаач бид хоёр Буянбадрахынд очиж 0.5 л хэмжээтэй Харзтай архи уусан. Тэндээсээ Ж-д очсон. Жынд оччихоод талийгаач, Ж бид гурав Бийнд очихоор мотоцикльтой явсан. Тэднийд сууж байтал Б, Г хоёр орж ирсэн. Талийгаач Б ахыг мэнд мэдээд орон дээр суусны дараа чам шиг юмтай харьцахгүй гээд гэрийн баруун багананы хойд талд суусан. Тэгтэл Б ах орноос босч ирээд талийгаачийг өшиглөчихөөд гэрээс гараад явчихсан. Талийгаач газар унасан. ./1хх-ийн 35-37 хуудас/,
Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр адуу дэллэж байгаад Б ах бид хоёр 2.5 л хэмжээтэй пиво хувааж уусан. Тэгээд Б ах намайг Б-д хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд Б-д ороход Ж, Оюунболд, талийгаач, Б, түүний эхнэр, 3 хүүхэд нь байсан. Тэгээд цай уугаад сууж байсан чинь Б ах талийгаач нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл гэнэт Б ах босч ирээд талийгаачийг дагз хэсэгт нь өшиглөсөн. Талийгаач урагшаа тонгойгоод унасан. Тэгээд босч ирээгүй./1хх-ийн 39-42 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Х Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайд талийгаач, Ж ах зэрэг хүмүүс орж ирсэн. Тэгээд дээлтэй ах С ахыг өшиглөсөн. С ах газар унаад босч ирээгүй./1хх-ийн 32 хуудас/,
Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... А.Б нь 4 билүү 5 жилийн өмнө шиг санагдаж байна. Хавар ерөөсөө унтахгүй дэмий яриад байна гэсэн зовиуртай ирж үзүүлэхээр нь аймгийн эмнэлгийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авч эмнэлэгт хэвтүүлээд 2 билүү 3 хоноод аймаг руу авч яваад аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Хавар болохоор тэр өвчин нь хөдлөөд байдаг юм шиг байна лээ. Сэтгэцийн өвчлөл л байх шиг байсан. Сумын эмнэлэгт хэвтэх үедээ 2-3 хоног архи уусантай холбоотой байсан шиг санагдаж байна. Ерөнхийдөө хавар намартаа унтаж чадахгүй, дэмий юм яриад байна гэсэн зүйл яригдаж байгаа дуулдаж байсан. Сумын эмнэлэгт 1 удаа л хэвтсэн. Тэрнээс хойш зөвлөгөө авдаг байсан. Төрөлхийн өвчин бол биш. Олдмол өвчин байх. Төрсөн эгч нь бас тийм өвчнөөр эмнэлэгт хандаж байсан юм. Ер нь нойргүй 2-3 хоног явахад энэ өвчний шинж тэмдэг илэрдэг. Эгчид нь бол энэ өвчний шинж тэмдэг нэг удаа илэрч байсан. Тэрнээс хойш бол гайгүй байгаа. Хаяадаа архи уучихсан явж байгаа таардаг л юм. Чанга дуутай инээд алдсан хүн явж байдаг юм. /1хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн хэрэг болдог өдөр 14 цаг өнгөрч байхад Орхон эмч над руу залгаад дуудлага ирсэн. Ц хүнд өшиглүүлсэн гэнэ. Ухаангүй байгаа гэнэ. Чи хурдан яваад ир гэж хэлсэн. Тэгээд тухайн газар очиход хүмүүс нь гэрийн гадаа байцгааж байсан. Гэрт ороход баруун талын орон дээр цээж хэсэг нь доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийхэд судасны цохилт мэдрэгдэхгүй, амьсгал сонсогдохгүй байсан. Талийгаачийг өшиглөсөн хүн хаана байна гэхэд Б гэх хүн гэрийн хойно сөхрөөд суучихсан, би өнгөрсөн хүн гээд үглээд сууж байсан. Тэгээд мотоцикльтой хүнтэй хамт яваад өгсөн.
./1хх-ийн 54-55 хуудас/,
Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Долгорсүрэн эмчтэй дуудлаганд яваад хэрэг болсон газар ирэхэд хүмүүс гэрийн гадаа сууж байсан. Гэрт ороход гэрийн баруун талын орон дээр цээж нь доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд үзэхэд зүрх зогссон. Даралт нь мэдэгдэхгүй байсан. Хиймэл амьсгал хийсэн боловч зүрх зогсоод удсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн хүнийг Б гэдэг хүн өшиглөсөн гэж байсан. /1хх-ийн 56-57 хуудас/,
Яллагдагч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ц гэх айлын адуу дэллэж байгаа газар очоод Г гэх хүний хамт Б гэж айлд очсон. 14 цагийн орчимд Бийн гэрт очсон. Бийн гэрт ороход гэрт нь Ж, О, талийгаач, Б дөрөв архи уугаад сууж байсан. Би гэрт нь ороод архинаас нь уусан. Тэд нар нилээд согтуу байх шиг байсан. Би ч гэсэн тэр айлд очихоосоо өмнө Ц, О, Б нарын хүмүүстэй 0,5 литртэй “Хараа” нэртэй архи уусан байсан. Би Бийнд очоод байж байтал С надаас хэрүүл гуйгаад эхэлсэн. С надад хандаж “гөлөг минь нохойгоороо их уруулах гээд байдаг хүн” гэсэн зүйл ярьсан. Тэр үед миний уур хүрсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Өмнө нь С гэж хүн манай гэрт ирж агсан тавьж байсан юм. Тэр явдал санаанд ороод би гэнэт уурласан. Ер нь би тархины гэмтлийн улмаас аймагт эмнэлэгт их олон удаа хэвтэж эмчлүүлж байсан. Ухаан алдаж, эм тариа хэрэглэж байсан.
Тухайн үед болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа юм. /1хх-ийн 141-144 хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №673 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд:...Даргалагч эмч О.Б, сэтгэцийн ахлах зэрэгтэй эмч, 25 дахь жилдээ ажиллаж байна, гишүүн эмч Я.Г, сэтгэцийн эмч, 10 дахь жилдээ ажиллаж байна, илтгэгч эмч Л.Б, сэтгэцийн ахлах зэрэгтэй эмч, 14 дэх жилдээ ажиллаж байна. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.Б нь цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. А.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. А.Б нь сэтгэцийн өвчин үгүй байна. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. /1хх-98-101/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Талийгаач Н.Цын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Н.Ц нь гавал тархины битүү гэмтэл болох аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач Н.Ц-н зүүн доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл юм. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Н.Ц-н цусанд 2.6 промилли спиртийн агууламж тогтоогдсон нь хүчтэй согтолтын зэрэгт хамаарна. /1хх-75-77/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №3163 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... “А.Б 51 эр” гэсэн хаягтай цусанд 2.1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. “Ж 38 эр” гэсэн хаягтай цусанд 1.3 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “Оюунболд 37 эр” гэсэн хаягтай цусанд 1.0 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “Г... 51 эр” гэсэн хаягтай цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /1хх-69-71/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 135, 3-7, 8-15 хуудас/,
Шүүгдэгч А.Бий хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 367 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын малчны үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар /1хх-ийн 195, 209, 221-222 хуудас/,
Шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 194 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б нь хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №673 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цөөн мод” гэх газар иргэн Н.Ц-н толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтэл үүсгэж алсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн орчимд * гэх газар иргэн Н.Ц-н толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-н ханийгаа айлд очоод нас барсан талаар хүнээс дуулсан. Хамгийн сүүлд очсон айлын хүн нь манай нөхрийг бие нь муу байна гэсэн хэл ирүүлсэн. Тэгээд би хадам ээж болон хүүхдийнхээ хамт тэр айлд очсон чинь талийгаачийг машин дотор байгаа гэсэн. Тэгэхээр нь эмнэлгийн машин дотор очиж үзэхэд талийгаачийн бие нь бүлээн байсан. Тэгээд нас барсан гэдгийг нь мэдсэн. Би талийгаачийг тэврээд юу болсон бэ гээд уйлаад, тэнд байсан хүмүүсээс асуухад Б гаднаас орж ирээд цай уугаад сууж байснаа босож ирээд талийгаачийг өшиглөөд унагасан гэж байсан. Гэрч Ч.Бын манай нөхөр тал шил архи гаргаж ирээд аягалах гэж байсан. Би сүүлд орж ирсэн хоёр хүнд цай хийж өгөх гээд байж байсан чинь Б гэнэт босч ирээд Н.Ц-г баруун хөлөөрөө өшиглөөд авсан. Ц хойшоо саваад ойчсон. Тэгээд босч ирээгүй. Гэрч Л.Сувд-Эрдэнийн би архи аягалах гээд байж байтал Б гэнэт босч ирээд Ц-г баруун хөлөөрөө өшиглөсөн чинь Ц газар унасан. Ц босч ирээгүй. Тэгээд сумын эмнэлэг рүү түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Гэрч Т.Ж-н Б-д ороод сууж байтал Г, Б нар орж ирсэн. Тэгтэл Б талийгаачийг мэнд мэдэхгүй байна уу гээд баруун хөлөөрөө дагз орчимд нь 1 удаа өшиглөсөн. Талийгаач өшиглүүлж унаад ухаан ороогүй. Гэрч Л.О-н талийгаач Б ахыг мэнд мэдээд орон дээр суусны дараа чам шиг юмтай харьцахгүй гээд гэрийн баруун багананы хойд талд суусан. Тэгтэл Б ах орноос босч ирээд талийгаачийг өшиглөчихөөд гэрээс гараад явчихсан. Талийгаач газар унасан. Гэрч Ц.Г-н Б-д ороод цай уугаад сууж байсан чинь Б ах, талийгаач хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл гэнэт Б ах босч ирээд талийгаачийг дагз хэсэгт нь өшиглөсөн. Талийгаач урагшаа тонгойгоод унасан. Тэгээд босч ирээгүй. Насанд хүрээгүй гэрч С.ХЖын дээлтэй ах С ахыг өшиглөсөн. С ах газар унаад босч ирээгүй. Гэрч Г.О А.Б нь 4 билүү 5 жилийн өмнө шиг санагдаж байна. Хавар ерөөсөө унтахгүй дэмий яриад байна гэсэн зовиуртай ирж үзүүлэхээр нь аймгийн эмнэлгийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авч эмнэлэгт хэвтүүлээд 2 билүү 3 хоноод аймаг руу авч яваад аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Гэрч Х.Д-н тухайн хэрэг болсон газар очиход хүмүүс нь гэрийн гадаа байцгааж байсан. Гэрт ороход баруун талын орон дээр цээж хэсэг нь доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийхэд судасны цохилт мэдрэгдэхгүй, амьсгал сонсогдохгүй байсан. Талийгаачийг өшиглөсөн хүн хаана байна гэхэд Б гэх хүн гэрийн хойно сөхрөөд суучихсан, би өнгөрсөн хүн гээд үглээд сууж байсан. Гэрч Т.Д-н гэрт ороход гэрийн баруун талын орон дээр цээж нь доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд үзэхэд зүрх зогссон. Даралт мэдэгдэхгүй байсан. Хиймэл амьсгал хийсэн боловч зүрх зогсоод удсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн хүнийг Б гэдэг хүн өшиглөсөн гэж байсан гэх мэдүүлгүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №673 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №3163 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч А.Бий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Боржигоны халх овгийн А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 95 хоног цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/45 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ЦХШЗ/54 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЦХШЗ/64 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бий цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 6000000 төгрөг төлсөн болох нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь яллах дүгнэлтэнд авагдсанаар 10766025 төгрөгийг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 285900 төгрөгийг буюу нийт 11051925 төгрөг нэхэмжилсэнээс шүүхээс хохирлын баримтуудыг үнэлээд хонины махны үнэ 2355000 төгрөгийн, цагаан идээний үнэ 391000 төгрөгийн, ном уншуулсны үнэ 30.500 төгрөгийн, зэдийн үнэ 18000 төгрөгийн, бензиний үнэ 44.000 төгрөгийн, вакусны үнэ 115.200 төгрөгийн, Молор худалдааны төвөөс худалдаж авсан барааны үнэ 331.000 төгрөгийн, Эмт худалдааны төвөөс худалдаж авсан барааны үнэ 117.150 төгрөгийн, чихрийн үнэ 15400 төгрөгийн буюу нийт 3.703.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.000.000 төгрөг төлсөн, хангаж шийдвэрлэсэн 3.703.150 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж,
Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй илүү нэхэмжилсэн 1.660.927 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Нотлох баримтын шаардлага хангаагүй 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 6.000.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигоны халх овгийн А.Б-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бий цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цийн нэхэмжилсэн 11.051.925 төгрөгийн нэхэмжлэлээс 3.703.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 1.660.927 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсын төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч А.Б-с хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 6.000.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.