| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00189/э |
| Дугаар | 2020/ШЦТ/192 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/192
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Мөнгөншагай,
Шинжээч: Э.Хүрэлсүх,
Шүүгдэгч: ., түүний өмгөөлөгч П.Өнөрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь түмд овгийн Б.Э-д холбогдох 2026000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын Иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хорь түмд овгийн Б.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим өөрийн байшингийн үүдэнд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Б-г зодож цээжний хөндий нэвтэрсэн шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхи хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2020 оны 08 дугаар сарын 18-нд оройн 21 цагийн үед найзтайгаа 1 шил архи хувааж уучихаад гэртээ хаалгаа дотор талаас нь түгжчихээд амарсан. Тэр орой манай эхнэр охинтойгоо найзындаа очоод ирье гэж яваад ирэхгүй их удсан. Намайг унтаж байх үед буюу шөнийн 00 цагийн үед гэрийн хаалгыг нилээд чанга нүдсэн. Хаалга онгойлгож өгөхөд эхнэр, хүүхэд, эхнэрийн найз нар орж ирсэн. Эхнэр согтуу байсан. Эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед эхнэрийн найз бид хоёрыг маргалдахаа больцгоо гэж хэлж байсныг нь санаж байна. Дараа нь нэг мэдсэн чинь би хутга барьчихсан зогсож байсан. Уг нь би тэр хүнийг гаргаж өгсөн. Тэр үедээ хутгалсан гэдгээ мэдээгүй. Тэр хүн хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Манай гэрээс гараад замдаа явж байгаад хутгалуулсан гэдгээ мэдээд эмнэлгийг байгууллагад очиж, эмнэлгийн тусламж авч, цагдаагийн байгууллагад хэлсэн гэсэн. Би гэртээ ороод эхнэртэйгээ эвлэрээд сууж байхад цагдаа нар ирээд намайг авч яван байцаалт авсан. Хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн болсон үйлдэлд маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл тогтоохдоо 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэвлийн хөндийн рентген, хэт авиан шинжилгээний дүгнэлт болох зүүн плеврт 1,6 см зузаантай шингэн, шархны түвшинд хавирганы шархны булчинд 2.7х1.5 см эхо негатив зах ирмэг байна гэсэн дүгнэлт. Мөн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн толгойны рентген шинжилгээний хариунд, зүүн хацар ясны доод эрмэг тэгш бус турк эмээлийн орох хэсэг чөлөөтэй, гавлын бүх талд хурууны дардасын шинж дунд зэрэг илэрнэ. Тархи доргилт гэмтлийг авсан болох нь толгойн рентген зурагны хариугаар, цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хурсан нөхцөл байдлыг цээжний хөндийн хэт авиан шинжилгээгээр тус тус тогтоосон. Плеврит шингэн хурсан гэдэг нь өөрөө гаднаасаа ямар нэгэн хурц ирмэгтэй зүйл орсноос болоод цээжний хөндийд шингэн хурна гэж ойлгож болно. Хурц ир бүхий зүйлээр цээжний хөндий хатгагдаж, цээжний хөндийд нэвтэрч цээжний хөндийд цус үүссэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11.1-д зааснаар дотор эрхтэнг гэмтээснийг харгалзахгүйгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр өдөр 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байсан юм. Намайг Уянга сумын 3 дугаарт багт байрлах гэртээ байж байтал Э-н эхнэр А 18 цаг өнгөрч байхад ганцаараа манайд ирсэн. Эын эхнэр А бид хоёр найзууд байгаа юм. Манайд А бид хоёр оройн 20 цагийн орчимд дэлгүүрээс том савтай Сэрүүн нэртэй пиво авч уусан. А манай гэрт байж байгаад “...гэртээ харилаа, нөхөртэйгөө маргалдчихсан байгаа. Манай гэрт хамт очъё” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Э-н гэр лүү 23 цагийн орчимд очсон. Э-н гэрт орох гэтэл хашааны хаалга нь цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь тогштол Э гэрээсээ гарч ирээд хашааны хаалгаа онгойлгосон. Э А хоёр гэртээ ороод хэрэлдээд Э А-г хацар руу нь алгадаад, гэдэс орчимд нь өшиглөхөөр нь би “...та хоёр боль” гээд салгасан. Тэгтэл Э намайг түлхэхээр нь би газар унасан. Намайг босч амжаагүй байхад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын нүд орчимд өшиглөсөн. Тэгээд би босоод гэрээс нь гараад явж байтал араас А намайг дуудаад “...намайг аллаа” гээд байхаар нь буцаж гэр лүү нь ортол А гэрийнхээ үүдэнд гараад ирсэн. Э гэр дотроо байсан. Тэгэхээр нь би “...Э боль, эмэгтэй хүнийг чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд Э “...чамайг ч гэсэн алчихъя” гээд байсан. Тэгээд би А-г уйлаад байхаар нь аргадаад зогсож байтал Э гал тогооны савнаас гурилын илдүүр, хутга хоёр барьж гарч ирээд миний зүүн талын суга орчимд барьж байсан хутгаараа 1 удаа дүрсэн. Тэгтэл би газар унасан. Тэгээд би дуугарч чадахгүй арай гэж босоод хашаанаас нь гараад гэрлүүгээ алхаж байхдаа 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан. Миний нуруу хэсгээр хүйт даагаад явчихсан. Тэгтэл удалгүй төвийн 102-оос Уянга сумын цагдаа руу холбосон бололтой Уянга сумын цагдаагаас над руу залгаад “...хаана явж байна” гэж асуусан. Тэгээд би өөрөө Уянга сумын эмнэлэг дээр ирсэн. Э бас архи уусан байсан. Э-д өшиглүүлснээс зүүн талын нүд орчимд хавдсан. Зүүн талын суганы доод хэсэгт хутгалуулсан шарх үүссэн. Өөр гэмтэл учраагүй. Эмчилгээний зардалд болон хохиролд 2600000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 104-105 хуудас/,
Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр орой 19 цагийн үед Бгийн гэрт бид хоёр хамт байсан. Тэгтэл манай ажлын газраас надруу залгаад эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнагдахаар болсон байна гэж хэлсэн. Тэгтэл Б баярлаад найздаа пиво авч өгнө гээд бид хоёр сэрүүн нэртэй 2 том пиво хувааж уугаад 00 цаг өнгөрч байхад дуусаад бид хоёр манай гэр лүү явсан. Гэр лүү орох гэтэл хаалга дотор талаасаа цоожтой байсан. Удаан хугацаанд тогшсоны дараа манай нөхөр Э хаалга тайлсан. Хаалга тайлахдаа нилээн согтуу байсан. Тэгээд уурлаад ийм орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гээд загнасан. Тэр үед Б намайг өмөөрөөд Э-тай маргаж эхэлсэн. Манай хүүхэд тэр үед уйлаад байхаар нь хүүхдээ авах гээд цаашаа явтал Э шар өнгийн иштэй хутга, илдүүр хоёр бариад зогсож байсан. Би гүйж очоод илдүүр хутга хоёрыг нь булаагаад авсан. Тэгээд би Э-г аргадаад байж байтал Б явчихсан байсан. Бид хоёр эвлэрээд ярилцаад бие биенээсээ уучлалт гуйж байтал цагдаа нар хашааны гадаа ирсэн байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн үед согтуу байсан. /хх-ийн 29-30, 106-107 хуудас/,
Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Э надад хандан би согтуу үедээ хүн хутгалсан юм шиг байна гэж хэлж байсан. Э нь ангийн дарга байсан. Сурлага хүмүүжлээрээ анги хамт олноо манлайлдаг байсан. Хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг байхдаа ч онц сурдаг байсан гэж Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн манай найзууд ярьдаг байсан. Одоо хүртэл Засаг даргын тамгын газрын төрийн сангийн нягтлан хийдэг. Хамт олон дундаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Эхнэр, хүүхэдтэйгээ Уянга суманд амьдардаг. Эхнэр нь Өвөрхангай аймгийн БОЭТ-н эмч хийдэг. /хх-ийн 27-28 хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Б-гийн зүүн суганы дунд шугамаар 7-8 дугаар хавирганы түвшинд үүссэн шарх, рентген шинжилгээний хариунд зүүн хавирга өрцний синус мохоо гэх байдал, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан шинжилгээний хариунд зүүн плеврт 1.6 см зузаантай шингэн байна. Шархны түвшинд хавирга завсрын булчинд d=2.7 см х 1.5 см ЭХО негатив зах байна / цус байхаар / гэсэн тус тус шинжилгээний хариу болон биеийн бодит үзлэгийг үндэслэн №374 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан. /хх-ийн 35 хуудас/,
Яллагдагч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сумын төвийн урд байдаг хогийн цэг дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан М гэдэг хүнтэй гэртээ цуг ирсэн. Гэртээ ирээд 0.75 литрийн 1 шил Харзтай нэртэй архи уусан. Архиа хувааж уучихаад тэр хүнийг хашаанаасаа гаргаж өгсөн. Тэгээд гэртээ эргэж ороод унтсан. Унтаж байсан чинь гэрийн хаалга тогшоод байхаар нь онгойлгосон чинь манай эхнэр А, манай охин 4 настай Д, эхнэрийн найз Б нар орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж хэрүүл хийж байсан чинь Б манай эхнэрийг өмөөрөөд больцгоо гээд байсан. Тэгээд би Б, А хоёртой маргалдсан. Тэр хоёр ч гэсэн архи уусан байдалтай согтуу байсан. Нэг мэдсэн би хутга барьчихсан Б-г хутгалчихсан зогсож байсан. Тэгээд эхнэр А миний барьсан хутгыг булаагаад авсан. Тэгээд Б хэрүүл маргаанаа боль гэж хэлээд би явлаа гэхээр нь би эхнэр А-тэй хамт гаргаж өгчихөөд гэртээ буцаж ороод цай уугаад сууж байтал цагдаа нар ирсэн. /хх-ийн 52-53 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Б.Б-гийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхи хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, зүүн нүдний зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 32 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...Шинжилгээнд ирүүлсэн хутга болон цамцнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн даавуун цамцанд 1 ширхэг зүсэгдэлт, цагаан өнгийн цамцанд 1 ширхэг зүсэгдэлт үүссэн байна. Уг 2 зүсэгдэлтүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цамцнуудад үүссэн 2 ширхэг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 40-41 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 47, 3-8, 14, 15-18 хуудас/,
Шүүгдэгч Б.Э-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №06/314 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56, 67, хуудас/,
Шүүгдэгч Б.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 15-03 тоотод оршин суух өөрийн байшингийн үүдэнд Б.Б-г зодож, хутга хэрэглэн Б.Б-гийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхи хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим өөрийн байшингийн үүдэнд Б.Бг зодож, хутга хэрэглэн Б.Бгийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхи хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн Э-н гэрээс нь гараад явж байтал А намайг дуудаад “...намайг аллаа” гээд байхаар нь буцаж гэр лүү нь ортол А гэрийнхээ үүдэнд гараад ирсэн. Э гэр дотроо байсан. Тэгэхээр нь би “...Э боль, эмэгтэй хүнийг чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд Э “...чамайг ч гэсэн алчихъя” гээд байсан. Тэгээд би А-г уйлаад байхаар нь аргадаад зогсож байтал Э гал тогооны савнаас гурилын илдүүр, хутга хоёр барьж гарч ирээд миний зүүн талын суга орчимд барьж байсан хутгаараа 1 удаа дүрсэн. Гэрч Л.А-гийн Э уурлаад намайг орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гээд загнасан. Тэр үед Б намайг өмөөрөөд Э-тай маргаж эхэлсэн. Манай хүүхэд тэр үед уйлаад байхаар нь хүүхдээ авах гээд цаашаа явтал Э шар өнгийн иштэй хутга, илдүүр хоёр бариад зогсож байсан. Би гүйж очоод илдүүр хутга хоёрыг нь булаагаад авсан. Тэгээд би Эыг аргадаад байж байтал Б явчихсан байсан. Гэрч Б.Ж Э надад хандан би согтуу үедээ хүн хутгалсан юм шиг байна гэж хэлж байсан. Шинжээч Э.Хүрэлсүхийн Б.Б-гийн рентген шинжилгээний хариу болон биеийн бодит үзлэгийг үндэслэн №374 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхгийг устгаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Э-г гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.